ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хэзээ ч мятрашгүй Бейонсе

Одууд  | 2011 / 09 / 05

Эмэгтэй хүний секси байдал, бие галбир, амжилтын талаар дуучин Бейонсегийн Английн Космополитан сэтгүүлийн 4-р сарын дугаарт өгсөн ярилцлагыг хөрвүүллээ.

Хэзээ ч мятрашгүй Бейонсе

Өнгөрсөн 12 сарын хугацаа Бейонсегийн хувьд амьдралынх нь хамгийн чухал үеүүдийн нэг байжээ. Гэхдээ 16 Гремигийн шагналынхаа тоог нэмэгдүүлсэндээ, эсвэл 300 сая Еврогийн хөрөнгөө өсгөсөндөө биш л дээ. Харин тэр энэ нэг жилийн хугацаанд өөртөө бүрэн “чөлөө өгч” чадсан болохоор тэр. 15 настайгаасаа хойш нэг ч удаа дорвитой амарч үзээгүй явсан 30 настай поп од Бейонсе өнөөдөр Нью Йоркийн тансаг зэрэглэлийн зочид буудал дотор суугаад, биднээр нөхөрсөг тоглоом шоглоом хийж, дотнохон инээгээд сууж байна. Тэр урьд урьдынхаасаа илүү амар амгалан, тайван, чөлөөтэй харагдаж байлаа. Гэвч Бейонсе энэ хугацаанд бас л зүгээр суугаагүй нь тодорхой. Тэр татгалзахын аргагүй, дур татам үнэр бүхий өөрийнхөө хоёр дахь сүрчигийг худалдаанд гаргаад амжсан байна. Энэ бол “Heat Rush”. Гэсэн ч энэ сүрчигний нээлт бол бидний тэр гайхалтай эмэгтэйтэй уулзах жирийн нэг далим болсон юм. Бидний хайртай, хүчирхэг, секси, супер бизнесвүүмэний зүрхийг юу цохилуулдаг талаар хамтдаа сонирхоё.

Өөрийн гэсэн сүрчигтэй байхын юу нь танд таалагддаг вэ?
Би ер нь их эмэгтэйлэг л дээ. Үнэртэн бол миний бодлоор бүсгүй хүнд байдаг хамгийн чухал акссесуар. Сайхан үнэр тачаангуй байдлыг илтгэхийнхээ хажуугаар эзнийхээ талаар тодорхой мэдээллийг өгдөг. Бас яг л дэгжин хос стиллето шиг, хувцаслалтыг “төгс”-гөж өгдөг зүйл. Би хүүхэд байхдаа ээжийнхээ гэрээсээ гарахдаа бэлдэж байхыг нь анхааралтай ажигладаг байсан юм. Ялангуяа сүрчигээ цацаж байхыг нь. Тэр дороо анхилуун үнэр өрөөгөөр нэг дүүрээд л, гараад явчихсан хойно нь ч ээжийг минь санагдуулдаг байлаа. Надад үнэртэй ус их чамин, бас сэтгэл татам, секси, эмэгтэйлэг мэдрэмж төрүүлдэг байсан. Миний хувьд, бүсгүй хүн хэдий нүд бүлтийж, ам ангаймаар сайхан хувцасласан байсан ч үнэртэн түрхээгүй бол нэг л дутуу санагддаг. Яг л дээр нь интоор тавиагүй мөхөөлдөс шиг. Миний хоёр дахь үнэртэн Бразилийн интоор, жүрж, халуун орны жимсний найрлагатай. Өөрийн гэсэн сүрчигтэй байна гэдэг энэ дэлхий дээр өөрийнхөө жижигхээн тамгыг тавьж байгаатай адилхан санагддаг учраас надад сайхан байдаг.

Жей-Зи таны үнэртний талаар ямар бодолтой байдаг вэ? Тэр үүнд дуртай юу?
[Инээв] Өө, тоглоод байна уу? Би үнэртнээ сонгохдоо заавал түүний саналыг сонсож, нэг ёсондоо “баталгаажуулдаг”. Бүсгүй хүн өөрийнхөө үнэртнийг хайртай эрд нь таалагдаасай гэж хүсдэг шүү дээ. Тэр миний бүх үнэртэнд дуртай. Яагаад гэвэл Жей-Зи надтай цуг явж, сонголцдог юм. Би түүний дургүй үнэртэнг түрхэхгүй байх байсан.

Эрэгтэй хүний ямар үнэрийг “секси” гэж тодорхойлох вэ?
Эр хүн хэзээ ч үнэртэй усаа хэтрүүлэх ёсгүй. Заримдаа цахилгаан шатанд сууж явахад, дэндүү хурц үнэртэй сахлынус түрхсэн эрчүүдийн хажууд зогсож явах хэрэгтэй болдог. Үнэхээр муухай шүү. Эрэгтэй хүний ус зөөлөн, илүү дутуу юмгүй, сэнгэнэсэн байх хэрэгтэй байх.Эмэгтэй хүн түүнд улам ойртоод, үнэртээд л зогсмоор санагдахаар...Тийм байх л секси.

Та хэдэн жилийн өмнө өөрийнхөө 30 нас хүрсэн дүр төрхийг хэрхэн төсөөлж байсан бэ?
Инээдтэй сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ би залуудаа өөрийгөө 30 нас хүрэхдээ аль хэдийн тэтгэвэртээ гарчихсан байх биз гэж боддог байсан. Би одоо бараг л 30 хүрэх гэж байна. Гэтэл надад дахиад хийхийг хүссэн юм ямар их байгааг бодож үзээд би өөрөө ч гайхдаг. Би урьд нь өнөөдрийнх шигээ ийм их амжилтанд хүрнэ гэж өөрийгөө төсөөлдөг ч үгүй байсан. Зүгээр л ганц дуу гаргах төдийд ямар сайхан байх тухай боддог байсан юм. Би ийм өргөн цар хүрээг бий болгоно гэж төсөөлж байгаагүй. Би өөрийгөө кинонд тоглоно гэж, бас тэр олон шагналыг авна гэж төсөөлж байгаагүй...Одоо ч бүрэн дүүрэн итгэж чаддаггүй юм. Би надад ирсэн бүх зүйлд талархалтай ханддаг, хэзээ ч тэднийг голж, шилж байгаагүй ээ. Би ямар нэг юмыг хамгийн сайн чадахаараа л хийхийг хүсдэг.

30 нас гэдэг бол эмэгтэй хүний амьдралын чухал үе. Магад энэ насанд л бид гэр бүл, үр хүүхдийн талаар илүү нухацтай бодож, жинхэнэ утгаараа хүмүүжин, намба суудаг байх. Энэ талаар та ямар бодолтой байна?
Хүнд намба суух цаг хэзээд олдоно гэж би боддог. Би өөрийгөө яг байгаагаар нь илэрхийлж байхдаа л амар тайван байдаг. Гэхдээ, тийм ээ, би амьдралд минь одоо болох зүйлийг нээлттэйгээр хүлээж авахыг хүсч байна. Нас ахих тусам бидний гадаад төрх хувирч, амьдралыг болон бусад эмэгтэйчүүдийг харах өнцөг өөрчлөгддөг нь хачин шүү. Надад ажил, амьдрал хоёроо тэнцвэртэй авч явж чаддаг ээжүүдээр бахархах сэтгэл төрдөг. Тэднийг хармагц л миний толгойд “хүндлэл” гэдэг үг бууж ирдэг юм. Бас тэднийг хараад л би “Тийм ээ, хоёуланг нь зэрэг амжуулж болох юм байна. Үнэхээр боломжтой юм байна” гэдгийг ойлгож авдаг. Ажил, карьер, хүүхэд...бүгдийг нь хамтад нь авч явж болно гэдэгт би итгэдэг. Зүгээр л жаахан зохион байгуулалттай байхад л болох байх.

Энэ нэг жил таны хувьд юугаараа онцгой байв?
Хариулахад амархан асуулт байна. Би нэг жил өөртөө “чөлөө өгсөн”. Үүгээрээ л хамгийн онцгой байлаа. Хэтэрхий энгийн сонсогдож магадгүй л дээ, гэхдээ би 15 настайгаасаа хойш ажилласан. Энэ хооронд нэг ч удаа амралт авж байгаагүй юм. Миний амьдрал үргэлж л нэгээс нөгөө рүү, ажлаас ажил руу шилжсэн байдалтай байлаа. Би зогсох хэрэгтэй гэдгээ гэнэт л ухаарсан. Энэ бол миний амьдралдаа гаргаж байсан хамгийн зөв шийдвэр. Би амралтынхаа хугацаанд хайрттайгаа, гэр бүл, найз нөхөдтэйгөө илүү их цагийг өнгөрүүлсэн. Бас шөнө бүрийг өөрийнхөө оронд тухтай нойрсож өнгөрүүлсэн нь үнэхээр сайхан байлаа. Түүнээс гадна би аяллаар явж, янз бүрийн соёлтой танилцаж, баллет, уран зургийн үзэсгэлэн үзэж, сайхан ресторануудаар орж хооллосон...Гайхалтай байсан.

Танд Жей-Зигийн хувьд сайн гэрийн эзэгтэй байх боломж олдов уу?
[Инээв] Тийм ээ! Би бүр хоол хүртэл хийсэн гээч. Гэхдээ надад нэг их таалагдаагүй л дээ. Би тийм ч сайн тогооч биш. Гэвч үхрийн сүүлээр бол аятайхан юм хийчихэж чадна шүү. Зогсоо чөлөөгүй ажилладаг охин байхаа болиод, жирийн эхнэр байх боломж гарсан нь сайхан хэрэг.

Зүгээр л амраад байх хир хэцүү байсан бэ? Буцаад завгүй болмоор санагдах үе байсан уу?
Би энэ хугацаанд ч бас завгүй байсан. Гэхдээ өмнө нь хийх гээд амждаггүй байсан зүйлсээ хийсэн юм. Би продакшны компани байгуулж, яаж дуунд засвар хийхийг сурж, бага зэрэг бичлэг хийлгэн, өөрийн гэсэн DVD-тэй болсон. Шөнө нь унтаад л, өглөө нь сэрчихээд ажил руугаа явж, орой нь гэртээ ирдэг хэвийн амьдрал хамгийн гоё нь байсан. Ажлаа тараад гэртээ ирэх ямар сайхан гээч?

Эмэгтэй хүнийг юу хамгийн секси болгодог вэ?
Бүсгүй хүнд байж болох хамгийн дур татам чанар бол өөртөө итгэх итгэл. Хичнээн гоо үзэсгэлэнтэй байгаад өөрийгөө үнэлэхгүй бол чи секси байж чадахгүй. Чи өөрийнхөө талаар сайхан бодол тээж явбал бусад хүмүүс ч бас чиний талаа сайнаар бодож явна.

Бие галбиртаа сэтгэл хангалуун бус байдаг эмэгтэйчүүдэд хандаж юу гэж хэлэх вэ?
Өөртөө таалагддаггүй хэсэгтээ битгий анхаарлаа хандуул. Өөрийгөө арай өөр өнцгөөс харж, таалагддаг зүйлсээ ажигла. Янз бүрийн даашинз өмсөж үзээд, ямар загвар чамд хамгийн зохьдгийг олж мэд. Надад миний эгчийн/дүүгийн стиль таалагддаг л даа. Гэхдээ тэр надаас туранхай болохоор, түүнд гоё харагдсан хувцас надад зохидоггүй юм. Тиймээс би зүгээр л өөрийнхөөрөө байдаг. Бас өөртөө таалагддаггүй биеийнхээ хэсгийг сайхан болгох талаар хичээл зүтгэл гарга гэж хэлмээр байна. Би гоолиг, булчинлаг хөлтэй байх дуртай ч миний хөл тийм биш. Тиймээс би дасгал хийх болгондоо тэр хэсэгтээ илүү их ачаалал өгдөг юм. Хэн ч төгс биш. Гэхдээ хүн болгонд хамгийн сайхнаараа харагдах боломж байдаг.

Таны хайртынхаа сэрлийг хөдөлгөхдөө мөрддөг алтан дүрэм юу вэ?
Намуухан хөгжим тавиад, өөрийгөө сайхнаар мэдрэхэд тусалдаг ямар нэг хувцсаа өмсөх. Би өндөр стилетто, ганган даашинзанд дуртай. Бас нэг жор нь урьдчилан таахын аргагүй байх. Хэзээ ч бодож үзээгүй зүйлийг нь хийж, түүнийг гайхшруулан, сюрприз барь. Үсээ өөрчил. Хайртдаа өөрийгөө арай өөр өнцгөөс нь харахад тусла.

Та бол сая сая эмэгтэйчүүдийн үлгэр дууриал. Эмэгтэйчүүдэд таны зүгээс өгөх хамгийн шилдэг зөвлөмж юу вэ?
Би хоёр л зүйлийг хэлэхийг хүсч байна. “Үгүй” гэдэг үг хичнээн хүч чадалтай болохыг ойлгож ав. Олон эмэгтэйчүүд бүх хүний сэтгэлд нийцүүлэх гэж хичээсээр, үргэлж “За” гэж хэлсээр байгаад амьдралаа үрж орхидог. Би ч бас өмнө нь тэгдэг байсан юм. Тиймээс үгүй гэж хэлж сураад, өөрийнхөө амьдралд эзэн болоорой. Харин нөгөөдхийг нь би Опра Уйнфригээс суралцсан юм. Энэ бол мөрөөдлөө төсөөлөх явдал. Амьдралаас юу хүсч байгаагаа жагсааж бичээд, түүнийхээ талаар ургуулан бодож, үүнд хүрч чадна гэдэгтээ итгэ. Би ингэж үзсэн. Үнэхээр биеллээ олсон шүү.

Та бие галбиртаа сэтгэл хангалуун байхын тулд ямар дүрмийг баримталдаг вэ?
Байгалиас заяасан бүхнээ би байгаагаар нь хүлээн авч, хайрлахад суралцсан. Гэхдээ түүнийхээ хажуугаар жаахан хүчин чармайлт гаргачихвал өөрчилж болох зүйлийн төлөө тэмцэж сурсан. Би самрын тостой мөхөөлдөсөнд дуртай, гэвч дасгал хийх ч бас дуртай. Бүх хүнд л асуудал байдаг. Минийх бол гар, хөл хоёр. Тэднийг чанга байлгахын тулд би хэдий чинээ цаг зав зарцуулна, төдий чинээ үр дүнд хүрнэ гэдгээ мэднэ.

Та оддоос хэний бие галбирт дуртай вэ?
Бүх л эмэгтэйчүүд өөр эмэгтэйг хараад “Хөөх” гэж дуу алддаг байх. Би Халле Бэрригийнхд дуртай, тэр их сайхан гартай. Бас Ким Кардашианы нумарсан бүсэлхий өөрийг нь их дур булаам харагдуулдаг. Наоми Кемпбэлл ч бас гайхалтай галбиртай.

Тэгвэл та эрэгтэй оддоос хэнийх нь биеийг хараад шагширдаг вэ?
[Инээв] Тийм ганц л эр бий. Хэн гэдгийг нь чи ч мэдэж байгаа байх.

Ярилцлага авсан Луизе Геннон

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(971)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com