ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ханнад юу тохиолдсон бэ? - 1

Чөлөөт цаг  | 2014 / 09 / 29

Тэр уг нь Ханна руу 3 жилийн өмнө залгах хэрэгтэй байсан юм. Одоо түүнд залгахаас өөр ямар ч сонголт байхгүй.

Ханнад юу тохиолдсон бэ? - 1

Греди хуучин царсан ширээнийхээ голын шургуулгыг татаж, эвхэж хадгалсан жижигхэн шар цаас гаргаж ирэн өмнөө дэлгэн тавилаа. Хөлөрсөн гарын алгаа өмдөндөө нэг шудраад чанга гэгч нь санаа алдав.

Цаасан дээр нэгэн хүний нэр, утасны дугаараас өөр юу ч бичигдээгүй, тэр хичнээн олон удаа энэ цаасыг гарган ирж дугаар руу нь залгах гэж оролдсоноо ч мартчихаж. Үргэлж хамгийн сүүлийн тоог хийлгүй, зүрх алдан утсаа тавьдаг байлаа.

Энэ удаа тэр яаж ч байсан залгахаар шийджээ. Түүний тухай удаан бодвол дурсамж бүхэн сэргэж, уур бухимдал ч төрөх шиг болдог юм. Түүний тухай огт бодохгүй байхыг хичээдэг ч юу хийж яваа бол гэсэн сониуч бодол байнга толгойд нь эргэлдэнэ. За ямар ч байсан залгалаа, утас дуудах хооронд тэр хэр их өөрчлөгдөсөн бол?, зоригтой, хүчирхэг, дур булаам Ханна хэвээрээ болов уу? эсвэл тэр өөр хүн болоо болов уу?, хүнтэй сууж, хүүхэд гаргасан эсэхийг нь ч мэдэх юм алга.

Тэртээ 20 жилийн өмнө, тэр нэгэн шөнө Греди Ханнагийн төлөө хэчнээн их санаа зовж байснаа саналаа. Зугтаж амжаасай, эсэн мэнд л байгаасай гэж залбирч байсан. Хүн бүр түүнийг үхсэн байх гэж байсан ч Греди л тэр цуурхалд итгэхийг хүсээгүй. Тэр яагаад ч үхсэн байж таарахгүй. Хэн нэгэн азтай амжилттай залуутай гэрлээд, улаан дарс тулгасан шиг жаргалтай амьдарч байгаагаар түүнийг үргэлж төсөөлдөг. Гэхдээ хэзээ ч түүнийг амь даатгал борлуулж аж төрдөг тухай төсөөлж байсангүй.

Энэ тухай олж мэдээд ч тэр урам хугарсангүй, харин ч бахархах сэтгэл төрсөн, тэр ухаалаг учраас түүнийг хэн ч олж чадахааргүй салбарт ажиллаж, амьдарч байгаа юм байна.

Харилцуурын цаана гэнэт нэгэн эрэгтэй утас авч,
- “Бенсон даатгал сонсож байна” гэх нь тэр.
- Левиц энд Бенсон даатгал биш юмуу?
- Аан Левиц хэдэн жилийн өмнө тэтгэвэртээ гарсан, намайг Жим гэдэг, би танд юугаар туслах вэ?
- Тэгвэл ганцхан Ханна ажиллуулж байгаа гэсэн үг үү?
- Ханна, өөр бас 3 даатгалын төлөөлөгчтэй ажилладаг юм. Гэхдээ Ханна удирдан ажиллуулдаг, танд юугаар туслах вэ, эрхэм ээ?
- Ханнатай яриулж өгөөч?
- Бололгүй яахав, хэн ярьж байна гэж хэлэх вэ?
- Хэн гэдгийг маань хэлвэл тэр утсаа авахгүй байхаа, хувийн асуудлаар ярьж байгаа юм.

Гурван жилийн өмнө түүнийг хайж олоод зүгээр л мэнд мэдэхээр шийдэх үедээ Греди хэлэх үг, өгүүлбэр бүхнээ тооцоолж бэлдэж байсан боловч тэр үгсээ өнөөг хүртэл ашиглаагүй. Одоо тэр бүхнийг хэрэглээд ч дэмий, зүгээр л хэн нэг танихгүй хүнтэй утасны цаанаас эвийг нь олохтой адил ярилцах хэрэгтэй гэж шийдлээ. Ингээд утасны цаанаас дуугарах хүлээлгийн аяыг сонсох зуураа одоо харилцуур авах хүн 20 жилийн өмнөх залуу, эелдэг Ханна биш, насанд хүрсэн тэс өөр хүн байх болно гэдгийг өөртөө сануулж суулаа.

- Ханна Бенсон сонсож байна.
Түүний хоолой зөөлөн, өөртөө итгэлтэй бас танил сонсогдлоо.
- Байна уу?
- Ханна, сайн уу? Чи намайг санахгүй ч байж магад. Би Греди Стидмэн байна. Уулзалгүй удлаа шүү. Бид Виржиниагийн сургуульд хамт сурдаг байсан. Бид тэр үед найзууд байсан, ээж маань сургуульд багшилдаг байсан, санаж байна уу?
- Сайн уу, Греди?
Бурхан минь гэж, тэр миний нэрийг дууддаг байсан тэр л янзаараа дуудлаа шүү. Гэхдээ л тэр үед дууддаг байсан шигээ найрсаг дулаан сонсогдсон ч тэрээр:
- Их олон жил өнгөрчээ.
- Тийм шүү
- Би чамайг ажил дээрээ завгүй байгааг чинь мэдэж байна л даа. Өчигдөр орой гэр рүү чинь хэд хэд залгаад холбогдож чадсангүй, чи сайн биздээ?
- Би сайн, харин чи ямархуу байна даа?
- Би дажгүй ээ. Чамд хэлэх зүйл гараад. Арай өөр байдлаар зүгээр мэнд мэдэх гэж залгасан ч болоосой. Ингэж хэлээд тэр хоолойгоо засаж, Ханнагийн хариу үйлдлийг хүлээж секунд хэртэй чимээгүй байлаа, гэвч тэр юу ч хэлсэнгүй.
- Ханна?
- Би сонсож байна.
- Ханна, ээж чинь өчигдөр өөд болчихлоо. Энэ мэдээг чамд хэрхэн дуулгах учраа ч олсонгүй залгаж байна.
Греди яг энэ мөчид Ханнагийн нүдийг харахыг маш их хүслээ. Тэр цэв цэвхэр, маш ухаалаг нүдтэй. Нүдээрээ бүхий л сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Хэрэв одоо нүд рүү нь харвал түүний гуниглаж буй эсвэл баярлаж буй эсэхийг шууд л харж чадах байлаа. Гэвч утасны цаадах чимээгүй байдал түүнд чухам аль нь болохыг таах боломж өгсөнгүй.
- Док эмч хэлэхдээ зүрхний шигдээс бололтой гэсэн, унтаад сэрээгүй.
- Аа би юу хэлэхээ мэдэхгүй байна. Гэхдээ чи надад дансны дугаараа өгвөл би холбогдох зардлыг нь шилжүүлье.
Ханнагийн энэ хариулт түүний төсөөлж байснаас ч хүйтэн хөндий байлаа. Хэдийгээр тэр ээжийгээ 16 наснаасаа хойш хараагүй, тэд хоорондоо тийм ч сайн харьцаатай байгаагүй ч энэ арай л хатуудсан хариулт байв.
- Ханна, асуудал чиний хэлснээр тийм хялбархан байсан ч болоосой. Гэхдээ чи гэртээ ирэх хэрэгтэй байна.
- Би очиж чадахгүй ээ.
- Асуудал зүгээр л ээжийн чинь оршуулгын тухай байсан бол чам руу ярихгүй байсан нь дээр байх байлаа. Гэвч тэрнээс илүү зохицуулах асуудал байна.
- Греди, ярьсанд чинь баярлалаа. Энэ олон жилийн дараа намайг олж ярих хэцүү байсан байх. Ээжийн оршуулгын ажлыг ёс төртэй хийх зардлыг би гаргахад татгалзах зүйлгүй. Мөн түүний нэр дээр ямар нэг өр шир бий бол би төлье. Гэхдээ би тийшээ дахиж очмооргүй байна. Хэзээ ч үгүй. Руф байгаа биздээ? Эсвэл ээж надад фермийнхээ талыг өвлүүлж үлдээгээ юу? Тийм бол над руу холбогдох бүх бичиг баримтыг явуулчих. Би Руфт өөрийн эзэмших хэсгээ шилжүүлье. Надад ганцаараа байхаас өөр хүсэх юм алга.
- Чамайг би буруутгахгүй ээ. Тэр шөнө чамд юу тохиолдсоныг би сайн мэдэхгүй. Ямар ч гэсэн сайхан зүйл болоогүй гэдгийг л мэдэж байна, гэхдээ тэр чинь олон жилийн өмнөх явдал шүү дээ, Ханна.
- Руф өвдчихсөн юмуу?
Греди харилцуурын цаанаас юу гэхээ ч мэдэхээ байж. Ханна руу залгасандаа харамсаж эхэлээ. Би ярьдаггүй л байж. Док эмч юмуу сүмийн ламтан түүн рүү ярьсан нь дээр байсан юм гэж бодлоо. Тэгснээ гэнэт үгүй ээ, би л ярьсан нь дээр, ядаж түүний хоолойг сонсох хэрэгтэй байсан гэж өөрийгөө зөвтгөв. Ингээд тэр:
- Руф өвдөөгүй ээ, тэр 5 жилийн өмнө нас барсан. Уучлаарай, би чамд тэр үед мэдэгдэх хэрэгтэй байсан юм. Би чамтай холбоо барья гэтэл ээж чинь надаас хэлэхгүй байхыг гуйсан. Тэр хэлэхдээ “Хэрэв чи хаа нэг газар аз жаргалтай амьдарч байгаа бол таагүй мэдээгээр түүнд бүү саад бол. Хэрэв муу яваа бол муу мэдээгээр бүү нэрмээс бол.” гэсэн. Гэлээ ч гэсэн чамд давхар давхар ийм мэдээ дуулгахын оронд тэр үед яаж ийгээд хэлдэг байж, намайг уучлаарай.
- Намайг ч бас уучлаарай. Хөөрхий Руф, үхэхэд дэндүү залуу байсан юмсан. Ээж, Руф хоёр хэрхэн, яаж үхсэн талаар би асуух ёстой байх. Гэхдээ хэрэв тэд нэгэнт энэ хорвоод байхгүй болсон бол энх амгалан, дээд тэнгэрт нойрсож буй биз. Одоо тэр бүхнийг мэдэх шаардлага байхгүй гэж бодож байна. Чи намайг дэндүү зүрх сэтгэлгүй болж гэж бодож байна уу?
- Үгүй дээ, би ойлгож байна. Гэхдээ би одоо хүртэл яах гэж чам уруу анх залгасан шалтгаанаа хэлээгүй л байна.
- Хэ хэ Греди, надад өөр хамаатан садан байхгүй шүү дээ. Одоо бас юун тухай хэлэх нь вэ? Фермийн асуудал уу?
- Ханна, чамд өөр ойрын хамаатан бий. Руф охинтой, одоо тэр 15 настай, түүнд чи хэрэгтэй байна.
- Би түүнд хэрэгтэй?! Түүнд миний юу хэрэгтэй гэж? Яасан түүнд бөөр минь хэрэгтэй болоо юу?
- Түүнд амьдрах газар хэрэгтэй байна. - Греди, больж үз. Миний хэзээ ч уулзаж байгаагүй 15 настай охин надад ямар хамаатай юм бэ?
- Түүнтэй танилц, гэр бүлийнхээ нэг хэсэг болго.
- Ямар гэр бүл? Чи дөнгөж сая надад миний гэр бүлийн бүх гишүүд үхсэн талаар хэлээ биздээ?
- Чи одоо болтол гэрлээгүй байгаа юмуу?
- Үгүй ээ, би гэрлээгүй, яг энэ шалтгаанаар би гэрлээгүй. Би хэний ч өмнө хариуцлага хүлээмээргүй байна. Ойлгож байна уу? Энэ мэдээж хувиа хичээсэн сонсогдож байгаа байх. Гэхдээ одоо яая гэхэв. Энэ бол би, хувиа хичээсэн Ханна.
Энэ Гредигийн хүлээж байсан хариулт биш байлаа. Гэхдээ тэр охинд Ханнагаас өөр хамаатан үнэндээ байхгүй. Түүний амьдралдаа үзэж туулсан туршлагаар бол жинхэнэ хувиа хичээгсэд хэзээ ч өөрийгөө хувиа хичээгч гэж дууддаггүй. Тэд зүгээр л чимээгүйхэн хувиа хичээдэг. Ханна хэлээд байгаа шигээ хувиа хичээсэн хүн биш гэсэн совин татаад байлаа. Ингээд тэр:
- Чи түүний тухай огт мэдмээргүй байна гэж үү? Ядаж сониуч зан чинь хөдлөхгүй байна уу?
- Үгүй ээ, хүсэхгүй байна, сонсох ч үгүй. Хэрэв чи хэлэх зүйлээ бүгдийг хэлсэн бол...
- Тэр Руфтай яг адилхан, бага зэрэг өндөр, гэхдээ хамаагүй туранхай бас шаргал үстэй. Гэхдээ нүд нь илүү чинийхтэй төстэй, арай гүн цэнхэр.
- Греди!
- Тэр ухаалаг, хөөрхөн ааштай, сургуулийнхаа шилдэг сурагчдын нэг. Гүйх дуртай, сургуулийнхаа гүйлтийн шигшээ багийн гишүүн, бас шүлэг бичдэг юм шиг байна лээ. Аан тийм, бас нэг сайн зүйл гэвэл тэр үснийхээ өнгийг элдвээр өөрчилдөггүй.
- Энэ бүх яриа чинь миний бодлыг өөрчилж чадахгүй. Би хүүхэд өсгөж чадах хүн биш.
- Тэр жаахан хүүхэд биш ээ. 2 жилийн дараа гэхэд л тэр коллежид явчихна. 2 - хон жил шүү дээ. Нүд ирмэхийн зуур тэр 18 хүрч, насанд хүрнэ. Фермээс эзэмших түүний хувь сургалтын төлбөрийнх нь ихэнх хувийг төлж хүрэлцэнэ. Чиний хийх ёстой зүйл бол зүгээр л түүнийг харгалзах. Хоолоо тогтмол идэж байгаа эсэхийг нь шалгах зэрэг л байхад хангалттай.
- 2 жил Клэрфилдэд, тэр хотод ....Уучлаарай би үнэхээр...
- Үгүй ээ үгүй, чи заавал тэнд байх хэрэггүй. Гэхдээ эхлээд тэнд очиж хэдэн бичиг баримтан дээр гарын үсэг зураад, сургуулийг нь шилжүүлээд, хамт буцаад ирж болно. Сайндаа л долоо хоног байх. Чи түүнд үнэхээр хэрэгтэй байна,Ханна.
Ингэж хэлээд тэр түүнд бодох хором олгож, хэсэг чимээгүй байлаа. Түүнд багынх нь аашнаас хэсэгхэн хэлтэрхий ч болов үлдсэн бол тэр зөв шийдвэр л гаргах хүн. Эсвэл би хүйтэн сэтгэлтэй, даатгал бизнесээс өөр зүйл мэдэхгүй болсон хүнд өсвөр насны хүүхэд хариуцуулж өгөх гээд байна уу? Мэдэх юм алга. Гэтэл Ханна:
- Тэгээд энэ охин миний ээжтэй сүүлийн хэдэн жил амьдарсан юм уу ? Аав нь яасан юм?
- Аавынх нь талаар хэн ч мэддэггүй. Төрсний гэрчилгээн дээр нь нэр нь ч байдаггүй. Утасны нөгөө талд чангаар санаа алдах сонстоод бүр ч удаан чимээгүй боллоо. Тэр хүлээж хүлээж, тэсвэр алдах дөхсөн ч гэсэн өөртөө би энэ дуудлагыг хийх гэж 3 жил бэлдсэн, харин Ханнад бэлтгэх боломж байгаагүй гэдгийг дахин дахин сануулж суулаа.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Шарлотте
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(455)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com