ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Anara’s make up-ын чамд өгөх нүүр будалтын 6 зөвлөгөө

Гоо сайхан  | 2015 / 01 / 02

Нүүр будалтын олон студиуд дундаас “Anara’s make up”-ын нэрийг чи илүү олон удаа дуулж байсан байх. Нүүр будалтыг дүрслэх урлагийн нэг төрөл гэж тодорхойлдог, 12 гаруй жилийн туршлагатай make up artist Нараатай бид өнгөрсөн Бямба гаригийн уулзалтаараа илүү сайн танилцлаа. Тэр Гоолингоо бүсгүйчүүдийн нүүр будалтын хамгийн тулгамдсан асуултуудад хариулсан юм. “Болоод л байдаг” өдөр тутмын будалтаа өөрчлөхийг хүсч байвал түүний зөвлөгөө чамд тус болох болно.

Anara’s make up-ын чамд өгөх нүүр будалтын 6 зөвлөгөө

1. Тос уу, ус уу?
Нүүр будалт өөгүй харагдахад арьсны ус, чийгийн тэнцвэр маш чухал. Тос бол усыг хадгалж, барьж тогтоодог зүйл. Тиймээс л хөдөө салхинд явахдаа арьсаа сайртуулахгүйн тулд тос түрхдэг юм. Ер нь арьс хоёр янзаар хуурайшдаг. Ус буюу чийг дутагдах, тос буюу тэжээл нь дутагдах. Арьс хуурайшиж байна гээд зузаан тосыг чадлаараа давхарласан ч арзайх тохиолдол бий. Тэр бол тос биш чийг дутагдсаны шинж. Ийм үед гелин буюу тунгалаг тоснууд түрхэж чийгээ нөхөх хэрэгтэй. Тэжээлгүй арьсанд яаж ч чийг өгөөд тогтохгүй, шууд алдагдана. Нөгөө талаас чийглээд байхад л хуурайшаад байвал тэжээлгүй болсон байгаагийн шинж буюу ус чийгийг нь барьж тогтоох тос арьсанд чинь дутагдаж байна гэсэн үг.

2. Гэрэл сүүдрийг кремээр
Би гэрэл сүүдрийг хуурай тенинээс илүү кремээр тавих дуртай. Хуурай гэрэл, сүүдэр арьстай наалдахгүй, мэдэгдээд байдаг юм. Би хэнийг ч будахдаа нэг өнгийн крем ашигладаггүй. Дор хаяж 3-5 өнгөөр суурь кремээ тавьж байж хэлбэр нь тодорч сайхан харагдана. Яг л уран зурагт юмны наана, цаана байгааг, хэлбэр дүрсийг нь тодруулахдаа маш олон өнгө ашигладаг шиг. Бид нүүрээ нэг өнгийн кремээр будчихаар хавтгай болчихдог юм. Наана байгаа хэсэгт гэрэл, цаана байгаа хэсэгт сүүдэр өгч байж нүүр хавтгай биш, зөв хэлбэртэй харагдана. Дан цайвраар тавихаар нүүр хүзүү ялгараад, дан бороор тавихаар бараантаад байдаг даа?

-Гэрэл сүүдрийнхээ өнгийг олохдоо нүүрээ ажиглах хэрэгтэй. Арьсны чинь өөрийн сүүдэртэх хэсэг наранд ямар өнгөтэй харагдаж байна тэр өнгөөр сүүдэр тавь. Нарны гэрэлд хамгийн цайвар хэсэг нь ямар өнгөтэй харагдаж байна түүнтэй дөхүү өнгөөр гэрэл тавих хэрэгтэй.

-Хамраа богиносгомоор байвал доод хэсэгт нь бараан, уртасгамаар байвал доод хэсэгт нь цайврыг тавих хэрэгтэй.

-Давхар эрүүгээ засахын тулд эрүүнийхээ шугамд сүүдэр тавибал махлаг хэсэг наашаа төвийж биш, цаашаа орж туранхай харагддаг.

- Улайсан арьсан дээр крем давхарлавал улайлтыг дарахаасаа илүү хөхрүүлж харагдуулдаг. Тиймээс улайлтыг дарахдаа ногоон өнгийн крем ашигласан нь дээр. Учрыг нь ойлгоход их амархан. Ногоон усан будгийг улаантай холиход яг арьсных шиг охор өнгө гарч ирдэг юм. Нүүр будалт гэдэг ерөөсөө л дүрслэх урлаг байгаа биз?

Карьер зөвлөгөө: Боломж ирвэл атгаад л ав, чадахгүй гэж өөрийгөө голсон ч гэсэн...
Би анх хувцас загварын ангид сурдаг байсан юм. Тэнд л дүрслэх урлагийн мэдлэгээ олж авсан. Харин оюутан байхдаа гоо сайхны компанид цагийн ажилтнаар ороод, тэндээ 7 жил ажиллахдаа make up artist болсон. Юуг нь нуух вэ? Оюутан хүн анх цэвэрлэгч, агуулахын туслах гээд янз бүрийн л юм хийдэг байлаа. Эргэн тойрон дүүрэн гоо сайхны бүтээгдэхүүнтэй газар ажиллахад эмэгтэй хүн л юм хойно их хорхойсдог байлаа. Нэг удаа ажлынхаа найз охины нүүрийг будаж өгөөд сууж байсан чинь манай захирал хараад намайг их магтсан. Тэгээд хэсэг хугацааны дараа намайг өрөөндөө дуудаад “Чи зааланд зогсож нүүр будалтын зөвлөгөө өг” гэж хэлсэн. Намайг чадахгүй гэж хэлэхэд “Би мэдэж байна. Чи чадна. Боломж олгож байхад чинь оролдоод үзэх хэрэгтэй.” гэж хариулсан. Анх зөвхөн надад зориулагдсан тестер стэндийг Оросоос захиж авчруулахад үнэхээр нүд унаж байж билээ. Зааланд зогсож байхад анхны үйлчлүүлэгч ирээд “Надад ямар өнгөтэй уруулын будаг зохих вэ?” гэж асуухад нь мэдэхгүй боловч, ангидаа өнгөний хичээл үзэж байсан тулдаа “Та цагаан царайтай учраас тод өнгө зохино. Ийм өнгөөр будвал шүд чинь илүү цагаан харагдана” гэх мэтээр зөвлөж эхэлсэн. Ингэж л миний make up artist болох гараа эхэлсэн юм. Би тэр компанид цэвэрлэгчээр ороод 2009 онд ажлаасаа гарахдаа түншүүдтэй харилцах менежер, бүтээгдэхүүний зөвлөх, нүүр будалтын артист гэсэн албан тушаалтай байсан. “Хамгийн доороос нь эхлээд хамгийн дээшээ хүртэл явсан хүн дээ” гэж захирал минь хааяа магтдаг байлаа. Тэр үед надад ирсэн боломжийг атгаж авсандаа их баярладаг. Чамд боломж хүрээд ирвэл өөрийгөө чадахгүй гэж айгаад хойш суух хэрэггүй юм билээ.

3. Миний хамгийн дуртай шингэн крем
Би бүх брэндийг хэрэглэж үзээгүй байгаа л даа. Гэхдээ сүүлийн үед надад Maybelline-ийн кремнүүд таалагдаж эхлээд байгаа. Мөн Make up studio, NARS, MAC-ын бүтээгдэхүүнүүд маш их таалагддаг. Суурь крем их олон янз л даа. Шингэн, шахмал, мусс гээд л. Яг ямар будалт хийлгэх гэж байгаагаасаа хамаарч кремээ сонгох хэрэгтэй. Өдөр тутмын будалтанд амьд, залуу төрхийг бий болгодог шингэн крем зохимжтой бол зураг авалт, хуриманд шахмал крем зохимжтой байдаг. Ямар ч байсан би үйлчлүүлэгчиддээ муу юм хэрэглэх ёсгүй учир албан ёсоор орж ирсэн бүтээгдэхүүн л авдаг. Арьс арчилгаанаас TonyMoly-ийн Wonder Water тосонд дуртай. Үйлчлүүлэгчиддээ таалагдсан бүтээгдэхүүнүүдээ зөвлөхөөр намайг энэ брэндүүдээс цалинждаг юм уу гэж зарим хүн асуудаг юм (инээв).

4. Багсаа зөв сонго
-Ангийн үсээр хийсэн багс яахын аргагүй сайн байдаг. Гэхдээ крем түрхэхэд бол хиймэл буюу синтетик үстэй нь илүү. Амьтны үс маш зөөлөн байдаг учир кремийг өөртөө шингээж, нялбайлгах гээд байдаг. Харин нунтаг пудр, хацар өнгөлөгч гэх мэт зөөлөн тархах ёстой будганд ангийн үсэн багс хэрэглэхээс өөр аргагүй. Ийм будгийг синтетик багсаар будвал арьсан дээр зураас гаргаад арзайлгачихдаг.

-Сийрэг дугариг багсыг нүдний будагны илүү гарсан хэсгийг хөнгөхөөн унагааж шүүрдэхэд мөн саа түрхэхэд хэрэглэж болно.

-Хатуу хавтгай багсыг хамар өндөрлөж шанаа тодруулах гэх мэт сүүдэр, гэрэл тавихад хэрэглэнэ. Учир нь үүгээр шулуун зураас гаргахад тохиромжтой.

-Гэхдээ зөвхөн өөрийгөө будах тохиолдолд заавал олон багстай байх албагүй. Харин бусдыг буддаг бол заавал олон багстай байх ёстой. Мөн арьсны асуудалтай хүнд хэрэглэсэн багсаа өөр хүнд хэрэглэвэл бүдүүлэг ариун цэвэрт нийцэхгүй зүйл. Хэрвээ хэн нэгнээр будуулах гэж байгаа бол шинэ порлон, цэвэрлэсэн багс хэрэглэж буй эсэхийг нь асууж байгаарай. Бас өөр хүнд порлоноо хэрэглүүлэхгүй байх хэрэгтэй.

-Сүүлд од болоод байгаа Blender гэдэг порлон үнэхээр гоё, бамбагар, бас кремийг уудаггүй. Гэхдээ гадуур ихэвчлэн хулхи нь байна лээ. Оригийг нь олж авбал тэр ёстой янзтай.

5. Будалт нэг зүйлд захирагдах ёстой
Будалтын фактур гэж бий. Хүйтэн өнгийн хувцастай, хүйтэн өнгөөр нүдээ будсан хүнд хүйтэн өнгийн уруулын будаг, хацар өнгөлөгч түрхэнэ. Дулаан өнгийн хувцастай хүнд улбар шар, тод ягаан гэх мэт халуун дулаан өнгийн уруулын будаг, хацар өнгөлөгч хэрэглэнэ. Арьсандаа чийглэг крем түрхэж, хөмсгөө самнаж, нүдээ гэрэлтүүлсэн бол уруулаа ч гялалзсан өнгөөр будвал илүү зохимжтой. Харин матт крем хэрэглэсэн бол матт уруулын будаг, нүдний тень түрхээрэй. Энэ мэтчилэн будалтын фактур нэг цогц болох ёстой. Тослог кремтэй арьсан дээр хуурай хацар өнгөлөгч түрхчихвэл уусахгүй шууд ялгарч харагдана. Харин гялгар, чийглэг нүүрэн дээр гэнэт матт тень, уруулын будаг түрхвэл тэр хэсэг нь цаашаа хүнхийж ороод нэг л сонин харагдана. Мөн ноолууран, илгэн зэрэг даацтай материалтай хувцас өмссөн бол зөөлөн ууссан будалт зохих бол атлас, сатин даашинзан дээр тослог будалт хийх ёстой. Тиймээс будалтаа хийхээсээ өмнө өөрийгөө бүхэлд нь нэг хараарай.


6. Өөгөө дарах биш давуу талаа тодотго Хүмүүс будалтыг өөгөө дарах хэрэгсэл гэж ойлгодог. Гэхдээ энэ нь өөг дарахаасаа илүү давуу талыг тодотгох урлаг гэж би боддог. Ер нь өө гэж байдаггүй. Онигор нүдэнд ч, нимгэн урууланд ч давуу тал, онцлог бий. Энэ ажлыг хийх тусам л би муухай эмэгтэй хүн гэж байдаггүй гэдэгт итгэх болсон. Бүсгүй хүнийг будах болгонд л уярч байна. “Яасан ч сайхан юм бэ дээ” гээд л. Мөн өөртөө ийм өнгийг зохидоггүй, ийм будаг тохирохгүй гэж бодох хэрэггүй. Цайвар ягаан өнгийг өөртөө зохихгүй гэж бодсон ч хувцсан дунд чинь түүнтэй зохицох ганцхан элемент байхад л амилаад ирнэ. Хүн болгон өөр давтагдашгүй учраас дүрэмт баригдах хэрэггүй. Урлагт дүрэм үйлчилдэггүй шүү дээ.

Карьер зөвлөгөө: Сэтгэл зүрхээ дагавал мөрөөдөл чинь аяндаа тодорно
Анхандаа би өөрийгөө яг нүүр будалтын артист болно гэж бодож байгаагүй. Гэхдээ л жирийн биш, ямар нэг ер бусын ажил хийхийг мөрөөддөг байлаа. Дуулж, бүжиглэж чадахгүй учраас өөрийгөө урлагийн хүн болно гэдэгт угаасаа итгэлгүй байсан. Харин урлагийнхныг сайхан болгодог хүмүүсийнх нь нэг болохсон гэж хүсдэг байсан юм. Эхлээд бол өөрийгөө тайзны дизайнераар л төсөөлж байв. Гэхдээ хувь тавилан намайг make up artist болгосон. Одоо би мөрөөдлийнхөө үндсэн чиг шугамаас нэг их хол зөрөөгүй л байна. Дан оддыг ч гэлтгүй, эгэл сайхан бүсгүйчүүдийн ч гоо сайхныг тодруулж өөртөө итгэх итгэлийг нь нэмдэг миний ажил маш сайхан.

1.
2.
3.
4.
5.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Шинэ жилсэг санаа №60
Дараах мэдээлэл
Шарсан салмон загас

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(773)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com