ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Загварын ертөнцийн эрхэм дээдэс: Кейт Мосс

Одууд  | 2012 / 01 / 16

Кейт Мосс дэлхийн бүх том сэтгүүлүүдийн нүүрийг чимж байсан. Цаг үеийн хамгийн нөлөөтэй загвар өмсөгчдийн нэг, мөнхийн гоо үзэсгэлэнт тэрбээр саяхан хуримаа хийж, амьдралынхаа тойргийг тэлсэн юм. Түүний Австралийн MarieClaire сэтгүүлийн өнгөрсөн 11 дүгээр сарын дугаарт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Загварын ертөнцийн эрхэм дээдэс: Кейт Мосс

Кейт Мосс бол мөнхийн хөдөлгөөн дунд оршихоор заяагдсан бүсгүй. Түүнийг позоо авчихлаа гэж бодоод аппаратны товчоо дарж дуусаагүй байхад, тэр санаанд оромгүй гэнэтийн хөдөлгөөн хийнэ. Тэгээд л харах өнцөг чинь огцом өөрчлөгдөж, өмнө нь төсөөлж ч байгаагүй цоо шинэ дүр зураг хальснаа буух болно. Энэ бол мэдээж загварын квантын физик. Энэ сэтгэл татам шинжлэх ухаанд Кейт Мосс өнгөрсөн 23 жилийн турш онцсайн суралцаж байгаа юм. Тэр Balenciaga-гийн зураг авалтанд зориулж зоримог дүрийг бүтээдэг бол, Alexander McQueen-д зориулж тэнгэрлэг төрхийг бүрдүүлэх жишээний. Камер хөдлөхгүй байх үед ч, Кейт Мосс хөдөлж л байдаг. Тэгээд үргэлж хувьсаж, өөрчлөгдөж, гайхуулж, бишрүүлж байдаг.

Харин Моссын амьдралын тухайд, юу ч гэмээр юм бэ дээ. Өнгөрсөн жилүүдийн турш түүний нэрээр гарчигласан мэдээлэл бүрийг сонжих юм бол, Кейт Моссын амьдралын замнал нь үргэлжилсэн их скандал болов уу гэмээр. Паппарациудын “бүтээсэн” түүний зургийн цомог нь санамсаргүй, гэнэтийн, дуулиан тарихуйц, сэтгэл хөдөлгөм фотогоор дүүрэн. Энд ч тэр Каннын улаан хивсэн дээр Жонни Депптэй зогсож байна, тэнд ч тэр охин Лилатайгаа далайн эрэг дээр тоглож байна гээд л. Харин өнөөдөр тэр шинэхэн бэрийн дүрээр бидний өмнө гарч ирлээ.

Саяхан айлын гэргий болсон Кейт Мосс Christian Lacroix-ын цув нөмөрч, өөрийн нэрийн сүрчиг LilaBelle-гээ түрхсэн байлаа. Түүний царайнд хайр халамжин дунд хэрхэн бөмбөрч яваа нь тодхон. Хэрвээ сонин хэвлэлээр шуугиж байгаа юм үнэн бол, тэр дахиад ээж болоход бэлэн болсон гэдэг нь харагдаж байлаа. Түүнийг гэрлэснээсээ хойш Лондон дахь, хотын төвөөс зайдуу эдлэн газартаа, өөрийн таунхаус дотроо өнжиж жимсний чанамал хийж өдрийг өнгөрүүлж байгаа гэж хэвлэлүүдээр бичсэн байсан. Гэсэн ч тэр ажил хэргийнхээ тал дээр шинэ хувьслыг хийж амжуулжээ. Rimmel-ийн гоо сайхны бүтээгдэхүүнийг арав гаруй жил сурталчилсны эцэст тэр тун удахгүй өөрийн нэрийн, нүүр будалтын коллекцоо гаргах гэж байгаа аж. “Савлагаа нь хар өнгөтэй байх болно. Төв, матт өнгөнүүдээр голлох бодолтой байгаа. Би гял цал биш, аль болох энгийн байлгахыг хүссэн” гэж тэр шинэ make up цуглуулгынхаа тухай цухас ярьлаа.

Түүнийг хаанаас нь ч харсан өнөөдөртөө сэтгэл хангалуун байгаа нь мэдрэгдэж байв. Арга ч үгүй биз. Тэр 37 насандаа өөрийн “рок бурхан”-тай гэрлэж, дизайнеруудын хувцаснуудаар “тоглож”, одоо өөрийнхөө “өнгө”-өөр шинэ уруулын будаг гаргах гэж байгаа юм чинь. “Би классик өнгөнүүдийг сонгохоор шийдсэн. Өдрийн будалтанд бор шаргал, ягаан, харин үдшийн будалтанд миний дуртай өнгө болох улаан өнгө байх болно.” Түүний урам зориг эргэн тойрондоо халдварладаг бололтой.

Загвар зохион бүтээгч Марк Жейкобс түүнийг “Бие галбирын хувьд гоо үзэсгэлэнтэй, ааш аягийн хувьд дур татам, зан араншингийн хувьд өвөрмөц. Үүнээс гадна тэр маш, маш ховор төрлийн эмэгтэй. Цорын ганц, ер бусын гэмээр. Тэр өөрөөсөө ялгардаг эрч хүчээр эргэн тойрныхоо орон зайг дүүргэж чаддаг” гэж тодорхойлж байсан.

Мосстой цуг цагийг өнгөрөөхөд түүнийг ажилдаа үнэхээр дуртай гэдэг нь илэрхий байв. Залхах, уйдах гэдэг “юм” Моссоос гадуурх ойлголт. “Би дуртай юмаа хийх дуртай. ‘Дахиад л зураг авалт уу?’ гэсэн бодол төрж байгаагүй”

Мосс амьдралынхаа туршид олон юмыг үзэж туулсан. Гэвч тэднээс аль нь ч түүнийг 7 сард Жеймс Хинстэй хийсэн хурим шиг нь аз жаргалтай болгож байгаагүй байх. “Би хуримаа мөрөөдлийн, 1920-иод оных шиг хийхийг хүссэн” Тэр хуримын ёслолынхоо дараа өтгөн шаргал өнгийн Johnn Galliano-гийн даашинзтайгаа эдлэн газар дахь гэр лүүгээ яарч, тэндээ 3 хоногийн турш үдэшлэг зохиосон. Vivienne Westwood, Jude Law, Paul McCartney зэргийн зочидоор хүрээлүүлсэн түүний үдэшлэгийн гол ундаа нь “Кейт 76” (цагаан архи, оргилуун дарс, буталсан мөс, элсэн чихэр) коктейл байжээ. Эхнэр, загвар өмсөгч, ээж, бизнессвүүмэн (тэр өнгөрсөн жилд Longchamp-ийн гар цүнхний загваруудыг зохиохоор болж, Topshop брэндэд коллекц гаргасан), Мосс бүсгүй хүний хийхийг хүсдэг бүхнийг амжуулжээ. Түүнийг өөрийнхөө ишэн дээр завгүй эргэлдэх хооронд бусад нь түүнтэй ойртох гэж хичээцгээдэг. “Санамсаргүй явдал л байх л даа. Гэхдээ надад нэг тийм...радар байдаг юм. Жишээ нь намайг урт ноосон оймсонд дуртай болонгуут, гэнэт л бүх загварын шоун дээр урт ноосон оймс ноёрхож эхэлдэг.”

Мосс “хувцаслах дүрэм”-ийн утгагүй номыг зүгээр ч нэг хаячихаагүй, тэр бүх хуудсуудыг нь урж орхисон гэж хэлж болно. Түүний стиль үргэлж хайнга, этгээд, бусдад сэдэл өгөхүйц байдаг. Курткан доогуур дэрвэгэр даашинз хослуулж, урт цамцыг даашинз болгож өмсдөг түүний талаар загвар зохион бүтээгч Майкл Корс “Кейт өөрийнхөө өмссөн хувцсаар бүх дэлхийг гоёж чаддаг эмэгтэй. Тэр супермаркет орохдоо хүртэл хайш яайш, гартаа таарснаа угласан юм шиг хирнээ, дур булаам харагдахаар хувцасладаг. Энийг л фэйшн мэдрэмж гэж нэрлээд байгаа юм ” гэж хэлж байсан. Сүүлийн үед эмх цэгцгүй, хирнээ дэгжин харагдах хувцаслалтыг бүсгүйчүүд таашааж байгаа. “Урьдаас төлөвлөөгүй, замбараагүй байдал” гэж Кейтийн хэлснээр тодорхойлж болох байх. Түүний энэ үг нь амьдралынх нь хэв маягийг ч гэсэн илэрхийлж байж магадгүй.

Түүнийг анх 14 настай байхад буюу 1988 онд Нью Йоркын онгоцны буудал дээр зогсож байхад нь Storm Model агентлагийн захирал Сара Пукас олж харснаар бүх зүйл эхэлсэн гэдэг. Ингээд бодохоор моделын замнал нь дэндүү амархан эхэлчихсэн мэт. Гэвч түүний энэ өндөрлөгт хүрэхийн тулд гаргасан золиосынх нь талаар хэн ч мэдэхгүй. “Энэ бүхэн тийм ч хялбар байгаагүй. Би найзуудтайгаа уулзаж, цагийг зугаатай өнгөрүүлж болох залуу насан дээрээ өдөрт 8 зураг авалтанд ордог байсан. Гэхдээ амьдралаа утга учиртай болгохын тулд нурж унатлаа ажиллах ёстойгоо би мэдэж байсан юм”

Катерин Энн Моссын хувьд аав ээжийгээ салснаас хойш нэгхэн жилийн дараа нэр алдарт хүрсэн нь алдрын тавцангийн шалгуур гэлтэй. Энэ үед тэр ид өсвөр насан дээрээ, өөртэйгөө тэмцэлддэг үе дээрээ байсан. “Би хүүхэд байхдаа их ичимхий байлаа. Би 13 нас хүртлээ юу ч дуугардаггүй байсан. Энэ үеэс л би хаалга өшиглөөд “Би явлаа шүү” гэж орилдог болсон юм” Тэгээд л тэр “гараад ирсэн”. Хоёрхон жилийн дараа тэр Жонн Галлианогийн загварын тайзны ард вискинд согтчихоод явдаг болсон. (зурагчин Марио Тестино тэр үед цурхирч байсан Кейт Моссыг тайвшруулж “Чи бол сүрчиг л гэсэн үг. Чи хязгааргүй тархах болно” гэж хэлж байжээ)

Тэр 1990 онд Британийн фэйшн библи гэгддэг “The Face” сэтгүүлд Calvin Klein-ын сурталчилгаанд зориулж цээж нүцгэн зураг авахуулж байсан. Дөнгөж бэлгийн бойжилт нь явагдаж эхэлж байгаа охины задгай зураг загвары хорхойтнуудыг алмайруулж, харин феминистүүдийг цочролд оруулж байсан юм. Тэр 19 настайдаа Vogue-ын нүүрийг чимсэн хамгийн залуу загвар өмсөгчдийн нэг болсон. Тэр үед түүний нэг өдрийн орлого 10,000 фунт стерлингд хүрсэн байжээ. “Тэр бол миний эрин үе байсан. Загварын ертөнцөд Синди Кроуфорд шиг том хөхтэй охид хуучирч эхэлсэн байлаа. Хүмүүс өнчин хүүхэд шиг төрхтэй намайг загварт гарч ирэхийг хараад гайхаж байсан. Юу ч гэх вэ дээ.’Би анорексик биш’ гэдэг үгийг нэг хүн хэдэн удаа хэлж чадах билээ дээ...”

Эцэст нь тэр өөрийгөө батлах оролдлого хийхээд болиод, 1994 онд LA руу явж, Жонни Депптэй үерхэж эхэлсэн. Бас тэр Брэд Питтэй цагийг зугаатай өнгөрүүлж, Боб Дилантай сээтэгнэж, Фрэнк Синатрагийн нүдэнд өртөж явсан. “Фрэнкийн 80 насны төрсөн өдөр дээр байсан юм. Тэр намайг уруул дээр минь үнсээд, надад шүүлтүүргүй тамхи өгч байсан”. Кейтийн 21 насны төрсөн өдрөөр Жонни Депп түүнд зориулж өөрийнхөө клуб дотор үдэшлэг зохиожээ. “Хөшиг нээсэн чинь, тэнд манай аав, ээж хоёр, Лондон, Нью-Йоркоос ирсэн найз нөхөд, бас Жон (Галиано) Парисаас ирчихсэн зогсож байсан. Үнэхээр гайхалтай байсан шүү. Би бүр чичирсэн гээч.” (Үдэшлэгийн дараа Депп түүнийг хоолонд урихдаа, газар шүргэсэн урт сатин даашинзыг нь өөрийн гараар хайчлаад, өвдөг хүртэл нь тайрч “зассан” гэдэг)

Гурван жилийн дараа Депп тэр хоёр салж, Кейт Dazed and Confused сэтгүүлийн эрхлэгч Жефферсон Хэктэй учирсан. Энэ учралаас түүний охин, одоо 9 настай Лила Грейс бий болжээ. (“Би хүүхдээ маш сайхан орчинд төрүүлсэн. Тэнд лаа, бас оргилуун дарс байсан.”) Гэвч тэр хоёр төд удалгүй салж, сайн найзууд хэвээрээ үлджээ. 31 насныхаа төрсөн өдрөөр Мосс хөгжимчин Пит Дохертитэй танилцав. Кейтийн уучлал хүсдэггүй, хэзээд аз жаргалтай хэвээрээ байдаг, эв хавгүй зан нь түүнийг татсан нь гарцаагүй.

Дохертитэй үерхэж байхдаа түүнд хэвлэлийнхний өгсөн шинэ нэр бол “Кокайн Кейт”. Түүний хар тамхи татаж байгаа хэд хэдэн зураг Английн сонинуудад нийтлэгджээ. Энэ явдлаас хойш тэр Америк явж, эмчилгээ хийлгэсэн боловч хэд хэдэн брэндүүд түүнийг “үзэхээ больсон” байв. Энэ үед талийгаач Александер МкКвийн загварынхоо шоуны төгсгөлд “Бид чамд хайртай, Кейт” гэсэн бичигтэй футболк өмсөж түүнийг сэтгэл санаагаар дэмжиж байсан түүхтэй. Энэ бүхний дараа Кейт бидэнд эргээд л хүрээд ирсэн. Тэр 2006 оны Британийн шилдэг загвар өмсөгчийн шагналыг гардуулж, Longchamp, Topshop-той хамтарч эхэлсэн. [...]

Түүнийг дахиад ямар огцом эргэлт, гайхалтай үйл явдал хүлээж байгааг хэн мэдэх вэ? Шинэхэн эхнэр, ажил хийдэг ээж тэрээр “Би одоо зүгээр л урсгалаараа амьдрахыг хүсч байна. Бүхнийг бусниулаад л. Би уйдахыг огт хүсдэггүй” гэж хэллээ. Харж байна уу? Кейт үнэхээр мөнхийн хөдөлгөөн дунд оршихоор заяагдсан байгаа биз?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(144)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com