ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Э.Цэрэндолгор: Тэр хоосон нь л намайг дүүрэн болгож байсан байхгүй юу

Одууд  | 2013 / 05 / 26

“Би өвлийн ганц л гадуур хувцастай байснаа алдчихав. Урт, хөнгөн, дулаахан, хэлбэртэй гээд өөрөө хачин их дуртай хувцасаа хулгайд алдчихлаа...Авсан хүнд нь аз жаргал авч ирэг харин намайг жаахан шинэ юм өмс гэж хэн нэгэн хүчтэй ойлгууллаа гэж сэтгэж сууна. 2012.12.24”

Э.Цэрэндолгор: Тэр хоосон нь л намайг дүүрэн болгож байсан байхгүй юу

Энэ бол сэтгүүлч хүний сониуч занг минь анх өөртөө татсан түүний богинохон бичвэр. Өнгөнд тэгтлээ дурладаггүйн дээр, аливааг эерэг талаас нь харахыг хичээдэг ба хамгийн гол нь их л энгийн нэгэн юмдаа гэж санагдсан. Их л энгийн бүхний цаана эгэлгүй сайхан оршдог гэж боддог. Бичсэн зүйлсийг нь уншвал заримдаа сүрдмээр хүчтэй атлаа, түүнд нүүр дүүрэн инээгээгүй зураг тун цөөхөн. Гэхдээ тэр инээд зурган дээр сайхан гарахын тулд хүчилсэн хуурамч инээд биш, байгаа орон зайндаа тайван, жаргалтай байгаагийн их л цэлмэг инээд. Ярилцлага дунд маань ч бас (инээв) гэдэг үг олон байгааг та анзаарна аа.

Та Facebook дээр их идэвхтэй байдаг харагддаг. Бас хүмүүс таныг найз болох хүсэлтийг нь хүлээж авсанд их л баярладаг юм шиг байгаа юм. Facebook-ийн найзын хүсэлтийг та шууд л авчихдаг уу?
Урьд нь бол би ирсэн хүсэлтүүдийг шууд авчихдаг байсан. Гэвч сүүлийн үед би Мүүний тухай ч юмуу, ер нь тийм хурц шүүмжилсэн зүйлс бичээд ирсэн чинь хүмүүсээс заналхийлсэн, дайрч доромжилсон зүйлс их ирэх болсон л доо. Би сайн мэдэхгүй байсан чинь миний Facebook-ийн найзуудын ихэнх нь мүүний гаж урсгалтай холбоотой хүмүүс байсан юм байна лээ. Тэгээд сүүлийн үед би хүмүүсийн хүсэлтийг шууд хүлээж авахаа больсон. Намайг зүгээр дагаж болно. Хүссэн хүн болгон нь дагаж болно.

Гоо сайхандаа анхаарахын тулд хүмүүсийн хийдэг нийтлэг зүйлсээс танд аль нь хамгийн утгагүй санагддаг нь аль нь вэ?
Гоё бүсгүй гэдгийг кино, зурагтаар харсанаараа тийм нэг стандарт тогтоогоод байна л даа. Солонгос хүүхнүүдийг их дуурайх юм аа. Харин ч монгол бүсгүйчүүд маань солонгос эмэгтэйчүүдийг бодвол хамаагүй царайлаг ш дээ. Гэхдээ би сайн сайхан байхыг нь үгүйсгээд байгаа юм биш шүү. Тордох хэрэгтэй, арчлах хэрэгтэй, зөв. Монголд ялангуяа сайн арчлах хэрэгтэй л дээ, их хуурай эрс тэс уур амьсгалтай шүү дээ. Би л гэхэд нэг шөнө нойргүй хоноход л арьс маань юм хүлээж авах чадалгүй болоод л ирдэг. Харин 20-той 30-тай бүсгүйчүүд цаанаасаа л эрч хүчтэй, залуу насны гоо үзэсгэлэн нь гэрэлтсэн сайхан харагддаг. Үүнийгээ л мэдэрч ойлгоод явахад уг нь хангалттай.

Та бурхан шашинд нэг их сүсэггүй санагдсан. Юуг шүтэж амьдардаг вэ?
Хүмүүсийн ойлголцол бас хайр. Хэл, соёл, шашины ямар ч ялгаагүй бүх хүнд сайн сайхнаар үйлчилж чаддаг зүйл бол хайр шүү дээ. Хайр гэдэг чинь их том зүйл зүгээр нэг найз залуу найз бүсгүй гэсэн асуудал биш, өргөн хүрээтэй ойлголт. Хайрыг бага мэдэрсэн хүн л аливаа зүйлд их холбиромтгой, хальтрамтгай байх шиг ажиглагдаад байдаг юм. Бас хүмүүс урьдчилсан дүгнэлт их хийх юм. Тухайн хүнийг таниагүй, мэдээгүй хэрнээ сонин, хачин гээд л ярьдаг. Энэ их буруу. Миний найзуудын дунд ч бас тийм юм байдаг. Гэхдээ надаас бол тийм юм барагтай бол олж сонсохгүй шүү. Хүнийг бүрэн танина гэдэгт бас би их эргэлзээтэй л дээ. Зүгээр нэг бага зэрэг багцаалддаг л юм шиг байгаа юм. Би бол хүний үйлдлийг л хардаг. Хичнээн сайхан уйлтал, дуултал ярьчихаад л шал өөр юм хийгээд явдаг хүмүүс бас олон байна аа.

Та өөрийгөө зоригтой гэж хэлэх үү?
Би ер нь аливаа асуудал дээр айж хулганаад байдаггүй. Шийдээд хийх ёстой гэсэн зүйлээ хийгээд л явдаг. Надад ямар нэг санал тавьхад би за бодъё гэж барагтай л хэлдэггүй. Танай саналыг ч гэсэн би шууд л зөвшөөрсөн шүү дээ. За би бодъё гээгүй \инээв\ Энийг зориг гэж хэлэх бол би зоригтой байж болох юм. Гэхдээ энэ бол хүн бүрт байх ёстой чанар гэж би ойлгодог болохоор өөрийгөө бусдаас илүү гарсан зоригтой баатарлаг гэж бодохгүй л байна.

Эмэгтэй хүний хувьд ямар зүйл дээр зөөлөн хүлээцтэй, ямар зүйл дээр шулуун зоригтой байх хэрэгтэй юм бол оо?
Хүмүүс надаас их тусламж хүсч ирдэг л дээ. Миний чадах, чадахгүй бас надад огт хамаагүй нь ч байна. Урьд нь би тэр болгонд аль болох гар бие оролцоод явахыг боддог байсан. Харин одоо бас тийм байдал нь багасчихаж л дээ. Тэгэхээр сэтгэлээсээ хийсэн зүйл маань зориг гэж харагдах үгүйг сайн мэдэхгүй юм. Би ер нь аливаа асуудлыг шууд л шийддэг. За ингэж болох юм байна ш дээ, өө тэгье тэгье гээд л шийднэ. Би багаасаа л удаан боддоггүй, болно эсвэл болохгүй л гэдэг хүүхэд байсан. Тэгэхээр хүний унаган зангаас л шалтгаалдаг байгаа юм. Хувь хүний характер ерөөсөө өөрчлөгдөхгүй л дээ.

Та ямар нэг цуглуулгатай юу?
Өө олон олон. Марк, захидал, номын цуглуулгууд байна аа. Ер нь эмэгтэй хүний косметкоос бусдыг нь цуглуулсан байна даа. (Инээв)

Та ямар мэргэжилтэй вэ?
Зураач. Гэхдээ хүмүүс сонсоод нэг их уран бүтээл хийдэг гэж боддог юм шиг байна лээ. Тийм биш л дээ. Зурахаасаа илүү авах нь амар болохоор аваад л явж байна даа. \инээв\

Та урт үстэй байсан уу ер нь?
Байсан гэхдээ нилээд хэдэн жилийн өмнө. Мөр давсан урт үстэй байлаа.

Хэзээнээс ийм халимаг болгов?
5 жилийн өмнөөс ийм болгосон. Би чинь тэгэж өөртөө их цаг гаргаад байдаггүй болохоор бас өтгөн үстэй болохоор урт байхаар таалагддагүй, энэ нь амар байдаг юм. Угаагаал нэг хоёр илчихэд энэ хэвэндээ орчихдог. Арчилахад амар гэх үү дээ. (Инээв)

Та гэрийн ажилд хэр вэ?
Өө би сайн. Манай гэр их цэгцтэй байдаг. Нэг цэвэрлэхээрээ маш сайн цэвэрлэдэг. Булан тохой гэлтгүй шороогий нь гаргадаг даа. Гэхдээ гэрийн сайн эзэгтэй байж чадахгүй л байна. Ажилдаа түүртээд бас сайн хийж чадахгүй л байна. Яг суугаад хоол хийвэл би хэнд ч таалагдахаар амттай сайхан хоол хийж чадна. Урьд нь би гэртээ их хүн цуглуулдаг, цуглуулах дуртай байсан. Харин одоо тийм биш болоод байна л даа. Гэртээ хүмүүс урина, дайлна гэдэг чинь энэ их ажлын хажуугаар дийлдэшгүй ажил болчихоод байна л даа.

Та гэр бүлийн хүнтэйгээ анх яаж танилцаж байв, 1992 онд байх тэ?
Тийн. 1992 онд Рик Монголд дугуйтай ирсэн юм. Тэр үед чинь аятайхан хоол идчих ресторан “Улаанбаатар”-аас өөр байгаагүй. Тэгээд би нэг Итали найзтайгаа “Улаанбаатар”-ын ресторанд хоол идэхээр орсон чинь 300 гаран хүний суудалтай тэр газарт хоёрхон ширээ хүнгүй үлдсэн байсны нэг дээр Рик сууж байсан юм. Тэгээд нэг ширээнд суугаад л танилцаж байлаа.

Таныг анх юугаараа татаж байв?
Аан Рикийн хажууд нэг Швейцарь эр, манай найз, Итали залуу гээд бид дөрвүүлээ байсан. Тэд нар их онгироо. Явсан үзсэн газраа уралдаж яриад л, бие биедээ гайхуулаад л. Харин Рик тэр дунд чимээгүй л суугаад байсан. Би тэгээд Рикийг юу хийдэг талаар асуулаа. Тэгсэн чинь дэлхийг тойроод унадаг дугуйн аялал хийж яваа гээд. Унадаг дугуйгаар аа гээд л би гайхаад. Бүүр дэлхийг тойроод унадаг дугуйн аялал хийж яваа хэрнээ тэрийгээ ерөөсөө ярихгүй , чимээгүй бусдыг сонсоод л. Тийм нэг гүнзгий, хүчтэй зан чанар нь анх надад их сэтгэгдэл төрүүлж байсан юм. Нөгөө хоёр нь бол Рикийн хажууд жижигхээн аялал хийж яваагаа их л сайрхаж ярьж байсан даа.

Танд хамгийн их таалагддаг, хүндэлмээр сэтгэгдэл төрүүлдэг түүний зан юу вэ?
Ямар ч үед надад илүү боломж олгодог. Бас хүүхдүүддээ маш их халамжтай. Би тэгэхээр нэг талаасаа за Рик тэгчих байх гээд найдаж чаддаг. Гэр бүлийн асуудлууд дээр надад их хөнгөн байдаг л даа. Намайг бодвол цаг төлөвлөлт маш сайн. За чи ажлаа амжуул гээд л надад их цаг олгодог. Цагийн тэгш хуваарилалт гэхээсээ илүү надад илүү боломжийг олгодог болохоор би ажлаа амар тайван хийж чаддаг. Тэгээд би гараад явахаараа орохоо мэдэхээ байчихдаг л даа. (Инээв)

Таныг Риктэй гэрлэх гэж байх үед монгол бүсгүйчүүд маань гадныхантай ханилах нь хэр их байсан бэ?
Ил биш болохоос ер нь байсан шүү. 20 жилийн өмнө шүү дээ энэ чинь. Олны нүдэн дээр ил над шиг гудамжаар хөтлөлцөөд яваагүй ч гэсэн байсаан байсан.

Тэр үед гадны хүнтэй гэр бүл зохиох гэхдээ сэтгэлгээний айдас , хаалт, эсэргүүцэл ч юмуу байсан уу?
Надад өөрт бол тийм юм байгаагүй. Би ер нь их глобал талдаа хүн юм шиг байгаа юм. Найз нөхдийн хандлага, ээжийн хандлага, эргэн тойрны маань хүмүүсийн “яах гэсийн, гадныхан чинь хүмүүсийг ашигладаг гэнэ лээ дэмий” гэдэг ярианууд их л байсан. Тэр нь надад их төвөгтэй санагддаг байсан. Ойр дотны хүмүүс сэтгэл санаанд их нөлөөлнө л дөө. Би өөрөө бас эхэндээ ичдэг байлаа. Хүмүүс шууд л долларын охин, яагаад гадныхантай яваад байгаа юм гээд л буруутгадаг байлаа ш дээ. Бас би тэр үед хүнтэй суугаагүй хүүхэдтэй байсан болохоор хүмүүс одоо намайг улам муу хэлнэ дээ гэсэн түгшүүр бага зэрэг байсан. Гэхдээ би тэр болгоныг авч хэлэлцээгүй ч хамгийн хэцүү нь ээжийн минь хандлага байсан. Ээж маань тийм ч дуртай байгаагүй. Магадгүй Рик муу хүн байж таараад, зоддог дарамталдаг ч юм уу хэцүү байсан ч гэсэн миний өөрийн л сонголт байсан болохоор хариуцлагаа мэдээж өөрөө л хүлээнэ шүү дээ. Аз болж тийм биш байлаа л даа.

Түүний танд өгч байсан хамгийн сайхан бэлэг юу вэ?
Өө нэг их бэлэг өгөөд байдаггүй ш дээ. Хүмүүс шиг цэцэг энэ тэр барьж ирээд романтиклаад байхгүй л дээ. Би ер нь цэцгэнд дургүй. Ургамалд бол мэдээж дуртай гэхдээ таслаад аваад ирэх нь муухай санагддаг. Маргааш нь л үхчихнэ. Тэрнийг дагаад би үхчих гээд байдаг байхгүй юу. Ээ гээд л. (Nнээв) Тэгээд би цэцэг авахгүй гэдэг өгвөл тасалгааны цэцэг авчраарай л гэнэ. Баяраар хамт гараад бие биедээ бэлэг авч өгөхийн хувьд бол өгнө өө.

Таныг хараад байхад ямар нэг юманд хязгаарлагдаж хоригдохыг хүсдэггүй юм шиг санагддаг л даа. Гэхдээ заримдаа хэтэрхий эрх чөлөөтэй байснаас ямар нэг зүйлээр хязгаарлагдаж, хэн нэгнээр хориулах нь бүсгүй хүнд сайхан мэдрэмж төрүүлдэг ш дээ. Тийм зүйл байдаг уу?
Үгүй. Заримдаа нөхөр маань миний өмнөөс буруу зөвийг нь ялгаад өгөх бол зүгээр сайхан л байдаг. Гэхдээ хийх гэж байгаа юмыг маань хориод байвал хэцүү. Би хоригдох ч үгүй. Би ер нь тийм амар хүн биш л дээ. Гэхдээ юм болгонд дураараа байна гэж юу байхав. Оюун санааны эрх чөлөө гэдэг бол миний бодлоор муухай сайхнаа шууд хэлдэг үгүй дээ л гэхэд мартаж чаддаг, болж өгвөл дарамтгүй байхыг л хэлж байна гэж ойлгодог. Хэрэггүй юмыг хүн тээх хэрэггүй.

Та дэлхийн хэдэн орноор явав?
Нэг их олон биш ээ. 40 шахам орноор л явсан. Азийн нилээн олон орноор явсан.

Анх та өөрийгөө аялах дуртайг хэзээ яаж мэдэж байв?
Анх Риктэй Австралийн говь руу 1993 онд явж байсан. Тийм гоё байдаг гэдгийг ч мэдээгүй байсан. Хов хоосон давхиад л байдаг, давхиад л. Үнэхээр сайхан санагдаж байсан. Ер нь хүмүүс ярьдаг л даа Монголд үзэх юм байхгүй хоосон давхиад л байдаг гээд. Тэр хоосон нь л намайг дүүрэн болгосон байхгүй юу. Хүн тэгээд нас явахын хэрээр л хүүхэд насаа бодоод л амьдралыг эргээд харж байгаа юм л даа. Тэгэхээр би багаасаа л аялах дуртай байсан. Хүүхэд байхад л Баянхонгор аймгийн урд нэг дүнхийсэн том хар уул байдаг байсан юм. Номгон хайрхан уул гээд. Тэр уулын цаана юу байдаг бол, гарч үзэх юмсан гээд л боддог байлаа шдээ.

Та очсон газар бүрээсээ юуг нь өөртөө авч үлддэг вэ?
Зураг л байна даа. Гэхдээ эртхэн үеийн зураг бол тэгээд алга дарам юм л байна шүү дээ. Тэр үед ямар компютер дээр хадгална гэсэн ойлголт байх биш.

Та туйлд очиж үзсэн үү?
Мөрөөдөл л болоод байна даа наадах чинь. Гэхдээ ойрын хэдэн жилдээ амжихгүй байх. Гэхдээ ямар ч байсан очиж үзнэ ээ.

Та гадаад орны Монголыг сайн мэддэгүй хүмүүст эх орноо аль талаас нь тайлбарладаг вэ? Аль талаас нь Монголыг хараасай гэж хүсдэг вэ?
Хүнээсээ л шалтгаална. Зарим бас үйл ойшоосон хүмүүс байна л даа. Тийм хүмүүст бол хичнээн тайлбарлаад ч ойлгохгүй шдээ. Намайг сонсох ч үгүй байх. Тэр болгонд хичээл заагаад явах нь ч миний үүрэг биш. Харин сонирхоод байгаа хүмүүст бол чи мэдэх үү гээд асууж байгаад хэлж өгдөг. Нилээн олон хүмүүс “аан танайхан чинь морьтой хүмүүс байдаг тэ” эсвэл Чингис хаан гээд л тэрнээс илүү цаашаа мэдэхгүй л байгаа юм л даа. Тэрнээс өөрөөр Монголыг төсөөлөх хүн байдаг юм болов уудаа. Сүүлийн үед харин уурхай энэ тэр гээд ярьдаг болж байх шиг байна. (Инээв) Ер нь бол бидний энэ нүүдэлчин амьдрал, Чингис хаан гээд эд нар чинь өөр хэнд ч байхгүй том соёл. Энэ бол өөрөө гоё. Үүнийг сайн сурталчилж таниулах нь монголчуудын маань үүрэг. Чингис хааныг сүүлийн хэдэн жилийнхийг эс тооцвол судалгаа шинжилгээ, зохиол туурьвалууд дээр зэрлэг балмад, алуурчин маягаар л гаргадаг байлаа ш дээ. Харин сүүлийн арван жилд энэ хандлага их зөөлөрч байгаа. Бид Испани гээд тэгэхээр бух сургагчийг л шууд төсөөлдөгтэй ижил Монгол гэхээр л морь унасан эрийг төсөөлж байгаа бол тэр бол гоё төсөөлөл. Заавал бид хүний гараар бүтээгдсэн зүйл үзүүлэх шаардлагагүй. Бидний байгаагаарааы унаган төрх, хэдэн зуун жилээр өөрчлөгдөөгүй тэр чанар нь байж байхад л тэд чинь өөрөө гайхуулах, бахархах, бардамнах юм байхгүй юу.

Тэгээд л та Урна Цахар Тугчид дуртай болсон уу?
Яг тэрнээс ч биш л дээ. Хөгжмийг сонсохдоо өөрийгөө чөлөөлөөд заавал үгийг нь сонсохгүйгээр аялгууг нь мэдрэх хэрэгтэй. Ер нь Урна бол дэлхий дээр язгуур урлагаа сурталчилж байгаа цорын ганц Монгол дуучин л даа. Өөр дуучид байгаа ч гэсэн тэд Урна шиг дэлхийд тайзтай болоогүй байна. Урна бол өөрөө дуу зохиодог, зохиомжилдог. Би тайзан дээр тийм энгэр задгай, гял цял хувцастай гарахгүй гэдэг. Би өөртэй нь яриад сууж байхдаа асууж байсан юм. Чи яагаад тэгдэггүй юм бэ гэсэн чинь надруу аягүй сүрхий гайхаж хараад “Тэр хүмүүс чинь миний дууг л сонсох гэж ирж байгаа шдээ, тэр хувцас ямар хамаа байдаг юм бэ?” гээд бараг намайг ичтэл хэлсэн л дээ. Үнэн, үнэн. Урна бол дуугаа хүргэх гэж байгаа болохоос бусад зүйл хамаагүй гэж үздэг. Бас хаана ч тоглосон Монгол хэлээрээ ярьдаг. Тэгэхэд хүмүүс сонсоод л суудаг нь хүмүүс заавал утгыг нь ойлгох гэсэндээ биш зүгээр л үгийг нь, хоолойг нь сонсох гэж ирдэг юм шиг байгаа юм.

Танд очиж үзээгүй тэгээд маш их очихыг хүсдэг газар гэвэл ямар газар байна?
Байна аа. Чиний сая хэлсэн туйл байна. Гэхдээ би Грийнландад очиж үзэхийг л хүсч байна. Нэг л тийм эзгүй цөл, зэлүүд онгон аглаг газар юм шиг санагдаад байдаг. Би ер нь хүний гар хүрээгүй онгон зэрлэг юманд их татагддаг шиг байгаа юм. За тэгээд явж үзэх газрын жагсаалт гаргавал аюултай юм болно л доо. (Инээв)

Танд байгалийн ямар үзэгдэл илүү гоё мэдрэмж төрүүлдэг вэ?
Янз бүр. Ер нь бүгд. Говийн угалз гоё шд. Аймар зэрлэг, гоё. Хөдөө майхантайгаа явж байхад хүмүүс салхилаад муухай байна гэдэг юм. Надад бол гадаа аймар шуурч байхад майхан дотроо суух шиг жаргал байхгүй. Би яг л өөрийнхөө тэр нэг юман дотор байгаа байхгүй юу. Хүмүүс харин үглээд эхэлдэг, өө тэгээд байх юм гээд л. Тэр сайхныг нь мэдэрч чаддаггүй, байгалийн сайхан зүйлсээс улам л хөндийрөөд холдоод байна л даа. Хөдөө очоод л цэцэгсийн дундуур, зүлгэн дээгүүр хөл нүцгэн явахад өө ёстой сайхан байдаг шд. Одоо тэгээд энэ тэнд хөл нүцгэн явъя гэхээр архины шил энээ тэрээ гээд бас хэцүү л байна л даа. Биднийг бага байхад өдөржин хөл нүцгэн гүйгээд хөл гараа зүсэлгүй л гэртээ ирдэг байсан даа.

Байгаль харахаар нэг их сайхан мэдрэмж төрдөг дөө. Таны хувьд тэр мэдрэмжтэй дүйхүйц сайхан мэдрэмж өгдөг зүйл гэвэл юу байна?
Сайхан хүн харах сайхан шд. Ээж аав хүмүүс бол үр хүүхдээ инээхийг, сайн сайхан явахыг нь харах сайхан. Ер нь зүгээр нэг уулзчихаад ахиж уулзаагүй хэрнээ дотроос тэжээгээд байдаг хүмүүс байдаг даа. Тийм хүмүүсийг бодоход сайхан байдаг. Би бас байгальд гарах их дуртай. Гав ганцаараа яваад тэр зэлүүд байгальд гараад алсыг ширтээд гөлийгөөд суух шиг, элсэн дээр халаад л хэвтэх шиг жаргал хаана ч байхгүй л дээ.

Та сая нэг уулзаад ахиж уулзмаар санагддаг хүн гэлээ шүү дээ. Тийм хүмүүс хэр олон байна?
Өө байна байна. Олон байна. Нэг их сайхан хичнээн жил сэтгэлд бүлээхэн, дулаахан, ойрхон, мөрөөдөл дагуулсан хүн байна л даа. Би ер нь их дасамтгай хүн л дээ. Тэгээд ахиад уулзмаар бол шууд л уулзъя гээд хэлдэг. Тэр яачих бол ийчих бол гэж бодоод байдаггүй. Зарим хүмүүст ойлгомжгүй байдаг шиг байгаа юм. Намайг Дүрслэх Урлагийн Дээд сургуульд сурдаг байхад Туяа, Угтаабаяр гээд хоёр багш байсан юм. Би оюутан байхдаа энэ хоёр багшаасаа их айдаг байлаа. Тэгээд тийм ч сайн оюутан байгаагүй болохоор их л цэрвэдэг байсан даа. Төгсөөд амьдралаа аваад явахын хэрээр тэр хоёрыгоо үнэлээд улам хайрладаг болсон. Би бизнес эрхлэдэг болоод зургаа орхисноосоо нэрэлхээд бас за тэгэж байгаад сайхан болоод л уулзана даа гээд л явсаар байтал хоёулаа өнгөрчихсөн дөө. Нэн ялангуяа Угтаабаяр багшдаа би ямар их талархдагаа, ямар яваагаа, ямар их хайрладагаа харуулж чадаагүйдээ их харамсдаг. Туяа багшдаа бол жаахан сэтгэлээ мэдрүүлсэн байх гэж боддог юм. Гэхдээ тэрнээс илүү дотно байх боломж байсан. Тэгэхээр уулзмаар байгаа үедээ зүгээр л уулз. Юуг нь боддог юм, юуг нь хүлээдэг юм, заавал юмтай болох гэж хүлээх хэрэг байхгүй. Зүгээр л очоод уулзах л хэрэгтэй юм билээ.

Хүмүүс гэртээ гэр бүлээрээ тайван амгалан, тав тухтай аж төрөхийг ихэвчлэн хүсдэг шүү дээ. Харин аялагч амьдрал бол зутрах үедээ зутарна ер нь л тийм тухтай байх үе цөөн байх. Үүний юу нь таныг их татдаг вэ?
Гэр бүлийн аз жаргал амар тайван байдал гэдэг бол хамгийн чухал зүйл. Ерөнхийдөө миний амьдралын хэмнэлээр бол хүмүүс дандаа дотор ажиллана, дандаа сайхан, хүссэн юмаа авна, сонсоно гэж байхгүй. Энэ их стресстэй, завгүй амьдралын хэмнэлээс гараад хөдөө очиж л тайтгардаг. Магадгүй маш их ядраад удаан хугацааны алхалт хийлээ гэж бодоход зүгээр л алхаад явж байгаа нь л өөрөө жаргал. Тэгээд л харахад би өөрийгөө хичнээн өчүүхэн, хумхын тоос юм бэ гэдгээ мэддэг. Өнөөгийн энэ Улаанбаатарын жижигхэн газраа чихэлдсэн, юм болгоныг авах гэж улайрсан амьдралаа ямар дэмий гэдгийг ухаардаг. Тэр сайхан уул усыг мэдрэхгүй, уужим тайвныг мэдрэхгүйгээр жижигхэн орчиндоо хэцүү л байна л даа. Хөдөөний байгалиас авч байгаа таашаал маань эргээд намайг хүмүүжүүлж байдаг юм. Юманд ханаж сурна, IPhone, Galaxy авахгүйгээр амьдарч чадна гэдгээ мэдэрчихсэн хүн байхгүй юу би чинь. Тэр зүйлс сайхан л даа гэхдээ тэрний төлөө би бүхнээ зориулахгүй. Тэрнээс илүү сайхан зүйл байгаа гэдгийг мэдэж байгаа учраас тэр л дээ.

Олон сайхан газраар явж, олон сайхан юм үзжээ та. Харин өөрийгөө олох аялалдаа хэр хол явсан бэ?

Бүх л аялал, бүх л газар надад ямар нэг юм өгдөг. Тэр болгоноос л би ухаажиж явдаг. Эцсийн дүндээ эх орноо гэх сэтгэл л хамгийн ихээр мэдрэгддэг. Энэ сайхан байгаль, ёс заншил, өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн газар нутгийг ямар хүмүүс нь харийн хүмүүст өгөөд, лиценз олгоод байдаг юм байгаа юм. Мэдэхгүй, мэдрээгүй л байна л даа.

Бүх зочдоосоо асуудаг манай уламжлалт асуулт байдаг л даа. Таны мөрөөдөл юу вэ?
Өө олон мөрөөдөл байна өө. Гэхдээ эх орондоо эзэн шиг нь амьдрах л хамгийн том мөрөөдөл минь юм даа. Үр хүүхдүүд маань гадаа айх аюулгүй тоглож, хэнээс ч хараат бус шударга шүүх засаглалтай, дэлхийн хаана ч явсан Монгол хүнээ хамгаалах төр засагтай, хүссэн үедээ байгаль дээрээ гараад сайхан бүхнийг мэдэрч чаддаг л баймаар байна. Хувь хүний хүсэл мөрөөдөл бол үүний хажууд дэндүү өчүүхэн л дээ. Бид нар чинь хоёр сая найман зуугуулаа л шүү дээ. Их цөөхүүлээ. Ийм цөөхөн хүмүүсийг аятайхан аваад явж чадахгүй бол төр засаг үнэндээ хайран л байна л даа. Танайхыг цаашдаа өөрийнхөө шинж чанараа хадгалсан, аливааг өөрийн гэсэн өнцгөөс хардаг бүсгүйчүүдээс ярилцлага аваарай гэж хүсэх байна. Бусдад л таалагдах гэж хичээсэн, өөрийн гэсэн бодолгүй ам дагуулсан яриа бол яриа биш шүү дээ. (Инээв)

Аль нэгийг нь-Гоолингоо сонголт:
Бөмбөр үү хийл үү? -Хийл.
Тагтаа байхыг хүсэх үү, хун байхыг хүсэх үү? –Тагтаа.
Хүсч байгаа зүйлээ авах уу, эсвэл хэрэгтэй зүйлээ авах уу? – Хүсч байгаа зүйл.
Говь уу, ой юу? –Говь.
Мандаж буй эсвэл жаргаж буй нарын алийг нь...? – Мандаж байгаа нар.
Мориор давхих уу, усанд сэлэх үү? Усанд сэлж чадахгүй шд. Тийм болохоор мориор давхих. (Инээв)
Гадагшаа юу, дотогшоо юу? – Гадагшаа.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Bojunaa
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(852)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com