ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо яриа: “Гэрийн ажил”-ын үнэ цэнэ

Гэртээ  | 2014 / 01 / 21

Саяхан “Нөхөртөө найддаг эмэгтэйн 10 давуу тал” нийтлэлийн дор бичсэн сэтгэгдлүүдийг уншихад бидний дунд эмэгтэй хүн гэрийн ажил хийж, гэртээ суухыг эсэргүүцэж, буруушаадаг бүсгүйчүүд нилээд байдаг нь ажиглагдсан. Дээрээс нь, ерөнхий нийгмийн хүрээнд ч үүнийг үнэ цэнэгүй мэтээр хүлээж авдаг нь сайхан бүсгүйчүүдэд маань өөрсдийгөө доогуур үнэлэх шалтгаан болж байгаа гэж үзсэн учраас энэ сэдвийг чухалчлан ярилцсан юм.

Гоолингоо яриа: “Гэрийн ажил”-ын үнэ цэнэ

Ямар ч ажил хэдэн төгрөгний цалинтайгаараа биш хийж байгаа болон түүний эргэн тойрны хүмүүст хэр их аз жаргал, баяр баясал өгч байгаагаараа үнэ цэнэ нь тодорхойлгоддог гэж боддог. Дуртай ажлаа олж хийхийг, хоббигоо ажил болгохыг бас хийж байгаа ажлаасаа сайн сайхан талыг нь олж харж байхыг зөвлөдөг маань ийм л учиртай. Цайлангаа үзэл бодлоо хуваалцсан бидний ярианд дэлгэцний араас сэтгэгдлээр оролцоорой.

Яаавлаг: Эрчүүд гадуур ажлаа зохицуулж, эхнэрүүд гэрийн ажлаа хийх ёстой гэсэн хэвшмэл ойлголт нийтийн дунд байдаг. Энэ талаарх бодлоо эхлээд хуваалцацгаая?

Ү бүсгүй: Бага байхдаа би ёстой гэрийн ажил хийж амьдрахгүй, нөхөр маань хоолоо хийнэ, би харин хүссэн үедээ хүссэнээ хийнэ гэж боддог байсан. Гэхдээ гэр бүлтэй болоод ирэхээр нөхөр, хүүхдээ цэвэрхэн сайхан явуулмаар, хүүхдийнхээ амьдрах орчныг эрүүл байлгамаар, сайхан хоол хийж өгмөөр, бүх зүйлийг эмх цэгцэнд нь оруулмаар санагдаад, тэгж чадсанаараа л кайфтай байдгийг ойлгосон. Хоол хийхийг ч гэсэн алба юм шиг хүлээж авалгүйгээр, гэр бүлийнхэндээ зориулж аз жаргалтайгаар хийдэг болсон шүү.

Яаавлаг: Харин тийм. Тэгэхээр охин хүүхэддээ бага насанд нь хоол, гэрийн ажил хийхийн аз жаргалыг мэдрүүлэх хэрэгтэй гэж боддог. Хийсэн хоолных нь амтыг магтаж, хажуугаар нь өөрсдөө хамт хийх гэх мэтээр сайхан хоол хийх, шинийг турших сэдлийг нь төрүүлдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор ээж аавыгаа хий гэхээр нь дуртай дургүй ууртай босч хийнэ, нөгөөх нь ч олигтой гоё болдоггүй. Иймэрхүү зүйлсээс болоод л том болоод би ийм юм хийж амьдрахгүй гэх мэтээр бодож эхэлдэг шүү дээ.

Зулсар: Гэрийн ажил гэдэг чинь тэр чигээрээ баяр баясгалан шүү дээ, тэ?

Ү бүсгүй: Манай ээж хэтэрхий цэвэрч хүн байдаг юм. Биднийг ч бас өөр шигээ хэт цэвэр байхыг шаардаж, гол нь үүнээсээ болж өөрөө маш их стресстдэг. Хувь хүн хоорондын харилцаагаа ч хэтэрхий цэвэрч байдлаараа нураагаад байдаг юм. Уг нь бол стресстэх ёсгүй шүү дээ. Би бол гэрийн ажлыг асуудал болголгүй, хүмүүст нялзаалгүй, бусдыг оролцуулалгүй хийчихийг л боддог юм.

Зулсар: Ер нь багадаа тэгж ууртай хийдэг үлгэр дууриал их харчихсан болохоор гэрийн ажил хийх ер нь хэцүү юм байна гээд бодчихсон байж магадгүй. Хүмүүсийн гэрээ цэвэрлээч гэж уурлахыг сонсож, энийг ингэ, тэрийг тэг гэж загнуулсаар, өөрсдөө ч ууртай хийж байгааг нь харсаар байгаад л дургүй болсон байх. Миний хувьд бол яг тэгсэн. Манай эмээ бас үнэхээр цэвэрч хүн байдаг. Энийг цэвэрлэсэнгүй, угаасангүй, энийг хая, тэрийг хая гээд уурлаад юмаа авч шидлэдэг байсан. Тийм учраас би ер нь багаасаа гэрийн ажил хүнийг стресстүүлдэг юм байна гэсэн ойлголттой болчихсон юм. Тэгээд л найзуудтайгаа ирээдүйн нөхөр маань гэрийн ажилдаа сайн хүн байна, би бол юу ч хийхгүй жаргаад л явах болно гэж ярьдаг байсан. Сүүлдээ би огт өөр нүдээр хардаг болж, гэрийн ажил гэдэг чинь баяр баясгалан юм байна гэж ухаарсан. Энэ чинь ерөөсөө хэцүү зүйл биш, бүхнийг цэвэрхэн байлгаж, хайртай хүмүүстээ хоол хийж өгөөд л, гэр бүлийнхнээ гэртээ ирмээр байх нөхцлийг бүрдүүлэх нь эзэгтэй хүний маш гоё, чухал үүрэг юм байна шүү дээ гэж боддог болсон.

Тиффани: Би бол гэрийн ажлыг нөхөртэйгөө 50:50 хувь хийнэ гэж боддог. Байнга ганцаараа хийлгүй нөхрөө ч бас гэрийн ажилд татан оролцуулж, туслуулж байх хэрэгтэй.

Анжела: Харах өнцгөө л өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна. Манай нэг найз бүсгүй байдаг юм л даа. Түүнд ээж нь эмэгтэй хүүхэд багаасаа гэрийн ажил сураад хэрэггүй гэж хэлдэг байсан гэсэн. Ээж нь өөрөө гэрийн ажил аягүй их хийдэг, өөрийнхөө, ээжийнхээ, хадмуудынхаа гэрийг очиж цэвэрлэдэг юм байна лээ. Нэгэнт хийгээд эхэлчихсэн болохоор одоо болих ямар ч боломжгүй, тийм учраас охиноо л ямартай ч гэрийн ажлаас чөлөөлж хичээл, сургууль, өөрийгөө хөгжүүлэх тал дээр нь анхааруулдаг. Арай ажилсаг байрын харагдсан нэгнээ хамаатан саднууд баяр болгоноор гэртээ юм хийлгэх гээд аваад явчихдаг юм байна лээ шдээ. Тэгэхээр хувьдаа, бусад хүмүүст бол их юм хийдэг юм шиг харагдалгүй, өөрийнхөө гэрийг л сайхан цэвэрлээд явбал болох юм гэж боддог болсон.

Зулсар: Өөрийнхөө гэрийн ажлыг маш сайн хийгээд бусад үед нь нэг л их булбарай, эрх танхи харагдах ёстой юм байна шдээ. Тэгээд бас хадмууддаа муу хэлэгдэхгүй байх нөхцөл байдлын бүрдүүлэх хэрэгтэй. Манай нэг найз бүсгүй байдаг юм л даа. Одоо найз залуутайгаа хамт хадмындаа амьдардаг. Багаасаа олон дүү нартай байсан болохоор гэрийн ажил бараг хийдэггүй, хумсаа ургуулаад л, өөрийгөө арчлаад л явдаг байсан. Тэгсэн саяхан нэг уулзсан чинь “Өнөө орой би ананастай стэйк хийнэ ээ” гээд л аягүй жаргалтай ярьж байгаа байхгүй юу. Найз залуу нь орой ажлаасаа ирээд хоолыг нь аягүй урамтай иддэг, өөрөө ч хийж өгөх дуртай. Саяхан найзыг маань гэртээ очсон чинь эмэгтэй дүү нь гарыг нь хараад “Еэ, эвийдээ” гэсэн гээд надад ярьж байна аа. Тэгэхээр нь би гарыг нь харсан чинь нөгөө урт хумс энэ тэр нь бүр байхгүй болчихсон байна. Хэдий тийм ч, тэр хумсаа янзлах энэ тэрээ ч анзаарахаа больтлоо гэрийн ажлаа аз жаргалтайгаар хийдэг болсон байна лээ. Би үүнээс юу ойлгосон бэ гэвэл, эмэгтэй хүүхдэд заавал багаас нь сургаж ойлгуулах гээд толгойг нь тогшоод байх шаардлагагүй, өөрөө угаасаа эмэгтэй хүний шинж чанараараа сурдаг юм байна даа гэж.

Анжела: Зүгээр л, гэрээ цэмцийлгэчихээд сууж байх чинь хэчнээн сайхан билээ дээ. Цэвэрлээгүй гэрт байх цаанаасаа л хэцүү санагддаг. Тэгэхээр өөрөө л тэр ажлаасаа аз жаргалыг олж мэдэрч, таашааж хийж байх хэрэгтэй.

Яаавлаг: Эмэгтэй хүний цаанаасаа байдаг чанар юм биш үү. Төрсөн гэртээ хэдий ажилгүй, залхуу гэгддэг ч нөхөрт гарч, өөрөөс нь өөр хийх хүнгүй болоод ирэхээрээ хийдэг л юм байна лээ. Угаасаа гэрийг гоё байлгах тал дээр эмэгтэй хүнээс өөр хэн ч шилдэг нь байж чадахгүй. Тийм байтал, гэрийн ажлыг цалингүй, нэр хүндгүй гэж бүсгүйчүүд бид ярьдаг шүү дээ. Гэрийн ажлын цалин нь юу юу байж болох вэ?

Солонгон охин: Нөхрийн өгч байгаа урмын үгс, үр хүүхдүүдийнх нь эрүүл энх, аз жаргалтай амьдрал гээд л мөнгөөр хэмжигдэхгүй зүйлс чинь л цалин нь шүү дээ.

Зулсар: Би өөрийгөө залхуу эмэгтэй гэж боддог байсан чинь яг үнэндээ тийм биш юм байна лээ. Ер нь эмэгтэй хүн болгон залхуу байдаггүй байх аа. Хийх сэдэл нь орж ирэхгүй байгаад л байгаа юм ш дээ.

Нари: Эмэгтэй хүн хэд хэдэн ажлыг зэрэг хийж чаддаг, эрэгтэй хүн чаддаггүй болохоор угаасаа л гэрийн ажилд эмэгтэй хүн илүү үр бүтээлтэй байдаг гэсэн.

Солонгон охин: Тийм байдаг байж. Тэгвэл эсрэгээр нь бодоод үзье л дээ. Та нарт нөхөр нь гэрийнхээ ажлыг хийдэг, эхнэр нь гадуур ажлаа зохицуулдаг гэр бүлийг төсөөлөхөд ямар санагдаж байна?

Ү бүсгүй: Хоёулаа хоорондоо болоод, хэн хэнд нь аз жаргалтай байвал яах вэ дээ, болж л байна шд.

Анжела: Бид нарын үндсэн суурь хүмүүжилд эрэгтэй хүнийг хамаагүй тийм юм хийлгэж болохгүй гэсэн үзэл байдаг юм шиг санагддаг. Тэгээд ч ажилгүй нөхрүүд гэр бүлдээ үнэхээр нэр хүндгүй байдаг. Тэгээд л хадмууд нь ажилгүй, орлогогүйгээр нь дуудаад л.

Зулсар: Би бол нөхрөө аль болох хүндлэхийг боддог. Тэгтэл нөхөр маань байнга гэрийн ажил хийгээд байвал хүндлэх сэдэл төрөхгүй байх аа. Хааяа хийвэл хөөрхөн санагдана. Эрчүүд ч сэтгэлээр унана байлгүй дээ. Эцсийн эцэст хэмжээ л юм даа. Хэн хэн нь хэт их хийхгүй бас багадуулах ч үгүй, яг л тааруулах хэрэгтэй. Гэрийн ажилд хойрго эрчүүд байхад, үүний хажуугаар хэт цэвэрч эрчүүд ч бас байдаг шүү. Хамт байхад жаахан хэцүү...

Яаавлаг: Багаасаа олон эмэгтэйчүүдийн дунд өссөн эрчүүд тийм байх нь ажиглагддаг. Тэд жижиг сажиг юманд анхаарлаа хандуулаад дадчихсан байдаг л даа. За, тэгвэл бидэнд өөрийн “цэвэрхэн гэр гэж үзэх” хэмжээ байлаа, гэтэл нөхрийн хэмжээ тэрнээс илүү өндөр байвал яах вэ?

Зулсар: Тийм нөхөр үнэхээр хэцүү байх аа. Тэгээд л үглээд, арчаагүй ажилгүй гээд л, тэ? Тэгвэл л гэрийн ажил ёстой дарамт болох байх даа.

Ү бүсгүй: Тийм үед эхнэртээ сайхан урам өгөөд л, өөрийнх нь хэмжээнд хүртэл хийж суртал нь дэмжих хэрэгтэй. Эмэгтэй хүн чинь юун дээр ч нөхрийнхөө хэмжээнд хүргэх гэж угаасаа л хичээдэг. Эсвэл эхнэр нь “Би ийм, ийм зүйлийг хийчихнэ, миний хувьд хангалттай цэвэрхэн гэж үзэж байна. Харин чи үүнээс илүүг хүсч байвал өөрөө хийж болно, өөрөө өөрийнхөө орчныг бүрдүүлээрэй” гэж хэлээд хоорондоо тохиролцож болох л юм.

Солонгон охин: Эрэгтэй хүнийг юм хийлгэхийн тулд магтаж урамшуулах хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Харин эмэгтэй хүнд хэрвээ үүнийг хийвэл гэр бүлийн чинь эрүүл мэнд, амьдрах орчинд ингэж сайнаар нөлөөлнө гээд ухамсарлуулчихвал хийх сэдэл нь маш ихээр төрдөг. Эмэгтэйчүүд чинь цаанаасаа л халамжлагч шинжтэй байдаг болохоор түүн дээр тулгуурлах нь зөв санагдсан. Гэхдээ гэрийн ажилдаа үнэхээр бухимдаад байдаг эмэгтэйчүүд яах ёстой вэ? Яаж ч магтуулаад, ухамсарлаад ямар ч аз жаргал мэдэрдэггүй бол яах вэ?

Зулсар: Тэгвэл ерөөсөө хийхээ больчих хэрэгтэй. Тэгээд хийдэг байх, хийхгүй байхын ялгаа нь гарч ирээд гэр бүлийнхэн нь ч түүнийг хийхгүй байх үед ямар хэцүү байж болохыг мэдэрнэ, бас өөрөө ч гэсэн цэвэрхэн байхыг хүсч эхлэнэ, тийм биз дээ?

Тиффани: Манай ээж бол бүхнийг өөрөө хийдэг, намайг туслая гэхээр “Чи үргэлж дутуу юм хийдэг” гээд л гар хүргэдэггүй байсан. Тэгээд намайг бага байхад чи ч хадмууддаа гологдоно доо, яаж нөхөрт гарна даа гэдэг байж билээ.

Ү бүсгүй: Намайг бас тэгдэг байсан шд. Яагаад ер нь бидний ээжүүд өөрийнхөө хүүхдүүдийг тэгэж дорд үзэж, сэтгэл хангалуун бус байдаг юм бол оо?

Нари: Азиуд ер нь ахмадаа хүндлэх ёстой, эмэгтэй хүн гэрийн ажлаа л хийж нөхөр нь гадуурх ажлаа зохицуулах ёстой гэж үздэг. Тийм болохоор эхнэрийг гэрийн ажилд маш, бүр маш сайн байх хэрэгтэй гэж үздэгээс болдог байх аа.

Анжела: “Хүн ороод ирвэл яах юм” гэж цэвэрлэдэг хүмүүс бас байна цаана чинь. Хэзээ ч орж ирэх нь мэдэгдэхгүй хүмүүст зориулж гэрээ цэвэрлэдэг, хэхэ.

Нари: Гэрийн ажлыг чинь хөндлөнгийн хүмүүст зориулж биш гэр бүлдээ, өөртөө зориулж хийдэг шүү дээ. Манайхны нэрэлхүү зангаас бас хүмүүсийн дүгнэдэг зангаас шалтгаалж ийм байдал үүсдэг л дээ. Бид ч бас хааяа үнэхээр шүүмжлэгчид байж чаддаг шүү.

Яаавлаг: Гэртээ байгаа эмэгтэйчүүдийг бас нэг стресстүүлдэг зүйл нь хүмүүс гэрийн эзэгтэй нарыг мэдлэг чадваргүй гэж дорд үзсэн хандлагатай байдгаас болдог. Ялангуяа найзууд нь өөрөөс нь илүү амжилттай явж байгааг хараад өөрийгөө гэрийн ажилтай зууралдахаас өөр гавьяагүй гэж дорд боддог нь стресстэх шалтгаан болдог байж магадгүй.

Зулсар: Тэр чинь өөрийнх нь харах өнцгөөс л шалтгаалж байгаа хэрэг. Гэрийн ажлаа гэр бүлдээ аз жаргал авчирч байгаа зүйл гэж бодохгүй байвал чөлөө цагаараа шинэ хоолны жор зохиох, турших, гадуур гараад сургалтанд суугаад олны дунд ороод явж болно шд.

Солонгон охин: Гарч өөр зүйл хийе гэхэд мөнгө байхгүй үед л үнэхэрэ сэтгэлээр унадаг байх аа. Тэгээд л нөхрөөсөө мөнгө гуйх гэж хэцүү. Ер нь мөнгө олохгүй байхаараа өөрийгөө дутуу үнэлээд, эрх мэдэлгүйгээр мэдэрдэг. Уг нь мөнгөөр хэмжигдэхгүй, өөр хэний ч бий болгож чадахгүй аз жаргалыг бүтээж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй. Нөхөр нь ч бас мөнгө олж байгаагаараа далайлгахгүй байх хэрэгтэй. Үр хүүхдээ мөнгөөр дутаахгүй гэсэн ганцхан зорилгын төлөө амьдарсан эрчүүд гэр бүлийн аз жаргалыг орхигдуулдаг. Тэгэхээр нөхөртөө “Би гэрийнхээ доторх бүх ажлыг зохицуулна харин чи гадуур ажлаа зохицуул. Гэхдээ би тийм тийм юманд явах болохоор тэдэн төгрөг хэрэгтэй шүү” гэх маягаар учирлаж, энд хийж байгаа зүйлийнхээ төлөө өөртөө зориулах санхүүгийн нөөцийг гаргах хэрэгтэй.

Яаавлаг: Бид ажил хийдэггүй гэрийн эзэгтэй нарын тухай нэлээд ярилаа. Тэгвэл ажлынхаа хажуугаар гэрийнхээ ажлыг давхар амжуулдаг бүсгүйчүүдийн хувьд юу гэмээр байна?

Зулсар: Ажил хийдэг эмэгтэйчүүд гэрийн ажлаа амралтын өдрүүд рүүгээ овоолоод байдаг нь маш буруу санагддаг. Бүтэн 5 өдөр ажилтай тэгээд хагас бүтэнсайнд овоолсон гэрийн ажилдаа дарагдаад амарч чадахгүй байгаагаасаа болж стресстээд байдаг. Миний хувьд бол өдөр өдөрт нь бага багаар угааж цэвэрлээд, гол хүнсээ сараар нь аваад тавьчихдаг болохоор амралтын өдрийг жаахан л цэвэрлэгээ хийчихээд гэр бүлийнхэнтэйгээ гадуур гарах, амрах маягаар өнгөрүүлдэг.

Солонгон охин: Гэрийн ажилд ч бас ажил хэрэгч чанар чухал санагддаг. Өөр дээрээ бүх ажлаа овоололгүйгээр хувиарлалт хийж, зохион байгуулалттайгаар хийх нь ачаалал багатай байх боломжийг олгоно. Надаас өөр хийх хүн байхгүй гэж бодох эсвэл өөр хүний хийснийг нь голоод л өөрийгөө зовоож байхаар тухайн хүнийг сургах хэрэгтэй. Хүүхдүүддээ, нөхөртөө ч юм уу, ингэвэл ийм болно гэх маягаар аятайхан хэлж зөвлөсөн маягаар ажил дээрээ байдаг шигээ хандлагыг гаргавал сайн л юм.

Зулсар: Ганцаараа бүхнийг хийж чадахгүй шүү дээ. Өөр хүнд найдах хэрэг заавал гарна. Тэр хүнд бүрэн найдахад хэцүү байсан ч найдахаас өөр аргагүй болохоор сайн хийдэг болтол нь урам өгч, сургах л хэрэгтэй юм байна, тийм үү?

Яаавлаг: Гэр бүлийнхэндээ эсвэл өөртөө нэг тийм өвөрмөц зуршилтай болвол зүгээр санагддаг аа. Кино шиг амьдрал байдаггүй гэдэг ч тэндээс харсан өөрт суулгаж болохуйц зүйлээ зуршил болгочихвол зүгээр л жирийн амьдралаар амьдраад байгаа биш содон гэсэн мэдрэмж төрүүлдэг юм билээ.

Зулсар: Гэрийн ажлаа бүгдийг нь үнэхээр төгс хийж чадахгүй бол өөрийн гэсэн нэг давуу талтай болчихвол зүгээр санагдсан. Тэдний тийм юм үнэхээр гоё шүү гэж хэлэгддэг юмтай болчихвол сул талаа давуу талаараа нөхөж бас болно. Нөхрөө гэрийн ажил хийх ёстой гэхээсээ өмнө шаардлага хүлээж авдаг болгох хэрэгтэй гэж санагддаг. Миний тавьсан шаардлагыг тэдэн хувийг нь ч болтугай заавал биелүүлэх ёстой гэх мэт.

Яаавлаг: Эмэгтэйчүүд гэр бүлийн аз жаргалыг бүтээдэг гэдэгт Гоолингоо итгэдэг. Гэрийн эзэгтэй нарыг цалингүй ажил хийдэг гэж ярьдаг ч тэд хамгийн өндөр “цалин”-тай, өндөр бүтээмжтэй ажил хийдэг. Гэхдээ үүнийг мөнгөөр үнэлэх ямар ч боломжгүй шүү дээ. Хэрвээ чи байхгүй бол тэр гэрт гэрэл гэгээ үгүй байх болно гэдгийг ухамсарлаад гэр бүл болон өөрийнхөө төлөө гэрийн ажлаа аз жаргалтайгаар хийцгээе ээ бүсгүйчүүд ээ. Бас өөрсдийнхөө ажлыг өөрсдөөсөө эхлээд үнэлж сурцгаая.

Гоолингоо яриа: “Гэрийн ажил”-ын үнэ цэнэ

1. Тийм. Гэрийн ажил болгон миний хайртай хүмүүсийн аз жаргалд зориулагддаг болохоор үргэлж үүнээсээ урамшдаг.
62 (44.60 %)
2. Хүслээрээ хийсэн үедээ л. Ихэвчлэн өөр хүн хийчихдэг юм.
35 (25.18 %)
3. Үгүй. Дангаараа гэрийн ажил хийх нь надад эмэгтэй хүнийг дорд үзэж байгаа явдал шиг санагддаг.
37 (26.62 %)
4. Надад өөр хариулт байна. Сэтгэгдлээр үлдээе.
5 (3.60 %)

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(482)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com