ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эрчүүдийн өчил: Бид оюунлаг эмэгтэйчүүдэд “хайртай”

Хайр & секс  | 2015 / 04 / 15

Би нэг ном уншиж байсан юм, нэрийг нь санахгүй байна. Тэнд “Хэт ухаантай эмэгтэйд эрчүүд дургүй байдаг. Жаахан гэнэн тэнэг юм шиг царайл, тэр чиний мэддэг зүйлийн тухай ярьж байсан ч бишрэн шүт” гэж бичсэн байсан. Аз болж би тэр зөвлөгөөг дагаагүй. Номыг нь ч бас үргэлжлүүлж уншаагүй. Мэдлэгээ тэлж, оюун ухаанаа хөгжүүлж, амжилт бүтээлээр дүүрэн амьдрах тусам эрчүүдийн ихэнх нь надаас айна гэж үү? Айвал айна л биз. Тэгвэл би цөөнхтэй нь л харилцах болно...

Эрчүүдийн өчил: Бид оюунлаг эмэгтэйчүүдэд “хайртай”

Хэрвээ дээрх үнэн бол, энэ удаа бид цөөнхөд хамаарагдах, хулчгар биш эрчүүдтэй ярилцсан бололтой. Харин ч өөртэй нь тэнцүү эсхүл илүү мэдлэгтэй бүсгүйчүүдтэй болзох дуртай эрчүүдээр хамгийн их сэтгэгдэл үлдээсэн оюунлаг эмэгтэйнх нь тухай яриулсан юм.

1. Ертөнцийн үүслийн тухай надтай мэтгэлцэхэд нь би түүндээ улам их дурлаж билээ
Эхнэртэйгээ танилцаад удаагүй байсан юм. Өмнө нь хэд хэдэн удаа уулзалдсан ч, нэг болзооны дараа л би түүнд улам хүчтэй татагдаж байгаагаа мэдэрсэн. Жирийн нэг оройн хоолны болзоог бидний яриа л ер бусын болгосон юм даа. Бид хоёр тэр өдөр ертөнцийн үүслийн тухай, Стифен Хоукингийн тухай, харьцангуйн онолын тухай, монголчуудын хөгжлийн гарц, үндсэрхэг үзэл эх оронч үзэл хоёрын ялгаа гээд олон сэдвийн тухай цаг нараа ч үл хайхран зогсоо зайгүй ярилцсан. Өөр бүсгүйчүүдтэй уулзахаар тэдний сонирхолд нийцүүлж, ихэвчлэн өөрийнхөө хувьд нэг их онц биш сэдвээр ярих хэрэгтэй болдог. Хааяа найзуудтайгаа уулзахад ч тэр. Харин тэр болзоон дээр зарим хэсэгт нь ана мана мэтгэлцэж, зарим хэсэгт нь санаа нийлж суухдаа би түүний дэргэд л яг өөрийнхөөрөө, хэнтэй ч хуваалцдаггүй “хэнээтэй” гэмээр тэнэг үзэл бодлуудаа чөлөөтэй ярилцаж байгаагаа мэдэрсэн юм. Гэрт нь хүргэж өгчихөөд харьж байхдаа дараагийн удаа ахиад ямар сэдвээр ярилцах тухайгаа бодон, уулзах өдрөө тэсэн ядан хүлээж байсан. Тэр цагаас хойш эхнэр минь надад улам л хөөрхөн, онцгой харагдах болсон доо. Одоо бид хамтдаа цуглуулсан хана дүүрэн номтойгоо, бас нэг нохойтойгоо, орой бүр ойлгосон, сонссон зүйлсээ бие биедээ хуваалцсаар сайхан амьдарч байна. (29 настай А)

2. Даам тоглодог “даам” эмэгтэй
Би эмэгтэйчүүдэд таалагддаг төрлийн залуу биш ээ. Хошин шогийн мэдрэмжтэй биш, уран яруу үг хэлдэггүй, бодож санаснаа шулуухан хэлчихдэг, жаахан “утоп” маягийн. Чам шиг хүнтэй ямар эмэгтэй болзох вэ дээ гэж найзууд маань шоолдог байсан. Гэхдээ миний хайртай эмэгтэй надтай болзсон л юм даа. Бид хоёр байгууллагын даамны тэмцээн дээр танилцсан юм. Би багаасаа аав ээж хоёртой даам тоглож өссөн учраас сүүлийн шатанд шалгарлаа. Надтай үсээ хойноо сүлжсэн цэвэрхэн шар бүсгүй тоглохоор боллоо. Угаасаа ялна гээд бодчихсон байсан намайг тэр хожчихдог юм байна. Үнэхээр гарамгай тоглож байсан. Намайг ааваас өөр хэн ч тэгж 5:0-ддоггүй байсан болохоор би шарандаа “Нойр дутуу явснаас л боллоо” гэж хэлээд дараагийн удаа хувийн шугамаар даагаа нэхнэ хэмээн түүний утасны дугаарыг авсан юм. Одоо бодох нь ээ, надад тэр эмэгтэй сонирхолтой санагдаад л тийм алхам хийсэн байгаа юм. Түүнээс хойш уулзах бүртээ ямар нэг хөгжилтэй зүйл хийдэг боллоо. Шатар тоглох, хөзөр тоглох, шоо эвлүүлж уралдах, эвлүүлдэг тоглоом эвлүүлэх гээд бид хоёрт хийх юм мундахгүй. Хэдэн удаа болзоод л, тэр надтай хамт хүүхэддээ даам тоглохыг зааж өгөх оюунлаг эхнэр мөн байна гэж таниад аав ээждээ танилцуулж билээ. (32 настай З)

3. Намайг өөрөөсөө ичихэд хүргэсэн эмэгтэйд ухаанаа алдтал дурлаж билээ
Миний галзуу залуу насны гал халуун дурлал бий. Яг л мөрөөдөл шиг. Түүнтэй цуг байхаар үнэндээ би өөрөөсөө үхтлээ ичдэг байлаа. Гэхдээ л би айдаггүй байсан юм, тэр минь тийм аймаар хүн биш л дээ. Миний ярьсан ямар ч үндэслэлгүй балай зүйлсийг дуугүй л дэмжээд сонсдог бүсгүйчүүдээс тэр хавьгүй өөр, намайг хааяа ганц үгээрээ няц дарж, зарим үед миний үзэл бодлыг хүндэтгэн сонсоно. Би уг нь их л өргөн хүрээний мэдлэгтэй хүнд өөрийгөө тооцдог байлаа. Гэхдээ түүнтэй цуг байхад дандаа миний мэдэхгүй зүйлсийн тухай ярьж өгдөг байсан. Мэдлэггүй мэт харагдахгүйн тулд би өөдөөс нь бас дуугүй байхгүй ээ. Ингэж өөрийгөө уулзалт болгоноор хурцалж, юмсыг шинэ өнцгөөс харах нь надад юугаар ч орлуулашгүй их аз жаргалыг өгдөг байсан юм. Шүлсээ гоожуулах шахан сонсохоос цаашгүй би түүнийгээ харсаар байгаад өөр залууд алдсан даа. (29 настай М)

4. Аавын маань захисан бэр
Аав маань тийм том биш ч гэлээ, үлгэр жишээ бизнесмэн хүн. Тэгээд надад үргэлж “Боловсролтой, ном их уншдаг эмэгтэйг л эхнэрээрээ сонгоорой. Чиний өв хөрөнгийн талыг нь тэр хүн, талыг нь чи үүрнэ шүү дээ” хэмээн захидаг байсан юм. Аав маань шууд утгаараа хамт ажиллана гэж хэлээгүй байх. Гэхдээ ер нь би өөрийгөө ямаршуухан адармаатай амьдрахыг мэддэг байсан. Тэр эрсдэлтэй, завгүй, урагш довтолсон амьдралд минь хань болох сайн эмэгтэйг би их удаан хайсан юм. Жинхэнэ заяаны ханьтайгаа учрахын тулд л би өөрийгөө 29 жил “нөөцөлжээ” гэж боддог. Надтай ажил хэргийг түс тас зөвшилцөж чадаж байгаа хүн, гэр бүлийн асуудлыг ч бас тэгж чадна гэж итгэсэн минь буруудаагүй. Эхнэр минь одоо манай охин компанийн захирал. Бид хоёр шууд утгаараа бизнесээ хамтдаа үүрэлцэж явна. (36 настай Т)

5. Ухаантай эмэгтэй тачаангуй харагддаг
Би “оюунлаг” эмэгтэй гэдгийг олон талаас нь ойлгож байна. Миний хувьд яриаг минь цааш нь үргэлжлүүлж чаддаг, янз бүрийн сэдвээр ярилцаж, санал бодлоо хуваалцаж чаддаг байх нь маш чухал. Нэг кино хамт үзсэн ч, тэрэн дээр гарсан үйл явдлаас цааш бодож найруулагчийн илэрхийлэхийг хүссэн санааны тухай, өмнө нь үзсэн кинонуудтайгаа холбоод ярилцдаг бол гайхалтай. Энэтхэг ресторанд цуг хооллосон ч Энэтхэг орны онцлогийн тухай өөрийнхөө сонсож дуулж байсан зүйлсийг хуваалцдаг бол сайхан. Ном бэлэглэхээр “Аан” гэсэн харцаар хардаггүй “Хөөх” хэмээн баярлаж хүлээж авдаг бол мундаг. Тийм эмэгтэйн ярьж байгаа нь хүртэл сонсоод л баймаар, үр өгөөжтэй, сонирхох зүйл мундахгүй юм шиг санагддаг. Өнгөн талдаа л анхаарсан эмэгтэйтэй нэг уулзаад л сонирхол буурчихдаг юм. Гадаад үзэмжийг нэг удаа хараад сэтгэлийн таашаал авахад л хангалттай, дахиад юу хүсэн хүлээж, яах гэж уулзах вэ? Мэдээж бүх л эмэгтэй үзэсгэлэн төгөлдөр боловч миний үнэлдэг ухаантай эмэгтэй зүгээр л үнэртэй ус түрхээд, хүзүүгээ ил гаргасан хувцас өмссөн байсан ч үнсмээр, энхрийлмээр, тэвэрч хономоор санагдаад байдаг юм. Надад ухаантай эмэгтэй хамаагүй илүү тачаангуй санагддаг. Даанч одоогоор намайг “тоох”, ухаантай бүсгүйг олоогүй л явна. (26 настай Г)

Дэлгэрэнгүй хариулсан эрчүүддээ маш их баярлалаа. Ухаантай эр өөрт нь үнэ цэнэтэй ирээдүйг бэлэглэж чадах ухаантай бүсгүйг л ханиараа сонгодог гэдэг. Гоолингоо бүсгүйчүүд бид бүгдээрээ л оюунлаг залуутай ханьсах учиртай бололтой.

* “Оюуны бядтай” сарын онцлох нийтлэл
1.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(311)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: halh zalust.   2015-08-24
Nogo badrjin amaigs emttei hun ymr bh yosto be ghd toomsk mori shig tsebr goolig gj held onigo boldg shig hund shalgr tabidg ujrs tiim hebrg amidrlta boldg

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com