ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Дэлхийгээр аялсан нь: Малдив /Цуврал №1/

Чөлөөт цаг  | 2014 / 05 / 02

Олон улсаар аялах сонирхолтой Ц.Мөнхсайхан болон гэргий С.Цолмон нарын гэр бүл энэ сараас эхлэн Гоолингоотой хамтран ажиллахаар болсон юм. Тэд очсон газруудынхаа тухай дурсамж, сонирхолтой мэдээллээс цуврал болгон хүргэх бөгөөд анхны нийтлэл нь Малдивын арлуудаар аялсан тухай юм л даа. Би ч гэсэн Малдивт очиж үзэхийг хүсдэг болохоор хэзээ мэдээллээ илгээх бол гэхээс хэсэгтээ л тайван сууж чадсангүй. Харин түүний явуулсан зүйлсийг уншингуутаа л энэ зуны аяллын төлөвлөгөөндөө оруулчихлаа.

 Дэлхийгээр аялсан нь: Малдив /Цуврал №1/
Аялсан газар: Малдивын арлууд
Улс: Малдив
1. “Малдиваар аялсан аяны богцоосоо та бүхэндээ сонирхуулъя. Эхнэр бид хоёр нэг өдөр зүгээр л ярилцаж суугаад сэтгэлийн хөөрлөөр Малдив явахаар шийдчихсэн юм. Интернэтээс хайж, зураг хөрөг үзлээ, бүр хөөрч орхилоо. Ядаж байхад Малдивын зурагнууд гэж “тасарчихсан” юмнууд. Зочид буудал хайтал дажгүй үнээр тансаг зэрэглэлийнх нь олдох янзтай шүү. Тэгэхээр нь нэгэнт очих юм чинь нийслэлд нь нэг хоноод дараа нь жижиг арал дээр байрлах тансаг зочид буудалд нэг хонохоор бодож захиалгаа өгчихөв. Хоногийн 350$ төлөөд л Малдивийн нийслэл Мале (MALE) хотод жижиг буудал, мөн хотоос 150 км зайтай орших жижиг арал дээрх буудалд нэг хонохоор захиалгаа өглөө. Бүх юм жин тан. Нисэх билетээ авчихсан буудалдаа захиалга өгчихсөн мөн бүх улсын иргэд визгүй нэвтэрнэ. Болоод явчихлаа шүү. Гэтэл гэнэт “Хэрхэн нөгөө тансаг буудалдаа очих билээ?” гэсэн бодол ороод ирлээ. Бүх зүйлээ захиалчихсны дараа шүү дээ. За тэгээд хайлаа, судаллаа. Ерөөсөө л Малдивын агаарын такси гэх жижиг онгоцноос өөр сонголт алга аа. Тэр нь нэг хүний 600$ бөгөөд арал дээр очиж ганцхан хонохын тулд Малдив нисэхтэй ижил хэмжээний мөнгө төлөх ёстойгоо ойлгов. Больё, үнэтэй байна, цуцлая гэтэл сэтгэл нь догдолсон бид хоёр баахан буцааж, цуцлаж болдоггүй, хямдавтар үнэтэй буудал нислэг захиалчихснаа ойлголоо. За тэгээд сүүлдээ за, яршиг очоод үзье, нийслэл нь гоё бол тэндээ ахиад 80$ ийн буудлаа сунгаад нэг хоночихъё гээд нөгөө үнэтэй буудалд төлсөн мөнгөө хаяхаар шийдэв. Гэтэл Малед онцгүй бол яах вэ? Хэрэв тийм бол нүдээ аниад, ахиад 1200$ төлье дөө, төлье.
2. Явах өдөр ч боллоо. Өглөө эртлэн босч, үүргэвчээ үүрч, нарны шил малгайгаа тохож аваад эхнэр бид хоёр хөтлөлцөөд онгоцны буудал руу очлоо. Бараг 5 цаг хиртэй нисэж байж жижигхээн арал дээр дүүртэл нь байшин барьсан Мале гэх хотод газардлаа. Онгоцны буудал нь өөрөө бас л жижиг арал дээр баригдсан аж. Хил гааль дээр асуудал тулгарсангүй. Гадныхан бид хоёрыг хараад асуудгаа л асууж байна. “Монгол чинь Хятадынх уу?” гэнэ. Би энэ асуултанд нэг хариултаа үргэлж хэлдэг юм. “Монгол хэзээ ч Хятадад эзлэгдэж байгаагүй ээ, харин Хятадыг Монгол хэд хэд эзэлсээн” гэж.
3. Онгоцны буудлаас угтан авагчдын танхим руу гарч ирэхэд нөгөө олон буудлын төлөөлөгчид бичиг баримтаа барьчихсан угтаж байна. Бид хоёр ч юмыг яаж мэдэх вэ гээд жижиг арал дээрх, үнэтэй буудлыхаа төлөөлөгчтэй уулзаж өнөөх агаарын такси хэмээх жижиг онгоц хаанаас, хэдээс нисдэгийг мэдэж аваад утас шөрмөсийг нь авлаа. 10 руппие (15 rufiyaa = 1 USD) төлөөд “Дхенги” гэж нэрлэгддэг, онгоцны буудлаас Мале руу зорчигч тээвэрлэдэг завинд суув. 10 минут яваад л Малдивийн нийслэлд хөл тавилаа.
4. Буудлаа олоод ачаагаа суллачихлаа. Гарч юм олж идэнгээ орчинтойгоо танилцтал үнэнийг хэлэхэд нийслэл нь тийм ч сэтгэл татам биш юм.
5. 1965 онд Англиас тусгаар тогтносон 360 мянган хүн амтай Малдив улсын иргэд нь чин үнэнч Муслим шашинтнууд бөгөөд архи уудаггүй бас хулгай хийдэггүй. Малдивийн нийслэлээс бусад жижиг арлууд нь дандаа дээр нь байрлах том буудлын эзэмшлийнх юм байна. Нутгийн иргэд хамаагүй нэвтэрч болдоггүй бөгөөд нэвтэрвэл өндөр төлбөр төлж байж ордог гэнэ. Ерөнхийдөө хар бараан царайтай улсууд байх ба нүцгэн европчууд руу нүдээ унагасан өсвөр насны залуус, хар гивлүүр зүүсэн хүүхнүүд харагдана. Мотоцикл хөлөглөсөн хүмүүс хаа сайгүй байх юм. Яаж энд багтдаг байна гэмээр тийм жижигхэн газартай бөгөөд Малийн нэг захаас нөгөө зах хүртэл 15 минут л алхдаг.
6. Хийж үзэх, шинэ зүйлс нийслэлд нь бараг алга болохоор нь бид хоёр ярилцаад нөгөө үнэтэй буудал руугаа явахаар шийдэв. Тэглээ гээд нэг өдрөө дэмий өнгөрөөлтэй нь биш, гарч жуулчдыг хоргоож буй залуусын хажуугаар явлаа. Загасанд явуулъя, ингэе тэгье, тэд эд гээд л. Тэгж байгаад ахимаг насны нэг залуутай бид хоёр загасанд явахаар болов. Үнэ хөлсийг нь асуувал хоёр хүн нийлээд 250 ногоон гэнэ. Ирэхээсээ өмнө хаанаас ч билээ, хэнээс ч билээ загасанд явбал 800 ногоон гээд сонсчихсон байсан болохоор тэрүүхэндээ бяцхан уйтгарт автсан байсан хоёр гуяа алгадаад л нэхсэн мөнгийг нь өгөв. Загасчны онгоцонд бид хоёроос гадна хөлгийн ахмад, туслах хоёр явах бөгөөд Малегаас нилээн зайтай задгай далайд гарлаа. Бид хоёрт нэг ороосон сатурк өгөхөөр нь уурга хүлээж байсан ч, яая гэхэв, үзүүрт нь жижигхэн жараахай зоогоод л шидэв. Бүтэн 4 цаг зууралдсаны эцэст бид хоёр 3 загас, 3 далайн шүр олзолсон маш сайхан амралт боллоо. Өмнө нь далайгаас загас шүүрдэж үзээгүй болохоор олзондоо ч сэтгэл хангалуун байв. Тэгээд ч гар хоосон буцсан бол их л харамсах байсан биз.
7. Орой 9 цагийн үед буцаж Малед ирэв. Хоёул загасаа торонд хийлгэж аваад буудлынхаа тогоочид өгч шаруулахаар болж буцах замдаа дэргэдэх гоёл чимэглэлийн дэлгүүр орвол миний хаа газраас хайж явдаг улаан шүр байж байна. Сонирхож үзтэл үнэ нь итгэмээргүй хямд байсан нь сэжиг төрүүлээд авч төвдсөнгүй. Харин эхнэр маань их гоё зүүлт худалдаж авав. Ингээд л 10 өнгөрч байхад бид хоёр буудалдаа ирээд цагийн зөрүүндээ дийлдсэн үү, нам унтаад өгөв.
8. Өглөө 5 цагт гараад нөгөөх үнэтэй зочид буудал руугаа явах онгоцонд суухаар нисэх буудал руу явлаа. 7:30 гээд нөгөөх жижигхэн онгоцондоо суулаа. Ингээд усан дээрээс хөөрлөө.
9. Онгоцны цонхоор маш үзэсгэлэнтэй жижиг арлууд, номин цэнхэр далай гайхамшигтай харагдаж байлаа. Малдив өөрөө шүрэн арлаас тогтсон орон юм билээ. Харамсалтай нь газар нутгийнх нь 99% усан дор аж. 40 минут нисээд эхний буудалдаа хүмүүсээ буулгачихаад 10 минутын зайтай газар бид хоёр буулаа. Герман, Итали, Англи хэлээр ихэвчлэн ярьдаг энэ амралтын газар дадлага хийж байгаа гэх Орос бүсгүй бид хоёрыг угтаж авлаа. Энд бүх юм нийслэлээсээ огт өөр байлаа.
10. Бид хоёрын буусан буудал “Palm Beach Resort and Spa” /https://www.facebook.com/palmbeachmaldive / байсан юм. Энэ буудлаас л тансаг мэдрэмж гээчийг авсан даа. Сициль арлын мафитай кинон дээр гардаг шиг Италичууд хаа сайгүй. Арал дээр бэлэн мөнгө авч явах шаардлага огт байхгүй.Угаасаа жижиг арал, онгоцонд суухаас өөрөөр ирж очих боломжгүй болохоор ямар ч үйлчилгээ авсан гэсэн нэрээ өрөөнийхөө дугаартай хэлээд л яваад байдаг юм байна лээ.
11. Яг үнэндээ бид хоёрыг Малдив явна гэхэд манай нэг найз “Их үнэтэй газар шүү. Хоол ус бол асар үнэтэй” гээд зүрх үхүүлчихсэн болохоор бид хоёр эмээгийн маань хийж явуулсан жаахан шууз, хэдэн бэлэн гоймонтой явсан юм. Бас дээрээс нь Малдивт зайлшгүй хийх ёстой зүйл болох далайд шумбахыг 600$, загасчлахыг 800$ гэж сонссон маань ташаа мэдээлэл байсан гэдгийг үзсэнийхээ дараа л олж мэдсэн.
12. Эрүүл мэндийн шалтгааны улмаас би усанд шумбах боломжгүй байсан учраас эхнэр маань ганцаараа шумбахаар боллоо. Тэр өдрөө бассейнд 30 минутын хичээл заалгаад л шууд далай руу ордог юм байна. Би ч 600$ гэж бодоод зогсож байтал усан доор бичлэг хийхтэйгээ нийлээд 150$ гэж нэг баярлуулсан даа. Бид хоёр ч инээд алдаад л гарын үсгээ зур гэсэн болгон дээр нь зурав. Гүн цэнхэр далайд эхнэр маань багштайгаа хамт, шумбагчийн хэрэгслээ зүүгээд алга болсноос хойш 30 минут орчмын дараа “Яасан сайхан юм бэ” гэсээр гарч ирэв.
13. Дараа нь бид хоёр ахиад загасчлахаар болов. Энэ удаа харин үнэ огт өөр байлаа. Бид хоёр Малед хулхидуулжээ. Хүний 40 доллар, гэхдээ маш хүчтэй хэд хэдэн загас дэгээнээсээ алдсанаас хэтэрсэнгүй. Дараа нь усан мотоцикл унаж, далайн эргээр алхаж баахан зураг авахуулав.
14. Өглөө, өдөр, оройн хоол бол юутай ч зүйрлэшгүй сайхан амттай. Би амьдралдаа хамгийн сайхан шпагеттиг тэнд амталсан. Аргагүй биз дээ, Италичууд шүү дээ. Бас жимснийх нь амт гэж “тасарчихжээ” гэж дуу алдмаар. За ингээд өдөржин явсандаа ядраад нэг мэдсэн бид хоёр ч тэврэлдээд өрөөндөө нам унтсан байлаа.
15. Маргааш өглөө нь ресепшн дээр очиж төлбөрөө төлөх цаг болтол 1500$ болжээ. Онгоцны 1200$ -г багтаагаад шүү. Өндөр үнэтэй гарах байх гэж бодож байсан эхнэр бид хоёр бөөн баяр болоод л буцсан даа.
16. Нийт замын зардлыг хоёр хүнээр тооцвол:
Нислэг: Сингапураас Малдив 2 талдаа - 1200$ / Бид Сингапурт амьдардаг/
Очоод нийслэл Малегаас арал руу нисэх онгоц 2 талдаа - 1200$
Зочид буудал: Малед- 80$, Арал дээр- 350$
Загасчлал: Малед - 250$, Арал дээр - 40$ / Төсөөлсөн зардал 800$ байсан /
Далайд шумбах: 150$ / Төсөөлсөн зардал 600$ байсан /
Бүх юм нийлээд 3000 доллараар 2 шөнө, 3 өдрийн аялал хийжээ. Одоо Сингапурт ажлаа хийгээд хичээл сургуульдаа шамдаад байж байна даа. Дараагийн аялалын төлөвлөгөө Австрали, Вьетнам, Камбож.
17. Аялалын талаар асуух зүйл байвал миний фэйсбүүкээр холбогдож болно.” https://www.facebook.com/mnhshn
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(365)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Саруул.   2019-06-26
Их үнэтэй явсан юм шиг санагдлаа. Угаасаа тийм өндөр өртөгтэй газар юмуу

Зочин: Mm.   2019-04-01
Nice111

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com