ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өөр цаг хугацаанд оршдог хот-Прага

Чөлөөт цаг  | 2013 / 10 / 11

Үд дунд. Замын зэргэлдээх кофе кафед халуун каппучино уунгаа, би дуртай номоо уншиж сууна. “Бенжамин Баттоны хачирхалтай явдал”. Энэ номонд гол дүрийн залуу нь эхээс өтөл насны төрхтэй мэндэлдэг ч хором мөч өнгөрөх тусам цаг хугацаа түүнээр даажигнах мэт, улам залууждаг тухай гардаг юм. Хорвоогийн хөдлөшгүй хуулиас гадуурх цор ганц “алдаа” юм уу даа. Харин миний чанх урд, ердөө 10-хан метрийн цаана хорвоогийн хуульд яс захирагдан, он жилүүдтэй хамт хөгшрөн буй цаг чаг чаг хийн дуугарна.

Өөр цаг хугацаанд оршдог хот-Прага

Энэ бол 1410 онд анх зүүг нь хөдөлгөснөөс хойш 603 жилийн турш хормыг ч гээлгүй цохилж буй дэлхийн хамгийн өндөр настай Астрономийн цаг билээ.

Одон орны энэхүү цаг бидэнд үд дунд хэдийнэ хэлбийж нар чиг дээр мандан буйг илэрхийлэхээс гадна тэнгэр дээрх нар сарны байрлал, сарны нас бөгөөд хэлбэр, ордуудын байрлал, сар хиртэлтийн хугацаа зэргийг яг таг зааж чадна. Прага хотын Old Town Square-д байрлах энэхүү цаг өөрийн орны үүх түүх, уламжлал шинэчлэл, өнгөрсөн ба одоог өөртөө тээн цохилж буй юм. Тиймдээ ч орон орноос Прагад ирсэн жуулчдын хамгийн анх хүндэтгэн очиж сонирхдог газар болжээ. Би ч мөн адил, аялалаа эхлүүлэхдээ өөртөө нэгэн зүйлийг сануулахаар энд ирсэн билээ. “Он цаг улиран одовч элэгдэж хуучирсан зүрхэнд мөнх цохилох зүйл байдаг”.

Чех улсын Алтан Прага хот нь 1 сая 300 мянгаад хүн амтай, хөгжлийн түвшин, хүн амын нягтаршил зэрэг үзүүлэлтүүдээр Европын холбоод дундаа 14-т эрэмбэлэгддэг, зундаа дулаан ч өвөлдөө жиндүү, Европын бусад орнуудын нэгэн адил ур хийцэт барилгууд сүндэрлэсэн, үүл бүрхсэн ч сэтгэлд гэгээ гийсэн сайхан хот билээ.

The Lennon Wall, The Dancing house, Petrin Hill, National Museum гээд заавал очиж сонирхох, үүх түүхээр баялаг газаруудаар дүүрэн энэ хотод хийж буй аялалын минь дараагийн маршрут Прага цайз (Prague Castle) байлаа. Газрын зургаа бариад нарийхан өгсүүр гудамжаар яван явсаар, мөн багагүй төөрсөөр зорисон газраа ирлээ. IX зуун буюу 870-аад онд сүндэрлэгдсэн уг шилтгээн нь 70 мянган метр квадрат талбайтай, 570 метрийн өндөртэй агаад эрт үеийн хамгийн том шилтгээн хэмээн алдарт Гиннесийн номонд бүртгэгдсэн байдаг аж. Хамгийн дээд давхрынх нь цонхоор урт үсээ унжуулаад, өдөржин дуу дуулж хайрт ханхүүгээ ирж аврахыг хүлээмээр, үлгэр дээр гардаг шиг л том цайз юм билээ. Газраас лав 50 метр өндөрт байрлах таазнаас унжсан том том гэрлийн бүрхүүлүүд, чулуу өрж хийсэн гүүр, 15-р зууны үеийн хөшөө дурсгалууд нь цаг хугацааны өөр зааг руу нэвтрээд ороод ирчихсэн юм шиг л мэдрэмж төрүүлж байлаа.

Ур хийц чамин Прага цайзыг үзчихээд зам уруудан явж байтал чөргөр биетэй өсвөр насны хүү тараах хуудас өгөв. Хаана ч л байдаг өнөөх хэрэггүй сурталчилгаа, шинэ нээгдсэн дэлгүүрийн зар болов уу гэтэл өнөө орой тоглогдох дуурийн танилцуулга байлаа. Сонирхогчийн түвшинд сардаа нэг удаа ч болов сонгодог урлагаар урт амьсгаа авах дуртай учир гараа сунгаад л таатайяа авав. Тэгтэл цааш, бараг л хэдхэн алхмын зайтай өөр баллет, өөр дуурь, өөр үзэсгэлэнд урих хүмүүстэй тааралдсаар нэг л мэдэхэд алийг нь үзэх вэ гэж удаан бодохоор олон өнгийн танилцуулгууд гараар минь дүүрчихсэн байлаа.

Прага жинхэнэ утгаараа сонгодог урлагийн хот юм. Бараг л үдэш бүр Баxx, Бетховэн, Моцарт, Махлер, Хаеднуудын гайхамшигтай симфониуд уран удирдаачдын гараар тэнд амилна. Төгөлдөр хуурын даралт бүрээс уян яруу сэтгэл эгшиглэж, хийл хөгжмийн хөнгөхөн хөг танхилхан хөгжимчний цагаахан гараар амилж, ая эгшгийн охь тэнгэр сэтгэл гижигдэн зүрх булиглуулна. Хүнд авьяас бурхнаас заяагддаг гэдэгт би бат итгэдэг. Хүний сэтгэлийг хөдөлгөж, тэртээд өнгөрсөн бүтээгүй нэгэн дурлалаа санаад шимширтэл, бүлээн сүүгээрээ өсгөж бойжуулсан эхийгээ аргагуй санаад уйлтал, заримдаа юу ч үгүй хов хоосон хонгил болчихсон мэт мэдрэмж төрүүлэх гайхалтай тэр бүтээлүүдийг бидэнд бэлэглэсэн бурханы адист авьяастанууддаа мэхийн ёслоё. Энэ л авьяастнууд Прага хотод шөнө бүр “сэрж”, өглөө бүр замхран оддог юм билээ. Ер нь Чех улсын ард түмэн нь сонгодог урлагтаа их ээлтэй. Тоглолтуудын тасалбрыг сарын өмнөөс захиалчихаад, гэр бүл, найз нөхдөөрөө очиж, шимтэн сонирхдог тухай би найзаасаа дуулсан юм.

Би цааш алхсаар 621 метрийн урттай Влтава голын дээгүүр сүндэрлэх Чарлез чулуун гүүрнээ ирлээ. Энэхүү гүүрийг анх 1357 онд IV Чарлез хааны үед барьж эхэлсэн бөгөөд, XV зууны эхэнд дуусгаж байсан түүхтэй. Прага цайз болон Old town-уудыг холбосон энэхүү чулуун гүүр анх Stone Bridge (Prague Bridge) хэмээгдэж байсан боловч 1870-аад оноос Charles Bridge хэмээн албан ёсоор нэрлэгдэсээр өдийг хүрчээ. Баригдсан цагаасаа хойш түүхэн үйл явдлуудын гэрч, зарим тохиолдолд золиос нь ч болсоор ирсэн баялаг өнгөрсөнтэй энэ гүүр олон дурлалт хосын сэтгэлийн үгсийг ч хадгалж буй мэт санагдав. Учир нь би энүүхэн хооронд гал халуун хайрандаа шатаж яваа залуухан хосууд гар гараасаа хөтлөөд энэ л гүүрэн дээр хайрын нандин үгсээ ярилцаж суугаатай их таарсан. Сайхан нь, энэ хотод хосууд юуны ч юм тухай юм ам хуурайгүй яриад байлгүйгээр, зүгээр л гар гарнаасаа атгаад бие биенээ удаан гэгч нь ширтэнэ, газар суугаад жижигхэн бялуу хувааж идээд учиргүй их инээлдэнэ...

Аз жаргал, хайр дурлалаар дүүрэн. Үүнтэй адил жуулчид бас дүүрэн. Гудамжны арт, гудамжны үзүүлбэрүүд, бяцхан бэлэг дурсгалын худалдаа дүүрэн. Донжтойхон тавьсан хөх малгай, улаан торгомсог ороолттой, нарийхан угалзсан сахалтай гудамжны этгээд зураач оддын дүрийг алиа хошноор зурснаа дэлгэн тавиад, таны царай зүсийг ч бас зурган дээр амилуулаад өгье гэсэн шиг урин дуудан инээмсэглэж буй нь нүдэнд тусч байв. Гэхдээ надад хөргөө зуруулах хүсэл байсангүй, үдийн хоолондоо явхаар шийдлээ.

Ямарваа оронд очихдоо тухайн улсын үндэсний хоолыг нь амталж үзэхгүй байна гэдэг харамсалтай. Тиймээс нутгийнхны ам сайтай байдаг Гульяш (Gulash) ийг амталж үзэхээр шийдэв. Чех улс Европын жишгээр зоог барих тогтсон дараалалтай. Тухайн хоолны төрөл, үнэ зэргээс шалтгаалан 2 болон түүнээс дээш дараалалтай байх бөгөөд хоолны өмнө шөл (талхтай), гол хоол (ихэвчлэн махан төрлийн зоогууд энэ хэсэгт багтана) бяслаг, амттан, дессерт гээд тухайн хоолны онцлог болон өөрийн хүсэл таашаалын дагуу сонголтоо хийж болох жишээтэй. Европ хоолыг дарсгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Гэхдээ та Чех улсад ирсэн л бол Чех пиво уулгуй явна гэдэг нөгөө л усыг нь уувал ёсыг нь дагана гээчийг зөрчсөн хэрэг болно. Чех улс пивоныхоо чанар амтаар дэлхийд алдартай, үйлдвэрлэлт нэрэлтээрээ баялаг түүх уламжлалтай гэдгийг хэн бүхэн андахгүй биз ээ. Ялангуяа Pilsner, Urquell-ийг мэдэхгүй хүн ч бараг байхгүй байх. Тэгвэл эдгээр алдарт шаргал хөөсөрсөн зөөлөн пиво-д “Light” ‘’Tap’’, ‘’Lager’’, ‘’Special (premium)’’ хэмээх зэрэглэлтэй. Нэг сонирхол татсан зүйл нь, жил бүрийн таван сард Прага хотноо 17 хоногийн турш ‘’Czech Beer Festival’’ болдог бөгөөд уг фестивалд оролцогчид 120-иод нэр төрлийн пиво (нийтдээ 70 Чех бренд, үлдсэн нь бусад орнуудын нэрийн пиво) амсах боломжтой байдаг юм байна. 10 мянгаад хүн хүлээн авах чадвартай уг фестивалд үндэснийхээ хувцасаар гоёсон 200-гаад охид залуучууд үйлчилдэг ба тусгай Толар нэртэй зоосоор уг 17 хоногийн турш уух зүйл худалдан авах боломжтой байдаг аж. 21 нас дөнгөж хүрсэн залуучуудаас эхлээд пивоны цодгор гүзээгээ дааж ядан ханхалзах ах нар, сонирхогчийн зорилготой жуулчид хүртэлх мянга мянган эрчүүд энэ л фестивалыг зорин зорин Праг хотноо айлчилдаг билээ.

“Charles Bridge”-ээс уруудаад нарийхан гудмаар яван явсаар Влтава голын эрэг дээр хүрлээ. Эргийн хажууд бяцхаан кафе, гаднаа хэд хэдэн цагаан сандалтай том ширээн дээр ганцхан ягаан сарнайг жижигхэн вааранд хийгээд голд нь тавьсан харагдана. Ойр орчимд хүн бараг байхгүй, цөөн хэдэн оршин суугч холхихоос цаашгүй. Өдөржингөө энэ хотод нүд алдсан ч, тэндээс л би жинхэнэ Прагийн гоо үзэсгэлэнг олж харсан. Нарны улбар туяа голын эрэг дээр долгилон буй нь жаргах дөхснийг илтгэнэ. Тав зургаан нугас голын урсгалыг даган бас сөрөн цааш, нааш зугаална. Европийн их л бүлээхэн салхи хацрыг минь илбээд л. Прага хотын улбар шар дээвэр зонхилсон барилгууд, байсгээд л хүнгэнэх жижиг усан онгоцны чимээ, Чарлезийн гүүрнээс энд хүртэл сонсогдох сайн дурын хөгжимчдийн нэр нь үл мэдэгдэх баясгалантай аяз, хажуугийн кафены эздийн учиргүй хөөрөлдөх учир нь олдохгүй чех яриа...Энгийн ардын өдөр тутмын амьдрал, цаг хугацаанаас ангид аваачих амгалан орчин, энэ л Прага хотын хамгийн үзэсгэлэнтэй дүр төрх.

Прага хот, 2013 он.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Э.Батчимэг
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(804)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com