Ажил хайж байгаа хүн ажил олгогч эсвэл боловсон хүчинтэй ярилцлаганд орно гэдэг мин булсан талд явахтай адил. Хэрэв тэдний тавьсан зангыг нь олж анзаарсан маневр хийж чадвал амжилтанд хүрнэ эс чадвал өнгөрөө. Гэхдээ жинхэнэ тэсрэх бөмбөгийг бодвол сэтгэл зүйн бөмбөгийг урьдчилан судалснаар түүнд өртөхөөс зайлсхийж болно. Боловсон хүчинтэй ярилцах нэг хэрэг, харин ажил олгогч бол огт өөр.
Гэхдээ аль ч тохиолдолд тэдэнд сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээх хэрэгтэй. Анхны сэтгэгдэл тун чухал үүрэгтэй. Иймээс бидний зөвлөгөөг хүлээн авна уу. Туршлагатай хүмүүсийн саналыг асуухад, хэрэв та ажил идэвхтэй хайж байгаа бол эхний үед санал болгосон бүх ярилцлаганд оролцох хэрэгтэй гэж зөвлөдөг. Танд тухайн санал болгосон албан тушаал онц шаардлагагүй байсан ч та харилцан ярилцах урлагт суралцана.Хэрэв танаас яагаад тухайн фирмд /компанид/ ажилд орохоор шийдсэн тухай асуувал ирээдүйд ажиллах магадлалтай албан газраа магтах боломжийг бүү алд. "Танай фирмийг бүгд мэддэг" эсвэл "Танай компанийн тухай дандаа сайн мэдээлэл сонссон" гэх зэргээр. Ажил олгогч таны сонголт санамсаргүй явдал биш гэдгийг ойлгох ёстой. Та мэргэжлээ дээшлүүлэх эсвэл шинэ газар, албан тушаал ахих гэсэн юм гэж битгий хэлээрэй, тухайн фирм компанид юу өгч чадах нь илүү сонирхолтойг бүү март, энэ тухай л ярихыг хичээ.
Өмнөх ажлаас яагаад халагдсан тухай асуултанд бэлэн хариу байх ёстой. Хуучин ажлаа ямар ч тохиолдолд муулж огт болохгүй. Түүний оронд илүү сонирхолтой, илүү өргөн хүрээтэй үйл ажиллагаанд оролцох гэсэн юм гэсэн юм гэж хэлсэн нь дээр. Нийгмийн даатгалын дэвтэр дээр халагдсан шалтгааныг бичихээ больсон учраас та ямар ч шалтгаанаар халагдсан байсан өөрийн хүсэлтээр гэж хэлж болно. Шинэ ажилдаа хэзээ орох тухай асуувал шууд л яаран "маргааш" гэж бүү хэл, мөн эхлээд амралтанд явж ирээд гэх мэтээр дуугарч огт болохгүй. Харин одоогийн ажлаа цэгцлэхэд хэд хоног шаардлагатай байна гэвэл зохино.
Ямар цалин авахыг хүсч байгаа тухай асуултанд маш болгоомжтой хариул. Уг нь сүүлчийн ажиллаж байсан газрынхаа цалинг хэлээд түүнээс багагүйг хүсэж болно. Гэхдээ та үнэхээр дажгүй цалин авч байсан бол ингэж болно. Мөн таны үгийг шалгах аргагүй өндөр цалин хэлсэн ч яахав. Хэрэв тийм биш бол хөдөлмөрийн биржийн дундаж үнэлгээг хэл. Ажил олгогч нар илүү цагаар ажиллах боломжтой эсэхийг голдуу асуудаг. Хэрэв та маш ховор мэргэжлийн бол, мөн таныг бусдаас сонгон шалгаруулж авна гэдэгт бат итгэлтэй байгаа бол илүү цагаар ажиллахгүй энэ тэр гэж болно. Харин та ар гэрийн гачигдал, эсвэл мөнгөний шаардлага их бол яаран гэр бүлийн зовлон зүдгүүрээ тоочих хэрэггүй, мөн илүү цагаар ажиллахад ямар цалин өгөхийг шамдан бүү асуу. Та зүгээр л илүү цагаар ажиллахад бэлэн, иймэрхүү юмтай учирч явсан гэдгээ хэл.
Хэрэв танд тухайн ажил албанд ороход ямар нэгэн ажил хэрэгч чанар дутагдаж байгаа гэж өөнтөглөвөл, эсвэл та дотроо тэгж эмээж байгаа бол богино хугацааны дотор түүнд суралцана, амжуулж чадна гэж амла. Ярилцлагын явцад боловсон хүчин эсвэл дарга муухай аашилж, танд уураа гаргах гэвэл сөргөлдөөнөөс зайлсхийхийг хичээ. Түүний байдлыг ойлгож байгаагаа хэлээд гол асуудал руу шилжихийг оролд. Хамгийн гол нь ярилцлагын явцад байнга инээмсэглэхээ мартаж болохгүй.