ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Итгэлээ өвөртлөөд “нислээ” /Сиднейд очсон тэмдэглэл/

Мэдээлэл  | 2013 / 05 / 24

Хувь хүн бусдад дараа болохгүй, өөрөө өөрийгөө авч явах чадвартай байх нь эх орондоо оруулж буй хамгийн том хувь нэмэр гэж би боддог. Эхлээд өөрийгөө засаад авбал дараа нь өөр том зорилгоо биелүүлэхэд ч ойрхон.

Итгэлээ өвөртлөөд “нислээ” /Сиднейд очсон тэмдэглэл/

Тиймдээ ч би өөрийгөө илүү их боловсруулж, хөгжүүлэхийн тулд далайн чинадад мэдлэг боловсрол эзэмшээд эргээд эх орондоо ирж ихийг бүтээнэ гэж зоридог байлаа. Харин одоо энэ хүсэл минь биелэх мөч хаяанд ирчихсэн тээшээ бэлдэн сууж байна.

Явах бэлтгэлээ эртнээс базаасан хэдий ч яг цаг нь тулаад ирэхээр мартсан зүйлс, хүний захиас, ачаа барааг бэлтгэх гээд багагүй ажилд дарагдав. Гэрийнхэнтэйгээ ч тухтай цагийг өнгөрөөж чадалгүй шөнөжин бэлтгэлээ базаасаар монголоос гарах шөнөө бараг л нойргүй хонолоо. Шөнө дунд хоромхон зуур өнгөрч алс холын Австрали тивээс эрдэм өвөртлөхөөр өглөөний 6 цагт гэрээсээ гарлаа. Сэтгэл яагаад ч юм нэг л тогтуун, юунд ч догдолж яарсангүй. Магадгүй эртнээс өөрийн сэтгэлээ бэлдчихсэн ингээд явах өдөр нэг мэдэхэд ирнэ дээ гэдгийг мэдэж байсан болохоор тэр биз. Харин ээжийнхээ сэтгэлийг үймрүүлэхгүй гэсэндээ онгоцны буудал яваад хэрэггүй гэж ятгав. Тэр нь ч зөв болсон юм. Угаас гэрээс гаргаж өгөх, тэндээс намайг даллаад оруулахын ялгаа юу яахав.

Онгоцны буудал дээр очих үед зарим нөхөд маань надаас түрүүлээд ирчихсэн, хаана явж байна гээд залгаж байх юм. Ангийн нөхөд, багийн найзууд, ажлын хамт олон гээд 20 гаруй хүмүүс намайг холын аянд мордуулахаар ирсэн байлаа. Тэр үед би өөрийгөө ямар баян хүн юм бэ гэдгийг мэдэрсэн. Олон хүмүүсийн аз жаргалын харц, хүсэл дунд би өлгийдүүлэн байхдаа жаргалтай байлаа.

Найзуудтайгаа зургаа татуулж, тэднийхээ захиасыг сонсож байх зуур цаг урсах мэт өнгөрч нэг л мэдэхэд хүлээлгийн танхимд орох цаг болжээ. Намайг гэх олон хүмүүс гар далласаар харин би тэднийхээ итгэлийг өвөртөлсөөр цааш явж орлоо.

Онгоцонд суухаасаа өмнө амжиж найзууддаа баярлалаа гэж хэлэхээр утас цохин хүлээлгийн танхимд хэдэн хором суув. Удалгүй Улаанбаатраас-Инчеон орох чиглэлийн онгоц хөөрөхөд бэлэн болсныг зарласнаар анх удаа би эх орноосоо өөр газар хөл тавихаар явлаа. Хүсэл мөрөөдөл минь дүүрэн байгаа болохоор, хүрэх алсыг чиглэн зоригтойгоор алхаж байгаа минь энэ.

Онгоцонд анх удаа сууж байгаа миний хувьд цонхон талд суунгаа өндөр дээрээс эх дэлхийг тольдон байхад сонин содон, сайхан байлаа. Мөн тэр өдөр манай улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид Зүүн Азийн аварга шалгаруулах III наадамд оролцохоор явж байгаатай нь дайралдав. Цагаан хөх өнгийн бэлтгэлийн хослолоор жигдэрсэн манай улсын тамирчин залуус сүрдэм сайхан харагдана. Өмсгөл дээрх “Монгол” хэмээн босоо бичгээр бичсэн байгаа нь тэднийг улам ч сайхан харагдуулж байв. Нислэг ойролцоогоор 2 цаг 30 минут үргэлжилж Инчеон олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Сидней хүрэхийн тулд энд 6 цаг орчим хүлээж дараагийн нислэгтээ сууна. Нэгэнт цаг болоогүй тул яаралгүй тухтай ирсэн орчинтойгоо танилцахаар шийдэв.

Бараг 10 алхмын зайтай бие засах газар байгаа нь их сонин санагдсан. Тэгээд бүгд их цэвэрхэн, тухтай. Миний ажигласнаар тус онгоцны буудал бараг 100 гаруй дамжих хаалгатай байсан. Нүсэр том байгууламж хэрнээ хаяг, гарцыг сайн байрлуулсан учраас төөрөх, будилах гэсэн айдас огт байхгүй. Нисэх онгоцны буудал гэхээсээ илүү томоохон үйлчилгээний төв, үндэсний өв соёлоо олон улсад сурталчлан таниулах зорилготой байгууллага гэмээр санагдаж байлаа. Арга ч үгүй биз. Өдөрт хэдэн мянган гадаадын болон дотоодын үйлчлүүлэгчид энэ буудлаар дамжин өнгөрч байгаа юм чинь.

Зарим дэлгүүрүүдэд нь ардын урлагаа таниулан сурталчлах зорилготой бичил урлагийн үзүүлбэр тоглогдож байх юм. Дэлгүүр хоршоо, ресторан, зоогийн газар, буудал, амралтын өрөө гэх мэт хүнд хэрэгтэй бүхий л үйлчилгээг нэгэн дор төвлөрүүлж чадсан нь дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлаар удаа дараа шалгарахад хүргэсэн биз. Дээр нь нэмж хэлэхэд эндхийн үйлчилгээний ажилчид бүгд шахуу англиар ярина. Татваргүй барааны дэлгүүрээр ирсэн зочид их үйлчлүүлдэг бололтой. Бүх дэлгүүрүүд их үйлчлүүлэгчтэй байгаа харагдана. Бараа авсан, аваагүй ялгаагүй худалдагч нар нь үйлчлүүлэгч нартай чин сэтгэлээсээ харьцаж, бөхөлзөж байгааг нь харахад ажлаа үнэнчээр хийдэг, өөрийнхөө ажлыг мэддэг хүмүүс юм аа гэж бодогдож байлаа. Үүнээс харахад тус онгоцны буудал дэлхийн шилдгээр шалгарахад нэг үйлчлэгч, худалдагчаас эхлээд дээд удирдлагын ажилтан хүртэл цөмөөрөө хариуцлагатайгаар ажлаа хийдгийн үр дүн юм байна гэсэн бодол төрсөн.

Түрүүхэн л тайван байсан миний сэтгэл Инчеон-Сидней чиглэлийн цаг дөхөх тусам улам догдолж байлаа. Юунд ч юм нэг л яарч хургаад хурдхан үсрээд орчихмоор санагдаад тогтож сууж чадсангүй. Хүсэхээр хясна гэгчээр нислэг 20 минутаар хойшиллоо гэхэд бүр ч холын юм шиг санагдана.

Сидней чиглэлийн онгоц өмнө сууж ирсэн онгоцноос арай том бас суудал нь илүү тухтай байлаа.Бүдэг ногоон өнгийн хувцастай солонгос үйлчлэгч нар байнга инээмсэглэн ийш тийш холхин зорчигч нарт тусламж хүргэнэ. Онгоцны буудал дээр харсан ердийн солонгос эмэгтэйчүүлээс эдгээр үйлчлэгч нар мэдээж илүү царайлаг. Гэхдээ манай монгол бүсгүйчүүл бүр ч илүү үзэсгэлэнтэй гэдэг нь ажиглагдсан. Харин үйлчилгээний хувьд их түргэн шуурхай. Хүнтэй байнга инээмсэглэж харьцана. Тэд дор хаяж хятад, англи хэлээр чөлөөтэй ярина. Үйлчлүүлэгчид ямар нэг асуудал тулгарвал заавал бүрэн шийдвэрлэж өгнө. Зарим үед бүр өвдгөө нугалан доош сууж байгаад үйлчлүүлэгтэйгээ ярилцаж байгаа нь харагдсан.Тэд сэтгэл ханамжийг дээд зэргээр байлгаж чаддаг болохоор зорчигчид ч Кореэн-Эйрээр үйлчлүүлэх дуртай байдаг биз.

Миний яг хажуугийн суудалд монгол эмэгтэй сууж явсан нь олон цагийн турш бие биедээ түшигтэй байлаа. Замдаа хүсэл зорилгоо ярилцан бас болоогүй биднээс монголын маань утаа үнэртэх байх даа гэх мэтээр бие биенийгээ цаашлуулсаар 10 цагийг ардаа үдэн Сиднейд ирлээ.

Эртнээс холбогдон тосуулахаар төлөвлөсөн танил маань хэлсэн амандаа хүрэн даргадаа зэмлүүлэхийг ч умартан өглөөний ажлаа таслаад аль хэдийн ирчихсэн намайг хүлээж байлаа. Монгол хүний сэтгэл ийм уужим юм. Тэрээр аян замын мэнд эрэн бид монгол ёсоор гар барин мэндэллээ.

Санаа зовоод байсан утааны үнэр энд удсан монголчуудад харин ч танил дотно сайхан санагддаг гэнэ. Өвөл ирж байгаа хүмүүсээс Монголын минь үнэр бүр их үнэртдэг. Чи харин ч гайгүй дулаан үеэр ирж байна гэдэг байгаа. Эх нутгаасаа хол олон жил болсон элэг нэгт монголчуудад маань бидний ад үзээд байдаг утаа нь хүртэл сайхан үнэртдэг гэнэ. Хүний өсөж төрсөн нутаг үргэлж сэтгэлээс уяатай байдаг болохоор тэр биз ээ.

Үргэлжлэл бий...
1. Хол зайтай ч хоёулаа хүсэл тээн нисэж байгаа онгоц
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Iris
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(693)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com