ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Б.Тунгалаг: Миний амьдрал хэрвээ ном байсан бол, би түүнийг “Гэрэл” гэж нэрлэнэ

Мэдээлэл  | 2012 / 12 / 19

Өвлийн оройны 19: 11 минут. Хотын төвийн жижигхэн кафегаас гарахад зөвхөн зогсолтгүй сүлжилдэх машинуудын болон замын дохионы сүүмгэр гэрэлнүүд л эргэн тойронд өчүүхэн гэгээ оруулж байлаа. Гэрэл болгон өөр өөрийнхөөрөө харанхуй замыг гийгүүлдэг. Гэхдээ гудамж биш, амьдрал харанхуй болох үед ямар гэрэл биднийг аврах вэ? Хүний “Гэрэл” л байх болов уу.

Б.Тунгалаг: Миний амьдрал хэрвээ ном байсан бол, би түүнийг “Гэрэл” гэж нэрлэнэ

Бараг сарын өмнө би нэг найзаасаа ийм бодит түүх сонсож байсан юм. Кафе дотор нилээд зузаан англи ном дэлгээд, кофе уугаад сууж байсан үзэсгэлэнт бүсгүй дээр үлгэрийн ном зардаг жаахан хүүхэд очжээ. Эгч ээ ном авах уу, гэж асуухад нь “Миний дүү надад үлгэрээ уншаад надад ярьж өгөх юм бол эгч нь худалдаж авъя” гэжээ. Хүү ч баярлаад яг дэргэд нь сууж байгаад номоо уншиж ярьж өгчээ. Бүсгүй хүүг мундаг уншсан гэж магтаад, түүнд байсан 8 номыг бүгдийг нь авч. Тэгээд номоо үргэлжлүүлэн уншиж байгаад тооцоогоо хийхдээ үйлчлэгчид нь “Энэ номнуудыг сэтгүүлийн хажууд тавьчих, жаахан хүүхдүүд орж ирээд уншиж байг” гээд худалдаж авсан номнуудаа өгчихөөд явжээ.

Энэ түүхийн эзэн сайхан сэтгэлт бүсгүйтэй уулзаж цагийн турш инээмсэглэлээр “дайлуулахдаа” сэтгэлээрээ дүүрэн гэрэл асааж аваад, хаалгаар гарах үед дээр өгүүлсэн бодол төрсөн хэрэг. 10 мянга давсан гишүүнтэй “Номонд дурлагсдын холбоо”-г санаачлагч, гар барин танилцахаас авахуулаад л надад дотно мэдрэмж төрүүлсэн, зөгийн балтай сүү уух дуртай энэ бүсгүйн нэр Бямбацогтын Тунгалаг.

Тэр 11 настайдаа Япон орон руу явж, тэндхийн манга номыг уншдаг болсноосоо хойш номонд “учиргүй дурласан” гэнэ. 18 настайдаа тэтгэлгээр Японд 4 жил сурч, тэндээ ажиллаж байгаад 2011 онд Монголд иржээ. Одоо тэрээр Сангийн яамны санхүү бодлогын хэлтэст ажиллаж, давхар Дэлхийн банкны олон салбарыг хамарсан төсөлд ажилладаг. Түүнтэй хийсэн ярианаас таныг ч бас гэрэл олно гэж итгэж байна.

Японд олон жил амьдарч байхад энийг л Монголд аваад ирэх юмсан гэж бодогдож байсан зүйл юу вэ?
Буйдантай номын дэлгүүр. /инээв/ Хүүхэд байхдаа тэнд очоод Монголд байдаг ч болоосой гэж хамгийн түрүүнд бодсон зүйл бол энэ. Нэг манга ном чинь 320 иен, монголоор 5700 төгрөг гэсэн үг. Жоохон хүүхдэд тийм их мөнгө байхгүй гэдгийг Япончууд ойлгоод, номын дэлгүүр дотроо суугаад унших талбайг бэлдсэн байдаг. Тэр үед Монголын номын дэлгүүрүүдийн бүх номыг ууталчихсан, задалж унших боломжгүй байдаг байлаа. Харин одоо гэвэл...Жишээ нь миний хамгийн дуртай зохиолч Paulo Coelho Испани хэл дээр шинэ номоо гаргалаа гэхэд 7 хоногийн дараа Англи, 14 хоногийн дараа Япон хэл дээр орчуулагдаж гардаг. Тэнд зохиогчийн эрх авах, ном орчуулах, хэвлүүлэх үйл ажиллагаа маш хурдан өрнөж, Япон Англи хүүхдүүд эх хэл дээрээ дэлхийд гарсан шинэ номнуудыг уншиж, оюун санаагаараа олон улсын хөгжилтэй мөр зэрэгцэж алхдаг. Тэд юунаас ч хоцордоггүй гэсэн үг. Монголын сайн орчуулагч, сэтгүүлч нар хамтраад гадны шинэ номыг тэр даруйд нь орчуулаад Монголчуудад хүргэх үйл ажиллагаа өрнөдөг байгаасай гэж би хүсдэг. Тэрнээс ч, өөр авчирмаар жижиг сажиг юм зөндөө л байна л даа. Бүр наад зах нь цаг барих чанар. Үдээс өмнө, үдээс хойш, орой гэсэн гуравхан цагаар амьдардаг хүмүүс одоог хүртэл байгаа.

Японд ногоон гэрэл асмагц л, нүүгэлтсэн олон хүн наашаа зам гарч харагддаг гэж найз маань инээдэм болгон ярьж байсан юм. Бага газар нутагтай мөртлөө хүн ам олонтой болохоор тэд жижигхэн бөгөөд хурдан алхаатай. Харин манайх уудам бөгөөд цөөн хүн амтай болохоор алхаа гишгээ нь хүртэл тайван хэмнэлтэй байдагтай ч бас энэ холбоотой байх.
Тийм, яг үнэн. Шибуяад дэлхийн хамгийн том, 4 талтай уулзвар байдаг. Түүгээр өдөрт 10-15 сая хүн гардаг. Тэр уулзвараар зам гарахад зөвхөн өөд өөдөөсөө биш, хүмүүс 4 талаасаа зэрэг алхдаг гэсэн үг. Тэгсэн хирнээ нэг ч хүн нэгнийгээ мөргөдөггүй. Монголд 4 метр өргөнтэй зам дээр яг хажуугаар мөрлөөд гараад явдаг даа. Тэдний жижиг газар нутагтаа дасан зохицох чадвар үнэхээр мундаг байгаа юм.

4-р ангид байхдаа манга уншиж номны амтанд орсон гэсэн. Тэрнээс өмнө үлгэрийг ч бас шимтдэг байв уу?
Багадаа ээжээрээ орос ардын үлгэрүүд их уншуулдаг байсан. Тэгээд ээж аав завгүй болохоор өнөөхөө “хүжийн гал” гэдэг шиг л хөнжил дотроо гар чийдэн тусгаж байгаад уншдаг байлаа. Тэрний ачаар нилээн муу хараатай болсон.

Ном, ялангуяа үлгэр их уншдаг хүүхэд их энэрэнгүй хүн болж өсдөг юм шиг санагддаг. Тийм болохоор ч та буяны үйл их хийдэг байх.
Номноос гадна, энэ зан эмээгээс минь улбаатай болов уу. Аав ээжийг ажилдаа явсан хойгуур би ихэвчлэн эмээ дээрээ өнждөг байсан юм. Эмээ маань бүх том баяруудаар буяны ажил хийдэг байсан. Тэр дундаа шинэ жил болгоноор гэр хорооллын худгууд дээр Санта Клаусын хувцас өмсөж очоод, усанд оочерлож байгаа хүүхдүүдэд бэлэг өгдөг байлаа. Бетонтой усаа дааж ядан харьдаг байсан хүүхдүүд бэлэг авсныхаа дараа том том харайгаад л баярлаад харьдаг байсан. Эмээ маань 4 жилийн өмнө өнгөрсөн ч, би энэ уламжлалыг нь үргэлжлүүлж байгаа. 12 сарын 30 болгонд Хайлааст, Дамбадаржаа, Баянхошуугийн 7 худаг дээр очиж хүүхдүүдэд бэлэг тараадаг болоод 4 жил болж байна. Тэрнээс гадна найзуудтайгаа нийлж “Эрүүл үрс, гэрэлт ирээдүй” ТББ байгуулаад, ЭМЭШТ-ийн нярайн эрчимт эмчилгээний тасагт зориултж төсөл бичээд, 6.1-нд тэнд инкубатор гардуулж, хяналтын монитортой болгосон. Хамгийн сүүлд 12 сарын16-ны өдөр “Номонд дурлагсдын холбоо”-ныхоо гишүүд, өвлийн өвөө, цасан охин, муур хулганатайгаа яваад “Манай гэр” асрамжийн төв, Хүүхэд засан хүмүүжүүлэх төвийн нийт 60-аад хүүхдүүдэд бэлэг тараасан. Хамгийн хэлүүштэй нь, манай холбооныхон 300-400 ном цуглуулж асрамжийн төвийн номын санг дүүргэж өгсөн.

Уржигдар “Гоолингоо”, ”Сэтгэлийн өнгө” төвтэй хамтраад Толгойтын хогийн цэгийн хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг өглөө. Тэр үед хүүхдүүдийн харцнаас хэлж чадахгүй байгаа их олон зүйл нь уншигдаж байсан.
Тийм шүү, буяны ажил хийх үед хүүхдүүдийн харц их олон зүйлийг бодогдуулдаг. Зарим нь талархлын, зарим нь “Нэг ирээд л яваад өгчихнө ш дээ” гэсэн гомдлын...Жирийн өссөн хүүхэд, асрамжийн газарт өссөн хүүхэд хоёрын харц шал ондоо байдаг. Хүний харцаар бодлыг нь гадарлах нь ном уншдагтай ч хамаатай байж магадгүй юм. Номыг нь уншсан хүн бүр Дөлгөөн Доны эргийг өөр өөрийнхөөрөө төсөөлдөг бол, дан киног нь үзэхэд тэгж төсөөлөх шаардлагагүйгээр нүдний өмнө гаргачихдаг. Ном хүний төсөөлөх, аливааг ургуулан бодох чадварыг нээдэг.

Ийм хүүхдүүд дээр олон дахин очсоны дараа, тэднээс нүдэн дээр чинь өөрчлөгдөж дэвшсэн жишээ бий юу?
Ноднин би нэг асрамжийн газар дээр очсон юм. Тэнд байсан жаахан охинтой би дотно танилцаад, Японд сурч байсан тухайгаа ярьсан юм. Энэ жил хүүхдийн баяраар дахиад очсон чинь тэр охин “Би тань шиг Японд эдийн засагчаар сурах гээд, япон хэл сурч эхэлж байгаа” гэж хэлсэн. Ямар их сэтгэл хөдөлсөн гээч. Тэгээд би тэр охиныг Япон хэлний анхан дунд гүнзгий шатны сургалтанд бүртгүүлж өгсөн. Дахиад очиход бүр мундаг болчихсон байх байх.

Өглөөхөн таны Фэйсбүүкийг үзэж суугаад, хайр гэдэг бол өгөхийн нэр гэсэн зургийг харсан. Энэ Буддын агуу философийн нэг байсан. Таны амьдралдаа баримталдаг философи юу вэ?
Манай аав “Бурханд итгэдэг хүн өөртөө итгэдэггүй” гэж хэлдэг юм. Тиймээс би өөртөө л их итгэдэг. Хүнээс хариу нэхэхгүйгээр хайр өгдөг хүн байх юмсан гэж хичээж явдаг. Сайн сайхан амьдарч байвал, эргэж хараад аль болох олон хүнийг чадах чинээгээрээ татаж явах ёстой юм болов уу. Ингэж чадвал өөрийгөө зөв амьдарч байна гэж боддог.

Таны мөрөөдлийн номын сан?
2010 онд Сан Францискогийн номын санд орсон чинь тэнд Монголын маш олон ном байхыг хараад оюуны бүтээлийг дээдэлдэг ард түмэн ямар байдаг гэдгийг мэдэрсэн. Тэрнээс өмнө Японы Чиба их сургуулийн номын санд “Тунгалаг тамир” роман байхыг харж байсан юм. Яг түүн шиг би дэлхийн асар олон орны, хэлээр бичигдсэн сонгодог зохиолуудтай номын сантай болох юмсан гэж боддог. Ер нь Төв номын санг тийм болгох юмсан гэж хүсдэг гэж хэлж болно. Миний нэг найз надад Монголд хамгийн том номын сан байгуулах төслийг хамтарч бичих санал тавьж байсан. Үүнийг нь би толгойдоо хадгалчихаад, хэзээ нэг цагт хийнэ гэж бодож яваа. Мөн би хараагүй хүүхдүүдэд Монгол номнуудыг тэмтэрч уншдаг үсэгнүүдээр нь хэвлээд өгөх юмсан гэж хүсдэг. Тэд ч бас унших эрхтэй хүүхдүүд. Тэд ч бас номноос өөрийн гэсэн үзэл баримтлал, мөрөөдөлийг олох байх. Яахав, сонсдог номнууд байдаг л даа. Гэхдээ аудио номонд зохиолыг уншиж байгаа хүнийх нь сэтгэлийн хөдлөл ороод, өөрийнхөө сэтгэл хөдлөлөөр ойлгож мэдрэх боломжийг хаадаг. Би ер нь номыг барьж, хуудсыг нь эргүүлж, үнэрийг нь үнэртэж унших дуртай.

Хэрвээ таны амьдралыг ном байна гэж төсөөлвөл та ямар нэр өгөх вэ?
/Хэсэг бодолхийлэв/ Гэрэл...Яагаад ч юм хамгийн түрүүнд орж ирсэн нь энэ байлаа. Би ер нь юмыг их амархан мартдаг л даа. Муутай сайтай нь цээжлээд явбал хөөрхий жижигхэн тархи минь дийлэхгүй байх. Амьдралыг би дурсамж гэж ойлгодог. Эргээд харахад сайхан дурсамжтай байхын тулд муу юмнуудыг гялс мартахыг хичээдэг.

Амжилтыг олсон мөнгөний хэмжээгээр биш, хэр олон хүний амьдралыг өөрчилснөөр нь хэмжих ёстой гэсэн Мишель Обамагийн үг санаанд орлоо. Энэ өнцгөөс нь харвал та өнөөдрийг хүртэл хэр амжилттай амьдарсан бэ?
Тэрийг миний эргэн тойрныхон л сайн хэлэх байх даа. Хүмүүс надад хүнд асуудлаа их ярьдаг. Би ч мундаг зөвлөгөө өгч чадах биш, анхааралтай сонсож л тусалдаг. Сонсож байгаад хамгийн түрүүнд бодогдсоноо л хэлдэг. Бүр дараа нь олон хүнээс чиний хэлсэн үгний ачаар өнөөдрийн би байгаа шүү гэж сонсож байсан. Тиймээс би нилээн баян, баялаг амьдарсан хүн гэж өөрийгөө ойлгож байна. Хагмийн сүүлд, нэг найз маань хайр дурлалын асуудалд ороод орой болгон над руу утасдаж уйлдаг байсан юм. Хүн гутрах үедээ, бүр илүү гунигтай түүх сонсвол өөрийнхийгөө мартдаг гэж нэг номноос уншиж байсан. Саяхан надад олон харамсалтай зүйл тохиолдоод гутрахдаа би Хойд Солонгосын тухай “Crossing” киног үзээд мэлмэртэл уйлав аа. Тэгээд л надаас илүү зовлонтой хүн орчлон дээр зөндөө байхад би юунд нь зовох вэ гэж бодсон. Тэгээд тэр найздаа “Яахав дээ, энэ чинь зүгээр л хайр дурлал. Эцэг эхэд чинь л ямар нэг юм болоогүй бол, эсвэл ханилаад суусан хань ижил чинь л биш бол, битгий санаа зов” гэж хэлээд өөрийнхөө туршлагаас хуваалцсан чинь маргааш нь тэр над руу маш гунигтай ном уншсан чинь миний зовоод байгаа юу ч биш юм билээ гээд утасдсан.

Таны хүн болгонд уншихыг зөвлөдөг ном юу вэ?
Би бусдад энэ тэр номыг унш гэж зөвлөдөггүй. Хүн болгон өөр өөр болохоор надад нөлөөлсөн ном тэр хүнд ч бас тэгж нөлөөлөх байх гэж зөвлөж зүрхэлдэггүй. Гэхдээ Монгол хүн болж төрснийх “Монголын нууц товчоо”, “Алтан товч”, “Тунгалаг тамир”, “Цаг төрийн үймээн”-ийг заавал уншаасай гэж хүсдэг. Баяжих арван нууц ч гэдэг юм уу, аз жаргалтай хүний 7 дадал зэрэг номнуудыг би зөвхөн түүнийг зохиосон хүнд тохиосон тохиол гэж боддог. Би харин олон янзын үйл явдалтай уран зохиолын номнууд дундаас өөрийгөө, өөрийн гэсэн Тунгалагаа олж авах дуртай.

Яг одоо ямар номонд шунаж байгаа вэ?
“Зуун жилийн ганцаардал”-ыг Англи, Японоор уншсан чинь төрөлх хэл биш учраас бүрэн төгс ойлгоход хэцүү юм билээ. Монгол хэл дээр аудио, pdf-ээр олдож байсан ч, хэвлэгдсэн эхээрээ олддоггүй ээ. Хайж явтал 12 сарын 9-нд “Номонд дурлагсдын холбоо”-ны маань нэг гишүүн Аким гуайн орчуулгыг барьчихсан явж байхаар нь бушуухан гуйж аваад, одоо дуусгах гэж байгаа.

Уншиж дууссаныхаа дараа шал хэрэггүй юм уншчихаж гэж бодогдож байсан ном бий юу?
Мартын наймнаар манай ажлын залуучууд надад “Нөхөрт гарах зөвлөмж” гэдэг ном өглөө. Эхний 4 хуудсыг уншаад, “биш ээ” гэж бодсон ч гэсэн гүрийгээд уншаад л байлаа. Би номыг дундаас нь орхих дургүй байхгүй юу. Яагаад ч юм ялагдсан юм шиг санагдаад байдаг юм. Тэгж дуустал нь уншчихаад, юу уншчихав аа гэж бодсон л доо. Гэхдээ тэр номтой хамт хэсэг ч гэсэн хөгжилтэй цаг хугацааг өнгөрүүлсэн л дээ /инээв/. Чин сэтгэлээсээ Тунгааг нөхөрт гараасай гэж бодоод сайхан сэтгэлээр өгсөн байх л даа. Гэхдээ хүнд ном бэлэглэхдээ манайхан нилээн бодох хэрэгтэй юм шиг байгаа юм аа. Манай нэг найзад найз залуу нь царай муутай эмэгтэйн амжилт билүү, тийм нэртэй ном өгсөн байсан.

Хүмүүс номыг янз бүрээр хадгалдаг юм билээ. Ном болгон дээрээ өөрийнхөө цээж зургийг наадаг ч хүнийг мэднэ. Та номнуудаа яаж хадгалдаг вэ?
Би чинь их сүртэй. Японд оюутан байхдаа ажил руугаа метрогоор цаг гаруй явж очдог байсан юм. Метрон дотор ном уншиж байхад миний номны гарчгийг эргэн тойрны хүмүүс хараад байхаар миний хувийн юм руу халдаад байгаа юм шиг эвгүй санагддаг байсан. Тиймээс Японд номын дэлгүүрээс нь ном авахад, гарчгийг нь харагдуулахгүйгээр бор цаасаар хавтаслаж өгдөг. Миний номнууд бүгд адилхан бор хавтастай ч, өрөөтэй байхад нь бүгдийг нь таньдаг шүү. Монголоос шинээр ном авахаараа гэртээ ирээд А3 цаасаар хавтаслачихдаг. Бас 15-р хуудсан дээр нь хувийн тамгаа дардаг.

Зохиолч, яруу найрагч Л. Өлзийтөгс эгчийн тамгаа дарж бэлэглэсэн номыг би хамгийн их нандигнадаг юм. Яг түүн шиг таны хамгийн их нандигнадаг ном?
Намайг 23-р сургуульд байхад Монгол хэлний баяр боллоо. Тангадын Галсан гуай энэ баяраар сургуулийнхаа тухай шүлэг зохиосон хүүхдэд шагнал өгнө гэсэн юм. Дөрвөн давхар цагаан өргөөний давхар болгонд нь хүүхдүүд шуугисан гээд л зохиосноо өгсөн чинь Галсан гуай хавтасных нь дотор талд “Юунд ч үл баригдах эрх чөлөөт яруу найрагч болоорой” гэж бичээд өөрийнхөө номыг өгч байсан. Тэр номоо би хамгийн их хайрлаж, нандигнадаг.

Та яруу найраг бичдэг үү?
Өөрийнхөө хэмжээнд л бичнэ. Зөндөө тэмдэглэлийн дэвтэр шүлгээр дүүргэсэн ч хэнд ч үзүүлэхгүйгээр өөртөө л зориулаад хав дарчихдаг. Хайку хэлбэрээр бичих дуртай.

Номон дуртай хүмүүс нийтлэгээрээ урлагт хайртай байдаг юм шиг санагддаг. Таны номтой адилхан шүтдэг урлагийн төрөл?
Би балет үзэх их дуртай. Ээж маань балетчин хүн юм л даа. Би хамгийн сүүлд А.Аданы Жизель-ийг үзсэн. Яагаад ч юм энэ бүжгэн жүжгийг л эрэгтэй жүжигчин нь солигдох үед дуртай. Би балетчид дундаас Алтанхуягийг хамгийн их хүндэлдэг. Энэ жил наадмаар түүнтэй танилцах завшаан тохиосон. Өөрийнхөө тухай танилцуулж байхад, тэр ч бас буяны ажил хийх дуртай, энэ тал дээр хамтарч ажиллая гэж хэлсэн нь урам зориг өгсөн. Морин хуурын чуулгадаа бас их хайртай. Японд ирэх болгонд нь алгасалгүй үздэг байлаа. Бухимдсан үедээ Морин хуураар тоглосон “Сэрсэн тал”-ыг сонсох дуртай. Тал хээр морьны цогиог мэдрээгүй Япон хүмүүс ч бас морин хуурнаас хайр энэрэл, гуниг, ухааралыг олж байсан тухайгаа надад ярьж байсан.

Таны мөрөөдөл юу вэ?
Эмээдээ зориулаад сүм барихыг мөрөөддөг. Эмээ маань өөрийн өрөөлийн их олон хүүхэд өсгөсөн юм. Өөрийнх нь нутаг болох Төв аймагт эмэгтэйчүүд хүүхдүүд очоод гэрэл гэгээ олдог тийм газар байгуулах юмсан гэж боддог. Тэрнээс яг шашны утгаар хийхийг хүсдэггүй. Бас нэг ойрын мөрөөдөл гэвэл Монгол улсын нисэх онгоц дэлхийн олон орон руу явж, нэр хүндтэй нисэх хүчний компаиудтай зэрэгцэж зогсдог байгаасай гэж хүсдэг. Манайх буурай орон гэдэг утгаараа хамгийн сүүлийн зогсоол дээр зогсож, байгалийн гамшиг тохиолдлоо гэхэд хамгийн сүүлд үйлчилгээ авдаг юм. Энэ үеэр хүний амь нас, амьдралынх нь чухал зүйл минут секундээр хэмжигдэж байгаа хүмүүс оройтдог. 4 жилийн өмнө намайг Японд сурч байхад эмээ маань өнгөрч байсан юм. Эмээгийн бие муу байгааг сонсонгуутаа Монгол явах онгоцонд суусан ч, шуурганаас болоод нэг хоног саатсан юм. Онгоцны далавчин дээр буусан цасыг буулгах үйлчигээ нь манайд хамгийн сүүлд ирснээс болоод би оройтсон юм. Бүх мөрөөдлийн минь дотроос хамгийн том нь олуулаа байх. Амьдралын минь эцсийн мөчид намайг тойроод үр хүүхэд, ач ээ, хань ижил минь байгаасай гэж хүсдэг. Миний хувьд арван охин компани, нэг тэр бум доллараас илүү хайр хамгийн чухал. Хайраар дүүрэн амьдрах нь миний мөрөөдөл.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(932)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com