ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Д.Мөнхзул: Өөрийнхөө нөөц бололцоог тултал нь ашиглаад үзье л гэж бодсон

Гоо сайхан  | 2013 / 02 / 19

Ялалт бүхнээс өөрийгөө ялах хамгийн хэцүү, бас хамгийн бахархмаар. Өнөөдөр өөрийгөө ялан дийлсэн нэгэн эгэл боловч хүчирхэг, үзэсгэлэнтэй эмэгтэйтэй хийсэн ярилцлагыг хүргэх гэж байна. Түүнийг Д. Мөнхзул гэдэг. Тэрээр өнгөрсөн жилийн хугацаанд илүүдэл жингээ хасах том зорилт тавиад түүндээ хүрч чаджээ. Одоо нуруун дээрээ 50 кг ачаа үүрээд явна гэхээр аймар санагдаж байна гэх түүний илэн далангүй, элдэв маяггүй яриаг хуваалцая.

Д.Мөнхзул: Өөрийнхөө нөөц бололцоог тултал нь ашиглаад үзье л гэж бодсон

Өнөөдөр таньтай зөвхөн таны илүүдэл жингээ хаясан тухай биш, өөрийгөө хэрхэн ялан дийлсэн талаар ярилцахыг хүсэж байна. Анх өөртөө энэ том зорилтыг тавихад юу нөлөөлсөн бэ?
Би багын унаган махтай хүүхэд байсан. Ээжээс гарахдаа 4 кг 200 граммтай гарсан. Манай ээж их махлаг. Харин аав өндөр хүн. Тэгэхээр дундаас нь ямар хүн гарах нь ойлгомжтой. Өнөөдрийг хүртэл би дэглэм бариад яг 1 жил 22 өдөр болж байна. Энэ хугацаанд нийтдээ 50 кг хассан. Хааяа үлгэрийн ч юм шиг санагддаг. Урьд нь бусад шиг сайхан даашинз, юбка өмсөөд явах юмсан гэж их хүсдэг байсан л даа. Хүний харагдах байдал их чухал гэдгийг ойлгодог байсан хэрнээ л тэгсхийгээд тоохгүй орхичихдог байлаа. Би өөрөө их тайван хүн л дээ. Тиймдээ ч өөрийгөө нэг их хүчилдэггүй байсан. Арван жилд байхын л том, бүдүүн, гахай, динозавр гээд янз бүрээр хоч нэр зүүдэг байсан. Тэглээ гээд нэг их эмзэглэдэггүй байлаа. За ер нь турах хэрэгтэй дээ гэсэн бодол байгаад л байдаг байсан. Тэгээд жилийн өмнөөс зориглосон.

Тураах жор, хоолны дэглэм, фитнесс гэх мэт илүүдэл жингээ хаях олон арга байдаг. Тэдгээрээс та өөртөө алийг нь хэрэгжүүлсэн бэ? Уншигчид их сонирхож байгаа байх.
Ер нь бол турахыг хүсдэг хүн бүрийн л мэддэг бүх аргыг ашигласан. Гэхдээ мэдээж эрүүл зөв аргуудыг. Давс, сахар, цагаан гурил гэдэг гурван цагаан хорыг огт хэрэглэхээ болиод нэг жил болж байна. Хооллолтондоо их анхаарч идэвхитэй хөдөлгөөнтэй байхыг хичээсэн. Өглөө ажилдаа явахдаа, орой гэр лүүгээ харихдаа алхана. Гэрийнхээ шалыг мөлхөж угаана. Энэ мэт өөрийнхөө зорилгыг энгийн амьдралынхаа хэвшилд нийцүүлсэн. Хамгийн эхлээд өөрийнхөө ухамсарт турна гэдэг хүсэл зорилгоо маш сайн суулгаж өгөх ёстой. Түүний дараа бусад бүх зүйл амархан санагддаг юм билээ. Зорилгоо чин сэтгэлээсээ тодорхойлсон хойно түүнийг зогсоох хэн ч байхгүй гэдгийг өнгөрсөн хугацаанд ойлгосон.

Дэглэм барьж байх хугацаанд түүнээсээ шантрах үе байсан л байх. Тэр үед өөрийгөө яаж зоригжуулж, тэвчээр зааж байсан бэ?
Дэглэм барьснаасаа хойш би эхний 7 хоногт 13 кг турсан. Хэвийн жинтэй хүн 1,5-3 кг өтгөн өөртөө агуулж байдаг. Харин илүүдэл жинтэй хүний биед 8-13 кг өтгөн байдаг гэж ярьдаг. Одоо бодоход би тэр бүгдийг л хөөж гаргасан байх. Шантрах үе маш их байсан. Гэхдээ л өөртөө амлалт өгчихсөн болохоор өөрийгөө хуурч чадаагүй. Аягүй муухай санагддаг юм билээ. Яг жилийн өмнө намайг дэглэм барьж эхлэх үед цагаан сарын үе таарсан. Нүдэнд бууз, салат харагдаад болдоггүй ээ. Бүгд л намайг отож байгаа юм шиг санагдаад үнэхээр хэцүү юм билээ. Тэгээд гурван ширхэг бууз идсэн. Тэр үедээ би 13 кг турчихсан байсан болохоор өөрийгөө урамшуулж байгаа хэрэг л дээ. Гэхдээ л бас өөрийнхөө амлалтнаас ухарч байгаа юм шиг муухай санагдаж байсан. Тэр үед их тэвчсэн. Одоо бодоход их амархан ч юм шиг. Заримдаа өөрийгөө чимхэж үзнэ. Энэ зүүд үү, гэж бодно. Ер нь бол өөрийнхөө нөөц бололцоог тултал нь ашиглаад үзье л гэж бодсон.

Өнгөрсөн хугацаанд та өөрөө өөртөө багш болж байв уу? Эсвэл өөр хэн нэгний тусламжийг авсан уу?
Дэглэм барих хугацаанд би ямар нэг хүнээс зөвлөгөө аваагүй. Өөрөөрөө л турсан. Магад зөв бурууг би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бодит үр дүн хүний нүдэн дээр ил харагдаж байгаа болохоор өөрөөрөө бага зэрэг бахархаад байгаа юм. Гэхдээ би хүнд тэгж хэлэх дургүй л дээ. Дэглэмийн хувьд гэвэл маш энгийн. Хамгийн эхлээд би амттанаас татгалзаж эхлэсэн. Бялуу, хийжүүлсэн ундаа, чипс, чихэр гэх мэт. Бас гэдсээ их цэвэрлэнэ. Байцааг давсгүй буцалгаад шүүсийг нь ууна. Алим, лууван иднэ. Маш их зүйл уншиж судласан. Одоо интернэтэд бүх л төрлийн мэдээлэл байна. Тэр бүгдийг л уншиж, өөрөө өөртөө багш болсон доо.

Өөртөө өгсөн амлалт гэдгийг би өөрийн чинь зарчмын нэг хэсэг гэж ойлгож байна. Зөвхөн жингээ хаясан тухайд ч биш ер нь амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
Миний амьдралын зарчим гэхээр хэнэггүй, хээгүй талын хариулт хэлэх гээд байна л даа. Аль болох хүнийг сайнаар бодох, сайн үг амнаасаа гаргах, сайн зүйл бодохыг хичээдэг.

Та фэйсбүүк дээрээ үргэлж ямар нэг эерэг зүйлийн тухай бичдэг юм билээ. Манай Гоолингоо.мн сайтын нийтлэлийн бодлого ч бас гэгээлэг бүхэнд чиглэгддэг. Та аливаа зүйлийн эерэг талыг олж харах сэдлийг юунаас олж авдаг вэ?
Ер нь би их дуугүй, дотогшоогоо хүн. Тийм болохоор маш их стресстэй байдаг байсан. Гадны ямар нэг нөлөө, хүмүүсийн надтай харилцах харилцаанаас миний сэтгэлзүйн байдал их хамаардаг байсан л даа. Би бусдыг буруутгахгүй ээ. Мэдээж өмнө нь сайхан гуалиг хүүхэн, нүд дүүрэн бүдүүн эмэгтэй хоёр байлаа гэхэд яаж өөр харьцах нь тодорхой. Хүмүүсийн тэр хандлагыг би мэдэрдэг хэрнээ л өөртөө арчаатай байж чаддаггүй байсан. Яахав, би өөрийнхөө мэдлэгийг үнэлээд, ажиллаад болж л байсан. Гэхдээ хүн гэдэг өөрөө нийгмийн амьтан болохоор маш олон харилцаа шаардагдана. Өөрийнхөө өмнө зорилго тавиад түүндээ хүрсний дараа хүн өөрөө ч мэддэггүй байсан нөөц бололцоо, хүч чадлаа мэдэрч эхэлдэг юм билээ. Тэгээд ч манай монголчууд хэлдэг дээ “сайн явах санааных” гэж. Гэхдээ хамгийн гол нь зорилго болгон нь өөрөө хүссэн, чин сэтгэлийнх байх хэрэгтэй.

Анх таны өөрийгөө өмнөхтэйгөө харьцуулсан зургийг хараад маш их гайхаж байсан. Үнэхээр итгэмээргүй харагдаж байсан. Тэр үр дүн мэдээж нэг өдрийн дотор гараагүй. Бага багаар үр дүн гарах үед түүнээс маш их таашаал авч байсан байх?
Маш их, маш их... Урьд нь бүдүүн байхдаа хувцаслалтандаа ч анхаардаггүй, нүүрээ ч нэг их буддаггүй байсан. Тураад, гоё болоод ирснийхээ дараа өөртөө анхаарч эхлэсэн. Анх удаа үснийхээ засалтыг өөрчилж, чёлк тавиулж үзсэн. Үр дүн гарч, түүнийгээ мэдрээд эхлэхээр хэн ч өөрийг минь зогсоож чаддаггүй юм билээ.Одоо гэрийнхэн намайг яана аа энэ нэг чөргөр юмыг гэж хэлэхээр инээд хүрээд байгаа юм чинь. Гэхдээ гоё ш дээ.

Ажил хийдэг эмэгтэйчүүдийн хувьд дэглэм барина гэдэг хэцүү юм шиг санагддаг. Өдрийн цайны цагаар идэх юм олдохгүйгээс өгсүүлээд л. Та үүнийг яаж зохицуулдаг бэ?
Турна гээд өөртөө нэгэнт амлалт өгчихсөн бол энэ мэтийн жижиг зүйл нэг их асуудал биш. Орой унтахдаа эсвэл өглөө өдрийн хоолоо бэлдчихнэ. Лууван, мах, байцаа, огурцы, улаан лооль зэргийг ямар нэг нэмэлт амтлагч, давсгүйгээр хэрэглэнэ. Бас цэвэр ус, ногоон цайг их уудаг.

50 кг гэдэг маш их жин. Энэ хэмжээний илүүдэл жинг өөрөөсөө хасахад биед ямар нэг сөрөг нөлөө гарсан уу?
Азаар манай аав, ээж хоёр намайг бие сайтай төрүүлсэн гэж би боддог. Би нэг ч удаа ханиад хүрээгүй. Мэдээж заримдаа толгой эргэх үе гарна. Харин ч тарган байхад даралт байнга ихэсдэг байсан. Аргагүй шүү дээ. Одоо бодоход аймар санагдаад байдаг юм. Ер нь бол турах шийдвэр гаргахад хоёр зүйл нөлөөлсөн. Би оюутан байхдаа зоогийн газар угаагч хийдэг байсан. Тэр үед нойтон шалан дээр халтирч унаад өвдөгнийхөө ясыг гэмтээж байсан. Өвдөг хүний тулгуур эрхтэн болохоор их жин дарахаар өвддөг байсан. Тэгээд нэг удаа эмнэлэгт өвдөгнийхөө зургийг авахуулахаар очлоо. Гэтэл таны жин хэтэрсэн болохоор рентген зураг авах боломжгүй байна гэсэн. Тэр үед би ямар сонин юм бэ, тарган ч гэсэн хүн ш дээ гэж бодогдоод өөрийгөө өмөөрөх сэтгэл төрж байлаа. Харин дараа нь Удирдлагын Академ төгсөх боллоо. Монтажний зургаа авахуулах болсон чинь би гэж дөв дөрвөлжин хүн. Зурган дээр үнэхээр муухай харагдаж байсан. Тэгээд л турахаар шийдсэн. Өмнө нь боддог байсан ч гэсэн тэр үед л туръя гэсэн хүсэл маань задарсан байх.

Жингээ хаяад хэвийн жинтэй болоод ирэхээр бусад хүмүүсийн танд хандах хандлага өөрчлөгдөж байна уу?
Найз нөхөд, гэр бүлийнхэн, ажлын хамт олон их магтаж урам өгнө. Хүмүүсийн харилцаа хүртэл өөр болж байгаа нь мэдэгдэж байсан. Мэдээж хүн гадаад байдлыг хамгийн түрүүнд хардаг болохоор өөр хандлагууд мэдрэгддэг. Адаглаад хөнгөн маягаар үдийн хоолонд уригдана. Зөвхөн намайг хэвийн жинтэй Мөнхзул бүсгүй гэдэг утгаар биш, өөрийгөө дийлсэн Мөнхзул гэдэг үүднээс хүмүүсийн хандах хандлага өөр болж байсан. Өөрөөс минь зөвлөгөө авахыг хүссэн хүмүүсээс захидал их ирдэг болсон. Тэр хүмүүст чадахаараа туслахыг хичээдэг.

Та өнөөдөр маш үзэсгэлэнтэй харагдаж байна. Одоо өөрийгөө зорилгодоо хүрсэн гэж бодож байна уу? Дараагийн чинь зорилго юу вэ?
Би өөрийгөө бусдад итгэл, эерэг сэтгэл төрүүлж чадсан байх гэж бодож байна. Өмнө нь би гадны сэтгүүл, сайт дээрх өмнө нь, дараа нь гэсэн харьцуулсан зурагтай мэдээллийг хараад монгол хүн яагаад ингэж болдоггүй юм бол оо гэж боддог байсан. Ойрын хугацаанд өөрийн гэсэн тураах клубтэй болох юмсан гэж бодож байна. Өөрийнхөө үеийн илүүдэл жинтэй эмэгтэйчүүдийг харахаар чин сэтгэлээсээ тураасай гэж хүсдэг. Тэр хүмүүстэй өөрийн мэдэж авсан зүйлсээсээ ганцыг ч болов хуваалцахыг эрмэлздэг. Ямар нэг тураах эм бэлдмэлүүд байдаг л даа. Гэхдээ хүн өөртөө байгаа нөөц бололцоогоо тултал нь шавхаад үзэх л хамгийн сайн арга.

Гэрийнхнийхээ нүдэн дээр тураад байхаар ээж аав чинь миний охин одоо боль гэх үе байсан уу?
Эхлээд манай аав “За миний охин 80 кг болчих. Би чамайг харъя. Тэгээд л боль” гэдэг байсан. Гэр бүлийн дэмжлэг маш чухал. Аав маань надад их тус болсон. Дэглэмийг маань хаалган дээр наачихаад, маргааш юу идэхийг минь өдөр бүр асуудаг байсан. Эргэн тойрны хүмүүс дэмжихээр хүн их урам ордог юм байна лээ.

Ярилцсан хүн бүрээсээ Гоолингоо энэ асуултыг асуудаг юм. Таны мөрөөдөл юу вэ?
Хүн чинь бас их шуналтай. Сайхан л мөрөөдөл хэлмээр байна. Өөрийнхөө жишээн дээр тулгуурлаад илүүдэл жинтэй хүмүүст туслаж, өөрийн гэсэн тураах клубтэй болох хүсэд байгаа. Гэхдээ гол нь тэр клуб маань чин сэтгэлийн харилцаан дээр тулгуурласан байгаасай гэж хүсэж байна. Тэрнээс биш би чамд тэдэн юм хэлж өгсөн, надад төчнөөн төгрөг өг гэвэл утгагүй болно. Энэ маань мөрөөдөл гэхээсээ илүү ойрын зорилт байгаасай гэж хүсэж байна. Бас нэг мөрөөдөл гэвэл сэтгүүлийн ковер дээр өөрийнхөө зургийг авахуулах юмсан гэж хүсдэг.

Хүн ер нь ямар ч үед л өөртөө хамгийн их хайртай байдаг гэж би боддог. Энэ утгаараа та илүүдэл жинтэй байхдаа ч гэсэн өөртөө хайртай байсан биз дээ?
Зураг авахуулаагүй, өөрийгөө хөндлөнгийн нүдээр хараагүй байхдаа өөртөө их хайртай байсан. Зураг авахуулахаараа л “Үгүй ээ, би хайргүй” гэж өөртөө хэлдэг байсан. Урьд нь илүүдэл жинтэй байхад, чиний гаднах байдлыг биш ухааныг чинь түрүүлж харсан хүн их азтай гэж найз нөхөд хэлдэг байсан. Харин одоо бол магадгүй миний гаднах төрх, доторх хүн хоёрын минь алийг хүмүүс илүү чухалчилж байгаад бага зэрэг эргэлзэх болсон. Би өөрийгөө ертөнцийн мисс болчихсон гэж боддоггүй. Гэхдээ л энэ байгаа байдал маань надад одоо таалагдаж байна. Жингээ нэлээд хаясны дараа манай дарга миний харьцуулсан зургийг харчихаад Мөнхзулаа энэ чи мөн үү, гэж байна. Би санаа зовоод тийм ээ гэлээ. Хариуд нь надад “Өөрийгөө ялсанд баяр хүргэе” гэж хэлсэн. Мундаг үг байгаа биз. Сүүлд бодоод байхад нээрээ л би энэ бүгдийг өөрийнхөө төлөө хийсэн байгаа юм.

Сая цагаан сарын үеэр Мандухай сэцэн хатан киног үзэж байхад нэг хэсэг нь надад их сэтгэгдэл төрүүллээ л дээ. Батмөнх даян хаан Алтжин хэмээх бүсгүйд сэтгэл алдрах үед “Их хаан өөрийн эрх мэдлээ эдэлж байхад би юунд дургүйцэх билээ? Харин ч надад таатай байна” хэмээн Мандухай хатан хэлдэг. Таны бодлоор эмэгтэй хүн гэдэг ямар байх ёстой вэ?
Эмэгтэй хүн өөрөө их гоё. Эмзэгтээ эмзэг, хатуудаа хатуу. Эмэгтэй хүнийг тодорхойлоход их хэцүү юм аа. За байз бодъё... Сэтгэлтэй л байх хэрэгтэй юм байна. Сэтгэлд бүх зүйл ч багтаж болно. Эр нөхрөө халамжлах сэтгэл, үр хүүхдээ хайрлах сэтгэл, ажлаа хийх сэтгэл, настангуудаа хүндлэх сэтгэл, эх орноо гэх сэтгэл. Эмэгтэй хүн сайхан сэтгэлтэй байхад л бусад зүйл болно гэж боддог.

Д.Мөнхзулын Баримталсан дэг:"Би энэ хугацаанд цагаан гурил, гурилан бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, будаа, гоймон, халуун ногоо, давс чихэр, амттан, алкоголь, тослог өндөртэй сүү сүүн бүтээгдэхүүнийг хориглож, жимс хүнсний ногоо, загас, үхрийн мах, өндөг, оливийн тос, ногоон цайг түлхүү хэрэглэж байсан."

1. Өмнө нь 116 кг. Дараа нь 65 кг.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Iris
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(659)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com