Зуслан дээрээс эсвэл хөдөөнөөс авчирсан гүзээлзгэнэ, нэрс гэх мэт жимснүүдээр чанамал хийхээс гадна хэрхэн илүү амттай, таашаалтайгаар “цааш харуулж” болохыг эндээс уншаарай. Гадаа халуун байна, зайрмаг ч идмээр байна, тийм үү?

1. Иогурттай зайрмаг
Орц: 6-8 ш болно
1. Ойролцоогоор 300 граммын савлагаатай өөрийн хүссэн иогурт
2. ½ аяга сүү
3. 2 цайны халбага зөгийн бал
4. ½ аяга овъёос
5. 1 аяга хэрчиж, жижиглэсэн дурын жимс
6. Зайрмагны хэв (зориулалтын хэв байхгүй бол 1 удаагийн цаасан аяганд хийж болно)
Хийх дараалал:
1. Сүү, иогурт, 1 халбага зөгийн балаа хамтад нь хийгээд миксердэнэ.
2. Бэлэн болсон холимогоо зайрмагныхаа хэвэнд тэнцүү хувааж хийнэ.
3. Дээрээс нь жимсээ мөн тэнцүү хувааж хийгээрэй.
4. Үлдсэн нэг халбага зөгийн бал, овъёос хоёроо хооронд нь холино.
5. Овъёосны зуурмагаа хэвэнд хийсэн иогурт дээрээ хийнэ.
6. Ингээд л зайрмагныхаа ишийг хэв болгондоо хатгаж өгнө. Үүнийхээ дараа хөлдөөгчинд хийгээд хамгийн багадаа 4 цаг байлга.
Ингээд гаргаад ирэхэд бэлэн болно. Хэвнээс нь салгахын тулд бага зэргийн халуун усанд хийвэл хялбар байна шүү.

2. Кивитэй зайрмаг
Орц: 4 ш
1. 4 ш хальслаж, жижиглэсэн киви
2. 1 ш хальслаж, нимгэн хэрчсэн киви
3. ½ аяга алимны шүүс
4. 1 цайны халбага желатин
5. Зайрмагны хэв (зориулалтын хэв байхгүй бол 1 удаагийн цаасан аяганд хийж болно)
Хийх дараалал:
1. Нимгэн хэрчиж бэлдсэн кивинээсээ бусад бүх орцоо хамтад нь блендерт хийж сайтар холино.
2. Холимогоо хэвэндээ хийхээсээ өмнө нимгэн хэрчсэн кивигээ хэвэндээ тэнцүү хувааж хийгээд дээрээс нь бэлдэж тавьсан холимогоо хийгээд л зайрмагныхаа ишийг зоогоод хөлдөөгчиндөө хийнэ. Ингээд л хамгийн багадаа 2 цаг хөлдөөсний дараа амтат зайрмаг бэлэн болно.

3. Гүзээлзгэнэтэй зайрмаг
Орц:
1. 2 аяга гүзээлзгэнэ (өөрийн сонголтоор)
2. ¾ аяга иогурт (дотроо бүхэл жимсгүй байх)
3. ½ аяга сүү
4. 2 амны халбага зөгийн бал
5. 1 цайны халбага нимбэгний шүүс
6. 1 цайны халбага ванилийн охь
7. Тугалган цаас
Зайрмагны хэв (зориулалтын хэв байхгүй бол 1 удаагийн цаасан аяганд хийж болно)

4. Хийх дараалал:
1. Шарах шүүгээгээ 200 хэм дээр тавиад халааж орхино.
2. Тугалган цаасаа листэн дээрээ дэлгэж тавиад таллаж хуваасан гүзээлзгэнээ тарааж тавина. Дараа нь халуун шарах шүүгээндээ хийгээд 25 минут шараарай. Дунд нь гүзээлзгэнээ эргүүлэхээ мартуузай.
3. Шарсан гүзээлзгэнээ гаргаж ирээд 10 минут орчим хөргөөрэй. Хөрсөнийх нь дараа блендэртээ хийгээд хангалттай сайн холиод түр орхино.
4. Одоо иогурт, сүү, зөгийн бал, нимбэний шүүс, ванилийн охио хамтад нь нэг саванд хийн холилдтол нь жигд хутгаж өгнө.
5. Дараа нь нэг халбага гүзээлзгэний холимогоо хэвэндээ хийнэ. Дээрээс нь бэлдсэн иогурттай холимогоо хэвнийхээ талаас дээгүүр хэмжээтэй хийгээрэй. Ингээд хэвний үлдсэн хэсэгт иогурттай холимогноосоо нэмж хийгээд савх, эсвэл халбага ашиглан бага зэрэг хутгаж өгнө.
6. Хамгийн сүүлд нь бүх хэвэндээ хийж дууссаныхаа дараа хөлдөөгчиндөө хийгээд доод тал нь 4 цаг болгосныхоо дараа амтархан идээрэй.