Тусдаа гарч, айлын эзэгтэй болсноор л би гэдэг хүн анх удаа өөрийн гэсэн шарах шүүгээ, миксертэй болсон юм даа. Анхлан суралцагч юм болохоороо эхэндээ тэднийхээ ид шидийг ашиглан дан кекс, капкейк хоёрыг “гараас гаргав”. Дараа нь бэлэн сүүн кремний бэлдэц (whipping cream) авч байгаад кексээ түүгээрээ чимэглэдэг боллоо. Харин одоо дан крем маань уйтгартай санагдах болсон тул аарц, бяслаг, кофе гээд төрөл бүрийн амт, орц нэмж бялуугаа улам сонирхолтой болгох боллоо. Ямар ч байсан нэг нэг алхам ахиад байгаа биз?
Надтай адил залуу гэрийн эзэгтэй нар мөн л ижил замналыг туулж яваа байх.Та нартаа өөрийн туршиж үзсэн 8 төрлийн кремний жорыг танилцуулъя. Зөвхөн кремнийхээ амтыг л өөрчлөөд байхад бялууны бисквит нэг янзаараа байсан ч өөр өөр, төрөл бүрийн бялуу хийсэн юм шиг л санагдах болно. Баяр болгоноор цоо шинэ, хэцүү жор туршиж үзэхийн оронд кремний амтаа л өөрчлөөд байгаарай.
Жич: Эдгээр жоруудыг хийхдээ ууттай нунтаг, эсвэл савтай шингэн кремний бэлдэцийн алийг нь ч хэрэглэсэн болно. Гол нь нунтаг кремийг сүү юм уу усаар /зааврын дагуу/ зуурдаг бол шингэн кремийг шууд өөрөөр нь хутгаж зуурдгаараа ялгаатай байдаг.
Мөн ууттай, нунтаг кремүүд ихэвчлэн өөрөөсөө элсэн чихэртэй байдаг бол шингэн сүүн кремүүд хэрэглэгчийг өөрөө хүссэн орцоороо найруулахад зориулан чихэр нэмээгүй байх нь элбэг. Алийг нь сонгосноосоо хамааран хутгах явцад чихэр хийх эсэхээ шийдээрэй. Түүнчлэн кремийг хөргөгчинд хийж хөргөсөн саванд хутгавал илүү үр дүнтэй шүү.