ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо нэвтэрхий толь: Шүүмж

Мэдээлэл  | 2014 / 09 / 03

Аливаа зүйлийн болохгүй байгааг харна гэдэг амархан. Харин голыг нь олж магтаж, урамшуулна гэдэг хэцүү шүү. Зурагт, радиогоор цаг тутамд цуврах сурталчилгаануудыг бусдаас онцгойрч чадахгүй л бол ойшоож үзэхээ больж, жинхэнэ найзынхаа бодит туршлагад бүсгүйчүүд илүү итгэдэг болоод байна. Хүний хэлснээр биш өөрийнхөөрөө аливааг туршиж, дүгнэх хэрэгтэй ч нэг тийш хэлбийлгүй ухаалгаар дүгнэж, сайн талыг нь олж харсан туршлага мэдээж хэрэгтэй. Гоолингоогийн шүүмжийн булан яг л ийм юм.

Гоолингоо нэвтэрхий толь: Шүүмж

Шүүмж гэж бичсэн байгаа ч хар бараан талаас нь харж, мууг нь жагсаагаад байна гэсэн үг огт биш юм шүү. Харин ч шүүмжилж байгаа нэрээр ямарваа зүйлийн сайн сайхныг нь олж харан бусдад хэлж, тараахыг хичээдэг ба хаана сэтгэлд хүрсэн сайхан үйлчилгээ, уран бүтээлүүд байна, аль номыг уншвал чамд ямаршуухан ухаарлыг олгохыг түрүүлж туршиж үзэн мэдээд бүсгүйчүүддээ хүргэдэг юм. Энэ нийтлэлийн булан Гоолингоог жинхэнэ найзынхаа шинж чанарыг гаргаж, уншигчиддаа дотно сэтгэгдэл төрүүлэхэд тусалдаг. Учир нь бүсгүйчүүд шинээр олж мэдсэн гоё, хэрэгтэй зүйлсээ аль болох хурдан найзуудтайгаа хуваалцах гээд тэсч яддаг шүү дээ. Анхнаасаа л бүсгүй хүний ийм шинж чанараас нийтлэлийн гараа тавигдаж байлаа.

Анх номын тойм буюу уншсан номынхоо “шүүмж” – ийг нийтлэдэг байсан ба Сайшо Хирошигийн Өглөөний хүн номын тоймоор булангаа эхлүүлж байлаа. Үүнээс хойш Эрчүүд Ангарагаас, эмэгтэйчүүд Сугараас ирсэн , Хайрлагдсан эмэгтэйн зурвас , Стив Жобсын бүрэн цадиг , Сайтар эргэцүүл! , Сорхугтани роман , Өлсгөлөн тоглоом цуврал , Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал гэх мэт номын тоймууд Гоолингоочуудад хүрээд байна.

Энэ нийтлэлүүдийн дор
Зочин: Enkhee.
Гайхалтай! Үнэхээр сайхан зохиол юм шиг санагдлаа. Бидний өөрсдөө мэдэрдэггүй үнэнг илэрхийлсэн байна. Заавал энэ номыг уншина аа. Гоолингоо баярлалаа :) Сайхан review байна.
/Сайтар эргэцүүл!/

Зочин: erka.
Энэ булан маш их таалагдлаа. Өөр олон гоё номын талаар танилцуулаарай, Гоолингоо минь. Өглөө эрт босцгооё бүгдээрээ. Дээрх 4 заалт бол миний морддог зүйлтэй яг таарч байна. Амжилт хүүхнүүд ээ...
/Өглөөний хүн/

Зочин: Miki miki.
За маргааш сэрүүлэггүй 5 цагт босч чадах нь уу үзнэ ээ. Маргааш үр дүн ямар байсныг заавал бинэ ээ. Би их унтамхай л даа. Нойр сайтай. Гэхдээ унтаж байхад нээрээ л үе үе сэрсэн хэрнээ эргээд унтаад өгдөг. Гол учир нь 5 цагт босдоггүйгээс болсон юм байна шд.
/Өглөөний хүн/

Зочин: buyanaa.
Энэ номыг унших чин хүсэл төрүүлсэн танд баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
/Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал/

Зочин: Зочин
Маш их таалагдлаа их баярлалаа Би нөхөртэйгөө суугаад 7 жил болж байгаа. Урьд нь нэг их муудалцдаггүй гайгүй байсан чинь энэ жил бид хоёр хавараас авахуулаад олон удаа муудалцаад ойлголцохгүй их хэцүү байгаа. Энэ бичсэн зүйлийг уншаад нээрэн тийм байдаг юм болов уу гэсэн сэтгэл төрж байна. Нөхрөө маш ихээр буруутгаж байснаа ойлгож мэдлээ. Их сайхан хэрэгтэй мэдээлэл байлаа. Сэтгэл уужирч нөхрөө ойлгож уучлах юм байна гэсэн бодол төрлөө. Би танай байнгын зочин. Бичсэн бүх зүйлийг чин алдалгүй уншихыг боддог. Их таалагддаг шүү. Энэ эрчээрээ байгаарай гэж хүсье. Та бүхнийг Монголынхоо бүх эмэгтэйчүүдийн дотны зөвлөгч, алдартай сайт болохыг хүсэн ерөөе. Амжилт!!!
/ Эрчүүд Ангарагаас, эмэгтэйчүүд Сугараас ирсэн / гэх мэт сэтгэгдлүүд цугладаг нь зорилго маань биелж байгааг бидэнд харуулдаг юм.

Энэхүү буланг бид нэг л өдөр эхлүүлэхээр шийдээд хийчихээгүй ба хэд хэдэн төрлийн цуврал нийтлэлүүдээ нэгтгэж нэг булан болгосон юм. Тийм болохоор номын тоймоос гадна арга хэмжээ, тоглолтын сурвалжлага, ресторан кафе, кино болон бүтээгдэхүүний шүүмж гэх мэт хэд хэдэн төрөлтэй байдаг. Тоглолт, арга хэмжээний тухайд Номин талст хамтлагийн 15 жилийн ойн тоглолт , Тэнүүнтэй “болзсон” “Романтик үдэш” , Зун уулзая, Золоо! , Зургаан гавьяатын золбоотой үдэш , “Хавар-2014” үзэсгэлэн , Blue бид хоёрын өнгөрүүлсэн хоёр үдэш , 8 жил дарсан “Киви”-ний амт , Бүүвэйн дуугаар “сэрсэн” үдэш , “Пирамидын тухай хүүрнэл” буюу “Classical Trio” тоглолт , Хайрыг хөгжимдсөн үдэш гэх мэт шүүмжүүд нийтлэгдэж байсан бол Өдөр шөнө хоёрыг нэг дор найруулсан “Double shot” , Модод дундах “Модон байшин” , Сайхан “үнэрт”-Cafe Aroma гэхчилэн шинээр нээгдсэн ресторан кафенуудын тухай нийтэлж байсан. Дээрх бүх нийтлэлүүдийн дор ч бас "алга ташсан" сэтгэгдлүүд жагсаалттай байдаг нь л бидэнд ажлаа үргэлжлүүлэх урам зоригийг бэлэглэдэг юм.

Энэ булангийн ажил өөрөө их сонирхолтой л доо. Учир нь үүнийг далимдуулаад хаана шинэ ресторан, арга хэмжээ, кино нээлтээ хийж, ном хэвлэгдэнэ түрүүлж очиж аваад цоо шинээр нь туршиж үзсээр байдаг юм. Нийтлэл бичих далимаар олон гоё зүйл хийчихдэг гэсэн үг. Гайхамшигт хүн аалз-2 , Бидний хайртай жүжигчин: Том Круз , Миний хайр , Yves Saint Laurent гэх мэт кинонуудыг үзчихээд нийтлэл болгочихно. Тэгэх тусам зүгээр нэг үзээд өнгөрөлгүй нухацтайгаар тунгаадаг болчихдог юм билээ.

Тухайн нийтлэлийг уншаад ямар нэг байдлаар тэр зүйлийг өөрөө хийж үзмээр санагдаж байвал л бидний зорилго биелж эхэлж байна гэсэн үг. Учир нь шинэ зүйл туршина гэдэг чинь өөрөө сайхан зүйл шүү дээ. Үүнээс гадна бидний баримталдаг бас нэг зарчим бол тухайн зүйлээс ямар нэг зүйл заавал олж авахуйц байх ёстой юм. Зүгээр нэг шинэ газрыг сурталчилаад, шинэ киног рекламдаад байгаа юм биш. Юуг “шүүмжлэх” вэ гэдгээ бодож, нийтлэлийн бодлоготой маань уялдахаас гадна энэ талаар уншиж үзээд, бүсгүйчүүд маань өөртөө хэрэгжүүлэхээр болвол өгөөжтэй байж чадах уу гэдгийг тунгаасны эцэст бичихээр шийднэ. Жишээ нь: Бид үзэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгэсэн ч үзсэн кино маань сэтгэлд хүрээгүй бол, шинэ газар орж үзээд амт чанар сайхан ч үйлчилгээнд нь дунд дүн тавьхаар бол, найзынхаа орчуулсан номыг уншиж үзээд төдийлөн гүн сэтгэгдэл төрөхгүй бол хэчнээн танилын нүүр халуун ч юу ч бичилгүй өнгөрсөн ч чаддаг. Бидний хувьд хамгийн чухал нь нийтлэлийн бодлого бас та нарын маань итгэл юм шүү. Гоолингоогийн нэрийн өмнөөс нэг ч муу зүйлийг зөвлөхгүй байхыг л бид байдгаараа хичээдэг. Эцэст нь нийтлэлийг уншаад өөрөө туршиж, амьдралын хэмнэл, үзэл бодолдоо эерэг, сайхан зүйлийг шингээж аваасай гэсэн хүсэл ард нь нуугдана. Гоолингоо бол мэргэжлийн урлаг судлаач, шүүмжлэгч биш. Тийм ч учраас төдийлөн мэргэжлийн үүднээс шүүмжлээд байдаггүй. Тэгэхийг ч зорьдоггүй бөгөөд бүх зүйл тухайн сэтгүүлчийн мэдрэмж, үнэт зүйлстэй л холбоотой байдаг. Цаашдаа та нар Гоолингоогийн шүүмжийн булангийн нийтлэлийг уншихдаа ард нь тухайн сэтгүүлчийн хурдхан хуваалцах гэж яарсан сэтгэл бий гэдгийг бодож байгаарай. Тэгвэл чамд улам дотно найз шиг санагдах болно.

Жич: Гоолингоо нь энэ жил 5 нас хүрч байгаа. Ойн баяраа тохиолдуулаад бид уншигчиддаа өөрсдийнхөө талаар улам сайн танилцуулъя гэж бодсон юм. Сэтгэлийнхээ нарийн нандин асуудлыг хуваалцдаг хэрнээ, нэг ч удаа яг ямар шалтгаанаар энэ бүхнийг хийдэг тухайгаа бид та нарт хүүрнэж байгаагүй юм билээ. “Гоолингоогийн нэвтэрхий толь” дараагийн удаад Гоолингоогийн өглөө оройн мэндчилгээний талаар өгүүлэх болно.

Гоолингоогийн шүүмжийн буланг хэр мэдэх вэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(920)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com