Ханын цаасны сүр хүчийг бүү дутуу үнэл! Учир нь түүнийг сонгоход зөвлөгөө хэзээ ч илүүдэхгүй. Ханын цаасыг чиний бодож байгаагаас ч бүтээлчээр ашиглаж, гэрээ чимсэн аргууд байгаа ч юм билүү?
Ханын цаасны материалыг сонгохдоо:
Монголд одоогоор цаасан болон хулдаасан ханын цааснууд худалдаалагдаж байна. Натураль мэдрэмжинд дуртай бол цаасан стандарт ханын цаасыг сонгосон нь дээр. Гэхдээ стандарт ханын цаасыг наахад дахин дахин хөдөлгөж, зөв байрлуулах хэрэг гардаг учраас бүрэн наахаасаа өмнө дээр нь дарахгүй байхад анхаарах хэрэгтэй. Анх удаагаа ханын цаас наах гэж байгаа бол хулдаасан төрлийг сонгохыг зөвлөе. Хулдаасан цаас нь эдэлгээ сайтай, ус нэвтэрдэггүй, цэвэрлэхэд амархан, дараа нь дахин хуулж авахад ч амархан гэдгээрээ давуу талтай. Гэхдээ хэрвээ нэг удаа ханын цаасаа солиод нилээн олон жил өөрчлөхгүй байхаар төлөвлөж байгаа бол цаасан төрлийг сонгоорой. Учир нь хулдаасан ханын цаасыг удаавал түргэн уурших органик нэгдэл ялгаруулдаг байх магадлалтай гэж судлаачид үздэг. Харанхуй өрөө юм уу байгалийн гэрэл орох боломжгүй өрөөний ханыг гялгар гадаргуутай тугалган цаасаар бүрж болно. Даавуун бүрмэл юм уу товгор хээтэй үнэтэй ханын цааснуудыг овон товонтой, өө сэв ихтэй ханан дээр наавал тэгш гадаргуутай болно.
Ханын цаасны өнгө, хээг сонгохдоо:
• Босоо шугам, судал нь таазыг өндөрсгөж харагдуулдаг.
• Өргөн, хөндлөн шугамтай ханын цаас нь өрөөний эзлэхүүнийг томсгож таазыг намсгаж харагдуулна.
• Том хээ нь жижиг өрөөнүүдэд тохиромжгүй. Жижиг хээ том талбайтай өрөөнд тохиромжгүй.
• Цайвар өнгө өрөөг томсгож, бараан өнгө өрөөг багасгаж харагдуулна.
• Шууд харагдах үзэмжээр нь ханын цаасаа яаран сонгож болохгүй. Эхлээд хээнүүдийг нь хооронд нь тохируулж үзэх хэрэгтэй. Хээнийхээ дүрслэл, хоорондох зайнаас шалтгаалж яаж ч наасан тохирохоор байж ч магадгүй. Эсвэл зөвхөн хээг нь л тохируулахын тулд наахаасаа өмнө хагас цагийн ажил болж магадгүй.
• Цулгай биш, гэхдээ битүү хээтэй биш өрөөг хүсч байвал судалтай цаасыг зөвлөе.
• Хамгийн түрүүнд шүүгээний доторхи эсвэл хаалганы арын ханын цаасыг нааж үз. Нэг хоёр хоногийн дараа цаювууны хэмжээ, цаасны чанарыг сонжих боломжтой.
• Ханын цаасыг сонгохдоо эхлээд аль өрөөнд, аль хананд зориулахаа тооцоол. Түүнээсээ шалтгаалж өнгө загвар материалаа сонгоорой. Жишээ нь хэврэг нимгэн ханын цаасыг хүүхдийн өрөөнд сонгож болохгүй. Мөн аль өрөөнд ороход ямар мэдрэмж төрөөсэй гэж хүсч байгаа нь маш чухал. Дотроо бүх өрөөнийхөө уур амьсгалыг төсөөлж бичээрэй.
• 3 өнгөний дүрмийг баримталвал зохицуулахад ч амархан, нүдэнд дулаахан байх болно. Өнгө, загварын мэргэжилтэн биш бол 60-30-10-ын харьцааг баримтлаарай. Ямар өнгөнүүдийг хооронд нь зохицуулж болохыг http://www.colorcombos.com/ сайтаас хараад санаа авч болно. 60 хувийг эзлэх өнгө нь бүдэг, завсрын байвал зүгээр. Тэгвэл бага хувийг эзлэх өнгөнүүдээ зоригтойгоор сонгох боломжтой болдгоос гадна туршлагагүй хүнд эрсдэл багатай юм.
Танай ханын цаас ямар вэ? Чи ямар болгохыг хүсч байна?
Ханын цаасыг гэрийн акссесуар болгон ашиглах нь:
Ханын цаасыг гэрийн интерьерийн үндсэн элемент болгохоос гадна, чимэг, гоёл болговол хүссэн уур амьсгалаа бүрдүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэнэ.