ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шинэхэн эзэгтэйн санхүүгийн дэглэм

Ажил & Мөнгө  | 2016 / 11 / 16

Нөхөрт гараад хэдэн жилийг ардаа үдсэн ч саяхныг хүртэл би дэлгүүрийн лангуун дээрх бүтээгдэхүүний үнийг огт анзааралгүй авдаг, 7 хоногтоо 3-4 удаа нөхөртэйгөө романтик болзоонд явдаг, орлого зарлагын дансны талаарх ойлголт нойл, олсон болгоноо гарынхаа салаагаар урсгачихдаг бүсгүй байлаа. Гэтэл амьдралын жам юм хойно үр хүүхэдтэй болж шинэ байранд нүүж орон бусад залуу хосын л адил орон сууцны зээл, машины зээл, хэрэглээний зээлүүд толгой дээр маань буух үед л жинхэнэ утгаар нь бүсээ чангалах гэдэг үгний утгыг ойлгож эхэлсэн юм.

Шинэхэн эзэгтэйн санхүүгийн дэглэм

Хоолны дэглэм гэдгийг шууд хоолоо хорих биш эрүүл бус хооллолтыг халж, зөв хооллох гэж би ойлгодог. Тиймдээ ч “санхүүгийн дэглэм” гэж гарчиг тавьсныг маань юу юугүй харамч, хахир болж, хамаг хэрэглээгээ танасан гэж битгий ойлгоорой. Харин олсон хэдэн төгрөгөө гэрийн эзэгтэйн хувьд хэрхэн зөв зарцуулдаг болох тухай өөрийн туршлага дээр тулгуурлан бичсэнийг маань хүлээн авна уу.

Анхны хүүхдээ өлгийдөн авснаар ойрын 2 жилдээ нөхрийн орлогоор бүгдийг амжуулах шаардлагатай болсон учраас хүссэн хүсээгүй би гэдэг хүн санхүүгийн хатуу дэглэмийг мөрдөх шаардлагатай болсон юм. Эхэндээ мэдээж сэтгэлээр унамаар санагдсан. Үрээ хараад аз жаргал, хайрыг бялхтал мэдрэх ч хөргөгчөө онгойлогохдоо яс хавталзах үеүд надад цөөнгүй байсан. Ингэж явсаар анхны алхмыг хийж, би зүгээр л бодит байдалтай эвлэрэхээр шийдсэн юм.

Мэдээж бодит байдалтай нүүр тулгарах тийм ч таатай зүйл биш. Хүмүүс бид бодит байдалтай эвлэрэхийг хүсэлгүй, сэтгэлээр унаж, гомдоллож, бусдыг буруутгадгаас болоод асуудлаа улам хүндрүүлдэг гэдгийг би ойлгосон. Ийм байна гэдгийг хүлээн зөвшөөрснөөр л цаашид яах талаар бодож чаддаг болдог юм билээ. Бид хоёрын сарын орлого бараг нэг дахин багасах үетэй зэрэгцээд манайх байрны зээл авсан учраас урьдын амьдралын хэмнэлээрээ амьдарч яагаад ч болохгүй гэдэг нь тодорхой байсан юм.

Ингээд хяналтыг гартаа авахаар шийдэв
Орлого зарлагын данс хөтлөхөөс бүгдийг эхлүүлсэн. Энэ тооцоо нь гэрийн санхүүгийн зарлага юун дээр алдаж, юун дээр хэтэрхий ихийг зарцуулаад байгааг бас юуг хэмнэж болох талаар дэлгэрэнгүй харахад чинь тусална. Хэрвээ чи хаанаас эхэлж, яаж ангилж бичихээ мэдэхгүй байвал орлого зарлагын дэвтэр худалдаж аваарай. Бичиг хэргийн дэлгүүр, номын дэлгүүрүүдээр олон төрлөөрөө зарагддаг шүү. Эсвэл онлайнаар хөтөлж болох програмууд ч байдаг. Хамгийн жижиг зардлыг ч гэсэн үлдээлгүй бүгдийг нь бичиж тэмдэглээрэй. Юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй 100 төгрөг ч байх ёсгүй ба сарын эцэст баланс чинь заавал тэнцэх ёстой шүү.

Нөхцөл байдлыг ерөнхийд нь ойлгосон бол одоо хэмнэж эхлэ
ХЭМНЭХ гэдэг үгнээс БИТГИЙ АЙ. Хэмнэнэ гэдэг нь чи мөнгөгүй, мия амьдраад байна гэсэн үг биш. Харин ч мөнгийг зөв зарцуулж сурахын эхлэл шүү. Манай гэр бүлийн хувьд хамгийн түрүүнд хоолны зардлаас эхэлсэн. 7, 7 хоногоор өдөр бүрийн хоолны цэс гаргаж тухайн 7 хоногийнхоо хүнсний хэрэгцээг ягштал тооцож гаргаад амралтын сүүлийн өдөр хүнсээ бөөнд нь захаас базаагаад авдаг болох үед хаях хоол, үрэх мөнгө маань ч багассан юм. Мөн хөдөө байдаг хамаатнуудаасаа идэшний мах, цагаан идээ, уулын зэрлэг жимс гэх мэтийг бөөнд нь захиад авдаг болсон учраас бас л их хэмжээний мөнгө хэмнэж чадаж байгаа. Эрүүл мэндээ бодсон ч түрийвчин дэх хэдээ бодсон ч элдэв төрлийн чихэр, чипс, газтай ундаа, лаазалсан, боловсруулсан, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс бүрэн татгалзсан. Миний зүгээс чихэр идмээр байвал ааруул ам уруугаа шидээд, ундаа уумаар байвал нимбэгтэй ус уугаад л тэвчээд бай гэж зөвлөмөөр байна. Мөн ахуйн хэрэглээний муудахааргүй зүйлсийг аль болох олон тоогоор нь бөөндөж авахыг хичээ. Ингэх нь нэг дор их мөнгө зарж байгаа мэт боловч, бага багаар их мөнгө үрэгдэхээс сэргийлнэ. Зөрүү нь итгэхийн аргагүй шүү.

Бага зүйлсийг ч бүү бас
Бид мөнгөө хэмнэнэ гэхээр ихэнхдээ том том зүйлсийг төсөөлдөг. Гэхдээ бидний өдөр тутмын энгийн хэрэглээ гэж боддог жижигхэн зүйлс халааснаас маань багагүй хумсалж байдаг. Өөр банкны АТМ-ээс шимтгэлтэйгээр мөнгө авах, супермаркет орох тоолондоо гялгар уут худалдаж авах, гэрлээ асаалттай орхих гээд л жижиг юм шиг хирнээ мөнгөнөөс маань хумсалж байдаг зүйлд одооноос ач холбогдол өгч эхлээрэй.

Харамч хүн хоёр дахин төлнө
Мөнгөө хэмнэж байна гээд ямар ч чанаргүй бараагаар шүүгээгээ дүүргэх нь ухаалаг алхам огт биш. Хямдарсан байсан болохоор нь нэг ээлжид өмсөхөд зүгээр л юм гэж бодож хувцас сонгох биш чамайг илэрхийлэх, чамайг бусдаас тодотгож өгөх, чамд бүхий л талаараа гайхалтай зохицсон, чанар сайтай тэр бүтээлд л хөрөнгө оруулалт хийх нь харин ч жинхэнэ мөнгөө хэмнэж байгаа явдал шүү.

Яаралтай үеүдийг мартаж болохгүй
Хурим найр, ажил явдал, хүүхэд өвдөх, гэнэтийн аюул осол гээд л гэнэтийн мөнгө шаардагдах нөхцөл байдлын үед хэрэглэх мөнгийг заавал хадгалж байгаарай. Тэр дансыг яагаад ч хоосолж болохгүй чадах чинээгээрээ сар болгон орлого хийж бай. Манайх бүсээ чангалж байгаа гээд найзынхаа хуриманд очихгүй байж болохгүй шүү дээ. Үнэндээ бусад хүмүүс ч адилхан л зээлтэй байгаа тиймээс Б төлөвлөгөөг үргэлж бэлэн байлгах хэрэгтэй шүү.

Бод бод бас дахин бод
Хоол хүнснээс бусад бүхий л төрлийн худалдан авалт хийх үедээ өөрөөсөө хэд хэдэн удаа “Энэ зүйл надад үнэхээр хэрэгтэй юу?” гэж асуу. Эмэгтэйчүүд бид хэрэгцээ нь хэдий хангагдсан ч гэлээ зүгээр л гоё сайхан харагдсан зүйлийн төлөө түрийвчин дэх хэдээ сэгсэрчихдэг зантай улс шүү дээ. Хэрвээ үнэхээр хэрэгтэй шаардлагатай зүйл гэдэг нь батлагдвал хамгийн хямдаар авж болох бүхий л гарцыг хай. Интернэт худалдаа хурдацтай хөгжиж байгаа өнөө үед элдэв хүнээр зуучлуулалгүй ebay, amazon-оос өөрөө хүссэн бараагаа худалдаж аваад сурчихвал овоо хэдэн төгрөг хэмнэж чадна шүү.

Бүхий л нөөц бололцоогоо ашигла
Гэртээ сууснаас хойш 7 хоногтоо 1 гоо сайханд ордог, сардаа 1 алжаал тайлах төв орж өөрийгөө эрхлүүлдэг, фитнес йогоор тогтмол хичээллэдэг “сайхан” амьдралын хэмнэл маань замхран одсон. Гэхдээ хамгийн хачирхалтай нь миний арьс илүү гоё, миний бие илүү гуалиг болсон юм. Учир нь өмнө нь хүний биед хортой химийн гаралтай бүтээгдэхүүнийг өндөр үнээр авдаг байснаа ойлгож гарын доорх материалаар биеийн тос, тоник, маск, гуужуулагчаа өөрөө хийж эхэлсэн. Тураах төвд явах цаг зав, мөнгө аль аль нь байхгүй учраас өглөө оройдоо орцынхоо шат, хүүхдийн дээс, гүйлтийн талбайтай дотно найзалсны ачаар жирэмсний үед нэмсэн тарга тэвээргээсээ бүрэн салж чадсан шүү.

Хүүхдэдээ бүгдийг зориулах хэрэгтэй. Гэхдээ...
Анхны хүүхдээ өлгийдөн авсны дараа бид бүгдээрээ чаддагсан бол од нар сарыг ч хүүхдэдээ аваад өгөхсөн гэж боддог. Тийм л учраас туршлагагүй аав ээжүүд маань сэтгэл хөөрлөөрөө хэрэгтэй хэрэггүй өчнөөн юм авчихдаг. Хүүхдэд зориулагдсан бүхэн эгдүүтэй хөөрхөн байдаг ч тэр хэрээрээ үнэтэй. Өдөр хоногоор биш цаг минутаар өсөж томорч байгаа бяцханы хэрэглээ ч шаггүй өндөр. Тийм учраас ойрын хэдэн жилдээ дахин жирэмслэх төлөвлөөгөөгүй бол ойр дотны хүүхэдтэй найз нөхөд ах эгчээсээ ичиж нэрэлхэлгүй хүүхдийн хувцас, хэрэглэл асуугаарай. Тэд чамд нандигнан хадгалсан зүйлсээ дуртайяа өгөх болно шүү. Бидний бяцхан үрсдээ өгч чадах хамгийн том хөрөнгө оруулалт бол мөнгө биш бидний цаг зав шүү дээ. Тэдэнд маань өчнөөн үнэтэй дуугардаг хөдөлдөг явдаг тоглоомоос илүү элс шороо ус цасаар ээж аавынхаа хамт тоглох нь хэдэн зуу дахин сайхан санагдана.

Хэдий чи хэмнэж байгаа ч эрүүл мэндээ гаргуунд нь гаргаж болохгүй
Хэчнээн их мөнгө хурааж хэмнэлээ ч хэн нэгэн чинь өвдөөд хэвтэх үед тэр бүхэн утга учиргүй болно шүү дээ. Тийм учраас эрүүл мэнддээ маш сайн анхаарах хэрэгтэй. Эрүүл байна гэдэг нь өөрийнхөө бас хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээх хариуцлага шүү дээ. Шинжилгээ хийлгэх, эмнэлэгт хэвтэх, эм тариа худалдан авах зардал хэчнээн өндөр билээ дээ. Тиймээс хэт их зардал гаргахгүйн тулд өвчний анхны шинж тэмдэг илрэх үед л дариухан мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Заавал аял
Бүсээ чангалж байна гээд аз жаргалгүй амьдарч болохгүй шүү дээ. Мөнгөнөөс шалтгаалахгүй аз жаргалууд зөндөө учраас ирээдүйдээ итгэж, хямралыг хүүхдүүддээ МӨНГӨ БОЛ ХЭРЭГЛЭЭ гэдгийг үлгэрлэн харуулах далим гэж бодоод өөдрөг байгаарай. Аялал ч бас заавал 5 одтой зочид буудалд бууж, далайн эрэг дээр биеэ шарж өнгөрөөхийг хэлэхгүй. Өгий нууран дээр 7 хонох, тэрэлж рүү өдрөөр яваад ирэх ч гэсэн гайхалтай сайхан дурсамж бүтээсэн аялал байж болно. Гэхдээ бид чинь хүүхэдтэй болохоор хээрээр гэр хийж хэцээр дэр хийж болохгүй, тодорхой хэмжээний ая тухын төлөө мөнгө зарлагдах л ёстой. Тиймээс зундаа нэг гэр бүлдээ гайхалтай дурсамж бүтээхийн төлөө жилийн турш тусдаа дансанд сар бүр мөнгө байршуулаарай.

Өөрийгөө хөгжүүл
2 жилийн дараа буцаад нийгмийн дунд ороход гологдохооргүй байхын тулд байнга өөрийгөө хөгжүүлээрэй. Мэргэжлийнхээ талаар сүүлийн үед гарсан бүхий л ном сэтгүүлийг худалдан авч унш, хэлнийхээ мэдлэгийг дээшлүүл, Tedx аппликешнийг татаж аваад илтгэлүүдийг байнга сонс, ажил мэргэжил хобби сонирхолтойгоо холбоотой янз бүрийн цуглаан уулзалтад чадах чинээгээрээ оч.Үнэхээр боломж нь байвал мэргэжлийн зэргээ ч дээшлүүлж болно.Эдгээр нь тодорхой хугацааны дараа танай гэр бүлийн орлогыг гарцаагүй нэмэгдүүлэх чиний өөртөө оруулж буй маш ухаалаг хөрөнгө оруулалт юм шүү.

Хэмнэж байгаа ч байнга мөнгө бодох хэрэггүй
Хэмнэхээс өөр аргагүй байгаа ч мөнгийг гэр бүлийн харилцаанаас, үр хүүхдийнхээ хүмүүжлээс, хайраасаа дээр тавих ёсгүй шүү, найз минь. Эр нөхрөө гэр бүлдээ санах зовох юмгүй, тайван сайхан ажиллаж хөдөлмөрлөхөд нь тусалж, хайр халамжаа байнга мэдрүүлж байгаарай. Сардаа хоёулханаа байх мөчийг заавал гаргаж бай. Үнэтэй ресторанд болзох албагүй, хуучны сайхан үеэ дурсаад гудамжаар гар гараасаа хөтлөлцөөд алхах ч гэсэн романтик болзоо шүү дээ. Хамгийн гол нь түүнд хүч, урам өгөх чиний ухаалаг, сэтгэл хөдөлгөм хайрын үгс, халамж анхаарал л юм.

Эцэст нь чамд ч бас энэ талын туршлага бий бол сэтгэгдэл хэсэгт бичин хуваалцаарай.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(895)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: onon.   2017-01-21
thanks

Зочин: Tseegii.   2017-01-21
hi. Ugluunii mend.

Зочин: zula.   2017-01-20
Ёстой их баярлалаа гоолигоо. Манай амьдрал яг ийм байдалтай байгаа. Би нарийн данс энэ тэр хөтлөх гүй ч гэсэн хамгийн түрүүнд чухалаас чухал зүйлийг л авдаг даа. Заримдаа ч чухал юмаа ч авч ч чадахгүй үе өчнөөн л тохиолдож байна тэглээ гээд би сэтгэлээр огтхон ч унахгүй хажуудах хань нөхөр минь аль бас л хичээж байхад нь бид түшиж тулах ёстой

Зочин: Одноо.   2016-11-21
Баярлалаа. Дараагийн удаа гарын доорхи ямар материалаар яаж биеийн тос, тоник, гуужуулагч хийдэгээ хуваалцаарай.

Зочин: nooo.   2016-11-17
sain baina uu goolingoochuudaaa . bi bvvvp galzuuraxad ganc huruu dutuu bainaaaa . Manai naiz zaluu maaani huuchin naiz ohiniiixooo facebookiig ni uzeed baidag yum shig bainaa dandaaa search deer ni haigdsan baix yumaaa fuuukk shibaa yumaaa . nowsh gej bux eregtei iim biaadag yumuu bi oort ni helex yostoi yu

Зочин: Tugs.   2016-11-17
oird xeregtei bolood bsan zuilsiig zowlojee. bayarlalaa. oyutan bolood bi 1r kurstee mongiig ystoi gamgui urdeg blaa. 2r kursiin xagasaas exleed orlogo zarlagaa xotlood yund mongo urj bgaga olj xardag bolson. jijig sajig chixer jims, pechenxend l xamag mongo maani ywdag bsan. togsoxdoo tiim iluu zardlaa xasaad surchixsan bsan. Xarin odoo ajil dr garsan xernee nogoo jijig sajig ymsad l bas xamag mongoo tawij tuuchixaad bx ym.

Зочин: Tugs.   2016-11-17
oird xeregtei bolood bsan zuilsiig zowlojee. bayarlalaa. oyutan bolood bi 1r kurstee mongiig ystoi gamgui urdeg blaa. 2r kursiin xagasaas exleed orlogo zarlagaa xotlood yund mongo urj bgaga olj xardag bolson. jijig sajig chixer jims, pechenxend l xamag mongo maani ywdag bsan. togsoxdoo tiim iluu zardlaa xasaad surchixsan bsan. Xarin odoo ajil dr garsan xernee nogoo jijig sajig ymsad l bas xamag mongoo tawij tuuchixaad bx ym.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com