Эрчүүд л ойлгодоггүй болохоос, бүсгүйчүүд бидний хувьд хааяа дэлгүүр хэсэх шиг зугаатай тэгсэн мөртлөө ухаан шаардсан ажил байхгүй ч юм шиг. Лангуун дээр өрөөтэй нүд эрээлжлэм их бараан дундаас өөртөө тохирсоныг олж авна гэдэг яггүй авъяас шаардсан ажил биш гэж үү?
Эхлээд нүдэнд туссан хувцсаа өмсөж үзнэ, дараа нь толинд хараад өөртөө зохиж буй эсэхийг нь харна. Цуг явж байгаа найзаасаа ямар харагдаж байгааг асууж үзнэ. Ойр тойрныхноос нь хэн нэгэн яг тийм хувцас өмсдөг эсэхт санаа зовон бодно. Өөрийн сэтгэлд нийцэж байтал хамт яваа найзад тийм ч гойд санагдахгүй бол тэр хувцсыг авах хүсэл бүрмөсөн унтарчихдаг тохиолдол ч бий. Эсвэл бүр эсрэгээрээ зөвхөн өөрт л таалагдаж байвал хэний ч үгийг тоолгүй товлосон хувцсаа заавал авдаг бүсгүйчүүд ч байдаг.
Үздэг олон ангит киноны жүжигчний өмсдөгтэй адилхан хувцас олохоороо, дуртай дизайнерынхаа хувцсыг харахаараа түрийвчээ үг дуугүй нээдэг нэгэн байхад брэндийн дэлгүүр доторх “50% sale” гэсэн шошгыг хараад тэгтлээ таалаагүй хувцсаа авахаас буцдаггүй нэгэн ч бий.
Энэ бяцхан гэлтгүй ур ухаан шаардсан “дэлгүүр хэсэх” гэдэг ажлыг хийхдээ та юунд хамгийн их түшиглэдэг вэ? Таны стиль имиджэнд өгсөн дотны найзынхаа зөвлөгөөг үү, сэтгүүл дээрх загварын чиг хандлагыг уу, аль эсвэл өөрийнхөө шүүгээнд байгаа өөр нэг хувцастай зохицох байдлыг нь харах уу?
Жишээ нь найз чинь “Чиний хөл богино учраас урт түрийтэй, өсгийтэй гутал өмсвөл зохино” гэж хэлсэн байлаа гэж бодъё. Гэтэл энэ улирлын runway show-нууд дээр моделиуд дандаа урт түрийтэй, тоноглолтой, намхан гутал өмссөн байг. Өөртөө байгаа бошинз, өмднүүдээ бодоод үзэхээр богино түрийтэй өсгийтэй гутал нь хамгийн зохимоор санагдана. Ийм тохиолдолд та аль гутлыг нь авах вэ? Гоолингоогийн ээлжит санал асуулганд идэвхтэй оролцоорой бүсгүйчүүд ээ.