ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн нэвтэрхий толь: Амралтын өдрийн өглөөний шуудан

Мэдээлэл  | 2014 / 07 / 25

Амралтын өдрийн өглөө болгон хэн нэгнээс чиний урам зоригийг сэргээсэн , оюун санааг чинь чиний бодоогүй зүг рүү чиглүүлсэн, эсвэл чамд хэрэгтэй үгийг олж бичсэн шуудан ирдэг байсан бол гоё уу?

Гоолингоогийн нэвтэрхий толь: Амралтын өдрийн өглөөний шуудан

Хэрвээ тийм бол бид яг чиний хүсч байгаа зүйлийг долоо хоног бүрийн Ням гаригт хийдэг юм. Одоогоор бид бичсэн захидлаа чиний шуудангийн хайрцагт биечлэн хүргэж өгч чадахгүй байгаа л даа. Гэхдээ бид цахим хуудсаараа дамжуулан “Sunday message” бичигтэй марк наагаад, мандаж буй нарны зурагтай хамт ирэх долоо хоногийн чинь урам зориг болох, өөртөө хэлэх уриа үгсийг шуудан болгон хүргэдэг юм. “Амралтын өдрийн өглөөний шуудан” булан Гоолингоогоос хоёрхон насаар дүү.

Барууны хуанлинууд бүгд долоо хоногийн эхлэлийг Даваа биш Ням гаригаар бичсэн байдгийг чи анзаарч байсан л байх. Одоо дэргэдээ хамгийн ойр байгаа хуанлиг нэг хар даа. Аягүй л бол Ням гариг Даваагийн өмнө байгаа. Ингэж бичдэгийн учир нь Ням гаригийг долоо хоногийн сүүл биш, ирэх долоо хоногийн эхний буюу зэхэх, төлөвлөх, өнгөрсөн өдрүүдийн бүтээмжээ үнэлж цэгнэх, дараагийн 5 өдрийн турш үр бүтээлтэй, аз жаргалтай байхад бэлтгэх өдөр хэмээн үздэгтэй нь холбоотой гэж би уншиж байсан юм. Бид Ням гаригийг бүтэн амралтын өдөр гэж боддог учраас, тийм хандлагатайгаар өнгөрүүлдэг учраас ирэх долоо хоногтоо ямар ч сэтгэл санааны бэлтгэлгүй шууд орж, өмнөхөөс ялгагдах юмгүй, яарч сандарсан, бухимдсан, цөхөрсөн, давчидсан, чухал зүйлсийг ялгаж харах цаг дутсан байдлаар өнгөрүүлдэг. Дайны талбар луу буугүй гарах, гараа зөв байрлалд авч алдлалгүйгээр усан сан руу шууд эв хавгүйхэн үсрэн унах шиг л...

Эхний өдөр ямар байхаас хүний тухайн долоо хоног ямар байх нь шууд хамаардаг гэмээр. Долоо хоногийг урам зориггүйгээр эхлүүлвэл эрч хүчээ нөхөн сэргээж амжихгүй явсаар Бямба гариг болоход амьсгал тасрах гэж байгаад арай гэж хүчилтөрөгчийн баг олж зүүх шиг л санагддаг шүү дээ. Тэгээд ирэх долоо хоног нь ахиад л өмнөхийн үргэлжлэл мэт өрнөх нь бий. Тийм учраас, ийм байлгахгүйн тулд, Гоолингоо бүсгүйчүүдийг долоо хоногийн эхлэл болгонд нэг хэрэгцээтэй бодлыг өөртөө төрүүлж, дотоод хүнээ хөгжүүлэхэд нь нэмэр болох шинэ мэдээллээр цэнэглэхийн тулд энэ буланг гаргасан юм.

Хэрвээ чи “Амралтын өдрийн шуудан”-гийн тогтмол уншигч бол төгсгөл болгонд нь ихэвчлэн “Ирэх долоо хоногоос эхлэн ...” гэсэн байдгийг мэдэх байх. Шуудан болгоныг уншаад орхилгүй, олж авсан ухаарлаа амьдралын хэв маяг болгон төлөвшүүлээсэй гэж хүсдэг учраас энэ өгүүлбэрийг заавал бичдэг юм. Өнгөрсөн хугацаанд нийт 150 гаруй шуудан чамд очжээ. Тэдгээр шуудангуудад ирэх долоо хоногоос эхлэн чамайг юу ч хийж чадахгүй, идэвхгүй төлөвт оруулаад байгаа “Хүлээлгийн өрөөнөөс гар”-хыг, чамайг хүсээгүй газарт чинь ч аваачиж мэдэх “Мэдрэмжийн салхийг сөрөн зогс”-хыг, уучилсан шиг уучилж “Сэтгэлийн шархаа өөрөө эдгээ”-хийг, дутагдал гэж хүмүүс түүнийг нэрлэж байсан ч чиний нэг хэсэг болсон “Сүүдрээ ч бас хайрла” -хыг, хүсч байгаа зүйлээ хүүхэд шиг зоримог эхлүүлж “Шийдвэр бүхэндээ зориг шингээ”-хийг гээд олон зөв бодлыг зуршил болгохыг уриалж байсан.

Ням гариг болгонд бид шинэ шуудангаа нийтлэхдээ үүнийг уншиж дууссаны дараа хүн болгоны тархин дотор эсвэл зүрхэн дотор шинэ гэрэл асч, үгүй бол нэг их санаа алдаад инээмсэглээсэй гэж хүсдэг. Өдөр тутмын хийх ажлууд, аар саар асуудлууд мэтийн “өлөн тоос”-нуудад дарагдсанаас болж бидний сэтгэлийн гүн дэх хүсэл, төлөвшлийн эрчим хүч буурч, дотоод гал маань бөхийгөөд дөл төдий үлдчихдэг шиг санагддаг юм. Тэр хуруу зузаан тоосыг байнга үлээж, бодож явдаг болгоноо арчиж, арчилж байж, галаа тогтмол өрдөж байж л амьдралд улам бүр дурлах болно. Тэгэхэд чинь туслах нь “Амралтын өдрийн өглөөний шуудан” булангийн зорилго. Түр зуурын төөрөлдмөөр үйл явдалд авталгүйгээр хувь заяандаа эзэн нь гэдгээ үргэлж санадаг Гоолингоо бүсгүйчүүд олшроосой гэж бид хүсдэг. Харин энэ зорилго маань биелдэг эсэхийг чи л бидэнд хэлж өгч чадна.

Энэ буланг 3 жилийн турш хөтлөхөд миний өөртөө баталсан ганц л тулгуур “теором” бий. “Алхам тутамдаа бид амьдралын зүй тогтлыг нээдэг”. Нэг удаа би тогтмол зүүдэг харааны шилээ хугалчихаад, өдөржин шилгүй явахаас өөр аргагүй боллоо л доо. Тэр өдөржин надад бүх юм ямар ч өө сэвгүй, тунгалаг, үзэсгэлэнтэй харагдсан. Аргагүй шүү дээ, тод харахгүй байгаа юм чинь. Будаг нь халцарсан байр минь хүртэл шинэхэн юм шиг л, сэвхтэй царай минь ч жигд цагаан харагдаж байв. Тэр өдөр би заримдаа “нүдний шилээ тайлаад”, юм бүхнийг томруунаар харах гэж хичээхгүй байх нь л хамгийн аз жаргалтай сонголт байдгийг олж нээгээд ”Хааяа ч болов нүдний шилээ тайл” гарчигтай нийтлэл бичиж байсан юм. Зүгээр л нүдний шилээ тайлсанаас минь үүдэж өөдрөг амьдрах тухай бүтэн философи ургасан гээд л бодчих. Долоо хоног болгон өөртөө тохиолдсон жижигхээн тохиолын тухай эргэцүүлж байгаад л шинэ шуудангийнхаа шинэ гүн ухааныг би олчихдог. Одоо бодоод үз дээ? Дөнгөж сая чамд тохиолдсон үйл явдал ч цаашдаа баримталвал зохистой тун чухал зарчмыг зааж өгсөн байж мэднэ шүү. Хэрвээ тийм бол чи түүгээрээ захидал бичээд найзынхаа шуудангаар илгээгээрэй. Чиний нэг сайн найзын мэйл хаяг бол goolingoo@gmail.com.

Захидал гэснээс, Гоолингоод ирдэг мянга мянган захидал дунд “Би танай нарны зурагтай нийтлэлийг уншаад амиа хорлох тухай бодлоосоо ангижирлаа. Амьдрал ийм гоё байдаг билүү? Гэтэл би үхэх гэж оролдож байдаг. Та бүхэнд баярлаад ханахгүй нь” гэдэг цөөхөн үгтэй талархлын үгс ирж байсан юм. Юу ч болж байсан, энэ булангаа лав таслахгүй юм шүү гэдэг эрч хүчийг бид ийм хариу, сэтгэгдлүүдээс л олж авдаг юм шүү дээ. Заримаас нь гэвэл:

Гэрлээ: Өөрт байгаа бүхнээ олж харах боломжийг олгосонд баярлалаа. Бид ер нь амьдралдаа байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байвал хэнээс ч илүү сайхан амьдарна. Энэ чинь миний л амьдрал шүү дээ. Анх удаагаа коммент бичиж үзлээ.

Мэндээ: Нүдийг минь нээж өгсөнд баярлалаа. Би Солонгост амьдардаг юм. Сүүлийн гурван сард яг ийм байдалтай байна. Маргаашнаас идэвхтэйгээр ажлаа хөөцөлдөнө өө. Би чадна.

Билгүүн: Гоолингоо та нартаа хайртай шүү. Яг яах вэ гэж бодож байсан чинь энэ нийтлэлийг уншаад за нээрээ яадаг юм гэж бодлоо. Би чинь ганц л амьдарна шүү дээ.

Учрал: Тийм ээ, би эндээ үлдэж чадах ёстойгоо ойлголоо. Энэ миний мөрөөдлийн минь нэг хэсэг учраас би буцах замгүй, чадах ёстой.

Хулан: Би Гоолингоог жилийн өмнө олж мэдээгүй байсан бол өөрт тохиолдсон асуудал бэрхшээлийг шийдвэрлэж сэтгэлийн дэм авч одооны амжилтад хүрэхгүй л байсан байх. Та нар монгол эмэгтэйчүүдийн сэтгэл зүрхэнд нь орших үл үзэгдэх сайн найз нь юм шүү. Та нарын бидний төлөө гэх сэтгэл итгэл найдварт чинь талархаж явдаг шүү. Амжилт! ХОХО

Өнгөрсөн хугацаанд 150 гаруй шинэ долоо хоногийн шуудан чамд очжээ. Ахиад нэг санасан чинь нээрээ л их тоо юм. Тэр дундаас чамд “хаяглачихаад” доторхыг нь нээж уншилгүй цааш хадгалсан нь ч бий байх. Хайлтын хэсэг дээр “шинэ долоо хоногийн шуудан” гэж бичээд архиваа сайтар ухаад үзээрэй.

Дараагийн “Амралтын өдрийн өглөөний шуудан” нөгөөдөр буюу Ням гаригт Гоолингоо.мн хуудсаар дамжин чиний өмнө дэлгэгдэх болно.

Жич: Гоолингоо нь энэ жил 5 нас хүрч байгаа. Ойн баяраа тохиолдуулаад бид уншигчиддаа өөрсдийнхөө талаар улам сайн танилцуулъя гэж бодсон юм. Сэтгэлийнхээ нарийн нандин асуудлыг хуваалцдаг хэрнээ, нэг ч удаа яг ямар шалтгаанаар энэ бүхнийг хийдэг тухайгаа бид та нарт хүүрнэж байгаагүй юм билээ. “Гоолингоогийн нэвтэрхий толь” дараагийн удаад “Асуулга” булангийн талаар өгүүлэх болно.

“Амралтын өдрийн өглөөний шуудан” буланд дуртай юу?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(646)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com