ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Бүсгүйн код” номноос олж авсан 20 сургамж

Чөлөөт цаг  | 2017 / 10 / 26

“Өөртөө итгэх итгэл бол бодлыг үйлдэл болгох чадвар юм”
Аливаа ном гарт чинь яг цагаа олж, хэрэгтэй үедээ ирдэг мэт чамд санагддаг уу? Эсвэл тийм мэдрэмж төрүүлж байсан тохиолдол бий юу? Яг л ийм зүйл өнгөрсөн 7 хоногт надад тохиолоо. Хэдэн сарын турш бодож, толгойгоо гашилгаж, зөв хариултыг нь эрж явсан асуултуудын хариултыг ярайтал биччихсэн ном надад өөрөө хүрээд ирсэн юм.

“Бүсгүйн код” номноос олж авсан 20 сургамж

2003 онд хэвлэгдэн гарсан Барбара Коркоран хэмээх үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч бүсгүйн бичсэн “Use what you have got & other lessons I learned from my mom” нэртэй ном хэдхэн сарын өмнө Монгол хэлнээ орчуулагджээ. Дашрамд сонирхуулахад Барбара нь Америкийн ABC сувгийн “Shark Tank” цувралын гол 5 Shark -ийн нэг юм аа.

Энэ номыг уншигчийн үүднээс агуулгаар нь ээжийн сургаалиуд, эмэгтэйчүүд өөрийгөө хэт доогуур үнэлдэг тухай болон өөртөө итгэх итгэлийг хаанаас, хэрхэн олж авах талаар гэж 3 ангиллаа.

1. Барбарагийн ээж үнэхээр ухаалаг эмэгтэй байж. Тиймдээ Барбара ээжээсээ доорх зүйлсийг сурчээ:
- “Эдди чи хоёр дүүгээ сайн харж хандах хэрэгтэй. Чи бол төрөлхийн удирдагч байхаар заяагдсан хүү”, “Миний охин том болоод өрөөлд тустай, сайн бүсгүй, ээжээсээ ч мундаг эх хүн болно оо, ээж нь мэдэж байна” гэх мэтээр ээж арван хүүхдээ арвууланг нь өөр өөр дүрд хуваарилан ирээдүйд ямар хүн болох боломжтой төсөөллийг өгсөн. Ээжийн минь тэр үед олж харан хүүхдүүдээ төсөөлөн дууддаг байсан зөгнөлүүд эдүгээ бүгд биелсэн мэт.
- “Миний текний урд нэг ч хүн ирэхгүй байхад том хөхтэй Глориягийн текний өмнөх суудлууд эрчүүдээр дүүрэн чигжээстэй байх юм. Би Глориятай өрсөлдөх ямар ч боломжгүй юм байна” гэж хэлэхэд ээж минь “Гомдоллохоо больж үз охин минь. Хэрвээ чи хэн нэгэнд үнэмлэхүй ялагдаж байгаа бол чиний арга барил бүхэлдээ буруу байна гэсэн үг. Юуны түрүүнд өөртөө ямар давуу тал байгааг сайтар эргэцүүл. Миний охинд эрчүүдийн нүдийг хужирлахаар том хөх байхгүй. Гэхдээ чамд эрчүүдийг татах эрх хонгор ааль, эвдрээгүй зан араншин, охинлог төрх байна. Үүнийгээ тодотгохын тулд үсэндээ гоёмсог зүүлт зүүгээд үзэж яагаад болохгүй гэж?”
- Ширээ бүчин суусан бидний шүлсээ залгих дуунаар ээж бялуугаа 12 хэсэгт хуваав. Хүүхдүүд ээлж ээлжээрээ өөрсдийн зүсмийг сонгосны дараа хоёрхон зүсэм бялуу үлдсэн ба Эдди арай том руу нь сарвайлаа. Ээж түүнийг болиулаад “Эхлээд эгч Эллен чинь сонгох ёстой” гэж хэлмэгц Эллен өнөөх томыг хормын төдийд шүүрч авав.
“Битгий санаа зов хүү минь. Бялууны жижиг хэрчим хамгийн амттай нь байдаг. Учир нь бялууны хамгийн жижиг хэсэг оногдсон хүн хамгийн их хийж бүтээх хүсэлтэй үлддэг юм шүү, хүү минь”
- “Хангалттай, Барбара. Толгойгоо өндийлгө. Тэр тэмцээнд чиний түрүүлэх эсэх нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь оролцох нь чухал. Өрсөлдөөнийг мэдэр. Өөрийнхөө хүрээнээс гар. Өөрөөсөө илүү бүсгүйчүүд байдгийг мэдэж ав. Энэ л чухал. Харин утга учиргүй илүү зүйл ургуулан бодох нь хоолны дуршил бууруулж, эрүүл мэнд муутгахаас өөр ямар ч шидгүй.”
- “Хүмүүс хоорондын харилцааг зөөллөж, хооронд нь бат бөх наалдуулж байдаг цавууны үүргийг гүйцэтгэдэг зүйл бол буулт хийх зарим юм”

2. Бүхнийг төгсрүүлэх “өвчин”
- Эмэгтэйчүүд эрчүүдээс өөртөө итгэх итгэлээр үлэмж доогуур байдгийг социологийн маш олон судалгааны тайланд тусгасан байдгийг миний бие олж мэдэв. Жишээлбэл Английн Манчестерийн Бизнесийн сургуулийн нэгэн профессор шинээр элсэгч оюутан бүрээсээ “Манай сургуулийг төгссөнөөр хэдэн долларын цалинтай ажилд орно гэж боддог вэ?” гэж асуудаг гэнэ. Профессор энэ асуултыг сүүлийн 7 жилийн туршид асууж асуулга судалгаа авсан байна. Судалгааны үр дүнд эр эм оюутны өөртөө итгэх байдал тун зөрүүтэй гарчээ. Хөвгүүд дунджаар жилд 90,000$ -ийн цалин авна гэж бодож байгаа бол охидууд 35,000$ гэж хариулсан байна. Хамгийн сонирхолтой нь тус сургуулийн хамгийн шилдэг эмэгтэй оюутан 64,000$ гэсэн мөнгөн дүнг бичжээ.
- Аливаа эргэцүүлэл, бодлууд хэрээс хэтрэхээрээ эзнийхээ өөртөө итгэх итгэлээс хумсалж эхэлдэг нигууртай. Харин өөртөө итгэх итгэл нь аливааг хийж бүтээсэн туршлагаас, амжилтаас, алдаа, онооноос дусал дуслаар үлдэж, хуримтлагдах зарчмаар өсөн нэмэгддэг.
- Эрчүүд эргэлздэг болов уу, гэж үү? Мэдээж тийм. Гэвч эрэгтэй хүн эргэлзээнийхээ эс ширхэг бүрийг нарийвчлан онгичиж, удаан шаналдаггүй.
- Охидын зан төлөвийг номхотгон “нийгмийн хонь” мэт хүмүүжүүлэх онол хамгийн эрчимтэй явагддаг лаборатори бол дунд сургууль. Ямар сурагч багшийн нүдэнд хамгийн шилдэгт тооцогддог вэ? Хичээлээ үргэлж сайн хийдэг, ёс суртахуун өндөртэй, эсрдэл хийдэггүй, санаачлагагүй, хамгийн гол нь үгэнд сайн ордог сурагчид багшийн хамгийн хайртай шавь болдог. Эрч хүчтэй, омголон, өөртөө итгэлтэй, шаардлага өндөртэй зан чанарыг багш нар үзэн яддаг. Яагаад гэвэл бага цалинтай, ажил ихтэй, байнга стрестдэг багш нарын хувьд эдгээр зан чанар нь төвөгтэй байдаг. Ялангуяа багш нар эмэгтэй сурагчдыг ийм зан чанартай байхыг тэвчдэггүй. “Охин хүүхэд байж чи ингэлээ...” гэдэг үгийг бид мөн ч их сонсож байсан даа. Дунд сургуулийн үнэлэмжээр бол охид хамгийн гарамгай нь. Тэд багш нарын үгийг ёсчлон биелүүлдэг, гэрийн даалгавраа үргэлж хийдэг, завсарлагаанаар дэггүйтдэггүй, хэрэг төвөгт орооцолддоггүй. Тиймээс ихэнх дунд сургуулиудад охид хөвгүүдээс илүү онц сурдаг. Гэвч амьдрал бол сургууль, тэр дундаа дунд сургууль биш.
- Хичээлийн танхимд сая сая охинд онц дүн авахаар улайрч байхдаа ирээдүйд нь маш хэрэгтэй өөр нэгэн зүйлийг орхигдуулж байдаг. Ялагчийн сэтгэлзүйг хамгийн ихээр ундруулах боломжтой талбар бол спорт.
- Эмэгтэйчүүд бидэнд тохиолддог өөр нэг алдаа нь “хамгийн чухал нь авьяас чадвар” гэдэгт хэтэрхий итгэдэг явдал юм. Тиймдээ ч шаргуу суралцсаныхаа хүчээр аливаа шинэ зүйлийг хийж чадна гэсэн итгэлгүй байж, өсөж дэвжих боломжоо хязгаарладаг. “Би байгалиасаа л бизнесийн хүн биш”, “Би угаасаа л улс төрд дургүй” гэх мэт тархины түгжээнүүдээ мултлах хэрэгтэй. Өөрчлөгд эсвэл мөх.
- Дэлхий дээрх хамгийн сайхан бүсгүйгээс ч өө сэв олж харж, хамгаас мэдлэгтэй эрдэмтний бүтээлийг ч няцаах чадвартай олон нийтийн үзэл бодол давамгайлсан мэдээллийн технологийн нийгэмд амьдарч буйгаа санах хэрэгтэй.
- Үйл ажиллагаагаа түргэн эхлээд алдах ёстой бол алд. Хэрвээ бэлтгэлээ 100% хангачихаад зорилгоо эхлүүлнэ гэвэл та хэзээ ч эхлэхгүй.
- Эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг үгүй хийгч үйлдлүүдийн хамгийн ноцтой нь төгс хийх гэсэн хүсэл.Хэрвээ чиний стандарт төгс юм бол чи хэзээ ч өөрөө өөртөө бүрэн итгэлтэй байж чадахгүй. Чи боловсорч дуустлаа хэзээ ч захирлуудын өмнө үг хэлэхгүй, шаардлагыг бүрэн хангатлаа хэзээ ч мөрөөдлийн ажилдаа анкет бөглөхгүй, төгс харагдталаа хэзээ ч хүссэн залуутайгаа болзохгүй. Бүхнийг төгсрүүлэх гэсэн энэ “өвчин” биднийг ажил дээр, гэрт, гал тогоонд бүр фитнес зааланд ч дагадаг.

3. Өөртөө итгэх итгэл гэж юу вэ? Түүнийг хаанаас олж авах вэ?
- Тодорхой хугацаанд борлуулагч хийж туршлага хуримтлуулсны дараа би өөрийгөө бусдыг сэнхрүүлэх, бараа борлуулах гайхалтай ур чадвартай болохыг нээж, энэ чиглэлээр хувийн бизнес эхлүүлэх санаа төрсөн. Энэ санаа нэг л өдөр төрөөгүй. Харин тодорхой хугацаанд амжилттай ажилласны дараа өөртөө итгэх итгэл олж авснаар төрсөн юм шүү.
- Анхны орлогоо зөвхөн өөртөө зориулах хүсэлтэй байсан тул 319 доллараар өөрт таалагдсан, хамгийн сайхан пальтог худалдаж авав. Тэр намартаа бараг л пальтогоо тайлаагүй. Би зөвхөн чинээлэг, хээнцэр харагдах гэж үнэтэй пальтог худалдаж аваагүй юм. Би амжилтыг биеэрээ мэдрэхийн тулд авсан хэрэг. Амжилтыг өмсөж, амжилтыг барьж, амжилтаа үйлчлүүлэгч нартаа мэдрүүлэхийн тулд.
- Та ямар ч ажлыг хийсэн нэг зүйлийг хамгийн түрүүнд бодож байгтун. Миний давуу тал юу вэ? Өрсөлдөөн бол хүмүүсийн “давуу тал” –уудын хооронд явагддаг тулаан. Хэн сул талаа нууж, давуу талаа зөв ашиглаж чадна, тэр ялалт байгуулна.
- “Өөртөө итгэх итгэл бол бодлыг үйлдэл болгох чадвар юм” – Ричард Петти - Өөртөө итгэх итгэл төдийгүй хүний өөр бусад зан араншинд удамшил, амьдралын туршлага хоёр тал тал хувиар нөлөөлдөг.
- Хэнбугай ч тархин дахь таагүй дурсамжуудаасаа бүрмөсөн хагацаж чадна гэж үгүй. Гэвч өнгөрсөнд үйлдсэн үйлүүд дурсамжаар дамжин ирээдүйд ийн нөлөөлдгийг нэгэнт мэдсэн хойно яагаад өнөөдрөөс эхлэн эерэг дурсамжуудыг бүтээж болохгүй гэж? Өөртөө итгэх итгэлийг үгүй хийгыч зуршлууд, үйлдлүүдээсээ аажим аажмаар яагаад хагацаж болохгүй гэж?
- Өөртөө итгэх итгэлийг өөртөө зориулж ямх ямхаар бүтээх хэрэгтэй.
- Зөвхөн эцэг эх, багш нарынхаа магтаал дээр тулгуурлаж өөртөө итгэх итгэл олж авсан хүүхдүүд бодит, хахир хатуу ажил хэргийн ертөнцөд нэвтрээд ихэвчлэн сэтгэлээр унаж, буцаж няцах хандлагатай байдаг.
- Жинхэнэ өөртөө итгэх итгэлийг бид аюулгүй бүсээсээ гарч, тэмцэл дунд орон ялагдаж, алдаа гаргаж, алдаанаасаа суралцаж эргэн өндийн амжилт гаргаж байж олж авдаг.
- Хэтэрхий амин хувиа хичээдэг хүмүүс ялалт амжилт бүрийг өөр дээрээ наах хүсэлтэй байдаг шигээ алдаа дутагдлыг ч өөр лүүгээ хэт нялзааж, өөрийгөө зовоох хандлагатай байдаг. Хэрвээ ийм төрлийн араншинтай хүнд захирал нь “Удирдаж байгаа төсөл чинь илүү сайжрах хэрэгтэй байна” гэж хэлбэл юуны түрүүнд сэтгэлээр унадаг. Захирлын үгийг засаж сайжруулах боломж гэж харахын оронд хувь хүн рүү чиглэсэн дайралт мэтээр хүлээн авна.
- Ойр дотно хүмүүс тань тэнгэрт одно. Гал халуун хайр дурлал ч төгсөж болно. Итгэж байсан найзууд ч орхиж магадгүй. Одоогийн ажлаасаа ч халагдах боломжтой. Энэ бол амьдрал. Амьдрал үй олон гайхамшигтай баяр жаргалыг бидэнд амсуулдаг ч гашуун нясуун зовлонгоо аманд цутгахаа хэзээ ч мартахгүй. Үүнийг хүн бүр хэзээ нэгэн цагт ойлгох л болно. Гэвч үсэн буурал болсон хойноо л ухаарвал дэндүү харамсалтай.
- Өөрчлөх боломжтой зүйлсийг өөрчлөх эр зориг, өөрчлөх боломжгүй зүйлсийг хүлээн зөвшөөрөх сэтгэлийн тэнхээг бурхан танд аль хэдийн хайрласан.

Чи ч гэсэн энэ номыг уншиж, зөвлөгөөг нь өөртөө хэрэгжүүлж, эрч хүч урам зориг авахыг хүсвэл бүх номын дэлгүүрүүдээр 19900₮ - өөр худалдаалагдаж байна лээ. Эцэст нь түүний эмээгийн зөвлөгөөгөөр нийтлэлээ өндөрлөе.

“Үнэнч хүмүүстэй нөхөрлөж, уйтгар гунигаас илүүтэйгээр инээд хөөрөөр жигүүрлэж, өрөөлийг удирдан залахдаа хайраар зэвсэглэж байгаарай”

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(486)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com