ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Жинхэнэ найзуудын уулзалт-Гоолингоо уулзалт

Мэдээлэл  | 2013 / 02 / 08

Үнэнтэй нүүр тулцгаая. Бид хамгийн сайн найзууддаа ч сэтгэлээ бүрэн уудалж чаддаггүй. Болдог бол өөрөөсөө хүртэл нуусан зүйлээ ярьмаар санагддаг ч, араар муулах ярианаас айж, өдийг хүртэл сэв суулгаагүй нэр төрөө бодож, эсвэл өмнөх таагүй дурсамжаасаа болоод заавал ямар нэг зүйлийг үлдээчихдэг. Заримдаа бид үнэндээ хамгийн их ярихыг, гаргахыг хүссэн нэг л зүйлээ залгичихдаг. Харин тэр нь бидэнд мэдэгдэхгүйгээр цээжин дотор шархалсаар.

Жинхэнэ найзуудын уулзалт-Гоолингоо уулзалт

Болдог бол 16 настай байсан шигээ гэнэн цайлганаар дурлаж, хэн нэгэнд бүрэн итгэж, бүхнээ ярьж, зүгээр хамт байхдаа л зүү орох зайгүй дотно гэдгээ мэдрүүлдэг найз нөхөдтэй баймаар санагдана. Даанч төрсөн өдрийн бялуун дээрх лааны тоо нэмэгдэхийн хэрээр, хэнд ч итгэж боломгүй, эсвэл итгэж болох хэн нэгэн дэргэд огт үлдээгүй юм шиг мэдрэмж төрөх нь ихэснэ. Хүүхдээсээ бусад бүхнийг, бүр өөрийгөө хүртэл мартаж, өглөө бүр ажилдаа ял юм шиг явж, орой бүр нөхрөө ёс адил хүлээдэг өдрүүд бидний эмэгтэй хүн болж төрсний утга учир мэт санагддаг болсон үе хэзээнээс вэ? Амнаас гарах авиа ч багасч, улам бүр, улам л бүр дотогшоогоо хумигдаж хааяахан хөнжилдөө орж нулимастайгаа нууцаар ярилцсаар байгаад энэ бүх гаднаасаа харагддаггүй ээдрээтэйгээ эвлэрчихсэн мэт санагдах мөчүүд ч бидэнд бий. Гэхдээ хүн бүхэнд, ялангуяа эмэгтэй хүнд хуваалцах шаардлага үргэлж байдаг. Хэнтэй ч ярьж, хэнд ч нээж чаддаггүй сэтгэлийнхээ хамгийн эмзэг асуудлуудыг ярилцаж, хамтдаа шийдлийг олдог найзуудтай болохыг хүсч байна уу?

“Миний амьдрал” буланд өдөр бүр хэдэн арваараа ирэх захидал, сэтгэгдлүүдээс сэдэл авч,нас насны бүсгүйчүүдийн сэтгэлзүйн хэрэгцээг мэдэрснээр, “Сэтгэлийн өнгө” төвтэй хамтран “Жинхэнэ найзуудын уулзалт-Гоолингоо уулзалт”-ыг бид зохиохоор шийдлээ. Гэхдээ ганцхан удаа уулзаад салах хэврэг “болзоо” тогтоохыг хүссэнгүй. Харин уулзах бүртээ тодорхой сэдвийн дагуу өөртөө тохиолдсон явдлаа илэн далангүй ярьж, бие биетэйгээ туршлагаа солилцож, мэргэжлийн сэтгэлзүйчээс зөвлөгөө авдаг онцгой уулзалтыг зохион байгуулахаар Г.Наранбаатар доктор Гоолингоо хоёр ярилцсан юм. Гаднаасаа хүчирхэг харагдах гэж, ганцаараа л бүхнийг чимээгүйхэн зохицуулах гэж үргэлж хичээж ирсэн ч дотроо олон гомдлыг тээж явдаг Гоолингоогийн бүсгүйчүүдийн өөртөө болон бусдад итгэх итгэлийг нэмэгдүүлж, хүсэл мөрөөдлөө эргэн санаж, өөрийгөө анагаахад нь туслахаар зохиож байгаа энэ уулзалтынхаа талаар “Сэтгэлийн өнгө” төвийн доктор Г. Наранбаатартай ярилцсанаа хүргэе.

Гоолингоо: Тань дээр янз бүрийн насныхан ирж зөвлөгөө авдаг. Нас насныханд ямар асуудал түгээмэл ажиглагдаж байна вэ?

Г.Наранбаатар: 20-25 насны, их сургуулиа төгсөөд удаагүй бүсгүйчүүдэд цаашид юу хийх үү, хэнтэй гэрлэх үү зэрэг амьдралын чухал сонголтын асуултууд тулгардаг. Болзож байгаа залуусаасаа өөртэйгөө зан аашаар хэн нь тохирохыг мэдэхгүй, аль эсвэл нийгмийн далд дарамтанд орж ганцаардсан бүсгүйчүүд олон байдаг. Харин хүний эхнэр, хүүхдийн ээж болоод удаагүй байгаа 25-30 насны бүсгүйчүүд өөртэйгөө маш их зөрчилтэй байдаг. Өмнө нь огт тулгарч үзээгүй гэр бүлийн шинэ асуудлууд ундран гардаг учраас нөхөр хүүхэдтэйгээ хэрхэн харьцахаа ойлгодоггүйгээс тэр. Гэр бүлийнхээ амьдралыг тогтворжуулж, нэгээс хоёр хүүхэдтэй болоод, ажилдаа явах боломжгүй болсон 30-35 насныхан нийгмийн харилцаанаас хөндийрч, гэртээ ихэнх цагаа өнгөрүүлснээсээ болоод өөртөө итгэлгүй болох нь их. Мэргэжил эзэмшсэн ч түүнийхээ хэргийг гаргахгүй байгаагаас сэтгэл санаагаар унаж, өөрийгөө голж, ажил хийдэг нөхрөө эрхгүй харддаг болчихсон байдаг. Өөрийгөө хөгжүүлж, хэрхэн буцаж нийгэмшихээ мэддэггүй. Энэ үед нөхөрт нь ч бас өөртэйгөө хамгийн их тэмцэлддэг 30 насных нь үе тулгардаг учир, түүнтэйгээ маргалдах нь ихэсдэг. Харин 35-аас дээш насныхан өсвөр насны хүүхэдтэйгээ хэл амаа ололцохгүйгээс, мөн бусдад итгэх итгэлээ алдан учраас дотоод сэтгэлээ хуваалцах хүнгүйдэж, ганцаарддаг. “Гоолингоо уулзалт” маань нас насаар нь ангилсан 4-5 гишүүнтэй багуудаас бүрдэх юм. Уулзалт бүр дээр өөрсдөд нь хамгийн ойр, тодорхой сэдвүүдээр ярилцаж бие биенийхээ зовлон, үзэл бодлоос хуваалцахаас гадна зөвлөгөө авах боломжтой. Би тэнд байснаар хүмүүсийг бие биедээ буруу зүйл хэлэхээс сэргийлж яриаг чиглүүлж, мэргэжлийн зөвлөгөө өгнө.

Г: Аль ч насныханд тулгардаг ерөнхий асуудлуудын цаана ганцаардал яваад байх шиг? Гадны орнуудад төдийгүй Монголд үнэгүй тэврэлтийн аян олон өрнөдөг болсон. Японд найз түрээслэдэг үйлчилгээ хүртэл гарсан гэж дуулсан.

Г.Н: Америкийн зарим муж, Хятад, Солонгост ийм үйлчилгээ олон байдаг. Бүгд л түр зуурын сэтгэлээ тайвшруулах арга төдий. Сэтгэл судлалын төв дээр нэг ирээд явах ч бас ялгаагүй. Нэг удаа эм уугаад курс эмчилгээ болдоггүйтэй л адил. Үнэхээр өөрийгөө өөрчлөхийг хүсч байвал 2 сарын турш тогтмол уулзаж байж хүнд сэтгэлээ нээдэг, тэгэнгээ өөрийгөө эмчилдэг зөв дадал зуршилтай болно. Гоолингоо уулзалтанд ирэх бүсгүйчүүд бие биенийхээ утас, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллийг солилцохгүй, зөвхөн уулзалтан дээрээ л ирж сэтгэлээсээ ярилцах юм. Гэхдээ цуврал уулзалтуудын дараа эмэгтэйчүүдийн дунд 10 жилийн найзаас ч илүү сайхан нөхөрлөл бий болдог. Учир нь гишүүд эхнээсээ бие биедээ бүхнээ уудалж ярих учраас, тэдний дунд ямар ч цензур тогтохгүй. Ажил хийдэг, карьер өндөртэй бүсгүйчүүд тулгарсан бэрхшээлээ ажлыхандаа ярьж чаддаггүй. Харин гэрээ сахьдаг эмэгтэйчүүд хүнтэй ярилцая гэсэн ч өөрийг нь юу гэж бодох вий гэхээс айдаг. Харин ийм уулзалтан дээр ирснээрээ хэн юу хийдэг нь хамаагүй, анхнаасаа бүгд бүхнээ ярьдаг учраас, түр зуурын биш үлдсэн амьдралыг өөрчлөх боломж юм.

Г: Манайхны ихэнх нь хүүхэд насаа хаалттай нийгэмд өнгөрүүлсэн. Огт танихгүй хүмүүст амьдралынхаа нарийн ширийнийг уудлана гэхээр төсөөлөгдөхгүй байгаа байх?

Г.Н: Яг одоо бол төсөөлөгдөхгүй л дээ. Гэхдээ орчинд нь ороод, ярилцаад ирэхээр өөрийгөө нээх болно. Нэг үеийн, ижил асуудалтай, ижил төлөвшилтэй хүмүүс цугларахаар бие биетэйгээ илэн далангүй байж чаддаг. Ялангуяа бүсгүйчүүд маань их нээлттэй, бас сэтгэлийн хөдлөлөө бусадтайгаа хуваалцаж чаддаг хүмүүс. Бие биенийхээ уйлахыг хараад уйлж, инээхийг хараад дагаж инээдэг. Гэр бүлийн салалт олширч байгаа нь, 90-ээд оны шуурганаас үлдсэн буруу төлөвшилөөс үүдэлтэй. Үүнээс болоод хүмүүс хаагдмал, харилцааны хувьд учир дутагдалтай болж өссөн. Уулзалтан дээр эхлээд би өөрийн амьдралын хамгийн гүн гүнзгий нууц зүйлсийг ч бүгдийг нь ярина. Гишүүд эхний уулзалтан дээр биеэ барьсан ч, дараа дараагийн уулзалтаас өөрийгөө нээдэг. Тэгээд л долоо хоног бүр уулзалтаа тэсэн ядан хүлээдэг болдог. Тэд бие биенийхээ хамгийн эмзэг хэсгүүдийг ч сонсож байсан болохоор маш сайн найзууд болж чаддаг. Хүмүүс найзууддаа бүхнийг ярьдаг юм шиг санагддаг ч, нэрээ хичээгээд цаанаа нэг хоёр юм үлдээчихсэн л байдаг. Харин энэ уулзалтан дээр сэтгэлийнхээ бүр гүнд нуусан зүйлсээ ярьж, дотроо онгойлгодог.

Г: Таниас ганцаарчлан зөвлөгөө авах, багийн уулзалтанд орох хоёр юугаараа ялгаатай вэ?

Г.Н: Аль аль нь давуу талтай. Ганцаараа ирсэн хүнд би зөвхөн түүнд тулгарсан асуудлын дагуу зөвлөгөө өгөхөөс гадна, түүний санхүү, цаг зохицуулалт, гэр бүл төлөвлөлт, харилцаа зэрэг бүх талаас нь зөвлөгөө өгч амьдралынх нь дасгалжуулагч болдгоороо давуу талтай. Мөн би түүнд илүү их цаг зарцуулна. Багийн уулзалтын хувьд, нэг дор янз бүрийн хүмүүс цугларах учраас, нэг хүнд тохиолдсон явдал тэнд байгаа өөр нэг хүний туулаад гарсан зүйл байдгаараа онцлог. Анхны гэрлэлт нь дөнгөж бүтэлгүйтээд яахаа мэдэхгүй байгаа хүнд, тэнд ирсэн нөхрөөсөө салж хүүхэдтэйгээ хоцорсон ч хоёр дахь гэрлэлтээ амжилттай авч яваа хүн зөвлөж жишээтэй. Эзнийх нь бодит туршлагаас урган гарсан зөвлөгөө нөгөө хүнд миний ярьж өгөхөөс ч илүү их итгэл найдвар төрүүлдэг. Мөн эхнээсээ бие биедээ бүхнээ уудлаад ярьчихсан хүмүүс, амархан дотносож, тэндээс амьдралынхаа найз нөхдийг олдог.

Г: Тэнд ярилцсан зүйл гадагш гарахгүй гэдгийг юугаар батлах вэ?

Г.Н: Бид бүртгүүлсэн хүмүүстэйгээ энд ярьсан яриа эндээ л үлдэнэ гэх мэт тодорхой хэдэн заалттай энгийн гэрээ байгуулна. Анх сонсож байгаа хүнд итгэмээргүй санагдах байх л даа. Гэхдээ уулзалтаас авах мэдрэмж, төрөх итгэл бол хамгийн том баталгаа юм. Мөн уулзалтанд ирэх хүмүүс бие биенийхээ ойр дотны хүмүүс болон бусад зүйлсийн талаар огт мэдэлцэхгүй нь яриа гадагш тарахгүй бас нэг шалтгаан болно.

Г: Өмнө нь та ийм групп эмчилгээ зохион байгуулж байсан уу?

Г.Н: Өмнө нь Америкт хувь хүний хөгжлийн зорилготой ийм сургалт олныг зохион байгуулж байсан. Монголд нарийвчилсан сургалт зохион байгуулж байгаагүй ч, аавуудын уулзалт хийдэг байсан. Манайд багийн бүлэг жижиг уулзалтууд олон болдог ч, олон улсын стандартын дагуу зохиогдож байгаа нь анхных.

Г: Аавуудын уулзалт хэр үр дүнтэй болж байсан бэ? Эрэгтэй хүмүүс бие биендээ сэтгэлээ уудлана гэхээр их сонин юм.

Г.Н: Эрэгтэй хүмүүст ч ярилцах хэрэгцээ байдаг. Аавуудын уулзалтын үеэр би тэдэнд адилхан эрэгтэй хүний зүгээс өөрийнхөө тухай яриад, тэдэн дундаас хамгийн яриасагийг нь сонгож эхэлж ярианд оролцуулдаг байсан. Тэгээд ирэхээр бусад нь ч бас урамшаад яриад эхэлдэг байсан. Эхний хэдэн өдөр ядарч, ядарч гэртээ очиход эхнэрүүд хэрүүл өддөг зэрэг “дуртай” сэдвүүдээр нь яриагаа эхлүүлнэ. Дараа нь эхнэртэйгээ харилцан ойлголцох, хүүхэдтэйгээ хэрхэн харилцах зэрэг гүн сэдвүүд лүү орж эхэлдэг. Яриа болгон тодорхой сэдэвтэй, шат дараалалтай учраас хаа хамаагүй зүйл рүү үсчилгүй, бага багаар тэр хүнийг болон гэр бүлийг нь эмчилж байсан. Гэхдээ аавуудын болон хүний хөгжлийн уулзалтыг зохиож байхад дундаас нь шантраад болих тохиолдол цөөн хэд гарч байсан.

Г: Уулзалтанд ирснээс хойш амьдралд нь өөрчлөлт орохгүй байгаагаас болоод шантардаг гэсэн үг үү?

Г.Н: Яг тийм. Хоёр гуравхан удаа ирээд, амьдралд минь ямар ч өөрчлөлт гарсангүй гээд больчихдог. Зуны улирал дуусааад л өвөл эхэлчихдэггүй шиг, 8 удаагийн уулзалтанд ирж эмчилгээгээ дуусгаад хэсэг хугацаа өнгөрсний дараа л жинхэнэ үр дүн өөрт мэдэгдэж эхэлдэг. Шантрах өөр нэг шалтгаан нь багийн уулзалтанд ирдэг бусад хүмүүс өөрт нь таалагдахгүй байх. Хүн бүр төгс биш учраас, ямар ч хүмүүс цугларч болно. Гол нь өөртөө таалагдахгүй байна гээд зугтаах биш, тэр хүнтэй ч зохицож, тэр хүний ч сайн талыг нь олж харан эвлэрч байж, амьдралын аливаа асуудалтай зоригтойгоор нүүр тулж түүнээс зугатаахаа болино. Үүнд бүлгийн уулзалтын бас нэг ач холбогдол оршдог. Өөрийнхөө сайн мэдэхгүй хүнтэй ч зөв харилцаж сурна гэсэн үг.

“Гоолингоо уулзалт” хөтөлбөрийн бүртгэл 2 сарын 21 хүртэл явагдана. Хэрэв уулзалтанд бүртгүүлэхийг хүсвэл, энд дарж хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл болон анкетыг татаж аван бөглөөд goolingoo@gmail.com руу илгээгээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(681)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com