ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ханнад юу тохиолдсон бэ? – 2

Чөлөөт цаг  | 2014 / 10 / 06

Эцэст нь Ханна арай гэж ам нээн:
- Бид уулзаад бие биенээ үзэн ядвал яах вэ? Тэр надтай хамт энд ирж амьдрах хэрэгтэй болно. Сургууль, амьдрах хот нь солигдохоор таалагдахгүй л байх даа. Бас тэр бүгд хууль ёсны байж чадах уу?

Ханнад юу тохиолдсон бэ? – 2

Греди ялалтын байдлаар жуумалзав. Одоо л тэр нэг нааштай ярьж эхэлж байна, энэ үед нь мэргэжлийн үүднээс олигтойхон ятгах хэрэгтэй.
- Түүнийг хүчээр хулгайлаад авч явахгүй л бол хууль бус биш ээ. Мэдээж чи тэгэхгүй. Тэгэхээр чи эхлээд зүгээр л хүрээд ир. Түүнтэй уулз. Тэгээд байдал ямар байхыг харцгаая. Хэрэв бүтэхгүй бол тэр л биз, ядахдаа л чи хичээсэн. Би ч бас чамаас үүнээс илүүг асууж чадахгүй.
- Тэнд очихоор шийдэх ч гэсэн надад тийм амархан асуудал биш.
- Мэдэж байна аа.
- Чи үргэлж сайн ятгагч байсан, хэвээрээ шив. Чиний санасандаа хүрэхээс нааш бууж өгдөггүй зан яг л хэвээрээ байна гээд Ханна хөнгөхөн инээх сонсогдов. Чамд энэ удаад ч бас бууж өгөх бодол алга уу?
- Бууж өгч болохгүй. Үнэхээр чухал асуудал болохоор үгүй ээ.

Үнэхээр л Гредигийн хувьд чухал асуудал. Ганцаараа үлдсэн өсвөр насны охины төлөө, Ханнагийн төлөө, магадгүй өөрийнхөө төлөө, ажил үүргээ биелүүлэхийн төлөө мөн зүгээр л сэтгэл зүрхтэй хүн болж төрснийхөө төлөө. Энэ бүхэн түүний залуухан тэнэг байхдаа Ханнад туслах боломжоо алдсаныг нь засах дахин нэг олдож буй боломж ч байж мэдэх юм. Олон жилийн өмнө Ханна түүнээс тусламж эрэн ирэхэд нь эрх мэдэлгүй, цочирдсон, асуудлыг нухацтай бодож тунгаан шийдвэр гаргах чадваргүй залуу хүний хувьд түүнийгээ хамгаалж чадалгүй анхны хайраа алдсан. Тэр хоёрын хоорондох асуудлын хувьд одоо дэндүү оройтсон байж мэдэх ч эгчийнх нь хүүхдийн төлөө оролдож үзэх хэрэгтэй байсан юм.

Ханна цаас шажигнуулж, өрөөн дотроо хөлхөж эхлэх чимээ сонсогдлоо. Тэгснээ:
- Надад бодох хугацаа хэрэгтэй байна. Би энд байгаа ажлаа зүгээр л хаяад 2 долоо хоног яваад өгч чадахгүй. Би хэзээ тэнд очсон байх хэрэгтэй вэ?
- Ээжийн чинь оршуулга нэг дэхь өдрийн 10 цагт товлогдсон байгаа.
- Бурхан минь гэж Греди, ажлаа зохицуулах хангалттай хугацаа өгч болсонгүй юу? Би энд өөрийн гэсэн амьдралтай. Гэнэт л нэг өдөр утсаар ярихаар чинь би...
Энэ үед Греди түүний яриаг таслах хэрэгтэй боллоо. Тэр түүнд татгалзах түмэн шалтгаанаа бодох хугацаа өгч болохгүй байлаа. Иймээс тэр:
- Энэ бол Аннагийн сүүлийн 5 жилд оролцож буй 2 дох оршуулга. Тэр ганцаараа оролцоход дэндүү хүнд байх болно.
- Анна гэж хэн юм?
- Анна гэж түүний нэр. Ханнагийн богино хувилбар.
- Чи наадхаа зохиож хэлсэн үү?
- Үгүй ээ гэж хэлээд Греди инээвхийлэв.

2-р бүлэг
Ханна машиныхаа хөгжмийг унтраагаад хотоор уруудан давхилаа. Тэр зам зуураа зогсож дурсамжаа сэргээхийг хүссэнгүй. Үнэндээ бодоод байхаар ч сайхан дурсамж энэ хотод байхгүй л дээ. Клерфилдийн хөдөө талын үзэсгэлэн ч түүнд сонин байсангүй.

Одоо төрж буй мэдрэмжээ ойлгох гэж хичээн, юм бодсоор явтал улаан гэрэл асч уулзвар дээр зогсох шаардлага гарлаа. Тэр нүдээ аньж, энэ хотод эргэж ирээд, энэ хотод замын хөдөлгөөний дүрэм биелүүлэх ч утгагүй мэт санагдаж, цухал нь хөдөлж эхэллээ. Яг хажууд нь ногоон ачааны машинтай өвгөн жолооч зогсож таарлаа. Ханна нүдний шилээ дээшлүүлж хамар дээрх хөлсөө арчаад буцаан зүүв. Энэ хооронд замын хоёр хажуу тал ойр орчмоо ажиглалаа. Гэтэл өвгөн жолооч өөрийг нь хараад байсныг анзаарсан уу, гараад өргөөд даллав. Тэр дотроо “Өө бурхан минь, энэ хотод одоо намайг таних хүн байх учиргүй дээ. Жижиг хотуудад хүмүүс танихгүй хүнтэй мэндлэх нь түгээмэл зүйл л дээ.” гэж бодоод хариу даллав. Гэрэл солигдонгуут ачааны машин хажуугаар салхи татуулан давхиж одов. Ханна өөртөө “Тээр, зүгээр л найрсаг настай хөгшин байсан байгаа биз дээ?” гэж хэлээд хэрэв тэр үед энэ хотод үлдсэн бол юу болох байсан бол гэж бодлоо. Греди бид хоёр хамтдаа байсаар байсан бол... гэж бодсоноо, толгой сэгсрэн үгүй ээ би энд Гредитэй уулзахаар ирээгүй. Дүүгийнхээ охинтой уулзахаар л ирсэн, Руфигийн охин...
Яагаад ийм хачин сонсогдоод байгаа юм бол оо? Юутай ч Греди бид хоёр дэндүү оройтсон. 20 жилийн өмнөх явдал.
Тиймээ үнэхээр урт хугацаа, энэ хооронд зугтах, нуугдах, айх тохиолдол бишгүй л таарсан. Бас үзэн ядах. Хэрэв Греди түүн рүү яриагүй сан бол тэр Клерфилдэд эргэн ирэхгүйгээр дахиад 20, магадгүй 100 жил ч аз жаргалтай амьдрах байсан.
4 жилийн турш хийлгэсэн сэтгэл зүйн эмчилгээ минь ингээд хог руу үсэрдэг байжээ. Зугтаад явж байхдаа мэдэрч байсан тэр их айдас, баригдах вий гэсэн болгоомжлол бүхий л таагүй мэдрэмжүүд түүнд дахин тодоос тод мэдрэгдлээ. Яг л тэр үеэс хойш 20 жил огт байхгүй байсан мэт. Гэхдээ үнэхээр 20 жил өнгөрсөн нь үнэн, бүх л цаг минут, сар, жил түүнд өөртөө итгэх итгэлийг авчирч, гэрээсээ зугтаж байсан өрөвдөлтэй Ханнагаас тэс өөр хүн болгосон.

Гэрээсээ явснаас 6 сарын дараах нэгэн өглөө тэр Балтиморын сүмд сэрэхдээ, гэнэт л тэнгэр бурхан чихэнд нь шивнэв үү гэлтэй ер бусын тайван сэрж, “Одоо хэн ч намайг олохгүй. хойшдоо хэнээс ч нуугдах, зугтах хэрэг байхгүй. Хэн ч намайг араас мөшгөөгүй. Эрж сурах ч үгүй.” гэдгээ ойлгож, эрх чөлөөтэй, амьд, оргож чадсанаа бүрэн утгаар нь мэдэрсэн юм. Үүний дараа зөвхөн үзэн ядалт, үл итгэх байдал түүнд үлдсэн гэж хэлж болно. Хайр сэтгэл яасан бэ гэж үү? Зугтах шийдвэртэйгээ хамт хайраа булшилсан. Гэхдээ дахиад хайртай учрахгүй гэдгээ тэр үед харин огт мэдээгүй юм.
Булан тойрч эргээд тэр ээж, дүүтэйгээ Нямг гариг бүрийн өглөө очдог байсан сүмээ олж харлаа. Урт даавуун даашинзнуудаа өмсөөд явдаг байж билээ. Хэтэрхий гэмээр урт даашинзууд. Гэхдээ хөл гаран дээрх шархыг минь нууж чадахуйц урт...
Ямар утгагүй амьдрал байж вэ? Бямба гаригийн орой аавдаа зодуулж, тамлуулчихаад маргааш өглөө нь сүмд ирж сайн сайхан амьдралын номлол сонсоно...
Уулзвараар баруун эргээд машинаа зогсоов. Цээж нь хүнд оргиж, сэтгэл нь тавгүйтсэнээс дотор нь муухайрах ажээ. Гэхдээ л тэр зөн совингоороо энд зогсох хэрэгтэй гэдгээ мэдэрч. Навч нь унасан модод, борлож хорчийсон өвч ногоо, түүнээс өөр ямар ч хүний бараагүй байсан нь түүнд тайвшрах боломж олголоо. Энэ газар эзгүй, ядаж л бүх зүйл нь унтаж байгаа мэт тул аюулгүй санагдав. Машинаасаа буугаад чигээрээ алхаж байгаад өмнө нь зүүдэндээ хэдэн 1000 удаа хардаг байснаараа хурдан алхсаар гэр бүлийнхээ гишүүдийн нойрсож буй газар ирлээ. Эмээ, өвөө, нагац эгч, авга ах нь бүгд тэнд байгаа.

Карл Аарон Бенсон, 1936.06.11-1992.11.23
Зүрх нь хүчтэй дэлсэж, хоолойд нь юм тээглэж, амьсгал авах гэж хичээсэн ч хоолой нь багалзуурдуулсан мэт боож, нүд нь бүрэлзэн, аавынх нь хүчтэй гар шарил доороосоо цухуйн түүний хүзүүнээс зуураад авах мэт санагдав. Тэр үеийн бүхий л айдаст мэдрэмжүүд ахин нөмрөн авлаа. Түүнтэй зэрэгцэн муухай дурсамжууд сэдэрснээр тэр ханиалгах, эхэр татах зэрэгцэн чангаар уйллаа. Нулимс нь эцэс төгсгөлгүй мэт урсана. Гар нь салгална. Хахаж цацан уйлж орилсоор хэсэг хугацааны дараа нүдээ нээж өмнөхөө харахтайгаа боллоо. Аавынх нь нэртэй чулуун хөшөө байв. Тэр үнэхээр үхчихэж. Тэр хойшоо газарт лаг хийн суугаад, гүн амьсгаа авч “Би эргээд ирлээ новш минь, би ялсан” гэж шивнэлээ.

3-р бүлэг
Иймэрхүү таагүй газар удаан байх хэрэггүйгээ тэр мэднэ. Гэхдээ сая болсон сэтгэл санааны тэсрэлт өнгөрснөө үзэн ядах сэтгэлийг нь бага ч гэсэн нимгэлэхэд тус болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өнгөрсөн бүх хугацаанд сэтгэлийн гүн дэх айдас, хар дарсан зүүдээ бодохгүйг хичээж байсан ч хүн юм болохоороо үүнтэй нүүр тулахаас илүү сайн шийдэл олж чадаагүй байсан юм. Хэдэн минут чимээгүй суусны дараа халаасаа тэмтрэн нулимсаа арчих алчуур хайлаа. Нүдний шилээ зүүн, шийдмэг босоод эргэж харалгүй хурдан алхлав. Энэ бүхэн ийм амархан байсан гэж үү? Тэр үхсэн, Ханна одоо аюулгүй. Ааваасаа бусад бүх асуудлыг тэр зохицуулж чадна.
Хэсэг цааш алхаад, Руфигийн шарилыг хайлаа. Карлынхаас нэлээн зайтай түүнийг олов. Ээж нь үхсэн хойноо ч ааваасаа хол байж, амгалан нойрсог гэж энэ газрыг сонгосон байж таараа.

Руф Энн Бенсон, 1975.04.20-2007.12.02
Миний дүү ийм богинохон тайлбар бүхий чулуу болжээ. Түүнийг гэрээсээ явахад Руфи 14 настай жаахан хүүхэд байсан. Тэр минь ямархуу бүсгүй болж өсөө бол? Хэрхэн амьдарч байсан бол? Үхэхэд дэндүү залуу биш гэж үү? Ийм богино наслахдаа бидний өссөн тэр тамын нүхнээс гарч, жинхэнэ ёсоор амьдрах боломж гараа болов уу? Хүүхэд төрүүлэхээс бусдаар хүссэн зүйлсээ хийж, үр бүтээлтэй амьдарч чадаа болов уу? Бенсон овогтой оршуулагдсаныг бодоход хүнтэй сууж амжаагүй байсан юм болов уу? Тийм бол яагаад? Ханнатай адил шалтгаанаар уу аль эсвэл.. Тэр ямархуу эмэгтэй байсан бол?
Ханна дүүгээ санахыг хичээлээ, шаргал үстэй, ягаан даашинзтай, цэнхэр нүдэн хүүхэлдэй тэвэрсэн охин. Гэхдээ тэр бүх дүрслэл чив чимээгүй бөгөөд Руфигийн үг хэлж байсныг огт санахгүй байна. Ганцхан санаж байгаа зүйл нь харанхуй өрөөний нөгөө булангаас түүний шивнэдэг байсан чимээ. Тэр үед тэдний хэн нь ч бусад хүүхдүүд шиг чанга уйлж чаддаггүй байж дээ.
Ханна санаа алдан, гунигт бодолдоо илүү гүн шигдэе гэвч тэр үнэндээ дүүгийнхээ тухай үүнээс өөр зүйл санахгүй байлаа. Харин түүнд төрж буй ганц мэдрэмж бол гэмшил.
Тиймээ гэмшил. Сэтгэл зүйч нь түүний өөрийгөө буруутгах сэтгэлийг засах эмчилгээ удаан хугацаанд хийсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам, бодохгүй гэж хичээх тусам нь гэмших сэтгэл нь түүнийг дотроос нь хэмлэж байсныг түүний сэтгэл зүйч л хамгийн сайн мэднэ. Гэхдээ сэтгэл зүйчдээ ч тэр бүгдийг яриагүй. Хэнд ч, бүр хэнд ч хэлж болохгүй, чадахгүй зүйлс гэж байдаг. Дүүгийнхээ нэрийг чулуун дээр хараад зогсох энэ мөчид тэрээр өөр хэний ч өмнө бус харин өөрийнхөө л өмнө үүрэг хүлээсэн гэдгээ ойлголоо. Тэр энэ бүхэнтэй өдөр бүр тэмцэж, өөрийнхөөрөө амьдрах шийдвэр гаргасан. Гэхдээ л түүний сэтгэлийн гүнд түүний гаргасан шийдвэр бусдад, ээжид нь, дүүд нь бас Гредид хэрхэн нөлөөлөө бол гэсэн асуулт үргэлж байдаг байлаа. Хэрэв өөрөөр шийдсэн бол тэдний амьдрал ч бас өөр байх байсан болов уу? Бас энэ охин, дүүгийн минь охин. Руфийн охины амьдралд тэр огт нөлөөлөөгүй гэж үзвэл, харин тэр бяцхан охин одоо миний амьдралд нөлөөлөх нь байна. 36 настай бүсгүй, өмнө нь огт уулзаж байгаагүй өсвөр насны охиныг гэртээ аваачихаар ирээд байна.
Гэнэт тэр ард нь чимээ гарахыг сонслоо. Энд зогссоноос хойш гарсан анхны чимээ. Машинаа тавьсан газар руу эргэн хартал өөр нэг машин түүний машины хажууд зогссон байв. Дээрээ улаан, цэнхэр дохион гэрэлтэй, хажуудаа алтлаг өнгийн цагдаагийн тэмдэг бүхий машин. Дотроос нь бор албаны өмд, ханцуйн дээрээ цагдаагийг тэмдэг бүхий хар хөх хүрэмтэй эрэгтэй хүн бууж ирээд түүний зүг харан зогслоо. Ханна амандаа “Бурхан минь гэж” гэж шивнээд олон жил уулзаагүй тэр залууг танихаар барахгүй түүнийг харсандаа баярлаж буйгаа мэдэрлээ. Бүрэн шийдэж дуусгаж чадаагүй тэдний харилцаа, хэн хэнийхээ хувьд анхны хайр нь байсан хэрнээ тэднээс шалтгаалахгүй зүйлээс болж тус тусын амьдралаа хөөсөн өсвөр насны охин ба хөвгүүн. Тэр л түүний бага насны тун цөөн гэгээлэг дурсамжийн нэг хэсэг байсан. Машинаа нэг гараараа тохойлдон, нөгөө гараараа ташаагаа тулан, түүний зүг харж зогсох нь өсвөр насны хөвгүүн байхаасаа л дэндүү өөртөө итгэлтэй төрхийг нь сануулах мэт. Тэр үргэлж л өөртөө итгэлтэй, бардам харцтай хөвгүүн байсан. Яг л энэ ертөнцийн тайлагдашгүй бүхий л асуултын хариултыг агуулсан ном өөртөө авч явдаг мэт.

Үргэлжлэл бий...

Эхлэл хэсгийг уншихыг хүсвэл энд дараарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Charlotte
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(137)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com