Дурлалын талаар далан долоон шидийн юм л ярьцгаана. Тоглоом наадам болгон, элэг доог хийж, марзан ярианы сэдэв, марсайх жавьжны зугаа болгоно. Харин жинхэнэ дурлал гэгч ямар юм байдгийг олж тогтоох гээд олон хүн оролдоод зүтгээд байгаа юм. Дурлал ер нь яаж эхэлсэн бол доо. Адам нэг өдөр зурагтаа асаагаад л яаж хоол хийх тухай зөвлөгөө сонсож гарлаа.
Зурагт дотор Ева алим яаж шарах, яаж амт оруулах тухай ярьж биетээр үзүүлж байлаа. Тэр үед зурагт бас үнэрийг дамжуулж чаддаг байсан учир Адамын хорхой хүрч эхэллээ. Адам байж ядаад хувцсаа өмсөн зурагтын төв рүү давхиж хүрлээ. “Идэж болохгүй. Учир нь энэ алим шунал тачъяал хөдөлгөх хор” гэж бурхан багшийн айлдсаныг Ева мэдсээр байж зориуд түүнийг анхилуун тосонд шарж Адамын аазгайг хөдөлгөдөг нь юу ч билээ дээ. Адам ийнхүү зурагтын нэвтрүүлгийн танхимд шарсан алим идэж, дотор сэтгэл нь бадарснаас Евагийн гараас бариад авах нь тэр!Анхны дурлал ингэж эхэлсэн байж болно. Тэр үеэс хойш дурлал гэдэг зохиолчид хөгжимчид, яруу найрагчид, зураач, барималчид, шог зохиолчдын сэдэв болж, аманцар хүүхнүүдийн хов живийн золиос болов. Дурлал бас олон юмны шалтгаан билээ. Дурлалаас болж хөрзгөр банди нарын зодооноос өгсүүлээд хөрст дэлхийн дайн ч хэдэн удаа дэгдээ биз. Дурлалын үр дүн бол энэ сургууль, цэцэрлэг, ясли гэнэ. Дурлалаас болж охид утаснаас зуураатай өнжих ч бага хэрэг. Телефон утас халтал дурлалт хоёр ярьж гадаах утасны шугам нь хайр сэтгэлийн балын амттай болсон байх вий.
За тэгээд цэнгэлдэх хүрээлэнгийн дурлал, кино театрын дурлал гэж байгаа орчноор нь нэрлэсэн олон дурлал бий. Харин үзэж буй кино сонирхолгүй бол дурлал асдаг, чулуу хөөлгөсөн сонирхолтой кино байх юм бол дурлал унтардаг гэм бий шүү. Бас л хэцүү шүү кино үзэх чамаан болж суухад хажууд дурлалт хоёр ороо нь орсон муур шиг л ноололдоцгоох юм. Халуун дурлалаас болоод хажуудаа байгаагаа анзаарах чадалгүй болцгоох юм даа. “Та хоёр чинь юу яриад байна аа. Юм ярих гээд байгаа юм бол хүнд ойлгогдохоор хэл. Эсвэл энэ киноны дуу дуулдахаар зөөлөн дуугар” гэж зарим хүн ундууцна. Нээрэн мөн олон дурлал бий шүү.
Автобусанд гэртээ байгаа гэж андуурах. Гэртээ болохоор гэрлээ унтраахаа мартах. Бороонд шүхрээ дэлгэхээ мартах. Хичнээн бодоод хэд хоносноо мартах. Дурлал гэдэг ийм үйлийн лайтай ч үнэхээр сайхан гэсэн шүү. Ер нь олон төрлийн дурлал байх боловч нэг л зорилготой. Аа! та нар намайг балай юм хэлэх нь гэж санаж байна уу үгүй шүү. Дурлалын зорилго бол ядаж хоёр хүний хооронд ч болтугай энхтайван тогтоогоод авах зорилготой юм шүү дээ.