ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ч.Уранхолбоо: Би мөрөөдлөөрөө амьдардаг

Одууд  | 2014 / 03 / 04

Уулзалтынхаа товыг тогтохын тулд бид хоёр нэлээд хугацаанд ярилцсан юм л даа. Түүнээс хамааралтай, хамааралгүй зүйлс бидний “болзоо”-г хэд хэдэн удаа хойшлоход хүргэсэн ч надад огт хэцүү санагдаагүй. Тэр бүрт нь “Өө, за” гээд л инээмсэглэн хүлээж авч байсан. Миний хүлээцтэй хандлага бол Анугийн баргийн хүнээс ажиглагддаггүй зөв цэгцтэй яриа, ажил хэрэгч, хариуцлагатай хийгээд эелдэг харилцаа нь надад гүн сэтгэгдэл төрүүлснийх.

Ч.Уранхолбоо: Би мөрөөдлөөрөө амьдардаг

Ярьснаасаа хойш 3 долоо хоног орчмын дараа, саяхан нээлтээ хийсэн хөөрхөн “ягаан” кафед түүнтэй уулзахаар боллоо. Анх тийш орж үзэхдээ Ануд гарцаагүй таалагдана даа гэж бодсон болохоор уулзалтаа тэнд тогтсон юм. Харин дуучин бүсгүй маань орчинтойгоо зохицуулан цайвар ягаан өнгийн хослол өмсөж ирсэн байлаа. Цаг гаруй үргэлжилсэн урт ярианы туршид тэр нэг хором ч инээмсэглэхээ болиогүй. Харин тэр инээд нь хэн нэгэнд сайхан сэтгэгдэл төрүүлэх гэсэндээ биш зүгээр л өөрөөс нь урсаж байсан нь мэдрэгдсэн. Аз жаргалтай бүсгүй хүнээс л яг тэгж урсдаг шүү дээ. Ярилцлага эхэлснээс авахуулаад дуусах хүртэл хайртай ханьтайгаа тогтмол холбоотой байж, миний зургийг ч баяртайгаар аваад чатаар явуулж байхыг нь харахад л хөөрхөн…

Таны ярилцлагуудыг уншиж байхад их дэлгэрэнгүй ярьдаг шиг санагдсан?
Би угаасаа л хүмүүст итгээд юмаа ярих дуртай. Заримдаа бас яриаг маань дэгсдүүлэх үе байна л даа. Манай хүн намайг сая хамаг юмаа дэлгээд ярьчихав аа л гээд байна /инээв /. Гэхдээ нэгэнт ярилцлага өгөхөөр ирж байгаа бол ярьсан нь дээр шд. Өгмөөргүй байгаа бол өгмөөргүй байна гээд хэлчихэж болно.

Охин нь одоо хэдэн сартай вэ, бүр том болчихсон байх даа?
Өө, харин тийм. Хүүхэд үнэхээр хурдан юмаа. Одоо 9 сартай. Гэртээ суугаад байхаар ажил маань амждаггүй байдаг болохоор гадуур их дагуулж явна аа. Тэр болгонд охин маань намайг ойлгоод байх шиг санагддаг юм. Өдрийн цагаар гэртээ байхдаа унтдаггүй хэрнээ машинд суухаараа жаахан инээж, дуулж байгаад л унтчихдаг шүү. (инээв)

Таны ямар зан чанарыг охин чинь дууриагаасай гэж хүсдэг вэ? Өөрөөр хэлвэл, юугаараа үлгэр дууриал болохыг хүсдэг талаараа?
Аливаа зүйлд дасан зохицох чадвартай, юманд шүүмжлэлтэй ханддаггүй, байгаагаар нь хүлээж авч чаддаг, бусдыг хайрлаж, уучилж чаддаг хүн болоосой л гэж боддог доо.

Хэрвээ "Бүжин" таны өнгөрүүлсэн болоод одоогийн амьдралаар амьдарна гэвэл та амьдруулах уу?
Яг өөрийнхөө амьдарсан амьдарлаар амьдруулна гэвэл үгүй ээ. Яагаад гэвэл миний ээж аав хоёр урлагийн салбарыг зуун хувь дэмждэггүй байсан. Гэхдээ би охиныхоо сонголтыг ямар ч байсан дэмжинэ. Би өнөөг хүртэл тийм ч дардан замаар яваагүй. Шантарч орхихыг хүсэх үеүүд ч байсан. Гаднаас нь харахад урлагийн хүмүүс сайхан инээмсэглэсэн, өнгөлөг хүмүүс байдаг юм шиг боловч цаагуураа маш их тэсвэр тэвчээр, хөдөлмөр явж байдаг. Тодорхой хэмжээний сэтгэл зүйн дархлааг өөртөө бий болгохгүй бол олны нүдэн дээр хэл аманд өртөх нь элбэг. Тэгэхээр тэр үеүдэд миний охин над шиг сэтгэлийн хаттай байж чадах болов уу? Заримдаа хийгээгүй зүйлээ хийсэн юм шиг гүтгэгдэх үнэхээр хэцүү байдаг шүү дээ. Тэгэхэд хүний сэтгэл яаж шаналж өвддөг билээ дээ? Тэрийг бол үзсэн хүмүүс л мэднэ. Үүнийг би өөрөө мэдэрч байсан болохоор охиндоо мэдрүүлмээргүй байна. Гэхдээ бүх зүйлд бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн болгомооргүй байна аа. Өөрөө хөдөлмөрлөж олсон зүйл ямар амттай байдгийг, бас мөнгөний үнэ цэнийг мэддэг сайн хүнийг багаас нь өсгөж хүмүүжүүлэхийг л хүсч байгаа. (инээв)

Уран бүтээлийн болон бусад ажлуудаа амжуулаад завгүй амьдрах, хүүхдээ хараад гэртээ тайван амьдрах хоёрын аль нь Ануд илүү таалагдаж байна?
Яг үнэнийг хэлэхэд би гэртээ ч тийм тайван байдаггүй юм шиг санагдсан. Орондоо орсон хойноо бол тайван, сайхан амарна л даа. Унтахаасаа өмнө би жазз, “chill out” төрлийн хөгжим сонсдог. Намуухан аялгуу надад маш сайхан амралт болдог. Харин яг тэр цагийг хүртэл өдрийг маш идэвхтэй өнгөрүүлэхийг хүсдэг. Сайн гэрийн эзэгтэй баймаар байна бас хүүхэд гаргасан гээд гэртээ л суугаад баймааргүй байна. Хүн хөдөлгөөнтэй байх тусам эд эс сэргэдэг гэж би боддог. Надад бол ажилтай байх, гэртээ байх хоёрын аль аль нь л таалагддаг. Яагаад гэвэл аль алинд нь өөрийгөө сайн, сайхан байлгаж чаддаг юм шиг санагддаг.

Энэ асуултыг асуумаар санагдаад л байлаа. Гэрийн эзэгтэйн тал дээр хамгийн сайн, бахархалтайгаар хийж чаддаг зүйл чинь...?
Өө, би угааж цэвэрлэхдээ маш сайн бас дуртай. Угаасан зүйлээс маань гоё үнэр үнэртэж, хөвөн зөөлөн мэдрэмж төрүүлдэг. Манай нөхөр заримдаа “Хайр аа, орныхоо даавууг өдөр болгон солих ямар шаардлагатай юм бэ? Ядаж хоёр хоногтоо нэг сольё л доо, миний хайр ядарна шүү дээ” гэдэг. Тэгэхээр нь би “Үгүй ээ, өдөр болгон солих ёстой” гээд зөрүүдлэдэг (инээв). Гол нь би үүнийг өөртөө ажил нэмж байгаа хэрэг биш, харин ч орой бүр унтахдаа авсан өөр өөр төрлийн сайхан мэдрэмжээс минь маргаашийн эрч хүч, бүх зүйл шалтгаалдаг юм шүү дээ гэж хэлдэг. Бас бид чинь гадаад орчинтой ойрхон байдаг болохоор ариун цэвэр талаа бодсон ч, үр хүүхдээ гадны элдэв нянгаас хол, эрүүл саруул өсгөмөөр байгаагаа бодсон ч олон талын ач холбогдолтой л доо. Би ер нь нэг өмссөн хувцсаа цэвэрлэлгүйгээр ахиж өмсдөггүй. Гэртээ цэвэрлэж болохыг нь гэртээ, болохгүйг нь хими цэвэрлэгээнд өгдөг. Уран бүтээлч болсноос минь хойш тогтсон хэв маяг гэх үү дээ. Тийм ч их ажил болоод байгаа юм шиг санагддаггүй. Ямар нэг зүйлийг хүнд хэцүү талаас нь харах дургүй шүү. Хурдан хөнгөн шийдчих дуртай. Заримдаа надад хэдэн ч хүний ажлыг зэрэг хийж чадах юм шиг хүртэл санагддаг.

Таны хөргөгчинд юу хамгийн их байдаг нь сонирхолтой санагдчихлаа?
Ногоон өргөст хэмх, эрдэнэ шиш хоёр. Би тэр хоёроор салат хийж идэх дуртай. Өргөст хэмх, эрдэнэ шиш, салатны навч гурвыг нийлүүлээд идчихсэн байхад өдөрт хоол идэхгүйгээр явчихаж ч болно.

Та олон эмэгтэй хүнтэй айлд өссөн. Танай гэр бүлийн баримталдаг зарчим юу вэ?
Ээжийг тооцоод, эгч дүү 3 гэхээр бид дөрвүүлээ гэсэн үг. Бид нар эгч нь ч байсан дүү нь ч байсан нэг нэгнийхээ үгийг дуустал сонсож хүндэлдэг. Үүний цаана хайр бий. Бие биедээ үнэхээр их хайртай. Жилүүд, ордууд маань хоорондоо их зохицолдлогоотой. Бас бидний нэрнүүд их гүн утга учир бүхий холбоотой. Бидний харилцаа их ойр, яг найзууд шиг цэвэр нандин байдаг.

Тэгвэл та зөвхөн өөрийнхөө амьдралтай холбоотой аливаа шийдвэрийг гаргахдаа ямар үнэт зүйлсийг чиг баримжаа болгодог вэ?
Хийж байгаа бүх зүйлдээ өөрийн оюун санаа, философи, үзэл бодол, дотоод итгэл үнэмшилээ шингээхийг, цаашлаад шударга, хэн нэгнийг гомдоохгүй, үр өгөөжтэй ажил болоосой гэж хүсдэг, тийм байлгах зарчмыг баримтлахыг хичээдэг. Ингэж хийсэн ажил илүү амттай, дараа нь түүний ард гарахад оюун санаа амгалан, тайван унтаж болохуйц сэтгэл ханамжийг өгдөг. Ер нь би тайван байдлыг их эрхэмлэдэг. Хүн тайван амгалан байх уу, асуудалтай байх уу гэдгээ өөрөө л сонгодог гэж боддог болохоор тэр байх. Аз жаргалтай, байгаа зүйлдээ сэтгэл ханасан, хэт их мөнгө бодолгүйгээр, өнөөдрийн үнэт зүйлсээ орхигдуулалгүй явахыг л сайхан амьдрал гэнэ шүү дээ. (инээв)

Таныг гэр бүлтэй болох үед ээж тань айлын гэргийн хувьд насан туршид санаж явах зүйлийг захиж хэлсэн байх?
Өө, зөндөө олон захиас хэлнэ ээ. Зарим зүйл дээр санал зөрөлддөг байсан ч гэсэн “Хэн нэгний хүүг хайрлана гэж сонгосон бол хайрандаа үнэнч байгаарай. Бас халамжаар битгий дутаагаарай. Миний охин ажил ихтэй ч гэсэн гэр бүлдээ тэгшхэн анхаарлаа хандуулаарай, битгий гомдоогоорой” гэж захиж байсан нь одоо миний амьдралд маш чухал зарчим болчихоод байна (инээв). 3 жилийн өмнө байх аа, “Эмэгтэй хүний амьдрал гэрлэлтээр төгс болдог” гээд номыг уншиж байхад нэг хэсэг нь надад маш их таалагдаж байсан л даа. “Карьер гээч эмэгтэй хүнд байх ёстой. Гэхдээ ихээр бодоход 10-20 жил үргэлжлэх карерийн төлөө багаар бодоход 40-50 жил үргэлжлэх гэр бүлийн амьдралаа битгий золиослоорой. Эмэгтэй хүн хүнтэй сууж, хүүхэд гаргалаа гээд бүх зүйлээ орхиж болохгүй.

Энэ нь ирээдүйд өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байх хамгийн том нөөц боломж” гэсэн байсан. Үүнтэй би маш санал нийлдэг. Би хүүхэд гаргасан, биологийн хувьд алдагдалд орсон, амармаар байна гээд амарч болно л доо, тэ? Гэхдээ би ирээдүйн, алсын харааны төлөө өнөөдөр юуг ч хэцүү гэж бодолгүйгээр ажиллаж байна.

Ану яг хэзээ нөхрөө өөрийнхөө хань болох хүн мөн гэж мэдэрсэн бол?
Тусгайлсан нэг жишээ хэлэхээс илүүтэй түүний бүх зүйл нь миний төлөө зориулагдсан юм шиг санагддаг. Миний тийм байгаасай гэж боддог бүхэн түүнд минь байдгийг би мэдэрсэн тэр цагаас хойш гэвэл болох байх. Надад тулгарсан асуудалд надаас илүү анхаарал хандуулдаг, надад зориулж бүхнийг хийдэг гээд л яриад байвал дуусахгүй ээ.

Тэр азтай залуугийн танд барьж байсан хамгийн гоё гэнэтийн бэлгээс хуваалцаач?
Надад дандаа л бэлэг барьдаг даа. Түүний маань аав ээж нь төрийн албан хаагч. Эгэл жирийн л монгол залуу. Нэг л олдох амьдрал учраас үүнийгээ би үнэ цэнэтэй байлгахыг хүсдэг. Үүнийхээ дагуу л жинхэнэ хайр сэтгэлээрээ ямар нэг ашиг сонирхлын зүйлгүйгээр л амьдралаа зохиосон. Эмэгтэй хүний хувьд гэр бүл бол үлдсэн амьдрал нь гэж ярьдаг шдээ, тэ? Би ч түүний үлдсэн амьдрал нь баймаар байна.

Өнөөдрийг хүртэл өнгөрүүлсэн амьдралынхаа аль хэсэгт илүү хайртай вэ?
Би өнөөдрөөрөө амьдардаг хүн болохоор өдөр бүр л надад үнэтэй санагддаг. Өнгөрсөн хугацаагаа харахад өдөр бүрийг ямар нэг зүйлд тэмүүлж өнгөрүүлсэн санагддаг учраас тэр цаг хугацааг би хэзээ ч үгүйсгэж чадахгүй. Бүгд л надад аз жаргал сайн сайхан зүйлсийг авчирч байсан. Өнөөг хүртэл тэр бүхэн намайг бэлтгэж байсан учраас алийг нь аль гэж ялгахад хэцүү байна л даа.

Тэгвэл асуултаа арай өөрчлөөд үзье. Хэрвээ бид цаг хугацааны мөчлөгөө сонгож төрж болдог байсан бол хэзээний хорвоод мэндлэхийг хүсэх байсан бэ?
Мэдээж дайн байлдаантай цаг хугацаанд төрвөл хэцүү байх л даа. Гэхдээ Чингис хааны үеийн нэг ухаалаг хатан нь болоод төрчихвөл үнэхээр гоё байх аа. За байз, аль цаг хугацаа гэхээр чинь дэлхийн хаана ч байж болно шд, тэ? Тэгвэл Гэтсбигийн үеийн Америкт төрөх байсаан. Би тийм толгойн зүүлтэнд их дуртай, тухай үеийн бүсгүйчүүдийн хувцаслалт үнэхээр тансаг бас тэр том том машинууд нь үнэхээр гоё. Манай нөхөр бид хоёрын нэг л санал нийлдэггүй зүйл байдаг байхгүй юу. Тэр нь машин. 20-иод оны том, хуучин машинуудад би үнэхээр дуртай. Одоо ч гэсэн унаад явмаар байгаа байхгүй юу. Тэгсэн чинь манай нөхөр би ийм загвартай машинуудад дургүй ээ гээд л надад шууд хэлчихдэг. Би бол одоо ч гэсэн яг тэр үеийн хэв маягаар хувцаслачихаад л, үсний зүүлтээ зүүчихээд, тийм машин унаад явсан ч чадна аа. Үнэхээр гоё. (инээв)

Хоёуланг нь ярилцаж суух хооронд аль хэдийнэ нар жаргачихаж. Би бол яг ийм үед их дуртай. Харин Ануд өдрийн аль хэсэг таалагддаг вэ? Яагаад?
Цайны цагийн дараах үе. Цайны цагийн дараа бүх зүйл тогтуун, тайван болох шиг санагддаг. Зуны улиралд, өглөө эрт ч бас сайхаан.

Интернэт дэх хуудаснуудаас тань харахад хөөрхөн гэдэг үгийг их хэрэглэдэг юм шиг санагдсан. Ер нь таны хамгийн их хэрэглэдэг үг юу вэ?
Нээрээ, хөөрхөн гэдэг үгийг их хэрэглэдэг шүү. Юм болгоныг хөөрхөн талаас нь харахыг хичээдэг. “Хөөрхөн дэлхий” гээд төрийн бус байгууллага, цомог ч гаргаж байсан. Өөр хамгийн их хэрэглэдэг үг гэвэл, сүүлийн үед хайртай, дуртай гэж их хэлдэг болсон байна. Хайрдаа, зулзагадаа хайртай. Ер нь ээж болсны дараа эмэгтэй хүний сэтгэл их өөрчлөгддөг юм байна. Кино үзээд, дуу сонсоод л, ном уншиж байгаад л уйлдаг, шалтгаангүйгээр танихгүй ч гэсэн хэн нэгнийг хайрлах сэтгэл төрдөг тийм уян болчихдог юм байна. Би фэйсбүүкийнхээ найз нартай уулзаж үзээгүй мөртлөө бүгдэд нь өөр өөр төрлөөр хайртай байдаг. Яагаад гэвэл би багаасаа амьдралдаа болж өнгөрсөн зүйлсийг бараг мартдаггүй. Өө, нөгөө Сэлэнгээ байна, Оюунаа байна гээд бүгдийг нь өөрийнхөө зүрх сэтгэлд байршуулчихсан, хайрламаар байдаг аа.

Таны талаар хүмүүсийн мэдэхгүй нэг баримт гэвэл юуг нэрлэх вэ?
Би X-BOX тоглох дуртай. Манай нөхөр намайг гайхдаг юм. Бас ширээний теннис сайн тоглодог. Багаасаа хожигдож үзээгүй. Хүмүүс сайн мэдэхгүй байх. Гэхдээ би сайн тоглодог хүмүүсийн нэг шүү гэж хэлмээр байна. (Ээжтэйгээ ширээний теннис тоглож байгаа бичлэгээ үзүүлэв)

Та ямар спортоор хичээллэдэг вэ?
Сүүлийн үед йог сонирхож эхэлж байна. 4,5 жилийн өмнө бадментон, усан спортоор хичээллэдэг байсан. Мэдээж амьдралд стресстэх асуудал зөндөө тохиолдоно. Тэр үед бүх зүйлийг мартаад, сайхан орилоод, үсрээд, инээж ханиагаад , хожигдохгүйн тулд шарлахаад л ширээний теннис тоглоход бүх зүйл сайхан болоод стресс тайлагдчихдаг. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд би байнга инээмсэглэх дуртай. Хэцүү байсан ч гэсэн инээмсэглэх дуртай. Инээмсэглэлээр дамжаад эд эс сэргэдэг. Миний тэр энергиэр дамжаад бүх зүйл шийдэгдчихэж байгаа юм шиг санагддаг. Хүүхнүүддээ бас хэлмээр санагддаг юм аа. Мэдээж хүнд хэцүү асуудал тохиолдсон үед инээгээд суух нь утгагүй санагдаж болно. Гэхдээ л юмыг сайхан талаас нь харж, тэр болгоныг давах сэтгэлийн хаттай байж, аз жаргалтай бодлуудыг боддог байгаарай. Бас сайн сайхан үеүүд зөндөө байгаа юм чинь тэр үеүүддээ үнэн сэтгэлээсээ инээдэг байгаарай гэж хэлмээр байна. (инээв)

Өнөөдрийн хувцаслалт тань бидний байгаа орчинтой зохицоод үнэхээр гоё харагдаж байна. Та ямар хувцсыг ерөөсөө өмсөхгүй вэ?
Яг өнөөдрийн миний өмсчихсөн байгаа шиг ийм өвдөг хүртэл урттай юбканд би өмнө нь дургүй байсан юм. Гэхдээ сүүлийн үед өмсаж байна. Энэ бол урлагийн хүн болсонтой холбоотойгоор надад төлөвшсөн нээлттэй, хувьсамтгай чанар л даа. Би өөрөө гоё эмэгтэй хүнийг харах дуртай. Миний сонирхол өөр, нөхөртэй болчихсон хүн. Гэхдээ гоё, үзэсгэлэнтэй эмэгтэйг харахаар бахдам сэтгэл төрдөг шүү.

8 жилийн өмнөх Анугийн “зөв”-өөс одоогийн Анугийн “зөв” өөрчлөгдсөн үү?
Би 8 жилийн өмнө илүү эрс шийдэмгий, зөв бол зөв, буруу гэсэн бол буруу гэдэг байр суурьтай байсан байна лээ. Ямар нэг зүйлд уучлал үзүүлэх чадвар бага байж гэх үү дээ. Заримдаа хатуу үгээр хэн нэгнийг гомдоодог байсан. Бодомж байхгүйгээр үр дүнг тооцоолохгүйгээр хэлдэг байсан гэсэн үг. Харин энэ 8 жилийн хугацаа надад ухаан нэмсэн бас нас нэмсэн. Нас нэмнэ гэдэг бол ухаан нэмсний баяр гэж боддог. Юмыг шууд хүлээж аваад хариу үйлдэл үзүүлэхээсээ илүү юу билээ гээд эхэлж намсаад, бодоод дараа нь ярьж чаддаг хэмжээнд хүрсэн. Гэхдээ би нэг чанараа ерөөсөө алдаагүй. Хэн нэгэнд гомдож чаддаггүй цайлган, инээмсэглэхийг хүсдэг зан чанар маань хэвээрээ байгаа. Хүнд нэг зангаараа л харьцахыг хүсдэг.

Үргэлж олны анхаарлын төвд байдаг энэ нөхцөл байдал таны өөрийн тань зан чанарт хэр нөлөөлдөг вэ?
Анх бол нөлөөлдөг байсан. Жоохон байсан болоод ч тэр үү өөрийнхөө үзэл бодлыг гаргаж чадахгүй, сэтгүүлчидтэй ярихдаа биеэ барьдаг байсан. Харин сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тийм байхаа больж, үргэлж өөрийнхөөрөө байдаг болсон. Хэн нэгэн надад чи тийм байна гэсэн шүүмжлэл хэлвэл “Нээрээ тийм юм болов уу” гээд өөрчлөгдөх цаг маань өнгөрсөн. Нөлөөнд автахгүй байх чадвар байдаг нь миний ажлын үр дүнд эерэгээр тусч, намайг хүчтэй байлгадаг гэж боддог. Бүх шүүмжлэлийн дагуу больчих гээд байдаг хүмүүс байдаг шүү дээ, тэ? Харин би түүний эсрэг байдаг. Шүүмжлэх юм бол “Би тэр хүнд өөрийнхөө бодсоноор хийгээд харуулчихъя, үр дүн гарсны дараа энэ хүн өөр талаас нь харна аа” гэж би боддог.

Таны багадаа хүсч мөрөөддөг байсан ирээдүйн амьдрал одоогийн амьдралтай чинь хэр нийцэж байна?
Би ер нь багаасаа их мөрөөдөмтгий байсан. Оюун санаагаараа хийсвэрлэж бодохоос илүү цаасан дээр буулгаж тэмдэглэсэн байдгаа одоо ч харах дуртай. Эргээд үзэхэд би өөрийнхөө хүсч мөрөөддөг байсан амьдарлаараа л одоо амьдарч байгаа юм байна лээ. Анхны хүүхдийг охин байгаасай гэж, нөхөр болох залуугийн гадаад дүр төрх надад хандах хандлагыг нь хүртэл төсөөлж бодоод буулгадаг байсан. Яг ийм үстэй, арьстай, нүднийх нь өнгө, биеийн жин, нурууны өндөр яг л ийм байх ёстой гээд л бичдэг байсан. Хамгийн гайхалтай нь яг л түүгээр ирсэн. Бүх зүйлүүд маань миний амьдралд ирчихсэн байгаа учраас би бол мөрөөдлөөрөө амьдарч байгаа эмэгтэй.

Таны мөрөөдөл юу вэ?
Мөрөөдөл миний амьдралд маш том орон зай эзэлдэг. Хүн болгонд би сайхан мөрөөд, мөрөөдлийн чинь ойр байгаа, хол байгаа нь чамаас л шалтгаална гэж хэлэх дуртай. Тэр бол угаасаа үнэн. Гэхдээ би мөрөөдлийнхөө төгсгөлд оргилд бол хүрээгүй байгаа. Маш том хэсгүүд бол байгаа. Тэр том хэсгүүдийг би өнөөдрийн амьдралаараа бий болгоод явж байгаа. Өдөр тутмын амьдрал маань миний мөрөөдөлд хувь нэмрээ оруулж үр бүтээлтэй өнгөрсөөр байгаад би маш их баяртай байдаг. Бас нэг зүйл юу гэхээр, би ганцаараа сайхан амьдраад байгаа юм шиг явах дургүй. Миний эргэн тойрон дах найз нөхөд дотны хүмүүсээ өөртэйгөө адил нэг түвшинд байгаасай гэж хүсдэг. Магадгүй нэг найзад маань тусламж хэрэгтэй байвал би түүнд бүх чадлаараа туслах болно. Ижил түвшинд байж нэг нэгнээ хайрлахыг хүсдэг. Ямар нэг зүйлийг би түрүүлээд мэдчихсэн байвал хэрэгтэй хүнд нь хэлээд өгдөг. Яагаад би харамч байх ёстой гэж? Нөгөө авах өгөхийн ухаан гэж байдаг шүү дээ, тэ? Өгснийхөө дараа авах биш, зүгээр л өгмөөр санагдах тэр сэтгэл надад байгаад би маш их баярладаг. Өгөх тусам миний амьдралд шинэ зүйлс нэмэгддэг учраас би өгөхдөө аз жаргалтай байж чаддаг. (инээв)

1. *Алийг нь сонгох вэ?
1. Сэтгэл хөдлөлтэй, романтик, буурь суурьтай, хээгүй-Сэтгэл хөдлөлтэй романтик
2. Ууланд авирах пүүз, өндөр өсгийтэй гутал-Өндөр өсгийтэй гутал
3. Салса бүжиг, балет-Балет
4. Хэрэгтэй зүйл, хүсч байгаа зүйл-Хэрэгтэй зүйл
5. Налахад бэлэн ханхар цээж, тэврэхэд бэлэн дулаан гар-Налахад бэлэн ханхар цээж
2. Ярилцлагын төгсгөлд би түүнд өөрийнхөө биед байнга авч явдаг зүйлсээ дэлгэж харуулах хүсэлт тавьсан юм.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Яаавлаг
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(885)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com