ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Жимми Гоолингоод: Хордлогыг хорих 20 арга

Эрүүл мэнд  | 2015 / 12 / 16

Бүх л жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд цаг мөч тутамд толгойд нь бодогдож байдаг ганц асуулт байдаг: “Одоо юу идэх вэ?”. Жирийн жирэмсэн эмэгтэйчүүд ч яахав, бүхнийг идмээр санагдахдаа өөрөөсөө ингэж асуудаг. Харин хордлоготой эмэгтэйчүүдийн хувьд энэ асуулт юу идэж болмоор байгаагаа, хоолойгоор нь юу давахыг чагнах гэж оролдох зовиуртай маягийн асуулт болж хувирдаг. Зөвхөн жирэмсэлж үзсэн эмэгтэйчүүдийн л ойлгож чадах хордлого гээчийг хорих “баталгаатай” биш ч, туршаад үзэхэд илүүдэхгүй 20 аргыг танилцуулъя.

Жимми Гоолингоод: Хордлогыг хорих 20 арга

Яагаад хордлого хөдөлдөг вэ?
Аливаа зүйлтэй тэмцэхийн тулд түүний учир шалтгааныг эхлээд ойлгох ёстой байдаг. Жирэмсний хордлогын цорын ганц шалтгаан гэж байхгүй ч түүнийг үүсгэдэг хэд хэдэн хүчин зүйлс бий.

 Эстрогений өсөлт – Цусан дах эстрогений хэмжээн өсөлт нь жирэмсний хордлогын шалтгаануудын нэг хэмээн судлаачид үздэг. Эстрогений хэмжээ нь жирэмсний хугацаанд жирийн үеийнхээс 100 хүртэл дахин өсдөг.
 Прогестероны өсөлт – Жирэмсэн эмэгтэйн прогестерон гормоны хэмжээ ч бас өсдөг. Прогестерон гормон хангалттай өндөр байснаар савны булчингуудыг амрааж, дутуу төрөлт, зулбалтаас сэргийлдэг байгалийн зохилдолгоотой юм. Гэхдээ энэхүү гормон нь давхар гэдэс, ходоодны булчингуудыг амрааж, хоол боловсруулах ажиллагааг удаашруулснаар ходоодны хүчил ихсэж хордлого хөдлөх болон цээж хорсох нэгэн шалтгаан болдог аж.
 Гипогликемия – Буюу цусан дахь сахарын хэмжээ багассанаар хордлого хөдөлдөг гэх нь ч бий. Тиймээс л өлсгөлөн, өөрөөр хэлвэл цусан дахь сахарын хэмжээ хэт доошилж унасан үед хордлого илүү хөдөлдөг бөгөөд өдрийн туршид 1-2 цаг тутамд бага багаар юм идэж, зогсолтгүй цатгалан байх нь хордлогыг намжаах нэг аргад тооцогддог юм. Гэхдээ энэ бол хордлогын шалтгаан гэхээсээ илүү шинж тэмдэг гэхэд болно.
 hCG гормоны өсөлт – Энэ бол жирэмсэн болсон цагаас эхлэн үйлдвэрлэгдэж эхэлдэг тусгай гормон юм. Жирэмсний тестийн үзүүлэлт энэ гормоны хэмжээн дээр тулгуурлан илэрдэг. Энэ гормон нь ургийн өсөлтийг дэмждэг.
 Үнэрт мэдрэмтгий байдал – Жирэмсэн эмэгтэйн хамар ямар ч үнэрийг алгасалгүй “барьж авдаг” бөгөөд энэ нь хордлого өгөх шалтгаануудын нэг гэж үздэг.
 Нэмэлт гормоны эмчилгээ -Зарим эмэгтэйчүүд прогестероны хэмжээ бага гэсэн шалтгаанаар жирэмсний эхэн үед прогестеронтой лаа, эм хэрэглэх шаардлагатай тулгардаг. Хэрвээ чи тэдний нэг бол, гормоны эмчилгээнүүд ихэвчлэн хордлогыг ихэсгэдэг. Энэ тохиолдолд эмчилгээгээ зогсоож болохгүй бөгөөд хордлоготойгоо дасан зохицох бусад аргуудыг хэрэглэхээс өөр аргагүй.
 Хортой хоол хүнснээс өөрийгөө хамгаалах тогтолцоо- Зарим судлаачид жирэмсний хордлогыг хүний хувьслын явцад суусан, ураг болон ээжийг хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх тогтолцоо хэмээн үздэг. Жирэмсэн эмэгтэй өндөг, шувууны мах, малын мах зэрэг халдвар тараах магадлалтай хоолноос татгалзаж, “гэм хоргүй” хүнснүүд болох будаа, талх, самар зэрэгт татагдах нь хүүхдээ хамгаалж байгаа нэгэн арга хэмээдэг аж. Зарим судлаачид бүр хордлогыг жирэмсэн эмэгтэй тухайн хоолонд хортой бодис агуулагдаж байгаа эсэхийг үнэр, амтаар нь жирийн хүмүүсээс илүү ялган таньж байгаагийн илрэл гэж үздэг байна.

Хэдийгээр жирийн насанд хүрсэн хүн элгээр дамжуулан хорт бодисыг ялгаж гадагшлуулах чадвартай ч, хэвлийд бүрэлдэж буй урагт ийм тогтолцоо байхгүй учраас хоолны хорт бодисууд түүнд шууд нөлөөлөх чадвартай аж.

Дээрх бүх шалтгаанууд бүгд “хүүхдийн сайн сайхны төлөө” байгааг анзаарсан байх. Хордлого бол жирэмслэлт хэвийн явагдаж, ураг өсөж байгаагийн шинж бөгөөд хордлого өгч байсан эмэгтэйчүүдийн ихэнх нь эрүүл саруул хүүхдээ өлгийдөн авдаг. Гэхдээ анхнаасаа хордлого өгдөггүй эмэгтэйчүүд ч байдаг бөгөөд энэ нь жирэмслэлт хэвийн бус гэсэн үг биш юм.

Хордлогыг хорих 20 арга

Дээр дурдсан шалтгаануудаас бид эстроген, прогестерон, hCG гормонуудын өсөлтийг яаж ч бууруулж чадахгүй, бууруулах ч ёсгүй юм. Харин бусад, гормоны бус хүчин зүйлстэй нь зохицож, бууруулж, намжааснаар эдгээр ярвайсан, огисон, энд тэнд очиж бөөлжсөн өдрүүдийг цөөрүүлж чадна.

1. Өлсөж л болохгүй – Бүр жаахан ч гэсэн. Хэрвээ чи анзаарсан бол гэдэс цатгалан үед хордлого хөдлөх нь бага байдаг. Цадах нь байтугай халбага шөл оочилж чадахгүй байхад үүнийг сонсох амаргүй л байгаа байх. Гэхдээ өөрийн идэж чадах хоол хүнсийг идэвхтэйгээр эрж хайн олоод амаа үргэлж завгүй байлгавал хордлого багасах болно.
2. Байнгын бэлэн байдал - Гадагш гарахдаа цүнхэндээ үргэлж талх, самар гэх мэт идэж болохоор хүнстэй явж бай. Өлсөж, хордлого хөдөлсөн үед “хоол хийж иднэ” гэдэг боломжгүйтэй адил байдаг учраас бэлтгэж болгох шаардлагагүй, хоолой давж байгаа зүйлсээсээ ахиухныг авч тавиарай.
3. Орныхоо дэргэд үргэлж идэх, уух юм тавь - Шөнө унтахынхаа яг өмнө, өглөө орноосоо босохынхоо өмнө жаахан ч болов юм идчихэж байгаарай. Өлөн унтаж, өлөн сэрэх л юм бол тэр өдөржингөө хордлого үргэлжлэхийн “цондон” болно.
4. Идэж чадахгүй байгаа хоол хүнснээсээ хол бай-Ихэвчлэн эмэгтэйчүүд удсан мах, махан бүтээгдэхүүн, халуун ногоотой, тостой шарсан хоол, нялуун чихэрлэг амттан, хиншүү гаргадаг хоол, каффейнтай хоол хүнснээс хордлогын хугацаанд “харшил”-тай болсон байдаг. Анзаараад үзвэл эдгээр хоол хүнс нь бүгд нянгийн халдвар тээх магадлалтай эсвэл ходоодонд муу хүнснүүд байгаа. Чи идэх нь байтугай харж, түүний талаар бодож ч чадахгүй огиулаад байвал тэр хоол чамд болон хүүхдэд чинь ямар нэг байдлаар хортой байх магадлал өндөр. Тиймээс тэдгээр хоол хүнснээс “км-ийн зайтай” амьдраарай.
5. Бүх үнэрийг арилга-Гэрийнхээ угаалтуурын доороос үнэртдэг бохирын үнэр, чийгийн үнэр, хогийн савны үнэр, хөргөгчийн эвгүй үнэр гээд бүгдийг нь өөрөө, чадахгүй бол хэн нэгнээр үтэр түргэн цэвэрлүүл. Магадгүй чиний хордлого өдөржингөө хөдөлж байгаагийн шалтгаан нь эдгээр үнэр чамтай үе үе тааралдаж байгаад оршиж байж болно. Хэдий чи өөрөө мэдэхгүй байсан ч дээрх үнэрнүүд агаараар дамжин гэрээр чинь дүүрэн тархсан байгаа.
6. Хоолны группуудээс гар-Хоолны жор, зураг тавьдаг пэйжүүдийг ч unlike хий. Өдөөгчид жижигхэн бөгөөд олон байх тусмаа чиний бие өдөржин дээрдэхгүй. Хоолны зураг хармагц тэрүүхэн үедээ л эвгүйцээд өнгөрч байгаа мэт боловч ходоодны чинь тэрхүү хямрал алхам тутамд нэмэгдэн, хордлогыг лавшруулна.
7. Ядарч болохгүй-Ядарч сульдах нь жирэмсний хордлогыг дагалдаж ирдэг бас нэгэн бонус мөн. Хордлоготой үед амьдралын идэвх буурч, бүтээмж багасдаг. Тэгээд ч ядрангуй эмэгтэйчүүд хордлогод илүү их өртдөг. Тиймээс аль болох юм хийлгүйгээр, утсаа ч оролдолгүйгээр цэвэр амралтыг өөртөө өдөрт хэд хэдэн удаа өгч бай.
8. Хөдлөх гээд ирвэл нимбэг үнэрт-Гал тогоондоо болон цүнхэндээ үргэлж зүсэм эсвэл бүтэн нимбэг авч явж байгаарай. Хордлого хөдөлгөх эвгүй үнэр үнэртэх л юм бол хамраа нимбэгний цэнгэг үнэрээр таглахад хэрэг болно.
9. Эргэн тойрныхонтойгоо илэн далангүй бай-Нөхрийн чинь сахлын ус, үнэртэн “бөөлжис цутгам” муухай санагдаж байна уу? Шууд хэлж, түүнийг тэдгээр үнэрнүүдээ сайтар угааж, арилгачихаад дараа нь үнсэж, тэврэхийг гуйгаарай. Мөн эргэн тойрны хүмүүсээсээ дэргэд чинь хоол идэхгүй, ямар нэг үнэр ялгаруулахгүй, хоолны нэр хэлэхгүй байхыг хүс.
10. Хөргөж хэрэглэ-Ихэнх хүнс халуун байхдаа илүү их үнэр ялгаруулдаг. Харин хөрснийхөө дараа үнэр нь багасдаг. Зарим бүсгүйчүүд халуун ус хүртэл ууж чадахгүй байх нь бий. Тиймээс хоолоо хөргөж байгаад идээд үзээрэй. Мөн уух юмандаа мөс хийж болно.
11. Болж өгвөл хоолоо өөр хүнээр хийлгэ-Дээр дурдсанчлан хүнс халахаараа үнэрээ ялгаруулдаг. Тиймээс хоол хүнс буцалж, шарагдаж байхад хажууд нь байгаад хэрэггүй. Нөхөр чинь хоол хийх үед гарч агаар амьсгалах юм уу, тагтан дээрээ гарчих.
12. Цагаан гааг дутуу үнэлээд хэрэггүй-Цагаан гаа нь ходоод гэдэс тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд ямар ч хордлоготой эмэгтэйд жаахан ч болов үр дүнгээ үзүүлж чаддаг ургамал юм. Цагаан гааг буцалгаж цай болгон уух юм уу, жирийн байхуу цайн дээр хэрчим цагаан гаа хийгээд уугаад үзээрэй. Өдөрт нэг биш нэлээн хэдэн удаа уувал үр дүнтэй.
13. Хурц тод зүйлээс хол бай-Ид хордлогын үед би Солонгосын дуучин PSY-ын шинэ дууны клипийг үзчихсэн юм. Гэтэл юу болсон гээч? Шууд бөөлжсөн. Клипэн дээр гарч байсан ямар нэг зүйлээс болоогүй байх л даа. Харин тэр клип хэтэрхий тод бөгөөд хөдөлгөөнтэй байсан нь миний бэлбэгнэж байсан дотрыг “түлхүүрдээд” өгсөн хэрэг. Ер нь компьютер, гар утасныхаа дэлгэцийн гэрлийг бууруулахад гэмгүй. Учир нь тод гэрэл бөгөөд тод өнгө хордлогыг өдөөдөг жамтай.
14. Хордлогын үед хоолойгоор давчихдаг хоол хүнснүүд- -Хүйтэн смүүти
-Хүйтэн мөсөн зайрмаг (Гэхдээ хоолойгоо өвтгөж хэрхэвч болохгүй)
-Цагаан гаатай цай
-Нимбэгтэй цай
-Давсалсан цардуултай жигнэмэг (Crackers)
-Талх (Чихэргүй)
-Бантан
-Хар шөл
-Тахианы шөл
-Зутан шөл
-Гадил жимс
-Төрөл бүрийн самар
-Хатаасан жимс
-Тараг (Чихэргүй)
-Хийжүүлсэн ундаа (Гэхдээ үүнийг уухыг зөвлөхгүй)
-Алим
Эдгээрээс гадна жирэмслэлт бүр өөр учраас чамд өөрт чинь таалагдаж байгаа ямар ч хүнс байж болно. Гол нь идэхээ зогсоож огт болохгүй.
15. Агаарт тогтмол гар-Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ хангалттай байвал хордлого хэмжээнээс хэтрэхгүй байхад тустай.
16. B6-ийн эмчилгээ- Зарим үед хордлого B6 витамины дутагдлаас шалтгаалж байж болно. Энэ үед B6 уух, тариулах нь үр дүн өгөх нь бий. B6 нь магнийн шимэгдэлтийг сайжруулж, хордлогын шинж тэмдгийг бууруулж биеийг тайвшруулахад тустай байдаг. Мөн магне B6-г тонус өгсөн үед уудаг гэдгийг мэдэх байх.
17. Өөрийгөө сатааруул-Ганцаараа байхдаа хүн хордлогоо илүү их мэдрэх хандлагатай байдаг. Харин найзуудтайгаа уулзаж, элдэв сонин хачин ярьж суувал хордлогоо анзааралгүй өнгөрүүлчих ч талтай. Туршаад үзээрэй.
18. Шүдээ угаахад хордлого хөдлөөд байвал-Зарим эмэгтэйчүүд аман дотроо хуруугаа хийхийн төдийд бөөлжих шахах нь бий. Тэдний хувьд шүдээ угаана гэдэг хордлогын үед нэмэлт шийтгэл юм шиг л санагддаг. Хэрвээ чи тэдний нэг бол шүдээ угаахын оронд түр зуур сайн чанарын ам зайлагч ашиглахыг зөвлөж байна. Гэхдээ юм идэх болгондоо зайлахаа мартуузай, учир нь жирэмсэн байхад шүд өвдвөл хордлогоос ч дор гэдгийг санаарай.
19. Хордлогыг зовлонд бүү тооц-Эмэгтэйчүүдийн 70-аас дээш хувь нь жирэмсний хордлогыг даван туулдаг бөгөөд бүгд хүүхдээ төрүүлснийхээ дараа үүнийгээ юу ч биш байсныг ойлгодог гэдэг. Хэцүүг хэцүүд тооцох тусам улам хэцүү санагдах учраас хордлогоо жирийн, байх л зүйл гэж үзээд алхам тутамдаа тэмцээрэй.
20. Хордлогын эмчилгээ - Хэрвээ дээрх бүх арга нөлөөлөхгүй байвал хордлогын эсрэг эмчилгээнд хамрагдаж эмнэлэгт хэвтэхийг зөвлөж байна. Хордлого хэвийнээс их хэмжээтэй байхыг хүлээн зөвшөөрч болохгүй бөгөөд тогтмол бөөлжилт, хоол хүнсний дутагдал нь саванд тонус өгч, ургийн өсөлт хөгжилд муугаар нөлөөлж болно. Тиймээс хордлогоо сул тавилгүйгээр, аль болох багасгаж, өдөөхгүй байх арга хэмжээнүүдийг зайлшгүй аваарай.

Хорон санаат хордлогонд жирэмсний аялалаасаа таашаал авах хором мөчүүдийг булаалгахыг бүү зөвшөөр! Амжилт жиммихэн минь!

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(359)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: boovniihoo bool .   2015-12-16
boov ni bososkii bla bla

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com