ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Миний төлөвлөж чаддаг хүн болоход суралцсан 4 жил

Ажил & Мөнгө  | 2016 / 05 / 03

Төлөвлөж, цагаа зөв зохион байгуулж сурна гэдэг яг л гадаад хэл сурахтай эсвэл машин барьж сурахтай адил аажим аажмаар сайжирч, удаан хугацаанд суралцдаг, “төгс” гэсэн үнэлгээгүй болохоор тасралтгүй хөгжүүлдэг чадвар юм. Тиймээс ч би 4 жилийн өмнөөс төлөвлөгөөний амтанд орсон ч одоог хүртэл суралцагчийн түвшинд явсаар байна.

Миний төлөвлөж чаддаг хүн болоход суралцсан 4 жил

Миний бие ажиллаж эхлээд 5 жил болж байна. Анхны жилдээ ажил багатай байсан болоод ч тэр үү, төлөвлөх шаардлага нэг их гардаггүй байлаа. Тухайн цагт аль ажил миний анхаарлыг хамгийн ихээр татаж байна, түүнийгээ барьж аваад л дуусгах нь миний гол зорилго. Гэтэл дараа жилээс нь компани маань ч өргөжиж, ажлууд маань нэмэгдэж эхлэв. Энэ үед хуучин арга барил маань болоод л байгаа юм шиг хэрнээ би өдөр ирэх тусам стресстэй, самгардсан, хариуцлага алдсан, эмх замбараагүй, ажлаа дийлэхгүй нэгэн болж хувирч байлаа. Зарим өдөр үнэхээр “юу болоод байгаа нь мэдэгдэхгүй” явсаар дуусаж байв. Ингээд л би "to-do list" бичдэг болохоор шийдсэн юм:

1. Түвшин 1: Дан ганц “to do list”
Өглөө болгон ажил дээрээ очоод хийх ажлынхаа жагсаалтыг буулган бичдэг болов.
Гарсан дэвшил: Тухайн өдөрт хийж гүйцэтгэх ёстой ажлуудаа жагсаадаг болсноор аль нэгийг нь мартахын аюулаас аврагдав.
Сул тал: Өглөө болгон өнөөдөртөө хийж амжихаар санагдсан ажлуудаа сэтгэлийн хөөрлөөрөө жагсаачихдаг байв. Тэгсэн хэрнээ бичсэнээсээ талыг нь л хийж амждаг байлаа. Мөн жагсаалттай ажлуудаасаа алийг нь түрүүлж хийхээ мэдэхгүй, гарт орсон эсвэл санаанд ойр бууж байгаагаасаа эхлүүлдэг байсан болохоор зарим цагт мэдрэмтгий ажлуудаа хэтэрхий тулгаж эхлүүлэх явдал гарч байлаа.
2. Түвшин 2: Ажил бүрт хугацаа зааж өглөө
Тухайн өдрийн ажил бүрийн ард тодорхой хугацаа зааж өгдөг болов.
Гарсан дэвшил: Бичсэн цагтайгаа уялдуулан өөрийгөө шахаж сурлаа. Цагтаа амжуулахын тулд ажлынхаа завсраар facebook гүйлгэх, дэргэдэх хүнтэйгээ дэмий яриа өрнүүлэх, цайны цагаа дэндүү тааваараа авах зэрэг асуудлууд байхгүй болов. Мөн тухайн ажил бүр хэдий хэр хугацааг шаардахыг бодитоор баримжаалан бичдэг болсноор зарим зүйлийг цагт нь амжуулахад илүү дөхөм болсон юм.
Сул тал: Цаг хугацааны боолчлолд орчихсон юм шиг л санагддаг байлаа. Зарим ажил гадны хүчин зүйлсээс болоод төлөвлөснөөс удах үед, мөн гэнэтийн ажлууд гарч ирэхэд миний эхнээс нь дуустал яс төлөвлөсөн өдрийг эвдлэн сүйтгэж байгаа юм шиг санагдан бухимддаг байлаа.
3. Түвшин 3: Өдрөөр нь биш долоо хоногоор нь
Эхний хоёр арга барилаар жил хагас явсныхаа дараа “Төлөвлөөд байгаа хэрнээ л яагаад амжихгүй байна аа?” гэдэг асуулт надад тавигдсан юм. Мэдээж бүр огт төлөвлөдөггүй байсан үеэ бодвол хамаагүй өндөр бүтээмжтэй, олон зүйлийг амжуулдаг, хариуцлагатай нэгэн болсон байв. Гэхдээ л ажлуудынхаа эзэн нь болж байгаа юм шиг мэдрэмж төрдөггүй, харин ажлууд маань намайг захираад байгаа мэт дарамттай санагддаг байсан юм. Учир нь би өдөр бүр л яаруу сандруу, ачаалал өндөртэй, тэгсэн хэрнээ дуусашгүй, төгсөшгүй ажлуудтай мэт санагдаж байлаа. Хамгийн гол нь шахуу төлөвлөгөөн дунд би сонголт хийх эрхгүй юм шиг сэтгэгдэлтэй байсан. Харин долоо хоногоор нь төлөвлөж, гариг бүрт хуваарилдаг болсноор Samsung S2 барьж байгаад S6 барих шиг л огцом өөрчлөлт гарч эхэлсэн шүү.
Гарсан дэвшил: Бүтэн долоо хоногийнхоо газрын зургийг нүднийхээ өмнө дэлгэж хардаг болсноор тодорхой өдөр дуусах ёстой ажлыг хоёр хоногийн өмнө хийж бэлддэг болов. Дараа долоо хоногт бэлэн болох зүйлийг ч бас өмнөх долоо хоногт нь хийдэг боллоо. Ингэснээр ихэнх ажил маань “Одоохон дууслаа” биш “Өчигдөр хийгээд дуусчихсан” гэдэг ангилал руу орж, мөн цаг нь тулахаас өмнө хийж байгаа учраас аль дуртайгаасаа эхлэх сонголт минийх боллоо. Өөрөөр хэлбэл, би ажлынхаа мэдэлд биш ажил маань миний мэдэлд орж ирэв.
Сул тал: Ажил маань өмнөхөөсөө хамаагүй цэгцрээд ирсэн. Яарч сандрах зүйл байхгүй учраас их ажилтай байсан ч стрессгүй, тайвнаар анхаарлаа төвлөрүүлж илүү чанартай үр дүнг гаргаж чаддаг болсон. Гэхдээ шийдэгдээгүй үлдсэн нэг асуудал, хариултгүй нэг асуулт бол “Хэдий завандаа сайн эхнэр, сайн охин байх вэ?”. Мөн зөвхөн өдөр тутмын тулга тойрсон ажлууд дотроо эргэлдээд, ямар нэг хугацаанаас хамааралгүй ч заавал хийгдэх ёстой даацтай менежментийн ажлууд, түвшин ахиулах зүйлсээ хийж амжихгүй л байлаа.
4. Түвшин 4: Үүргүүдээр ангилж, чухал ажлыг заавал оруулдаг болов
Долоо хоногоор нь төлөвлөхдөө өөрийн хүлээсэн үүрэг тус бүр дээр тусгайчлан анхаардаг болсон юм. Сэтгүүлч, менежер, ... төслийн удирдагч, аав ээжийн охин гэх мэт. Ингэснээр ямар ч үүргээ орхигдуулахаас ангижрав. Түүнчлэн хойшлуулсаар байгаа, гэхдээ хийчих юм бол өөр 10 жижиг ажлыг хийсэнтэй дүйцэх том ажлыг заавал хийх төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болголоо. Хэдий “төгс” болоогүй ч одоогоор би энэ түвшиндээ тун сэтгэл хангалуун байна. Ямартай ч миний ажлууд одоо урьдаас бэлтгэгдсэн, чанартай, сонголттой, миний амьдрал тэнцвэртэй бас тайван болсон билээ.
5. Одоо би яаж төлөвлөдөг вэ?
Алхам 1: Ням гариг бүрийн өдөр нь “Brain dump” буюу тархиндаа бодогдож байгаа бүх ажлуудыг хогийн сав луу хаяж байгаа юм шиг гаргаж бичин оюун санаагаа хоосолно.
Алхам 2: Бүх бичсэн ажлуудаа харьяалагдах үүргийнх нь дагуу ангилна. Үүрэг тус бүр дээр орхигдсон зүйл бий эсэхийг нягталж нэмнэ.
Алхам 3: Үүрэг тус бүрээс яаралтай бөгөөд чухал, яаралтай бус боловч чухлуудыг сонгоно. (Стивен Ковейн төлөвлөлтийн хүснэгтэн дээр ажлыг дараах 4 шинжээр ангилахыг зөвлөдөг:
• Яаралтай бөгөөд чухал-Заавал энэ долоо хоногтоо багтааж, амжуулж хийх ёстой
• Яаралтай бус боловч чухал-Зав гаргаж хийх ёстой, зав олдохгүй байсан ч чөлөөлж байгаад хийх ёстой
• Яаралтай бөгөөд чухал бус-Завсар зайгаар нь чихэж хийх, аль болох их цаг зарцуулахгүйгээр хялбарчилж хийх
• Чухал бус бөгөөд яаралтай бус – Зайлсхийх, хийвэл хийнэ, хийхгүй бол хийхгүй )
Алхам 4: Жагсаасан ажлуудаа долоо хоногийнхоо өдрүүдэд хувааж бичнэ. Бичихдээ 1 дэх хайрцган дотор багтах ажлуудаас эхлүүлж, 4 хүртэл өрнө. Ажлуудынхаа зарцуулах хугацааг барагцаалж бодитоор хуваах хэрэгтэй.
Алхам 5: Ингэж долоо хоногоор нь төлөвлөсөн ч гэсэн өдөр бүрийн орой хуваарилагдсан ажлууд дээрээ нэмэлтээр гарч ирсэн ажлуудыг нэмээд, зөв дараалалд нь оруулж сийрүүлнэ. Энэ 5 алхмыг хийхэд их удах юм шиг харагдавч би долоо хоногтоо 1 удаа 30 минутыг, мөн өдөр бүрийн орой 15 минутыг л зарцуулж хариуд нь энэ цаг хугацаанаасаа хэд дахин илүү үнэ цэнийг олж авдаг юм.
6. Чи харин өөртөө тохирсон арга барилыг хэрхэн олох вэ?
Миний арга барил ажил мэргэжил бүрт, хүн бүрийн зан араншинд нийцэх албагүй. Тиймээс өөртөө тохирсон арга барилыг олоорой. Хамгийн гол нь чиний төлөвлөгөө чиний ямар асуудлыг шийдэх ёстой вэ гэдэг асуултанд хариул.
Гэр бүлдээ зарцуулах цагийг чинь нэмэгдүүлэх шаардлагатай байгаа бол гэр бүл гэсэн хэсгийг хийх ажлынхаа үүргүүдийн хуваарьт заавал оруулаад өдрүүдэд хуваа.
Ачааллыг чинь багасгах ёстой бол чухал бус зүйлд зориулж байгаа цагуудаа хянахын тулд ажлаа чухлаас нь эхэлж хийгээд, зарцуулах цагаа тавьж түүндээ захирагд.
Өөрийгөө хөгжүүлэх цаг гаргахад чинь туслах ёстой бол мөн л үүнд төвлөрсөн ажлуудаа чухалд тооцон өдрүүдэд хуваарилж, бусад ажлаас түрүүнд оруулж хийх гэх мэт арга барилыг баримталж болно.
Чиний чухалд юу орохыг чи л мэднэ. Чи амьдралынхаа чанарын аль хэсгийг хамгийн чухалчилж, тэр л үгүй болчихвол чи үгүй болчих мэт санагдах вэ гэдгээс чухлын үнэлэмж хамаарах юм. Интернэтэд төлөвлөх олон төрлийн үнэгүй template байдаг. Бэлэн хүснэгтүүд дээр ажиллаж байгаад өөртөө тохирсныг олж болно. Эсвэл тэдгээрээс санаа аваад өөрийнхийгөө зохио.
7. Төлөвлөх явцдаа баримтлах ёстой зарчмууд
Ажлаа сонгож хийх зарчим- Чи төлөвлөгөөнийхөө, цагныхаа боол биш эзэн гэдгийг үргэлж сана. Тиймээс ажлаа сонгож хий. Өөрийн цаг хугацааг мөнгө гэж төсөөл дөө. Мөнгөө бид тааралдсан зүйлдээ хамаагүй үрдэггүй, харин аль эрүүл мэндэд хэрэгтэй, аль илүү чухал санагдсан зүйлдээ сонгож зарцуулдаг. Түүн шигээ ажлаа сонгож, шилж хийгээрэй. Мөррөөдөл рүү чинь дөхүүлэх зүйлийг илүү их хий.
Сахилга бат- Чиний өөрийн гараар бичиж буулгасан төлөвлөгөө бол өөртөө өгч буй амлалтын дайтай зүйл. Түүнийгээ бүрэн биелүүлэх бүх аргыг дайчил. Өөртөө шаардлага тавьж ажилла. Амжуулаагүй зүйлсээ долоо хоногийн эцсээр харж, дүгнэлт гаргаж, яагаад хийхгүй байгаагаа өөрөсөө асуу.
Уян хатан бай- Төлөвлөгөөг ажлынхаа хэрэгсэл буюу компьютер шиг, үзэг шиг tool болгож ашигла. Дээр дурдсаны адилаар чи төлөвлөгөөнийхөө боол нь биш эзэн. Ажлаа хийж байтал гэр бүлийн чинь гишүүн бэртсэн эсвэл найзад чинь яаралтай хэрэг гарсан тохиолдолд дотны хүнээ ажлаасаа дээгүүр тавь. Яг ажилдаа төвлөрч байхад чинь хүү чинь ирээд амьдралдаа тохиосон бэрхшээлийн талаар ярих гэж байвал урдахаа хаяад түүнийг сонсох чадвартай бай. Тэгээд түүнд зориулсан цагтаа бүү харамс. Амьдрал угаасаа бүрэн төлөвлөсний дагуу байдаггүй. Дундуур нь маш олон төлөвлөгдөөгүй гэхдээ хойшлуулж болшгүй чухал юмс гарч ирнэ. Харин тэдгээр хойшлуулж болшгүй чухал ажлыг хийсэн ч хариуцлага алдахааргүй байхын тулд л, дараа долоо хоногт бэлэн байх ажлыг өмнөх долоо хоногт нь хийж эхлүүлэх ёстой юм. Тэгвэл тэрхүү ажил хэдхэн цагаар хойшилсон ч айхтар хохирол учрахгүй.
Нүдэнд “тороод” байгаа ажлуудыг хурдан шийдвэрлэ-“Үеэс үед” шилжин бичигдэж байгаа ажил байна уу? Тэр үнэхээр чухал ажил мөн үү? Хэрвээ тийм бол түүнд яг одоо зав гарга. Эсвэл тийм ч чухал биш ажил юм уу? Тэгвэл шууд цуцлах юм уу өөр хүнд шилжүүлэх алхмыг хий. Бас зүгээр л тойрч гүйхийн оронд яагаад хийхгүй байгаагаа өөрөөсөө асуу- Чадвар дутав уу, оролдлого дутав уу, зүгээр зав л гаргахгүй байна уу, ямар нэг нэмэлт мэдээлэл хэрэгтэй байна уу, нэг бол чи өөрөө үүнээс төвөгшөөж байна уу? Шалтгааныг нь олоод шийдвэрлээрэй. Дутагдсан мэдээлэл эсвэл чадвараа олж ав, эсвэл чаддаг хүнтэй нь тохиролц, төвөгшөөж байвал илүү хялбарчлах арга замыг хай.
8. Хэдийгээр би төгс төлөвлөгч болж чадаагүй яваа ч та нартайгаа өөрийн жаахан туршлагаас хуваалцлаа. Ямар ч байсан мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн болохоор зоригтойгоор зөвлөж байгаа юм шүү. Чи ч гэсэн өөрийн төлөвлөдөг арга барилаасаа хуваалцвал маш их баярлах болно. Харин чи хараахан төлөвлөгөөний амтанд ороогүй бөгөөд цагаа зөв хуваарилж чадахгүй, бүтээмж багатай ажиллаад байгаа мэт санагдаад байгаа бол Гоолингоогоос онлайн найзуудынхаа дунд зарласан “Өдөрт 6-г амжуулах 30 хоногийн чэллэнж” –п нэгдэж анхан шатнаас нь эхлэн суралцаж эхлээрэй. Чамтай адил төлөвлөж сурахаар хичээж байгаа бүсгүйчүүд ЭНД байгаа шүү. Тэдэнтэй нэгдээрэй. Чэллэнжийн удирдамж энэ байна.
9. #Гоолингоо #Сард1Хэвшил #Өдөрт6гАмжуул
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(148)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: mongol ohin.   2016-05-05
сүүлийн үед нэг л их хийх юмтай хүн тэгээд л хийж байгаа зүйл маш бага, хаанаас нь юугаа эхлэхээ мэдэхгүй толгой өвдөж дэмий л санаа зовж явлаа. өөрийгөө яг юу хийж байна вэ чөлөөт цагаа яаж өнгөрүүлж байна гэхээр л ямарч хэрэгцээгүй дэмий л хайран цагаа үрсэн юм. тэгээд л буцаад санаа зовж эхлэнэ... яг ийм нэгэн хэв маягт орчихсон яахаа мэдэхгүй манарч явлаа. харин одоо 5 сарыг өөрчлөлтийн сар болгохоор шийдлээ. бас миний төрсөн өдөр 5 сард болдог юм. Шинэ сардаа шинэ хуудсандаа үр дүнтэй, бүтээлтэй, амжилттай хүнийг олж хармаар, олж авмаар байна. Баярлалаа Гоолингоо

Зочин: Лхамаа.   2016-05-04
Баярлалаа, маш сайн товчилж бичсэн зөвлөмж байна. Өндөр бүтээмжтэй хүний 7 хэвшлийг уншиж байгаа. Энэ зөвлөмж маш тодорхой, оновчтой болсон санагдлаа. Ажлын амжилт хүсье

Зочин: enhuunee enhu.   2016-05-03
Баярлалаа.Үнэхээр сайхан зөвлөгөө мэдээлэл байна. Би төлөвлөж эхлээд удаагүй байгаа л даа төлөвлөсөн ажил амжихгүй болохоор уур хүрээд байдаг байсан одоо яахаа ойлголоо. Баярлалаа

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com