ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Жимми Гоолингоод: Нярай хүүхэддээ бэлдэх, хамгийн хэрэгцээтэй 21 зүйлийн жагсаалт

Гэр бүл  | 2016 / 05 / 09

Нандин эрдэнэтэйгээ уулзах мөч улам ойртоод л... Жирэмснийхээ амралтын мөнгөөр хүүхдийнхээ бэлтгэлийг базаахаар зэхэж байна уу? Зарим ээж нар “төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэдэг хэлц байдаг учраас амаржсаныхаа дараа бэлдэхийг илүүд үзэх нь ч бий. Гэхдээ дараа нь өөр хүмүүст захиж авчруулсан зүйлс сэтгэлд таарахгүй нь их учраас өмнө нь аваад, домнож хадгалахыг илүүд үзэх ээж нар олон.

Жимми Гоолингоод: Нярай хүүхэддээ бэлдэх, хамгийн хэрэгцээтэй 21 зүйлийн жагсаалт

Анхлан төрөх гэж байгаа ээжүүдийг хүүхдийн дэлгүүрт оруулбал энэ нь ч хэрэгтэй, тэр нь ч гоё юм шиг санагдаад бүгдийг нь л авах хүсэл төрдөг. Гэхдээ алгын чинээхэн алдрай үрсэд маань үнэндээ тийм ч их юм шаардагддаггүй тул авсан зүйлсээс цөөн хэд нь л үнэхээр хэрэглэгдэх нь бий. Тиймээс Гоолингоо нь нярай хүүхдэд болон нярайлсан ээжид “нээрээ хэрэгтэй” 23 зүйлийг жагсааж байна.

Жич: Хүн хүний хэрэгцээ, амьдралын хэв маяг, сонирхол өөр учраас доорх жагсаалт дээр нэмэгдэх зүйлс гарахыг үгүйсгэхгүй. Мөн шүд нь ургах, бор хоолонд орох, мөлхөх, суух үед нь хоолны ширээ, шүдний тоглоом, зөөлөн хивс гээд олон зүйл хэрэг болно. Доорх жагсаалтыг нярайн эхний хэдэн сарын туршид нэн шаардлагатай зүйлсийнх гэж ойлгоорой. Эдгээр дээр нэмэгдээд төрөхийн бэлтгэлээ базаахаа мартуузай.

1.

Хүүхдийн хэрэгцээ

Хүүхдийн ор

Зарим аав ээж нар хүүхдээ төрөнгүүт нь өөрсдийн орон дээр, голдоо тавьж унтуулахыг илүүд үздэг. Эсвэл жаахан томрохоор нь хамт унтаж эхлэх учраас ор авах нь ашиггүй гэдэг эцэг эхчүүд ч бий. Гэхдээ аюулгүй байдал, ариун цэвэр, хүүхдийн тав тух, бие даасан байдал гээд олон талаас нь бодолцож хүүхэддээ тусад нь ор бэлтгэж тавиарай. Мөн нэг чанартай ор авчихвал наад зах нь 2 нас хүртэл нь, 3 үйлдэлтэй ор авсан бол 4-5 нас хүртэл нь ч унтуулж хэрэглэх боломжтой байдаг.
• Хүүхдийн орыг сонгохдоо тавцан нь дээр, доор хоёр түвшинд тогтоогддог эсэхийг анхаараарай. Хүүхэд мөлхдөг, юм түшээд босож зогсдог болох үед орны тавцанг доошлуулж, хаалтыг нь өндөрсгөх боломжтой байх ёстой.
• Мөн хоёр талын хаалтууд нь салж, угсрагддаг байвал өөрийгөө гэмтээхээргүй насанд хүрэх үед нь нярайн биш хүүхдийн ор болгож хэрэглэж болно. Гэхдээ ийм орнууд арай өндөр үнэтэй байдаг гэдгийг санаарай.
• Хүүхдийг орон дээрээс авч тэврэхэд хялбархан байлгахын тулд зарим орны нэг талын хаалтыг нь доош нь дарж, доошлуулж болдог загвартай байдаг. Гэхдээ ийм орнуудын хаалтын түгжээ нь амархан эвдэрдэг бөгөөд хүүхэд босож зогсдог болох үедээ дээрээс нь дарж байгаад унаж өөрийгөө бэртээх магадлал маш өндөр учраас олон оронд ийм ор үйлдвэрлэхийг хориглоод байгаа. Манай зах зээлд зарагдаж байгаа зарим орнууд ийм загвартай байгаа учраас анхаараарай.
• Хүүхэд орон дээрээ босож зогсох үедээ орны дээд хэсгийг амандаа зууж, шүднийхээ загатнааг гаргах дуртай байдаг. Тиймээс орны дээд хэсгийг үүнийг бодолцож, хүүхдийн буйлыг гэмтээхгүй, химийн нэгдэлгүй, хоргүй материалаар хийгдсэн эсэхийг анхаарах нь зүйтэй.
2. Маттрасс
Хүүхдэд сайн чанарын маттрасс сонгох хэрэгтэй. Ингэснээр төлжиж, бэхжиж байгаа ясанд нь тулгуур болох төдийгүй аюулгүй байдалд нь тус болох болно. Хүүхдийн маттрассыг сонгохдоо зөөлөн мөртлөө маш нягт, хөдөлгөөнгүй гадаргуутай, харшил өгөхгүй хөөсөнцөр ашигласан эсэхийг анхаараарай.
3. Хүүхдийн цагаан хэрэглэлийн ком
Хүүхдэд харшил өгөхөөргүй, зуун хувь цэвэр даавуун ор дэрний хэрэгслийг сонгоорой. Цагаан хэрэглэлийн комонд маттрасанд углах боломжтой дэвсгэр даавуу, хөнжил, мөн бүтээлэг багтсан байвал сайн.
4. Өлгийний ком
Хүүхдэд харшил өгөхгүй, даавуун материалтай өлгийний ком аваарай. Үүнд дотуур өлгийдөх нимгэн өлгий, гадуур өлгийдөх хөвөнтэй өлгий, дан даавуунууд заавал байх хэрэгтэй. Мөн сүүлийн үеийн нярайн өлгийний комонд оймс, малгай, хэд хэдэн даавуун цамц, бээлий зэргийг багтаасан байдаг.
5. Эхний ээлжийн хувцас
2-3 ширхэг боди, 1-2 ширхэг малгай, 1-2 ширхэг цамц - өмдний хослол, 3-4 хос оймс, даавуун бээлийнүүд, 1 бойтог бэлдээрэй. Төрсний дараа эргэлтээр ирэх хүмүүс цамц-өмдний хослол, хувцас, боди зэргийг нэмж бэлэглэнэ гэж тооцоорой.
6. Хүүхдийн тэрэг
• Өөрийнхөө амьдралын хэв маягт тохируулан хүүхдийнхээ тэргийг сонгоорой. Хэрвээ чи нийтийн унаа их ашигладаг, шатаар их өгсдөг бол хөнгөн тэрэг авах нь зүйтэй. Хэрвээ чи машинаар их явдаг бол эвхэгдсэн хэмжээгээрээ машин дотроо багтах тэргийг аваарай.
• Хүүхэд ганцхан байрлалаараа удаан байж болохгүй учраас ор, зөөврийн ор болчихдог тэрэг сонгох хэрэгтэй.
• Мөн сүүлийн үед өөртөө машины суудал дагалддаг эсвэл тэрэгнээс нь салгаад машины суудал болгох боломжтой тэрэгнүүд худалдаалагддаг болсон. Ийм тэрэгнүүд үнийн хувьд тусад нь машины суудал авснаас илүү хэмнэлттэй тусах ч чанарын хувьд анхаараарай.
7. Хүүхдийн машины суудал
Нөхөр чинь эсвэл чи өөрөө хэчнээн сайн жолооч байсан ч гэсэн хүүхдийн зориулалтын машины суудал авах нь хариуцлагатай эцэг эхийн заавал хийх зүйл мөн. Хэрвээ машины суудлыг тэрэгнээс нь тусад нь авахаар шийдсэн бол 0+ эсвэл 1 бүлэгт харьяалагдахыг сонгоорой. 0+ бүлгийн суудлыг төрснөөс нь хойш 1 ой гурван сартай хүртэл нь хэрэглэж болдог. Мөн хүүхдийг 4 нас хүртэл нь машинд хойш нь буюу буруу харуулж суулгахыг зөвлөдөг.
8. Хүүхдийн усны онгоц
Хүүхдийн усны онгоцыг төрснөөс нь авахуулаад 4 нас хүртэл нь хэрэглэх учраас заавал авах зүйлсийн жагсаалтандаа багтаагаарай.
• Ваннанд нярай хүүхдийг гулгахаас хамгаалсан суултууран тогтоогч байвал сайн. Хүүхдийг том болох үед суултууран тогтоогчийг аваад ванныг бүтэн эзлэхүүнээр нь ашиглаж болно.
• Эвхэгддэг ванн зай хэмнэх давуу талтай ч хавтгай болж хураагдах зориулалттай учраас суултууран тогтоогчгүй байдаг. Гэхдээ тусад нь хөөсөнцөрөн тогтоогч авч болно.
• Зарим ванн дүүжин ор бүхий загвартай байдаг. Энэ нь хүүхдийг нярай үед усанд оруулахад хялбар болгох зориулалттай. Заавал нэг гараараа барих, дэмжих шаардлагагүйгээр хүүхдээ дүүжин орон дээр нь тавиад тухтай байдлаар усанд оруулж болно.
• Дижитал термометр, шингэн савангийн тавиур зэрэг нэмэлтүүдтэй ванн харьцангуй өндөр үнэтэй байдаг боловч тийм ч өндөр ач холбогдолтой биш. Ихэнх аав ээж нар хүүхдийг усанд оруулахад тохиромжтой усыг гараараа шалгаж чаддаг.
9. Хүүхдийн ванны ком
Дотроо хүүхдийн шампунь, саван, тос, тальк зэргийг багтаасан байвал зохино.
10. Нярайн живх
Даавуун эсвэл нэг удаагийн живхний алийг нь хэрэглэх нь ээжийн сонголт. Хүүхдэд ээлтэй талаасаа даавуун, дотрыг нь угаадаг живх илүү эрүүл, агаар нэвтрүүлэх чадвар сайтай юм. Гэхдээ анхлан төрөх гэж байгаа бүсгүйчүүдэд хүүхдийн живхийг солих нь хүртэл өөрөө шинэ зүйл байдаг учраас эхний ээлжинд нэг удаагийн живх авч хөдөлмөрөө хялбарчлахыг зөвлөж байна.
11. Нярайн сальфетка
Шинэхэн ээжүүдийн цүнхийг нярайн нойтон болон хуурай сальфеткагүйгээр төсөөлөхийн ч аргагүй.
12. Хүүхдийн шүүгээ
Бяцхан үрс маань дөнгөж төрөхдөө л ийм олон “эд хогшил”-той болчихож байгаа биз? Томрох тусмаа эдгээр дээр ахиад олон зүйл нэмэгдэнэ. Тиймээс хүүхдийн хувцас, тоглоом, хэрэглэл, ариун цэврийн бүтээгдэхүүнүүд гээд бүгдийг нь хадгалчих нэг шүүгээ байхад илүүдэхгүй. Нимгэн, гүехэн татлагатай шүүгээ тун удахгүй хэрэгцээнээс гарчих магадлалтай учраас боломжтой бол том, гүн татлагатайг сонгоорой. Тэгвэл өсөн томорч байгаа хүүхдийн чинь өсөн томорч байгаа хэрэгцээнүүдийг багтаахад хэрэг болно.
13. Хүүхдийн хумсны хутга
Нярайг төрснөөс 1-2 сарын дараанаас хумсны хутга хэрэг болдог. Түүнээс өмнө хатуурч бэхжээгүй хумсыг нь хумсны хутгаар авахад хэтэрхий жижигхэн бас зөөлөн байх учраас гарт нь бээлий углах аргаар өөрийгөө урахаас нь хамгаалах хэрэгтэй.
14. Халуун хэмжигч
Ихэнх айлд халууны шил байдаг ч хэрвээ танайх хуучны загвартай бол дижиталаар солиорой. Нярай хүүхэд үе үе халуурах тохиолдлууд олон гардаг бөгөөд дижитал халууны шил нь температурыг нь нарийн хянахад тус болно.
15.
Ээжийн хэрэгцээ

Хөхний саалтуур
Зайлшгүй авах зүйл биш боловч заавал хэрэг болно гэдгийг амлаж байна. Хөхний саалтуурыг хөхний толгой хагарсан, хатуурч зангирсан үед болон хүүхдээсээ холдож гадуур явах, нярай үед хөхөнд үлдсэн сүүг шавхаж гаргах, ээжийн бие ядруу, шөнө унтаж амрахаар болсон үед хэрэглэдэг. Саалтуурууд угжтайгаа дагалддаг. Хэрвээ ээж туршлагатай, гараараа сайн сааж чаддаг бол авахгүй ч байж болно.
16. Хөхний дамск
Гадуур явж байхад хөхний сүү цамцны энгэр нэвтлэх шиг эвгүй зүйл үгүй. Мөн анхлан төрөгч нарт гэртээ байх эхний үед ч хэрэг болдог. Тиймээс хэд хэдийг аваад тавьчихад гэмгүй. Хөхний дамск нэг удаагийн, давтан хэрэглэж болдог гэсэн хоёр төрлөөр худалдаалагддаг.
17. Хөхний толгойны тос
Анхлан төрөгч нар хөхний толгой хагарахад түрхдэг тосноос гарын дор нэгийг байлгахыг зөвлөж байна. Туршлагагүйн улмаас буруу хөхүүлж, дор нь арга хэмжээ аваагүйгээс болоод даамжруулах бүсгүйчүүд хэчнээн олон байдаг билээ дээ.
18. Хөхүүл эхийн даруулга
Өөрийнхөө биед хамгийн эвтэйхэн, хөхний толгойг өвтгөхөөргүй зөөлөн материалтай даруулга сонгоорой.
19. Орны дэргэдэх бүдэг гэрэл
Хүүхдийг шөнөөр хөхүүлэхэд өрөөний гэрлийг бүхэлд нь асаахад тохиромжгүй байдаг. Тиймээс орныхоо эсвэл бүүвэйлэгч сандалныхаа дэргэд бүдэг ширээний гэрэл авч тавиарай. Нярай хүүхэд харанхуй, бүүдгэр байдлаас айдаггүй юм шүү.
20. Гар ариутгагч, амны маскнууд
Юунд хэрэгтэй юм бэ гэж үү? Дөнгөж төрсний дараа гэрт зочлох ойрын хамаатан, найз нөхдийг “ариутгахад” хэрэгтэй.
21. Том, багтаамжтай цүнх
“Ээж цүнх” хүүхдийн тэрэг юм уу дээр дурагдагдсан ямар нэг ком хэрэглэлд дагалдаж ирж магадгүй учраас эхэлж авахаас зайлсхийгээрэй.
Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн найз Гоолингоо.мн-Солонгон Охин
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(788)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com