ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Миний хуримын паян

Гэр бүл  | 2012 / 10 / 25

Ойрын өдрүүдэд хурим найр болж, хөлтэй хөөртэй өдрүүд үргэлжилсэн биз ээ. Тэгвэл энэ үеэр гоолингоогийн бүсгүйчүүд ямар паянтай байсан тухайгаа хуваалцаж байна.

Миний хуримын паян

Хайрт минь хуримынхаа урд орой нь яг л бяцхан жаал шиг угаалгын өрөөн дотор уйлчихсан сууж байсан. Би гайхаад юу болсныг нь асуусан чинь юу ч болоогүй ээ л гээд байлаа. Ямар нэг юм болсон юм болов уу, гэж миний санаа зовж байлаа. Шалсаар байгаад хэлүүлсэн чинь чи ингээд минийх болчихож байгаа юм уу, гэж хэлээд чанга тэврээд бүр их уйлчихсан. Тэр үед би өөртөө чи зөв хүн сонгожээ гэж хэлж байсан. Одоо энэ тухай нөхөртөө ярихаар “за за, тэрийг ярьж яах гэсийн” гэдэг. Хэхэ. 26 настай Ж

Энэ явдал өнгөрсөн жил намрын дунд сарын дашням, балжиннямтай билэгт сайн өдөр болсон юм. Жил бүрийн энэ өдөр хуримын ордон ачааллаа дийлэхгүй болдог шүү дээ. Бусдын адил бид хоёр ч бас сайн өдөр хуримаа хийхээр төлөвлөсөн боловч сул цаг байхгүй гээд үүрийн 4 цаг 20 минутанд гэрлэлтээ батлуулахаар болов оо. Уг нь би тэр үед нар мандчих байх гэж бодсон боловч гадаа харанхуй хэвээрээ л байсан. Тэгээд хуримын ордны гадаа зургаа авахуулсан чинь хав харанхуй нэг л эвгүй зураг гарсан. Хэн хаана зогсож байгаа нь ч мэдэгдэхгүй. Тэр үед хичнээн уур хүрж байсан ч гэсэн одоо харахаар инээд хүрээд байдаг юм. Ганц тохиох хуримаа мартагдашгүй хийсэн паян минь энэ дээ. 25 настай С

Манай эгчийн хурим болно гээд ойрын өдрүүдэд их л зав муутай байлаа. Тэр маань хуримын өдрөө яг л гүнж шиг хөөрхөн болчихсон байсан. Урт цагаан даашинз нь газар шүргэмээр урт. Гэтэл машинаасаа буухдаа тээглээд даашинзныхаа хормойг урчихсан. Жижиг байсан бол бас яахав. Гэтэл бүүр бараг хормой нь золтой л тэр чигээраа салж уначихаагүй. Тэгээд надад зүү утас олж ирэх үүрэг оноов. Өглөөний 7 цагт ямар дэлгүүрт зүү утас зарж байхав дээ. Тэгээд хуримын ордны цаг нь тулчихсан болохоор оронд нь жижигхэн үсний хавчаарнууд авчраад хормойг нь тогтоогоод л оруулсан даа. Эгч маань уйлчих гээд л ёстой өрөвдөлтэй байсан. Одоо би тэрийг нь шоолж инээхээр өөрөө ч бас дагаж инээгээд байдаг юм. 21 настай О

Манай нөхөр надаас бага зэрэг намхан л даа. Энгийн үед түүнээсээ нэг их санаа зовдоггүй хэрнээ хурим дөхөөд ирсэн чинь яагаад ч юм “хайраа, чи нэг их өндөр өсгийтэй гутал битгий өмсөөрэй” гэдэг юм байна. Би ч өсгийтэй гутал бараг өмсдөггүй л дээ. Тэгээд тоглоомоор “Үгүй ээ, би өндөр өсгийтэйг өмсөнө. Ер нь цаашдаа ч гэсэн өмсөх болно. Би ч гэсэн бусад бүсгүйчүүд шиг өндөр өсгийт өмсмөөр л байна ш дээ” гээд хэлчихсэн. Тэгсэн чинь манай хүн уурлаад, сүйд болж байна аа. Бараг л өсгийтэй гуталнаас болж хуримаа цуцлахаа шахсан. Гуталнаас болж тэгж муудалцаж байсан минь хамгийн хөгжилтэй, бас дурсамжтай. Мэдээж бид хоёр одоо аз жаргалтай сайхан амьдарч байгаа. 26 настай Ж

Нөхөр бид хоёр яг бөгжөө солилцох гэж байлаа. Би нөхөртөө бөгжийг нь зүүгээд өгчихлөө. Харин тэр минь хачин их сандарч байгаа нь бөгж зүүлгэхэд гар нь чичирч байгаагаас мэдэгдсэн. Бөгжөө барьчихаад баруун гаранд зүүж өгөх нь ээ. Би гараа татаж аваад л...Энэ байдал бараг хоёр удаа давтагдсан байх аа. Би сүүлдээ уурлаад гараа угз татаж байгаа нь бичлэгэнд орчихсон байдаг. Одоо үзэх бүртээ инээд хүрдэг. 28 настай Э

Маш олон хүмүүс хуримаа батлуулж байсан өдөр байлаа. Би найзынхаа хуриманд ирчихээд байсан юм. Энд тэндгүй л ижилхэн дээлтэй хүмүүс. Би ч ямар найзынхаа хамаатнуудыг таних биш. Нэг хүн намайг хурдан зогсооч ээ. Зураг авах гээд байна гэхээр нь зогсоод авахуулчихлаа. Дараа нь шатнаас буусан хойноо шал танихгүй гэр бүлийн хуримын зурганд яваад орчихсон байгаа юм даа. 23 настай З

Хурим гэдэг чинь миний төсөөлж байсан шиг тийм амар зүйл биш байна лээ. Нөхөр бид хоёр хуримын урд оройноо өөрсдийгөө болон бас бус юмаа бэлдсээр байгаад нэлээн оройтож хэвтсэн юм. Тэгсэн хоёулаа унтаж чаддаггүй ээ. Ингээд л унтчих юм бол өглөө сэрж чадахгүй юм шиг санагдаад тэр чигтээ хоёулаа унтахгүй байхаар шийдсэн. Тэгээд хоёр биендээ юм ярьж хэвтсээр байгаад өглөө болгосон. Маргааш нь хуримынхаа үеэр дохилзоод сууж чадахгүй хэцүү байсан даа. 27 настай Н

Нөхөр бид хоёр өмнө нь хоёулаа хуримын анхны шөнөө гоё романтик өнгөрүүлнэ шүү гэж ярьж байсан юм. Гэтэл яг цагаа тулсан чинь ядраад юун тэр манатай. Хоёулаа бараг хоёр тийшээ харж унтаад өглөө нь бие биенээ шоолсоор сэрсэн дээ. Гэхдээ өглөөг хэзээ ч мартагдахааргүй жинхэнэ галзуу эхлүүлсэн л дээ. 24 настай Ү

Чамд иймэрхүү хөгжилтэй зүйл тохиолдсон уу? Найзуудтайгаа хуваалцаарай.

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Iris
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(311)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com