ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Нар”-уудыг баярлуулсан Мартын 8

Гэр бүл  | 2014 / 03 / 12

Тэмдэглэлт баярыг мөнгөний гарз, огт хэрэггүй зүйл хэмээн ярьж байхыг би олон сонсож байсан. Гэхдээ надад тэмдэглээд ч болов, хайртай хүмүүсээ баярлуулдаг өдрийг бий болгосон нь талархууштай санагддаг юм. Яагаад гэвэл жирийн амьдралыг дэндүү жирийн гэж үзээд хүмүүс дотно, дулаан үгсийг эргэн тойрныхондоо хэлэхгүйгээр “хэвийн” л амьдраад байна шүү дээ.

“Нар”-уудыг баярлуулсан Мартын 8

“Ээжүүд бодлын нар” сюрпризийн анхны мейлүүд ирэхэд ч гэсэн үнэхээр байдал ийм л байгаа нь уншигдаж байв. “Ээждээ “Хайртай”, “Баярлалаа” гэж хэзээ ч хэлж байгаагүй”, “Сэтгэлээ огт нээдэггүй учир энэ захидлыг бичиж байна” гэх үгсээр эхэлж буй захидлуудыг уншаад чамд ч гэсэн тэгж санагдахгүй гэж үү?

Тиймээс л бид Валентины өдрөөр эхэлсэн Гоолингоо сюрпризээ Мартын 8-нд шилдэг захидлын эзний ээжийг баярлуулах “Ээжүүд бодлын нар” санаачлагаар үргэлжлүүлсэн юм. Гол зорилго нь түүний бодлыг харуулж хэчнээн уурлуулж, гомдоосон ч, гоё үгсийг байнга хэлж чаддаггүй ч сэтгэлд нь ээж нь үргэлж НАР шиг гэрэлтдэг гэдгийг мэдрүүлэх явдал. Ингээд л болоо.

Гэтэл манайд хаягласан олон арван захидлаас ганцханыг сонгоно гэдэг боломжгүйн дээр тэдгээр гоё үгсийг ингээд л хав дарчихна гэдэг дэндүү харамсалтай зүйл болох гээд байсан учир нийтдээ 8 ээжийг баярлуулж “орхисон” юм. Мэдээж анх төлөвлөснөөсөө “хамаагүй олон” тооны ээжийг баярлуулсан тул сюрпризийн багийнхны өөрсдийнхөө ээжийг, хайртай эмэгтэйчүүдээ баярлуулах төлөвлөгөөнүүд нурчихсан л даа. Гэхдээ л ойрын жилүүдэд тэгтлээ баярлаж үзээгүй, дэлхий дээр манддаг найман “Нар”-ыг сэтгэл хангалуун үлдээсэндээ бид одоо хүртэл өөдрөг яваа. Ээжүүд хүүхдүүдийнхээ юу боддогийг мэдээд ямар их уйлсан гээч!

1. Зургаан ээжийг зэрэг баярлуулсан өдөр- 3-р сарын 7
Ээжийнхээ захидал хүлээн авах хаягийг хамгийн түрүүнд илгээсэн зургаан хүнийг сонгон 3 сарын 7-ны өдөр өмнө нь мейлээр илгээсэн тэдний захидлыг ээжүүдэд нь хүргэж өгсөн юм. Билэг их дэлгүүрээс эхэлсэн энэ өдрийн аялал МУБИС-иар удаалж,Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамаар зочилж, түүнээс ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн үндэсний төв, Баянзүрх худалдааны төв дэх Хаан банк, Жоби худалдааны төвийн ардах байр гээд зургаан газар дамжсанаар дууссан. Сүрьегийн үндэсний төвд орохын өмнө маск, улавч гаргаж өгсөн жижүүр эгч “Ороод хэрэг байна уу даа. Та нарын гарах гэж байгаа 6 давхарт халдвар хамгийн их байдаг” хэмээн “айлгасан” ч бид тухайн өдөр ээжийнх нь гарт захидлыг хүргэж өгөхийн тулд үнэхээр яахаас ч буцахгүй болсон байлаа.

Энэ өдөр гэнэтийн бэлгийг эзэнд нь хүргэж өгөхөд гүн туслалцаа үзүүлж, үнэмлэхгүй байхад минь дээш оруулсан яамны хариуцлагатай жижүүр, лангуундаа бичлэг авахыг зөвшөөрсөн гутлын дэлгүүрийн эзэн, банкинд зураг авдаггүй байтал харин ч инээмсэглэн байж хаалга онгойлгож зогссон хамгаалагч гээд бүх хүмүүст талархах учиртай. Мөн энэ өдрийн жолооч ахдаа ч гэсэн. Мэдэхгүй хаяг, газар таарах болгонд “Өө, тэрийг чинь би ядах юмгүй олчихно. Яг хажуугийн байранд нь би найз охинтой байсан юм” гэсээр жолоогоо эргүүлэн зорьсон үйлсээ хурдан бүтээхэд тэр маш их нэмэр оруулсан. Илүү оймс элээсэн туршлага аргагүй өөр байна лээ шүү.

Та нартаа зургаан ээжид хүүхдүүдийнх нь захидлыг аваачиж, бодлыг нь уншуулсан 3 сарын 7-ны бичлэгээ сонирхуулъя.

2. Бодлыг уншигч машин бодитоор хэрэгжсэн нь-3 сарын 8
“Ээжүүд бодлын нар” сюрпризтэй зэрэгцэн “3 сарын 8-нд PC mall, Гоолингоо хамтран гайхамшигтай технологи танилцуулна” гэсэн зар явсныг сошиалийн идэвхтэй хэрэглэгч Гоолингоочууд минь анзаарсан байх, тийм үү? Саяхан манай фейсбүүк хуудсанд “Энэ тэгээд юу болсон бэ? Юу ч танилцуулаагүй шүү дээ” гэсэн сэтгэгдэл ирсэн учир зориуд энд тэмдэглэж байна л даа. Яагаад гэвэл 3 сарын 8-нд үнэхээр л PC mall дээр шинэ, гайхалтай технологи нэвтрүүлсэн бөгөөд тэр нь манай бодол уншигч машин байсан билээ. Энэ л хуурамж төхөөрөмжийн тусламжтайгаар бид урьдчилан бэлтгэсэн ээжийн тухай мэдээлэл болон охиных нь сэтгэлийн үгийг дэлгэцэнд гаргасан юм. Дэлгүүрийн ажилтан, ээжийг охидтойгоо цуг орж ирмэгц ятган сандал дээр суулгахыг оролдсон боловч татгалзсан тул “Гарын бэлэгтэй юм шүү, гуйж байна” гэснээр арайхийн зөвшөөрсөн. Ээж хэрэв суухгүй гээд тэр чигээрээ зүтгээд гарчихсан бол Чимэдцэрэн, түүний эгч Янжиндуламтай хамтран олон хоногийн турш бэлдсэн бидний сюрприз талаар өнгөрөх байлаа.

3. Бодлыг уншигч машин бодитоор хэрэгжсэн хоёр дах тохиолдол
Эхний сюрприз амжилттай хэрэгжсэний дараа бид арай л туршлагатай болох ёстой нь мэдээжийн хэрэг биз дээ? Гэтэл баярлаж хөөрсөн хоёр бүсгүйг хараад бүгд ахиад л уйлчихсан. Асгартлаа. Адьяасүрэн сүүлийн нэг жилийн хугацаанд хүнд өвчинтэйгээ тэмцэн ээжийгээ нэг ч баяраар баярлуулж чадаагүй. Яагаад гэвэл тэр хоёр хөл дээрээ чангахан ч зогсох боломжгүйгээр энэ хугацааг хэвтэрт өнгөрөөсөн билээ. Түүнтэй хийсэн анхны уулзалтаар “Ээжийгээ дэлгүүрт юу гэж хэлж авчрах вэ?” гэхэд Адьяа “Өө ядах юмгүй. Удахгүй тусдаа гарах гэж байгаа болохоор гэртээ юм худалдаж авъя гээд л дагуулаад ирнэ” гэсэн юм. Үнэхээр л үнэмшилтэй шалтгаан хоёр ээжид олж хэлэхгүй бол хэн Мартын 8-ны өдрөөр цахилгаан бараа үзэхээр ирэх билээ дээ, тийм биш гэж үү?

)

Завгүй Мартын 8 үүгээр дуусаагүй. Та нартаа найман ээжийг баярлуулсан мэдээгээ хурдхан хүргэх юмсан гээд баярын дараах өдрүүдэд бичлэгээ бэлтгэн, харин одоо нийт ирсэн захидлуудаас ээжийнхээ хаягийг илгээснийг нь буцаан явуулахаар зэхэж байна. Ээжүүд бидний бодлын нар учир тэдэнд хайртай гэдгээ, ачийг нь хариулахыг хүсдэг гэдгээ цаг ямагт хэлж байх ёстой. Чамайг ч гэсэн бид тэгээсэй гэж хүсч байна.

Эмэгтэй хүн болгон хэзээ нэгэн цагт, хэн нэгний бодлын нар болно шүү дээ.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(159)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com