ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Л. Дөлгөөн: Дурлаж авсан хувцас минь эсгий малгай байсан

Мэдээлэл  | 2013 / 01 / 08

Мөрөөдөлд чин үнэнч хандахаар эргээд өөрийг нь огтхон ч зүгээр суулгадаггүй аж. “За нөхөөр, хэзээ чи намайг биелүүлэх гэж байна?” гэж үргэлж эзнээ өдөж, хатгана.

Л. Дөлгөөн: Дурлаж авсан хувцас минь эсгий малгай байсан

Яг л ийм шалтгаан дөнгөж 17 настай байхад нь түүнд найзтайгаа хамт хувцасны лангуу нээх зоригийг төрүүлэн, хоёр жаахан охин урагшаа “бараа”-нд явсан дөмөгхөн түүхийг эхлүүлж. Хэдийгээр тэр үед лангуугаа нээж чадаагүй ч гэсэн яг таван жилийн дараа, 2013 оны босгон дээр өөрийн гэсэн хувцасны дэлгүүрээ нээснээр, өдийг хүртэл мөрөөдөлдөө үнэнч явснаа баталсан юм.

Канадад 9 дэх жилдээ амьдарч буй түүнийг зарим нь Ванкуверийн загварын долоо хоногт менежэрээр ажилласан монгол охин гэдгээр нь мэднэ. Харин Гоолингоо Л.Дөлгөөн буюу Дикагийн мөрөөдлийг онцолж байна. Мөрөөдлөө, тэр бүү хэл саяхан машиных нь сая гаруй төгрөгний эд ангийг хулгайлчихсан урт гартай, урилгагүй “санта”-гийн тухай ярихдаа хүртэл нүд нь гэрэлтээд, инээмсэглээд л байдаг хүн хэр олон билээ? Эл ярилцлага ч гэсэн таны нүүрэнд инээмсэглэл тодруулна гэдэгт итгэлтэй байна.

Дика анх өөрийгөө “загварын хүн” гэдгийг хэрхэн мэдэрсэн гэдгээс яриагаа эхлэе гэж бодлоо?
Би ахлах сургуульд байхдаа оёдлын дугуйланд явдаг, түүндээ “аймар” сонирхолтой байсан л даа. Эхлээд өөртөө унтлагын хувцас хийж үзээд урам орж, яваандаа дүүдээ ч хувцас эсгэдэг боллоо. Тэгж байтал ахлах сургуулиа төгсөж, ээж аавынхаа зөвлөсний дагуу бизнесийн чиглэлээр их сургуульд орсон. Гэхдээ өөрөө хичээлдээ огт сонирхолгүй, их тасалдаг, нэлээд “муу оюутан”-ы шинжтэй хоёр сарыг өнгөрөөв өө. Нэг өдөр номын сандаа сууж байгаад загварын коллеж элсэлт авч байгаа тухай мэдээлэл олж харангуутаа тэр дор нь өөрөө дур мэдэж очоод, бүртгүүлчихсэн. Яг сарын дараа “Зөвшөөрсөн” гэдэг хариу хүлээж аваад, нөгөө сургуулиа хаяад, загварын коллежидоо хэдэн сар явсныхаа дараа л ээж аавдаа хэлсэн. Манай хоёр нээх уурлаагүй ээ. Тэгээд гурвуулаа зөвшилцөөд дөрвөн жилийн хугацааг 2.5 жилээр түргэвчилж төгссөнийхөө дараа эргээд хаясан сургуульдаа орохоор тохиролцсон. Одоо бизнесийн чиглэлээрээ төгсөхөд хоёр жил үлдсэн байгаа.

Их зориг байгаа юм шүү. Сурч байсан сургуулиа орхиод ээж аавдаа хэлэлгүй өөр сургуульд нууцаар явна гэдэг. Тэр үед Дикагийн хаанаас нь тийм их зориг гарав аа?
Ер нь намайг зоригтой болгож хүмүүжүүлсэн гэж хэлж болно доо. Анх Канадад 14 настайдаа очоод, бараг “Нойл хаана вэ?” ч гэж асууж чадахгүй, ичээд л суудаг байсан. Тэгэхэд ээж маань намайг өрөвдсөн юм байлгүй./инээв/ 15 настай байхад намайг Куба руу гадаад хүүхдүүдтэй хамт долоо хоногийн аялалд явуулж байсан. Хичнээн хэл ус мэдэхгүй, айж байсан ч өөр газар очоод, хүмүүстэй харилцах шаардлага яах ч аргагүй тулгарахад зориг ороод л ярьж эхэлсэн дээ. Бас манай аав чөлөөт бөхийн дасгалжуулагч, тамирчин хүн учраас гэртээ ч гэсэн бид нарыг ерөөсөө зүгээр суулгаж үзээгүй. Бүх төрлийн спортоор хичээллүүлж өсгөсөн. Кубаас буцаж ирээд сургуулийнхаа сагсны багт ороод, найзуудтай ч болж, тэр үеэс л өөрийгөө жинхэнэ утгаар нээж “Би хэнээс ч дутахгүй юм байна” гэдэг бодолтой болсон.

2011 онд таны Ванкуверийн загварын долоо хоногт ажиллаж байгаа тухай мэдээллийг интернэтээс үзэж байсан л даа. Анх энэ загварын шоунд ажилд орсон тухайгаа яривал?
Би загварын бизнес чиглээр хоёрдугаар курсэд сурч байхад анх Ванкуверийн загварын долоо хоногийн зарыг харсан л даа. Тэгээд өөрийгээ энэ чиглэлээр сурдаг, ажиллах хүсэлтэй байна гээд мэйл бичсэн чинь таван минут ч бололгүй утас дуугараад “Одоо хүрээд ирж чадах уу” гээд дуудсан. Загварын хүмүүсийг ааштай гэж ярьдаг болохоор ёстой чичирч байгаа юм чинь. Ази оюутан намайг тоох болов уу л гэж хамгийн түрүүнд бодогдож байсан. Айж айж, өрөөнд нь орсон чинь нэг хар арьстай хүн /ерөнхийлөгч/ суучихсан “Би чамайг аль улсынх гэдгийг таах уу?” гэж асуусан. Тэгэхээр нь нилээд тайвшраад “Өө, тэг тэг. Угаасаа таадаггүй юм дөө” гэсэн чинь “Нээрээ хэцүү юм байна. Уг нь би бүх орны хүмүүсийг мэднэ. Чиний төрх харин огт өөр юм” гэсэн. Би тэгэхээр нь “Тэгвэл Чингис хаан гэж мэдэх үү?” гэсэн чинь “Аа, Монгол!” гээд л орилж байсан. Ингэж би түүний уулзсан, бас ажилд авсан анхны монгол хүн нь болсон доо.

Ванкуверийн загварын долоо хоногийн ерөнхийлөгчийн туслах, менежер хийж байхдаа та Монголоос загвар өмсөгчид аваачсан байсан. Тэнд ажиллахад хэр хүндрэлтэй байсан бэ?
Би тэр хүнийг биширдэг. Хүмүүс Iphone, тэмдэглэлийн дэвтэртэй явж байхад тэр хүн ганцхан Nokia утас бариад л явж байдаг. Тэгсэн мөртлөө дороо ажилладаг 300 хүний нэр ус, ажил үүрэг, юу хийдгийг нь хүртэл ягштал сайн мэднэ. Эхэндээ би их “чирэгдэж” байсан л даа. Надаас тэр хүний утсыг олоод өг гэхэд нь би өөрөө царайг нь ч мэдэхгүй болохоор сандраад л дэвтрээ эргүүлдэг байлаа. Ажилдаа овоо гаршиж эхэлснээс хойш монгол загвар өмсөгчдөө авчрах бодол төрж эхэлсэн. Амралтаараа Монголд байхдаа Урлах эрдэм, Шилмэл загвар агентлагуудтай холбогдоод 2011 оны Ванкуверийн ээлжит шоунд хоёр загвар өмсөгчийг оролцуулсан.

Яг тэр үед монгол охидынхоо юугаар бахархаж байв?
Канадад байдаг ази загвар өмсөгчид манайхыг бодвол харьцангуй жижиг ястай, намхан байдаг. Харин монгол охидууд маань шал өөр юм байна лээ. Биеийнхээ хувьд ч, тайзны ур чадвараараа ч Ванкуверийн загварын долоо хоногийн “шуугиан” нь байж, сондгойрч чадсан. Хоёр охиныхоо гарах ээлжийг нь догдолж хүлээгээд л, бахархмаар сэтгэгдэл төрж байсан шүү.

Австрид байдаг найз маань удахгүй очих тухайгаа гэрийхэндээ утсаар дуулгаж байсан чинь ээж нь “За тэгээд тэнд өмсдөг хувцаснуудаа энд өмсөөд байв аа. Монгол охидууд хичнээн ганган гэж санана” гэж аминчлан захисан гээд инээд алдан ярьж байсан. Ер нь хаа газрын хүмүүс монголчуудыг их ганган гэж дүгнэдэг юм билээ. Өөрийн орны хувцаслах соёлоо бусад оронтой харьцуулж байв уу?
Тэгэлгүй яахав, манайхан чинь өдөр болгон юбка, өсгийтэй гутал өмсөж чаддаг шүү дээ. Канадад бол баярын үеэр л тэгж хувцаслана. Тийм болохоор үнэхээр хөдөлмөрч гэж магтмаар санагддаг л даа. Гэхдээ заримдаа хэт туйлшраад зөвхөн бренд хөөгөөд, үнэтэй хувцсыг л гоё гэж харах гээд байдаг. 15-тай охин хүртэл хуурамч ч хамаагүй бренд л барина гэж хэлэхийг сонсоод их гайхаж байсан л даа. Сайхан харагдах нь ямар бренд хэрэглэсэндээ биш, тухайн хүн л өөрөө ямар ч хувцсыг дэгжин болгож өмсөхдөө оршдог гэж би боддог.

Гадагшаа явчихаад буцаад ирэхээр “Эх орноос минь сайхан газар алга” гэх бодол төрдөг шүү дээ. Гэхдээ нөгөө талаар явсан улсынхаа энэ соёлыг л Монголдоо нэвтрүүлчихвэл гоё доо гэдэг зүйл өөрт санагддаг. Канадаас авчрах зүйл юу байна?
Тэнд 16 нас хүрэхээр ажил хийх эрхтэй болдог байхгүй юу. Би 16 хүрчихээд хувцасны дэлгүүрт худалдагчаар ажилд орж байсан юм. Тэр үед Монголд hi5 ид хүчээ авчихсан, найзуудтайгаа их харилцдаг байлаа. Нэг удаа найзтайгаа бичиж байхдаа ажилд орсон гэдгээ хэлсэн чинь “Өө яагаад вэ? Мөнгөгүй болчихсон юм уу?” гэж асууж байсан. Би гэхдээ их азтай. Гэрийнхэнтэйгээ явсан болохоор юугаар ч дутахгүй, хангалуун амьдарч байсан. Хүмүүстэй соёлч боловсон харьцаж, бас завгүй байж сурсан болохоор багаасаа ажил хийсэндээ би ерөөсөө харамсдаггүй. Би хүмүүсийг заавал ядуу хүн багаасаа ажил хийдэг гэж битгий ойлгоосой, хичнээн хангалуун байсан ч сурахынхаа хажуугаар хөдөлмөрлөж, ажлын үнэ цэнийг аль болох эртхэн ухаараасай гэж хүсдэг. Ажил дээр гараад сурах биш сурчихаад ажил дээр гарах нь чухал шүү дээ. Хэрвээ би тэр үед дэлгүүрт ажиллаагүй бол одоо би хувцасны дэлгүүртэй болоогүй ч байж мэднэ.

Дэлгүүртэй болохын “гоё”-ыг мэдрэхгүй өнгөрч мэдэхээр байж шүү дээ. Одоо хүслээ гүйцээчихээд эргээд харахад юу нь хамгийн гоё байна?
Хүсдэг, чаддаг зүйлээ хэний ч гар харалгүйгээр өөрөө хийх нь л хамгийн гоё байсан. Өөрийнхөө дэлгүүрт худалдагчаа хийгээд зогссон ч үнэн бахархалтай байгаа юм чинь. Гэхдээ болоогүй ээ, цаашид хийхээр төлөвлөсөн зүйлс их бий. Хамгийн түрүүнд загварын эх орон Франц руу явж, тэндээс олон зүйл сурах, тэгэхийн тулд эхлээд хэлийг нь сурах гэх мэтчилэн олон ажил байгаа.

Ингээд бодохоор эмэгтэй хүнд олон ажлыг зэрэг амжуулж сурах зайлшгүй шаардлага гарч ирэх юм. Гэр бүл, найз нөхөд, карьер, бас хамгийн чухал нь үргэлж үзэсгэлэнтэй байх гээд. Энэ бүхнийг нэгэн зэрэг амжуулж чаддаг болохоор бүсгүйчүүдээ бишрэх сэтгэл өөрийн эрхгүй төрдөг.
Тэр бол эмэгтэй хүний байгалиас заяасан авьяас, бас ээжээсээ өвлөж авсан бэлэг юм даа. Жишээлбэл би хосуудын харилцааг ээж аав хоёроосоо л хардаг. Ээж маань гэрийнхээ ар талыг бүгдийг нь хариуцаж, аав маань гаднах ажил төрлөө зохицуулдаг гэдэг ч юм уу. Гэр бүлийн аз жаргал эмэгтэй хүний ухаан, эр хүний гүйцэтгэлээр л бүрддэг юм шиг санагддаг.

Тэгвэл найз, нөхөрлөлийн тухай юу гэж боддог вэ? Олон жил ирэн очин байхаар найзуудтайгаа үргэлж хамт байж чадахгүй шүү дээ. Гэтэл зарим хүмүүс дандаа цуг байхыг л нөхөрлөл гэж андуурах гээд байдаг?
Багадаа нүүсэн болохоор надад тийм ч олон найз байхгүй л дээ. Арван жилийн найзуудтайгаа одоо ч нөхөрлөөд явж байгаа. Нэг тийм үг байдаг даа. Сайн найзуудтайгаа олон жилийн дараа уулзсан ч өчигдөр уулзсан юм шиг л мэдрэмж төрдөг гээд. Жаахан охид байхдаа л бие биендээ гоморхдог байсан даа. Одоо бол ерөөсөө тийм асуудал гардаггүй.

Надад ямар нэгэн зүйлийг хийхийн өмнө, түүнийг хийсний дараах төсөөлөл, мэдрэмж нь түрүүлж орж ирдэг. Дикагийн хувьд чухал ажил эхлүүлэхдээ ямар зарчим баримталдаг вэ?
Ер нь юуг ч хийхээсээ өмнө бэлтгэл ажлаа маш сайн хийхийг л зарчмаа болгодог. Өнөөдөр хүртэл энд ирэхээсээ өмнө Гоолингоог өдөржин судалсан /инээв/.

Тэгвэл Дикагийн амьдралдаа баримталдаг зарчим?
Өглөө бүр сайхан харагдах. Тэгээд муу үйл хийхгүй, муу үг хэлэхгүй байхыг хичээдэг. Жишээлбэл би гэртээ “Би мөнгөгүй ээ, мөнгөгүй” гэж хэлвэл ээж маань шууд хэлдэг. “Мөнгөгүй гэж хэлвэл орлогын үүд чинь хаагдана. Мөнгөгүй байсан ч хүнд битгий тэгж хэлж бай” гэдэг. Буруу үгээр муу энерги цуглуулахгүй байх зарчмыг амьдралдаа баримталж явдаг.

Одоогийн Дикаг “бий болох”-од нөлөөлсөн хамгийн гол хүн хэн бэ?
Яах ч аргагүй миний ээж л дээ. Багаасаа ээжийнхээ яаж хувцаслаж, хувцсаа хэрхэн сонгож байгааг нь харж өссөн. Манай ээж чинь бас их загварлаг аа. Одоо хүртэл би ээжийнхээ дотроо бодож байгаа зүйлийг нь гадарладаг л болохоос биш яг ээж шигээ бодож чадахгүйгээ мэдэрдэг. Дандаа надаас түрүүлээд харчихсан, юу хийхийг минь хүртэл мэдчихсэн байдаг болохоор зөвлөгөө бүр нь үнэтэй санагддаг.

Загварын шоу хийхийг хүсдэг үү?
Мэдээж, ойрын жилүүдийн зорилтондоо оруулсан байгаа. Болдог бол Ванкуверийн загварын долоо хоногийг тэр чигээр нь оруулаад ирмээр санагддаг шүү.

Дикагийн загварын шоу бусдынхаас юугаараа өөр байх бол?
Загварын шоунд үзэгч маш чухал. Загварт дуртай л бол ямар ч зааг, хязгаар тогтоохгүйгээр үзэгчдээ оруулахыг хүсдэг. Жишээлбэл монголд Фейшн телевизийн нээлтийн тасалбар нь 120 долларын үнэтэй байгаа байхгүй юу. Тэрийг үзмээр, тэндээс гоё зүйл авахыг хүсдэг жирийн оюутан охинд худалдаж авахад хэцүү ш дээ. Тийм болохоор загварт өөрөө сонирхолтой бүх хүн үзэж болохуйц нээлттэй, тийм загварын шоу хийх нь миний мөрөөдөл.

Саяхан фейсбүүк хуудсыг нь үзсэн чинь машиных нь эд ангийг хүн хулгайлсан тухай бичсэн байсан. Ер нь стресстэй үедээ яаж өөрийгөө эерэг энергиэр цэнэглэдэг вэ? Хүн хүний мэргэжлийн онцлогоос шалтгаалаад стресснээс гарах арга ч гэсэн дагаад өөр байх шиг санагддаг?
Интернэтээр хувцасны блогууд хэсэж, нүдээрээ таашаал авдаг байх шүү. Өөрөө нэг их мөнгөгүй байсан ч хамаагүй, дэлгүүр хэсэж, жижигхэн ч болов өөртөө таалагдсан зүйлийг авч тайвширдаг. Надад дэлгүүр хэсэхийг анх ээж маань зааж өгч байсан л даа. 14-тэй хүүхдэд 50 доллар өгөөд ганцааранг минь хүссэн зүйлээ аваарай гээд явуулчихдаг байсан. Бусад ээж нар охинтойгоо цуг л явдаг байхад би өөртөө хэрэгтэй хэрэггүй юм аваад л гэртээ орж ирдэг байсан байгаа юм. Одоо бодоход, дэлгүүрээс шал дэмий юм аваад ирэхэд хүртэл ээж маань “Өө, яасан гоё юм? Ёстой хөөрхөн харагдаж байна” гээд л магтдаг байсан даа. Тэндээс л юунд дуртайгаа мэдэж, өөрийгөө олж авах анхны үе шатууд маань тэр байсан гэж боддог.

Дикагийн хамгийн их дурлаж авсан хувцас?
Эсгий малгай. Өмсөнгүүт л дээр үеийн эмэгтэйг санагдуулам, 1920-оод оны загвартай, хажуудаа өдтэй эсгий малгайг жигтэйхэн дурлаж авсан. Тэрийг Канадад байхдаа хайгаад олохгүй байсан чинь энд их дэлгүүрээс олсон шүү. Загвар зохион бүтээгч Овдогмэд гэдэг хүнийх юм билээ. Дэндүү таалагдаад бүр хоёр, гурвыг авчихсан.

Хүнд зохидог, дагнадаг зүйл гэж байдаг шүү дээ. Шүүгээ нь хүртэл тэр л төрлийн хувцсаар дүүрч, дэлгүүрээр явахдаа ч өөрөө мэдэлгүй тэр л өнгийн хувцсыг авах гээд байдаг. Дикагийн дэлгүүр хэсэхдээ баримталдаг алтан дүрэм юу вэ?
Миний царайнд тод өнгө зохидог л доо. Гэхдээ надад тийм зүйл зохидог гээд баригдах биш, дэлгүүр явахаараа аль болох шүүгээндээ байхгүй хувцас л авахыг хичээдэг. Хэзээд л дуртай байх мэдээжийн хувцаснуудаа бараг авдаггүй, надаа байгаа юм чинь гэж л боддог.

Энэ шинэ жилээс үлдсэн сайхан дурсамж?
Манай орцны жижүүр бага сургуульд дөнгөж орсон нэг хүү, түүнээс арай бага 5 насны хоёр хүүтэй л дээ. Хоёр хүү нь өөрсдөө жаахан мөртлөө өглөө болгон айлуудын шатан дээрээ тавьсан ууттай хогийг хэзээний гартаа барьчихсан, хэрсүү гэгч нь бункер луу аваачиж хаяж байгаа харагддаг. Он солигдохын өмнөхөн торт бариад “Сайхан баярлаж байна уу?” гээд орсон чинь ээж нь “Өө, баярлах юу байхав дээ, энэ хоёртой зурагт үзээд л сууж байна” гээд гурвуулаа орон дээрээ суучихсан, бага нь хүн ирсэн гээд баярласандаа үсэрч дэгдээд л байсан. Маргааш өглөө нь ажил руугаа гарахдаа бага хүүтэй нь юм ярьж байгаад “Миний дүү ер нь юу хийж чаддаг вэ?” гэсэн чинь “Би 1 давхраас 12 давхар хүртэл 5 минутанд л гүйж чадна” гэж хариулсан. Үнэхээр хөөрхөн санагддаг юм байна лээ.

Таны мөрөөдөл юу вэ?
Би багаасаа нийгмийн идэвхтэй хүүхэд байсан л даа. Канадад байхдаа хичээлийнхээ хажуугаар “Big brothers” гээд англи хэл мэдэхгүй, дөнгөж ирсэн хүүхдүүдийг нийгэмшүүлж, хооронд нь нөхөрлүүлэх зорилготой буяны ажилд сайн дураараа оролцдог байсан. Нэг удаагийн уулзалтаар олон ази хүүхдүүдтэй танилцаад л, юм ярьж байсан байхгүй юу. Тэд нар энд ирээд нэг ч найз нөхөдтэй болоогүй, “шар” хүүхдүүдтэй зодоон цохион хийсэн дүрсгүй хүүхдүүд байсан юм. Эхэндээ бүгд англиар ярьж танилцсан болохоор тэднийг бүгдийг нь солонгос байх гээд л бодож байлаа. Тэгсэн чинь нэг жаал нь “П...а!” гэхээр нь гайхаад “Эгчийн дүү монгол уу?” гээд асуусан чинь өөдөөс аягүй сонин болоод л харж байсан. Ер нь цаашдаа заавал эцэг эхгүй, өнчин гэлтгүй өөрөө хүсэл мөрөөдөл, зорилготой хэрнээ түүндээ хүрэх боломж хомс хүүхдүүдэд туслах сан нээе гэж боддог. Болдог бол бүх тийм хүүхдүүдэд хүсэл мөрөөдлөө, өөрийгөө олоход нь туслахыг хүсдэг.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(512)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com