ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

О.Дөлгөөн: Хүн насан туршдаа суралцдаг

Боловсрол  | 2014 / 08 / 05

“Та ийшээ сууж байгаач! Дөлгөөнөө удахгүй гараад ирнэ” гэж нөхөр Очироог нь эелдгээр хэлэхэд “за” гээд бор шаргал өнгийн, том буйдан дээр суунгаа ярилцлага авах хэд хэдэн зүйлээ бэлдэв. Төд удалгүй “Хүн ирсэн үү?” гэсээр Дөлгөөнөө маань ороод ирлээ. Хар дээр жижигхэн, жижигхэн цагаан однуудтай захтай цамц сулхан тавьж өмсөөд, үсээ голоос нь хэсэглэн авч ар дээрээ хавччихсан энгийн л нэгэн бүсгүйгээс гадна шинэхэн ээж миний өмнө зогсож байна.

О.Дөлгөөн: Хүн насан туршдаа суралцдаг

Энэ ярилцлагыг цомцойтол өөд өөдөөсөө хараад суучихсан, ажил хэргийн уулзалт шиг биш шинэхэн танилцсан найзуудын яриа шиг дотно өрнөөсэй гэж хүссэнээ хэлэх хэрэгтэй байх. Ярилцлагаа гэрт нь хийсэн нь ч үүнтэй холбоотой. Тийм ч учраас дуу хураагуураа нээж тавьчихаад, бие биенийхээ талаар илүү ихийг мэдэж авахаар албархаг бус яриа өрнүүлснээ доор сийрүүлье. Мэдээж би илүүтэйгээр сонирхсон л доо.

Бид хоёрын яриа ээж болох, хүүхэд төрүүлэх гэдгээс эхэлсэн. Та нарт ч гэсэн сонирхолтой байгаа байх. Хүү нь хэнтэйгээ адилхан гэж бодож байна? Миний хувьд нүд нь үнэхээр ээжийгээ дуурайсан юм байна гэж санагдсан шүү.

Гоолингоо: За хүүгийнх нь бие гайгүй юу?
О.Дөлгөөн: Сайн сайн. Эмнэлэгт хэвтээгүй ч эмчилгээ хийлгэсэн. Харин товлосон цагтаа ярилцлагаа өгч чадаагүйд уучлаарай. Хүүхэд өвдөх үнэхээр хэцүү юм билээ. Анхных болохоор ч тэр үү их сандарсан.

Гоо: Зүгээр дээ. Харин ээж болох, ээж байх ямар байгаа талаар яриач.
О.Д: Өө үнэхээр сайхан. Хорвоогийн хамгийн сайхан, үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж. Маш их хайр. Бүхэл бүтэн хүн төрүүлнэ, өсгөнө гэдэг чинь өөрөө гайхамшигтай зүйл. Яг юу гэж тайлбарлахаа сайн мэдэхгүй байна л даа. Ээж болчихсон бүсгүйчүүд миний юу хэлэх гээд байгааг маш сайн ойлгох байх.

Гоо: Тоглолт, кино гээд л завгүй гүйх, ээж болоод хүүгээ хараад завгүй байх хоёрын аль нь танд илүү таалагдаж байна?
О.Д: Аль аль нь гоё. Хоёулаа өөрийн гэсэн давуу талтай. Хүн угаасаа өөрт байхгүй зүйлийг л хүсдэг. Ажлаа хийгээд явж байхдаа сайхан амрах юмсан гэж бодно, амарч байхдаа ажилдаа явах юмсан гэнэ. Тийм болохоор аль аль нь л гоё.

Гоо: Хүүгээ та өөрийнхөө ямар зан чанарыг өвлөж аваасай гэж хүсдэг вэ?
О.Д: Би нэг ажлыг хариуцаж авсан л бол яс дуусгадаг зантай. Тэрийг маань л өвлөж аваасай гэж бодож байна даа.

Гоо: Амьдралдаа гаргаж байсан хамгийн зоригтой шийдвэр чинь юу вэ?
О.Д: СУИС–д орох л байсан юм байна. ЭЕШ- ийн шалгалтын оноогоо аваад сургууль дээрээ очиж шалгалт өгдөг шдээ, тэ? Тэгэхэд би өөр нэг ч сургууль дээр очилгүй шууд л СУИС–д очиж шалгалт өгч байсан. Нэг үгээр хэлэхэд ямар ч “Б” төлөвлөгөө байгаагүй. Хэрвээ би тэнцэхгүй бол сургуульгүй ч үлдэж болох байсан.

Гоо: Юу хүсч байгаагаа л баттай мэдэж байж дээ, тэ?
О.Д: Тийм л байх. Багаасаа хүсч мөрөөдсөн болохоор. Нөгөө “Тэнэг хүнийг тэнгэр ивээнэ” гэдэг шиг л юм болсон байх./инээв/ Амьдралын турш хүнд маш олон сонголт тулгардаг. Тэр бүр нэг шат шиг санагддаг юм. Харин би СУИС- д орж, жүжигчин болсон нь өөрийнхөө хамгийн зөв шатны эхний гишгүүр дээр гишгэчихээд байж байгаа маань энэ. Би өөр шат руу ерөөс харж байгаагүй. Гэрийнхэн маань ч намайг их азтай, ёстой зөв мэргэжлээ сонгосон гэдэг. Гэхдээ хүний хүсэл хязгааргүй л дээ. Шунал гэх юм уу даа. Хамгийн гол нь тэр шуналаа зөв тийш залж, зорилго болгоод явах хэрэгтэй гэж санагддаг.

Гоо: Танд цаашдаа сурах төлөвлөгөө бий юу? Хэрвээ байгаа бол ямар мэргэжлээр суръя гэж бодож байгаа вэ?
О.Д: Байлгүй яахав. Цаашдаа маркетингийн чиглэлээр суралцъя гэж бодож байгаа. Гэхдээ жүжигчин мэргэжлээ бол хэзээ ч орхихгүй. Хүн ер нь бүх амьдралынхаа турш суралцдаг гэдэг шүү дээ. Тийм болохоор сурах гэдэг зүйлийг хэзээ ч зогсоож болохгүй юм шиг санагддаг. Тэр утгаараа төрөхийнхөө өмнө,жирэмсэн байхдаа ч бас "Jet" англи хэлний сургалтын төвд сураад англи хэлээ хэдэн түвшин ахиулаад авсан. Үнэхээр сайн сургалттай, сайхан газар байна лээ.

1. Гоо: Яагаад “JET” англи хэлний сургалтын төвийг сонгосон юм бэ?
О.Д: Чамд зургийг нь үзүүлье л дээ.
Би жирэмсэн болоод тонустай байсан болохоор шууд л гэртээ байж, биеэ гамнах хэрэгтэй болсон л доо. Гэхдээ өдөржин гэртээ байна гэдэг чинь хэцүү шүү дээ. Тэгээд тэр хугацаандаа юу амжуулж болох вэ гэж бодож байгаад англи хэлний дамжаанд явъя гэж шийдсэн юм. Нэг их олон газар судлалгүй “JET” англи хэлний сургалтын төвийгсонгоод очсон. Ерөнхийдөө хүмүүс ч ам сайтай байдаг шдээ, тэ? Тэр сонголт маань ч буруудаагүй. 7 хоногийн 6 өдөр бүх хичээл нь англи хэл дээр ордог. Англи, Монгол бүх багш нар нь чадварлаг, дуудлага сайтай. Сонсоход л мэдэгддэг дээ. Тэрнээс гадна хүний сонирхол дээр тулгуурлаж хичээлээ заадаг. Хүн сонирхолтой байгаа зүйлээрээ дамжуулж сурахаар маш хурдан сурдаг юм байна л даа. Дан ганц англи хэлний сургалт гэхээсээ гадна оюутан залуусыг хамарсан олон нийтийн арга хэмжээ тэмцээн уралдаан их зохион байгуулж найз нөхдийн хүрээгээ тэлэх мөн сурагчдынхаа чөлөөт цагт их анхаардаг газар шиг санагдсан.Би бас суралцаж байх хугацаандаа томоохон 2 арга хэмжээнд нь оролцож байсан. Hallewoon-ы баяр, Оюутны шинэ жил гээд маш сайн зохион байгуулалттай, хүнийг сургая гэсэн газар байна лээ.
2. О.Д: Дээр хэлсэн “Jet” англи хэлний төвийн Халловийний баярт орох гэж байх үеийн зураг.
3. О.Д: Энэ бас гоё зураг байгаа биз? /инээв/
Гоо: Боловсрол гэж таны хувьд юу вэ?
О.Д: Эмэгтэй хүний хувьд, залуу хүний хувьд боловсрол маш чухал гэж боддог. Зав л гарвал сурч л байх хэрэгтэй.
Гоо: Хэзээнээс уран бүтээлдээ орох вэ?
О.Д: Миний хувьд хамгийн чухал нь хүүхэд. Хүүхдээ нэлээд том болтол нь ажилдаа орохгүй гэж бодож байгаа. Хүн төрүүлчихээд сайн хүн болгож хүмүүжүүлэх, санаа тавьж халамжлах нь ээж хүний үүрэг шүү дээ.
Гэхдээ би ажлаа хийхгүй байгаа ч гэсэн сурталчилгааны саналуудыг бол хүлээн авч байгаа. Заримынх нь ажил эхэлчихээд явж байна.
4. Гоо: Жинхэнэ эмэгтэй хүн ямар байх ёстой гэж та боддог вэ?
О.Д: Хүнийг хайрлаж чаддаг, нинжин сэтгэлтэй хүнийг л жинхэнэ эмэгтэй хүн гэх байх даа. /инээв/
Гоо: Жинхэнэ эмэгтэй хүний оноо 10 гэж бодъё л доо. Тэгвэл та өөрийгөө хэдэн оноогоор дүгнэх вэ?
О.Д: 5 юм байна аа. Дундаж л байх. /инээв/
Гоо: Төрсний дараа хэр их жин нэмсэн бэ?
О.Д: Өө ёстой нэмж өгсөн шдээ. /инээв/ 22кг нэмсэн гээд бод л доо. Ёстой л бөмбөг шиг болсон. Хүмүүс, нөхөр маань ч гэсэн “Чи чинь бие давхар хүн шдээ, санаа зоволтгүй” гэсэн ч өөрт үнэхээр муухай санагдаж байгаа юм чинь. Тэгээд би чинь жижигхэн хөлтэй, тэгснээ нэг их том биетэй. Ёстой л хоёр савхан дээр нь нэг бөмбөг аваачаад тавьчихсан юм шиг харагддаг байсан. Нөхөр маань хүртэл надаар тоглоод, миний хайр уналаа, яаж тогтож байна аа гэдэг байсан шд. /инээв/
Гоо: Яаж буцаж хэвийн жиндээ орсон бэ? Энэ талаар сонирхох бүсгүйчүүд олон байгаа байх.
О.Д: Намайг төрсний дараагаас эхлээд яаж буцаж жиндээ орсон талаар эмэгтэйчүүд их асуусан л даа. Одоо ч асуудаг. “Төрөөд 7 хонож байна. Яаж турах уу?” гээд л. Гэхдээ би нэг л зүйлийг бүсгүйчүүддээ хэлмээр байдаг юм. Хамгийн чухал нь хүүхэд шүү дээ. Тийм болохоор хүүхдээ л түрүүлж бодох хэрэгтэй. Миний хувьд тусгай дэглэм бариагүй. Харин гурилан идэх юмыг хоолноосоо хасаад ерөнхийдөө эрүүл хооллохыг эрмэлздэг болсон. Тэгээд хүүхдээ хараад гэртээ байхаар бараг л амардаггүй. Хоолыг нь өгнө, хувцсыг нь угаана, усанд оруулна гээд ажил мундахгүй шдээ. Энэ болгонд өөрөө гүйгээд байвал харин ч биед сайн, дасгал л болдог юм билээ.
Гоо: Би хайрын түүх сонсох их дуртай хүн л дээ. Та нөхөртэйгээ хэзээ, яаж танилцсан юм бэ?
Хэзээ билээ, хайр аа? 9 сарын 7 билүү? гэж нөхрөөсөө асуутал 6 сард гэж хэлж өгөв.
О.Д: 2012 оны 6 сард танилцаад 9 сараас нь үерхэж эхэлсэн юм байна. Тухайн үед би Некст Электроникстой гэрээгээр хамтарч ажилладаг байсан. Харин нөхөр маань тэнд гадаад харилцааны менежерээр ажилладаг байсан юм. Тэгээд л ажлын журмаар танилцаад үерхсэн дээ.
Гоо: Хосууд эхэндээ их гоё, сэтгэл хөөрөлтэй байдаг шдээ, тэ? Тогтож сууж чадахгүй догдлоод л.
О.Д: Харин тийм. Гоё мэдрэмж шүү. Харин би сүүлд өөрийнхөө нэг юмыг анзаарсан юм л даа. Юу гэхээр, урьд нь бид хоёр бие биенээ их хардаг, ажигладаг байсан. Үс нь ямар гоё юм, арьс нь яасан зөөлхөн юм, хувцсан дээр нь юм наалдчихаж, оймс нь эргэчихэж гээд л. Харин одоо болохоор би нөхрөө харвал “Өө, Очироо явж байна”, “Очироо ирж байна” гээд л ерөнхийд нь хардаг болчихсон байгаа байхгүй юу. Тэгээд юу гэж бодсон бэ гэхээр өмнө нь тэгэж нэг бүрчлэн харж ажигладаг байсан сайхан зүйлсээ эргүүлж санах, авчрах хэрэгтэй гэж. Тэгэж бодохоор л хайр хүрээд явчихна.
Гоо: Тийм, тийм таны зөв л дөө. Ихэнх хосуудын хэсэг хугацааны дараа хөндийрдөг шалтгаан нь бие биенээ анхныхаараа харахаа больчихдогоос болдог ба түүнийгээ байн байн сэргээж санаад, хайраа өрдөөд л байх юм бол харилцаа тогтвортой байдаг гэдэг юм билээ.
О.Д: Тийм. Удаан хугацааг хамт туулсан хосуудад маш хэрэгтэй зүйл л дээ. Харин бид хоёр одоохондоо удаагүй, дөнгөж хоёр жил болж байгаа болохоор юун хөндийрөх манатай л байна.
Гоо: 2 жил гэдэг хосуудын харилцааны хувьд тийм ч урт хугацаа биш. Энэ хооронд та хэзээ анх нөхрөө миний хань болох хүн юм байна гэж мэдэрсэн бэ?
О.Д: Би тэгэж мэдрээгүй шд. Ерөнхийдөө үерхээд явж байсан чинь хүүхэдтэй болчихсон. Тэгээд л бие биедээ хайртай байсан болохоор хамт амьдрахаар болсон. Тийм хурдан шийдчихсэн ч надад ийм сайн хүн таарсан болохоор би өөрийгөө үнэхээр азтай гэж боддог.
5. Гоо: Урьд нь танд тэдэн нас хүртлээ хүнтэй суухгүй эсвэл хүүхэд төрүүлэхгүй гэх төлөвлөгөө байсан уу?
О.Д: Байсан, байсан. Би анх нөхөртөө 10 жилийн дараа л хүүхэд гаргаж өгнө гэдэг байлаа. Харин манай хүн хүүхэдтэй л болмоор байна гээд байдаг. Тэгээд л яваандаа бууж өгөөд заза 5 жил, заза 2 гэсээр нэг мэдсэн бие давхар болчихсон доо.
Гоо: Төлөвлөгөөнөөс огт өөрөөр эргэсэн гээд бодохоор юу бодогдож байх юм?
О.Д: Ер нь амьдрал гэнэтийн зүйлээр дүүрэн шдээ.
Гоо: Өмнө нь ярилцлагыг тань уншиж байхад жүжигчин болох таны мөрөөдөл байсан гэсэн байна лээ.
О.Д: Тийм, багаасаа л ямартай ч зурагтаар гардаг гоё хүн болно гэж мөрөөддөг байсан. Ер нь бүх охид л тэгэж хүсдэг байх. Загвар өмсөгч, хөтлөгч энэ тэр гээд л. Арван жилд байхдаа би 5-р сургуульд сурдаг байсан юм. 5-р сургууль, СУИС хоёр чинь хоорондоо ойрхон, өглөө болгон хичээлдээ явахдаа СУИС – ийн урдуур гардаг. Тэгээд харахаар л үүдэнд нь олны танил хүмүүс харагдаад л, нэг их хөгжөөнтэй гоё санагддаг байсан. Тэгээд л энэ сургуульд орох юмсан гэж бодоод шалгалт өгөөд тэнцсэн. Аан нэг түүх ярья. Тэр үед нэг өдөр би шинэ юбка, гутал өмсчихсөн СУИС –ийн урдуур явдагаараа л явж байсан чинь одоогийн “Эмоци” продакшины захирал Тэмка ах урд талынх нь шатан дээр хэдэн хүмүүстэй зогсож байсан юм. Тэр үед чинь “Boom Town” яг мандаж байсан үе. Гоё ах нар гээд л боддог байсан. Тэгсэн чинь намайг зааснаа “Хөөх тэр охиныг хар даа! СУИС- д орох юм бол алаад өгөх юм байна даа” гэж аймар чанга хэлээд би ичээд, доошоо хараад л хурдан хурдан алхаж байгаа юм чинь. Тухайн үедээ санаа зовсон ч дараа нь маш их баярлаж байсан. Би энийг Тэмка ахад өөрт нь ч хэлээгүй юм байна. /инээв/
Гоо: Тэгвэл хэдэн жилийн өмнөөс зөгнөсөн байж л дээ. Бас нэг зүйлийг түрүүнээс хойш асууя гэж бодоод байлаа. Танд тоглохыг хүсдэг, мөрөөдлийн дүр байдаг байх?
О.Д: Миний өмнөх дүрүүд ихэвчлэн инээдмийн киноных байгаа л даа. Одоо харин романтик, уянгын кинонд дүр бүтээмээр санагдаад байгаа. Бас “Ромео Жульета” – ийн Жульетад тоглохыг хүсдэг. Ер нь СУИС- д сурдаг бүх охидын мөрөөдөл байх. Дийлэнхийнх нь ч юмуу?
6. Гоо: Та одоогийн амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
О.Д: Мэдээж сэтгэл хангалуун байдаг. Мөрөөдлийнхөө ажлыг хийгээд эхэлчихсэн. Бас сайхан гэр бүлтэй, үр хүүхэдтэй болчихлоо. Би их азтай хүн.
Гоо: Тэгвэл би таниас сонирхолтой хэдэн зүйл асууя. Аль нэгийг нь сонгоорой:
Ганцаараа юу, олны дунд уу?
О.Д: Олны дунд
Гоо: Богино торон даашинз уу, урт намирсан даашинз уу?
О.Д: Урт намирсан даашинз
Гоо: Костюмтой залуу юу, спорт хослолтой залуу юу?
О.Д: Спорт хослолтой
Гоо:Бөмбөр үү, хийл үү?
О.Д: Хийл
Гоо: Тагтаа юу, хун шувуу юу?
О.Д: Хун
Гоо:Хэрэгтэй зүйлээ авах уу, хүссэн зүйлээ авах уу?
О.Д: Хэрэгтэй зүйлээ авна.
Гоо: Үнэртэй ус уу, уруул өнгөлөг ч үү?
О.Д: Үнэртэй ус
Гоо: Үүнээс ерөнхийдөө тухайн хүнийг иймэрхүү хүн юм байна гэж төсөөлөл төрдөг болохоор уншигчдад маань сонирхолтой байдаг юм л даа. Хэрвээ танд нэг удаа дэлхийн бүх бүсгүйчүүдэд хандаж үг хэлэх боломж олдоод, түүнийг чинь бүгдээрээ дагаж мөрдөнө гэвэл та юу гэх вэ?
Нэлээд бодсоны эцэст хариулав.
О.Д: Надад бүсгүй хүмүүс найзлаж нөхөрлөхдөө муу юм шиг санагддаг. Муу ч гэж дээ, эрчүүдийг бодвол бие биедээ атаархах, хов жив хөөх нь их байдаг гэх юмуу даа. Гэтэл эрчүүд чинь нэг өдөр муудалцсан ч маргааш нь тэврэлдээд л явж байдаг. Бие биедээ муу санадаггүй, бат нөхөрлөдөг улс. Эрчүүдийн тэр зангаас нь бүсгүйчүүдээ суралцаасай гэж хүсдэг. Ингэж л хэлэх юм байна даа. /инээв/
Гоо: Таны мөрөөдөл юу вэ?
О.Д: Сайн жүжигчин, сайн ээж, сайн хань болох л юм даа.
Гоо: Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Амжилт хүсье!
О.Д: Баярлалаа.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн,
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(119)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com