ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: Чиний бөөн бөөн дурсамжийг сэдрээдэг үнэр юу вэ?

Чөлөөт цаг  | 2013 / 04 / 18

Хаяад явчихсан залуугийн хүрэмний үнэр, хайрлаад үүрд үлдсэн түүний минь эршүүд үнэр, тээр нэгэн жил “Гэрт бие засаад болохгүй байна” гээд ээжийн хамаатныд авааччихсан жижигхэн спанелийн минь сагсгар үнэр, анх уншсан хуучин номны үнэр, арааны шүлс асгаруулах шахдаг шарсан бинтэй шөлний үнэр..

Асуулга: Чиний бөөн бөөн дурсамжийг сэдрээдэг үнэр юу вэ?

Саяхан цахим сувгаар “Хамар бол хайрын эрхтэн. Тиймээс охидууд минь, хамраа бүү засуулаарай. Хайр мэдрэхээ больчихно шүү” гэсэн сэтгэгдэл олж уншив. Нээрээ л хамар гэдэг нэг ёсондоо бидний биенд үргэлж байж байдаг бичил цаг хугацааны машин биш гэж үү? Гэхдээ ирээдүй рүү бус зөвхөн өнгөрснөөр л аялуулдаг машин л даа. Гоолингоо бүсгүйчүүд маань энэ удаа үнэртэх бүрт л өөрийн эрхгүй дурсамж руу нь бяцхан аялал хийлгээд байдаг үнэрнийхээ тухай дурсаж байна. Та ч бас тэдэнтэй нэгдээрэй!

1. Гуанзанд таараад л гутсан үнэр
Хамгийн анх би л нөгөө ангиасаа бандитай үерхэж байсан юм байна. Тэрнээс хойш ангийн охидууд зориглоод, өөр бүлгүүдээсээ үерхэж эхэлж билээ. Түүний нэрийг нь Э гэдэг, яг ямар үнэртэй ус түрхдэг байсныг нь санадаггүй ээ. Гэхдээ л анх эрэгтэй хүнээс тийм гоё үнэр үнэртэж болдог гэдэг ойлголтыг авсан болохоор одоо болтол мартдаггүй юм. 8-р анги байсан болохоор тэр үедээ үнэртэй ус биш түүнээс л үнэртдэг үнэр гэж боддог байсан гээч. Тэгсэн чинь аравдугаар ангид ордог жил намайг дээд ангийн залуу гуйгаад, би тэрэнд ядаж байхад аймар дургүй. Нэг удаа гуанзанд таараад ойрхон зогссон чинь яг түүнээс минь үнэртдэг байсан гоё үнэр үнэртдэг байгаа. Шал дургүй хүрээд, гэртээ харин харьтлаа шувтан бодож, бараг л харамлаж байгаа юм биш үү. Түүнээс хойш олон удаа тэр үнэртэй усыг түрхсэн залуустай таарсан ч гэлээ яг тэр жаахан бандиас үнэртдэг шиг гоё бол хэзээ ч санагдаж байгаагүй ээ. /24 настай, Г/

2. “Намайг дурлуулсан үнэр”
Нөхөртэйгээ болзсон анхны болзоо байсан юм байна. Хань минь тэр үед ажилд ороод удаагүй, харин би их сургуульд ороод удаагүй үе байж билээ. Анхны болзоон дээрээ манай хүн сул өмд, том цамцтай хип хоп хувцаслачихсан хэрнээ “Boss”-ын ямар нэртэй билээ, үнэртэй усыг сэнгэнэтэл нь түрхчихээд ирсэн байсан. Шууд л түүндээ дурлаж, ухаангүй татагдсанаа санаж байна. Хайрт минь гэхдээ түүнээс хойш тэр усаа дахиж ганц ч удаа түрхэж ирээгүй ч би гэдэг хүн түүндээ эргэлт буцалтгүй хайртай болчихсон байсан юм байна лээ. Сэнгэнээд өнгөрсөн тэр нэгхэн үнэрний ид шид ээ гэж.. /27 настай, Ө/

3. Зүрх ёгхийтэл оргидог мэдрэмж..
Хуучин найз залуу маань “Burberry”-гийн эрэгтэй усыг нь түрхдэг байсан юм. Харин би түүнтэй уулзахаас ч хэдэн жилийн өмнө эмэгтэйг нь түрхэж байгаад больчихсон байсан л даа. Түүнтэй танилцаад ямар үнэртэй ус түрхдэгийг нь мэддэг болсноосоо хойш үргэлж эмэгтэй усыг нь түрхчихээд хоёулаа хослоод л алхдаг байлаа. Хос хүмүүсийн бүх юм нь хос байх хэрэгтэй гээд л.. Саяхан драмын театрт тоглолт үзэх гээд танхимд нь байж байтал нэг саарал пальтотой залуу хажуугаар тойрч нэлээн хэд явсан юм. Яг түүний минь түрхдэг эрэгтэй “Burberry” мөн байна аа. Зөрөх тоолонд л зүрх ёгхийгээд гоё ч юм шиг, хурц ч юм шиг мэдрэмж төрөөд сандаргасан шүү. /21 настай, Ж/

4. “Малгайнаас нь, цамцнаас нь, сахал зулгаагчаас нь..”
Өвөөгөөс л үнэртдэг үнэр гэж байдаг даа. Хуучин эдлэлийнх юм шиг мөртлөө чамайг үргэлж хамгаалах гэж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг үнэр. Миний өвөө яг л тийм үнэртэй хүн байлаа. Малгайнаас нь, цамцнаас нь, сахал зулгаагчаас нь, түрийвчнээс нь нэг л янзын, тэр үнэр үнэртдэг. Өвөөг өнгөрснөөс нь хойш гэрт байлгах муу гээд бүх хувцас, гутлыг нь шатаахыг нь шатааж, үлдсэн сайн дээлнүүдийг нь ахад өгсөн. Түүнээс хойш өвөөгийнхөө үнэрийг би хайгаад л байснаа өөрөө ч мэдээгүй. Хааяа гадуур явж байгаад настай өвөө харах юм бол санамсаргүй юм шиг албаар ойртож очно. Өвөөгийнхөө тэр л үнэрийг хаанаас ч олохгүй байж байгаад нэг өдөр ширээний хөл янзлах гээд багажны хайрцаг онгойлгоод тэр үнэрээ олчихсон. Өвөөгийн маань олон жил эдэлж хэрэглэсэн зүйлс, хадгалж ирсэн хайрцаганд нь хүртэл үнэр нь шингэчихсэн байж билээ. /32 настай, Х/

5. Хоёр хөөрхөн хөлний үнэр!
Дүүгийн маань хөлний үнэр. Одоогийн том охиных биш л дээ. Бүүр жаахан, нялх байхад нь ээж өлгийдөж тавьчихаад гарахаар нь би өлгийг нь задлаад хөлийг нь үнэртээд л суугаад байдаг байсан. Тэгж байгаад дүүгээ сэрээгээд ээжийг орж ирэхэд нь уйлаан майлаантай хоёр амьтан сууж байна аа хэхэ. Удахгүй охиноо төрөхөөр анхилуун, хоёр хөөрхөн хөлийг нь үнэртэх гээд унтуулахгүй байх вий дээ гээд нөхөр шоолоод л байдаг юм. /26 настай, С/

6. Бороотой хүрэмний борогшсон үнэр
Зун дөнгөж эхлээд, би сүүлчийн шалгалтаа өгчихөөд явж байсан юм. Яг гурван жилийн өмнө юм байна. Бүрэнхий болж байсан ч “Одоо ингээд л амрана даа” гэж бодохоос бүр гэртээ харимаар санагддаггүй шүү. Аяархан алхаад л гудамжны зураасан дээр гишгэхгүй, зөрж гишгэж байсан чинь гэнэт ширүүн бороо асгасан. Хүмүүс гүйлдэж байсан ч би тоогоогүй ээ. Доод зураасаа хараад л явж байсан чинь бороо над дээр ерөөсөө дуслахгүй болчихгүй юу. Гайхаад дээшээ харсан чинь хардуу үстэй, нэг өндөр залуу өөрийнхөө гадуур хүрмийг миний дээр барьчихсан “Намайг аваач” гээд толгойгоо дохисон. Би ч хүрмээс нь барьсан чинь өөрөө гараа дээрээ авснаа тэр залуу гүйгээд явчихаж билээ. Одоо ч надад байдаг тэр бороотой хүрэм энэ дэлхийд байхгүй тусч, сайхан сэтгэлийн үнэртэй. Бороо орох тоолонд гүйгээд л явчихсан тэр залууг одоо хаана, юу хийж яваа болдоо гэж санагалздаг юм. /29 настай, О/

7. “Миний төрсөн өдрөөр цамцаа явуулаарай!”
Австрид ирснээсээ хойш ээжийнхээ үнэрийг л их санах болсон. Шкафыг нь онгойлгонгуут сэнхийгээд л үнэртдэг миний ээжийн үнэр. Лав үнэртэй усных нь үнэр биш ээ. Нэг тийм өөр, цаанаасаа анхилуун үнэр кк. Удахгүй төрсөн өдрөөр илгээмж явуулахад нь надад ээжийг нэг цамцнаасаа өгч явуулаарай гэж хэлнэ ээ. /35 настай, Б/

8. Дөнгөж хэвлэлтээс гарсан дэвтрийн үнэр…
Шинэ дэвтрийн хуудсын үнэрийг үнэртэх бүртээ анх сургуульд орж байсан үеэ санадаг. Ямар ч жаахан байсан юм дээ? Анх удаа л, албан ёсоор өөрийн гэсэн хувийн зүйлтэй болж, түүн дээрээ ганцхан өөрөө бичдэг болохоор дэвтрэндээ би их дуртай байж билээ. Үргэлж ах, эгчийнхээ багадсан хувцсыг өмсөж, тэдний дэвтрийн ар, өвөр нүүр дээр нь зураг сараачдаг байсан болохоор л магадгүй ийм гоёор санаанд минь үлдсэн байх аа. /29 настай, Ц/

9. Эрээн даалуу, элдэвтэй даалуу, эмээгийн даалуу!
Зун болохоор эмээтэйгээ хамт хөдөөгөөр их явдаг байсан юм. Бид улаан хамба хилэнгээр ороосон даалуугаа, элэгдээд ямар хөзөр болох нь ар талаасаа л мэдэгддэг болчихсон хөзөр хоёроо заавал авч явна. Тоглож гарна даа! Эмээ анх надад хоёуланг нь яаж тоглохыг зааж өгсөн бөгөөд сурснаасаа хойш дандаа л би хождог болчихсон юм. Хожигдчихоороо эмээ хүлээхгүй, их булзана. Хотод байнга байдаг болсноосоо хойш эмээ надад хожигдож, би хождог тоглоомоо дахиж ерөөсөө тоглоогүй юм байна шүү, бодсон чинь. Өнөөдөр ажлаа тарчихаараа гэртээ очоод эмээг сайн шалж байгаад гоё тоглоно оо. /25 настай, Н/

Харин чиний дурсамжийг сэдрээдэг сахилгагүй үнэр ямар үнэр вэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(114)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com