Бусдын баярлахыг харах ямар сайхан байдаг билээ дээ? Чи заавал баян байх, эсвэл нэгдсэн том сайн үйлсийн аянд хамрагдах албагүй:
1. Өдөр бүр чиний ая тухтай байдлын төлөө ажилладаг орцныхоо жижүүрт сүү, тараг оруулж өг. Хүүхдэд нь бяцхан ууттай бэлэг өгч ч болох юм.
2. Ядаж л шинэ оныг дуустал урдах машиныхаа өмнүүр орох гэж зүтгэлгүй, хүлээцтэй тэвчээртэй хандах. Мөн зам хөндлөн гарч буй хүмүүсийг дуут дохиогоороо яаруулалгүйгээр тайван гаргаарай.
3. Гэртээ жигнэмэг, бялуу, кекс бэлтгэж жижиглэн хэрчээд баярын өмнөхөн оффис дээрээ аваачиж ажлынхныгаа дайлах.
4. Гараа гаргаж хийсэн бууз, салатнаасаа хөршүүддээ оруулж өгч яагаад болохгүй гэж? "Би чамд хайртай" киноны алдарт хэсгийг санаж байна уу?
5. Гэрийнхээ гацуурт хэрэглэхгүй байгаа тоглоом, саагаараа байрныхаа үүдэн дэх аль нэг модыг тусгайлан чимэглэх. Хүн бүр гэртээ ирэхдээ шинэ жилийн уур амьсгалыг мэдрэг. Салхинд хийсч хог тарихааргүй байлгаарай.
6. 31-ний орой ээлжиндээ гарч байгаа түргэний эмч нар дээр хэдэн аяга буцалсан халуун чацаргана оруулж өгөх.
7. Одооноос эхлэн өөртөө ирсэн 10, 20 төгрөгүүдийг 12-р сарын турш цуглуулж байгаад 31-ний өдөр тааралдсан эхний гуйлга гуйж байгаа хүүхдэд өгөх.
8. 30-50 ширхэг жижигхэн мэндчилгээний карт аваад хүүхэдтэйгээ цуг дээр нь уншсан нэгний сэтгэл сэргэхээр үгийг бичиж орцныхоо бүх айлын хаалган дээр наах. Хаалган дээр дандаа л зар эсвэл байрны төлбөрийн мэдэгдэл байдаг шүү дээ.
9. Задгай тагттай бол тагтан дээрээ шувууны хоол тавиарай.
10. Араасаа орж ирж байгаа хүнд хаалга нь нээж өгөх, машинаа тавихдаа хажуудаа өөр нэг машин тавих зайг хангалттай үлдээж өгөх зэрэг энгийн үйлдлээс л #сайн үйлс эхэлдэг юм шүү.
Шинэ жил гэдэг бол хүнээс бэлэг авахаасаа илүү өгөх, хуваалцах, бусдад аз жаргал бэлэглэх тухай баяр юм. Хэрвээ чи шинэ жилийг тохиолдуулан хэн нэгний "өвлийн өвөө", "цасан охин" нь байж чадвал 2016 оныг өөрөөрөө бахархан эхлүүлэх болно.
#Сайн сайхныг хүсье!