ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл (4-р хэсэг)

Чөлөөт цаг  | 2009 / 04 / 28

6-р бүлэг
Тэр шөнөжин Төгөлдөр унтсан унтаагүйн хооронд шаналж хонолоо. Үе үе түгшүүртэй зүүд зүүдэлж цочин сэрсээр тун тухгүй унтаж, өглөө эртлэн сэрж орхив. Сэрээд нүдээ нээтэл өчигдрийн мэдрэмж зүрхнээс нь алга бололгүй, харин ч харуусал гунигаар дүүрсэн байлаа. Хүн ер нь яах гэж энэ хорвоод төрдөг юм бол оо. Ёстой л дуртай дуртай зүйлээ хийхээр төрдөг байхдаа. Би өнөөг хүртэл харин ямар нэг хүсэл тэмүүлэл урам зориггүйгээр урсгалаараа амьдарч ирсэн байх юм. Бүр жинхэнэ сэтгэл догдлуулсан хайр сэтгэлийг ч амталж үзээгүй явж байжээ.

Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл (4-р хэсэг)

Хайрласан сэтгэлд шаналал нь хүртэл амттай байдаг гэж одоо л мэдэрлээ. Ай хайраа гэж, ёстой л зүгээр явж байхад хоромхон хугацаанд харавсан сум шиг хүрээд ирлээ дээ. Харин хорвоо яагаад түүнийг эхлээд Соёлоотой учруулсангүй вэ, энэ л харуусалтай. . .

Ингэж бодсоор Төгөлдөр аажмаар босч ажилдаа явахаар хувцаслаж эхлэнгээ зуны өглөөний агаар оруулахаар цонхоо том гэгч дэлгэлээ. Гадаа явган хүний замаар залуухан хос жаахан охин хөтлөн алхана. Жаахан охин инээд алдан ээжийнхээ гараас зугатаж, тэр тоолонд аав нь тоглоом болгон барихаар хөөцөлдөх нь харсан хүн атаархмаар жаргалтай харагдлаа. Бодвол жаахан охиноо ажилд явахаасаа өмнө эмээд нь юм уу, өвөөд нь хүргэж өгөхөөр л явцгааж байгаа биз дээ. Сайхан юм аа гэж Төгөлдөр өөрийн эрхгүй атаархсанаа өөрийгөө гэнэт гайхаж орхив. Би чинь хэзээ ийм болчихоо вэ.

Төгөлдөр өглөөний цайгаа ч уулгүй ажилруугаа гарч явлаа. Нэг олдсон амьдралдаа яагаад заавал өөрийнхөө хүссэнээр биш хүний хүссэнээр амьдрах гэж. Би Уянгаад элдэв амлалт өгсөн биш, ер нь өгсөн байлаа ч гэсэн нь зүрхэндээ төрсөн мэдрэмж, хайрынхаа төлөө хэнд ч ямар ч амлалт өгсөн байсан тэрнээсээ буцахад бэлэн байна. Соёлоод одоо Төгөлдөр аль хэдийн хайртай болжээ. Соёлоогийн хайр сэтгэлийг олж авахын тулд, түүний гомдсон сэтгэлийг тайтгаруулахын тулд хэнийг ч юуг ч орхиход бэлэн болсон байлаа.

Гэнэт нэгэн санаа төрсөнд Төгөлдөр ажил дээрээ яаран очлоо. Интернэтэд холбогдон цэцэг хүргэх үйлчилгээг хайж хайж, эцэст нь анд нөхөр гүүглийн тусламжтайгаар олсондоо дотроо ихэд олзуурхав. Цэцэг төв дээр очиж хүссэн цэцгийнхээ баглааг мэндчилгээтэй хамт, хаягаар хүргүүлдэг үйлчилгээг байдаг гэж мэдээд жаахан халгасаар Туякаруу утсаар ярьлаа. Туяка Төгөлдөрийг таниад эхлээд утсаар ууртай ярьсан боловч, асуусан зүйлийг нь сонсоод гайхаж хоцорлоо. Өчигдөржин алга болчихоод одоо Соёлоогийн гэрийн хаягаар яадаг юм гэж бодсон бодовч, очиж уучлалт гуйх гэж байгаа ч юм билүү гэж бодоод гэрийнх нь хаягийг дуртай дургүй хэлж өгөөд утсаа таслав. Харин тэр дороо эргэж Соёлоод утасдан хэлэх гэсэн боловч хурал зөвлөгөөн гэж хэсэг хүн дуудаад таг мартуулчихжээ.

Соёлоо өглөө босон усанд орчихоод, хэсэг хувцсаа ялган цүнхэлж эхлэв. Өглөөний цай ч чанаж уух дур хүрсэнгүй. Бушуухан хотоос холдож зуслан дээрээ гэрийнхэн дээрээ очьё гэж шийдээд, өглөө эртлэн явахаар бэлдэж байгаа нь энэ байлаа. Сэтгэлээ дагаад царай нь ч гэсэн өнгөгүй баргар болжээ. Бодохгүй байя ч гээд чадахгүй нэг л мэдэхэд Төгөлдөрийг өөр бүсгүйтэй хөтлөлцөн явж байсныг дурсан санаж, тэр тоолонд нь зүрх нь цоо хатган өвдөж байлаа. Хайраас болж шаналсан зүрх өвдөхдөө хорхой идсэн шүд өвдөхөөс хамаагүй илүү өвддөг ажээ. Оронд нь бие өвдсөн ч болоосой, тэгвэл ийм тарчлаантай байхгүй биз гэж Соёлоо гуниглан бодов. Бодох тусам Төгөлдөр түүний гар хүршгүй тэртээ өндөрт хөөрөх ажээ. Сүүл сүүлдээ түүнтэй хамт явж байсан тэрхүү азтай бүсгүйд атаархав. Тэр хүүхэн нь гадагшаа сургуульд явахгүй юм байхдаа, эсвэл өөр залууд дурлаад Төгөлдөрөөс өөрөө салчихдаггүй юм байхдаа гэх мэт элдэв зүйлсийг Соёлоо дотроо хорсон бодлоо.

Бушуухан зусланруугаа л явья. Бага байхдаа жаахан хувингаар булгаас ус зөөгөөд, эргэн тойрон уулс ногоорон, хөхөө донгодох дуу цуурайтаад тун ч жаргалтай байж билээ. Тэндээ очивол түр ч гэсэн шаналалаа мартаж, амсхийх юм шиг Соёлоод санагдана. Төгөлдөр хэрвээ тэр бүсгүйдээ үнэхээр хайртай бол би яах ч билээ. Түүндээ саад болж нүдэнд нь дэмий өртөж байхаар хол очоод өөрөө санаад шаналж суусан нь дээр юм даа. Соёлоогийн нүдэнд өөрийн эрхгүй нулимс бүрхэн орон дээрээ зог тусан суулаа. Энэх ахархан хугацаанд Төгөлдөрт үнэхээрийн хайртай болсон шүү дээ, тэгтэл Төгөлдөр нь өөр найз бүсгүйтэй байж байдаг. Хайртай болсон хүнийгээ өөр хүнтэй хамтдаа явж байхыг харахаас өөр хэцүү зовлон гэж байх уу даа. Соёлоо тэсэлгүй цурхиран уйллаа. Хайртай хүнтэйгээ хамт байх хувьгүй, Төгөлдөртэй хамт байж чадахгүй, Төгөлдөр түүнийх биш гэж бодох тусам нь зүрх нь базлан улам хүчтэй цурхиран уйлж байлаа.

Гэтэл хаалгыг нь хэн нэгэн хүчтэй цохих чимээ дуулдав. Соёлоо нулмисаа арчин гайхширч, хэн ирсэн юм бол хонх дарахгүй гэж бодсоор хаалгаа нээн харав. Тэгтэл хаалганы цаана нэгэн үл таних залуу сарнай цэцгийн баглаа барин өөрийг нь харан зогсож байх нь тэр. Соёлоог мэл гайхан зогсож байтал нөгөө залуу өөрийг чинь Соёлоо гэдэг үү хэмээн албархуу асуулаа. Тийм хэмээн толгой дохитол хүлээн авлаа гэж гарын үсэг зурна уу гэж нөгөө залуу нэгэн хуудас цаасанд зуруулаад, дараа нь улаан ягаан өнгө хосолсон гайхам сайхан сарнайн баглааг Соёлоогийн гарт бариулж, танд нэгэн залуугаас зориулан захиалсан юм хэмээн хэлчихээд юм асуух ч зав өгөлгүй шат алгасан харайн одлоо. Ёстой нүдээ бүлтийтэл гайхсан Соёлоо баглаа цэцгээ барин гэртээ орж гайхан зогсож орхив.. Өрөө дүүрэн сарнай цэцгийн анхилам сайхан үнэр түгэн тархана. Хэсэг харж үнэрлэж, баахан баясаад за байз хэн ийм гоё цэцэг явуулдаг байнаа гэж бодсон чинь түүнд зориулж явуулах нэг ч хүн санаанд нь орсонгүй.

Юутай ч эхлээд усанд хийе гээд гэтэл гоёмсог боосон боолтын завсар бяцхан ягаан дугтуй харагдаж байлаа. Соёлоо тэрхүү бяцхан дугтуйг задлан үзтэл дотроос нь нэгэн ил захидал гарч ирлээ.

7-р бүлэг
Тэрхүү гайхам цэцгийн баглаанаас нисэх мэт л гараад ирсэн бяцхан дугтуйг Соёлоо болгоомжтой гэгч нь задлан уншсанаа нүд нь гайхам том болж суун туслаа. Энэ бэлэг түүнд хэнээс ирсэн байсан гээч. Гайхмаар юм Төгөлдөр түүнд явуулсан байна шүү дээ.
Цэнхэр цаастай бяцхан ил захидал дээр “Уучлаарай Соёлоо, би чамд бүх учраа уулзаж тайлбарлахыг хүсэж байна. Надтай уулзаач. Төгөлдөр” хэмээн цөөхөн үг бичсэн байжээ.

Соёлоо энэхүү явдалд үнэхээрийн их гайхаж орхив. Тэрээр хурдан гэгч нь босч цэцгийн баглаагаа энгэртээ наагаад гэртэй жаахан хүүхэд шиг баярлан дэвхэцлээ. Ямар гоё вэ, ямар гоё вэ өнөө орой бид хоёр уулзана, Төгөлдөр ч бас надад хайртай юм байна. Бурхан минь сэтгэл минь яасан сайхан байна аа. Соёлоо хамгийн сүүлд дээд сургуулийнхаа элсэлтийн шалгалтанд тэнцэн орсон өдрөө л нэг ингэж баярлаж байсан билээ. Гэтэл одоо тэр үеийнхээс хэд дахин илүү баяр хөөртэй байлаа. Бурхан минь та ингэж намайг баярлуулна гэж байх уу даа…

Тэр дороо Соёлоогийн нүүр баяраар хайраар гэрэлтэн, түрүүний баргар царайнаас ямар ч ул мөр үлдсэнгүй ээ. Явахаар зэхэж байснаа аль хэдийнэ больчихоод дуу аялан хувцсаа буцаан шүүгээндээ хийлээ. Өнөөдөр хэдээс уулзах бол ажил тараад л надруу ярих байхдаа. Миний утсыг нээрээ мэдэхгүй шүү дээ. За гэхдээ гэрийн хаяг олж мэдсэн юм чинь, утсыг маань мэдэж байгаа байлгүй гэж бодоод баярлан ганцаараа инээд алдлаа. Толиныхоо өмнө байрлуулсан цэцгийн баглааны сайхан үнэр өрөө дүүрэн ханхална. Үдийн цайнаараа ч утасдаж магадгүй шүү дээ гэж бодоод Соёлоо бушуухан гадагшаа гарахаар хувцсаа өмсөн, гэрээсээ хаашаа ч гаралгүй суулаа. Гар утсаа чанга гэгч нь атган байн байн нүүрийг нь харж цаг минут тоолно. Зүрх нь хязгааргүй их баяраар бялхан хэдэн цаг ч хамаагүй ингэж хүлээн суух нь жаргал мэт санагдана. Ёстой л хүлээхийн жаргал гэгч нь энэ юм байх даа…

Гэнэт Соёлоод нөгөөх Төгөлдөртэй хөтлөлцөж явсан бүсгүй санагдлаа. Ямар жаахан хүүхэд бишдээ өдий насны залуу жирийн найзтайгаа хөтлөлцөөд л явж байна гэж мэдээж байхгүй шүү дээ. Тэгэхдээ одоо надад бүх юм хамаагүй ээ. Төгөлдөртэйгээ л хамт байвал, тэр маань намайг гэж байвал урд нь нэг бүсгүйтэй хөтлөлцөж харагдах нь байтугай авгай гурван хүүхэдтэй ч байсан хамаагүй, би түүнийг хайрласан сэтгэлээ татаж авч чадахгүй ээ. Бүхнийг Төгөлдөр өөрөө шийдэг, ер нь тэр бүсгүйтэй жирийн нэг найз ч байсан юм билүү. Мэдэхгүй зүйлийнхээ төлөө толгойгоо гашилгаж яах вэ. Хамгийн гол нь Төгөлдөр түүнд сайн байсан нь л хангалттай. Соёлоо Төгөлдөрийг өөртэй нь адилхан хайртай гэдэгт бараг л итгэж байлаа.

Энэ үед Төгөлдөр ажил дээрээ өргөсөн хатгуулсан мэт сууж ядан өндөлзөж цаг минут тоолон сууна. Захиалга өгсөн газар руугаа утасдаад хүлээлгэн өгсөн гэдгийг нь сонсоод жаахан ч гэсэн сэтгэл амрах шиг санагдана. Гэхдээ л айх зүйл нь урд нь хүлээж байлаа. Соёлоо түүнийг Уянгатай хөтлөлцөж явж байгааг хараад яаж гомдох, зэмлэх зэрэгцсэн харцаар харж байсан билээ дээ. Тэгээд одоо захиаг нь урж хаяад уурлаж байвал яана. Бүүр орой уулзая гээд утасдтал өөдөөс уурлаж загнавал яах билээ. Өөрийг нь аль хэдийн мартчихсаан явж байвал бүүр ичмээр хэрэг болох биш үү. Төгөлдөр уул нь тийм ч аймхай хүн биш дээ. Гэтэл Соёлоогийн утасруу залгахаас даанч нэг зүрх алдаад байсан тул түүнрүү мэссэж бичээд үзэхээр шийджээ.

“Сайн уу, Соёлоо. Өчигдөр уулзах байсан газраа орой долоон цаг гээд хүрээд ирэхгүй юу. Бит чамтай уулзаж нэгэн чухал зүйлийг хэлмээр байна. Би очоод сууж байнаа, Төгөлдөр” Ингэж бичээд Соёлоогийн утасруу нь явууллаа. Дараа нь уншаад үзтэл даанч эв хавгүй утгагүй зүйл бичсэн юм шиг санагдаад, мэссэжээ буцаагаад авчихаж чадахгүйдээ удтал харамсав. Нэг чухал зүйл хэлье гэнэ үү. Үгүй чи юугаа нээх чухал гэж бодоов, ер нь юу ярихаа ч мэдэхгүй байж хэмээн өөрийгөө Төгөлдөр бухимдан элдвээр хэлж бачимдана. Юутай ч гэсэн орой очоод л хүлээж байя. Ирэхгүй байвал миний хохь биз хэмээн Төгөлдөр бодлоо. Төдөлгүй утсанд нь мэссэж иртэл Соёлоогоос ирсэн байлаа. Тэгье хэмээн бичсэн ганцхан үг нь Төгөлдөрт хичнээн их баяр хөөр авчирсаныг зүйрлэн хэлэх аргагүй билээ.

Цаг нэгэнт зургаа өнгөрч Төгөлдөрийн ажлынхан нь мэр сэр тарж эхэллээ. Тэгтэл гэнэт Уянгаа залгалаа. Хүүе Төгөлдөрөө өнөөдөр хоёулаа долоо өнгөрөөд Тэнгист кино үзье, шинэ гоё кино ирсэн байна лээ, чи сайт руу нь ороод үздээ хэмээс Уянгаа хэлэх нь тэр. Төгөлдөр хэсэг түгдрээд би өнөөдөр ажилтай, даанч оройтохоос өөр арга алга хэмээн худлаа хэлж орхив. Тэгвэл маргааш үзэх үү хэмээн асуухад Төгөлдөрт анх удаа Уянгаад дургүйцэх сэтгэл төрлөө. Үгүй ээ би ажилтай гээд байна, тэгээд ч кино үзэх хүсэл алга хэмээн ширүүхэн бөгөөд эрсхэн хэлсэндээ дараа нь өөрөө ч гайхав. Урд нь өөртэй нь хэзээ ч иймэрхүү төрхтэй ярьж байгаагүйд гайхсан Уянга үнэхээр л ажил ихтэй бухимдаж байгаа юм байх даа гэж бодсоор, за тэгвэл найз нь дараа залгая хэмээгээд утсаа тавьлаа. Уянгын тухай бодох ч хүсэл Төгөлдөрт байсангүй, арай ярдаг зан гаргачихсан болов уу гэж санаа нь ч зовсонгүй ээ...

Цаг гаруйханы дараа уулзах Соёлоог л бодож байлаа. Оройн долоон цаг жаахан өнгөрөөд Төгөлдөр аль хэдийн болзсон задгай кафедаа оччихоод хүлээж суулаа. Энэ халуунд нэг аяга хүйтэн пиво уучихвал мөн сайхнаа гэж бодсон боловч, Соёлоо ирвэл таагүй санагдаж магад гэж бодоод хүйтэн ундаа уугаад хүлээж байв. Задгай кафены хоёр талынх нь орох хаалгыг ээлжлэн харж, Соёлоотой жаахан төстэй хүн харагданх төдийд зүрх нь түг түг хэмээн цохилох нь өөрт мэдэгдэнэ. Цагаа хартал долоон цаг хорин минут өнгөрч, эргэн тойрны ширээнд ч хүн ирж суух нь эрс нэмэгдэж байв. Төгөлдөр Соёлоод өөрийнхөө тухай бүх үнэнийг ирэхлээр нь нэгд нэгэнгүй тоочино хэмээн шийдсэн байлаа. Уянга тэр хоёр ямар холбоотой болох, өөрийг нь анх харсанаас хойш хэрхэн сэтгэл татагдсан, анх удаа хүнд жинхэнэ ёсоор сэтгэл зүрхээрээ дурласан тухайгаа бүхнийг ичиж зоволгүй ярихаар шийджээ.

Энэ мөчид Соёлоо догдлосон сэтгэлээ барьж ядан хурдлан алхсаар задгай кафены хажуугийн хаалгаар орж ирээд, нүд гүйлгэн харсанаа хэдэн ширээний цаанаас өөрийг нь даллаж байгаа Төгөлдөрийг олж харлаа. Төгөлдөр түүнийг санаашрал зовнил, хайр гэрэлтсэн нүдээр харж байх нь тэр.

Уянга энэ өдөр гэрлүүгээ нэг их яарсан ч үгүй. Төгөлдөртэй орой сайхан кино үзье гэж бодсон нь талаар өнгөрсөн тул ажлынх нь хэдэн хүүхэн нэг газар жаахан сууж байгаад харьцгаая гэхэд уриалгахан зөвшөөрчээ. Тэр хэд ярилцаж байгаад хотын төвийн задгай кафед орж сууя, одоо тэнд сайхан сэрүүхэн байгаа гэж нэгэн дуугаар тохиров. Уянгын ажлын үе тэнгийн хэдэн хүүхэн нэгэн таксид арайхийн багтан суугаад инээд хөөр болон явцгаасаар задгай кафены урд хаалгаар орж ирээд, сүүдэртэй зүүн талын ширээрүү зүглэцгээлээ. Хамгийн хойно нь хоцорч явсан Уянга гэнэт урдхан талын ширээнд ганцаараа суугаад, хаалганы зүг ширтэж буй Төгөлдөрийг олж хараад зөндөө гайхлаа. Гэтэл ширтэн буй хаалганы зүгээс нэгэн бүсгүй наашлан ирж байгааг хараад өөрийн эрхгүй Төгөлдөрөө хэмээн чангахан дуудсанаа өөрөө ч сайн мэдсэнгүй. Тэр дуунаар ирж байсан бүсгүй зог тусан, Соёлооруу ширтэсээр сууж байсан Төгөлдөр ч давхийн цочин эргэж харлаа. Уянга түүнрүү нэг Соёлооруу нэг ээлжлэн харж чи ингэж явдаг байсан юм уу хэмээн өөрөө ч мэдэлгүй шүдээ зуун хөндийн хүйтэн дуугаар хэлжээ. Энэ үгийг сонсоод Соёлоогийн царай цонхийн цайрч, гарах хаалганы зүг аяархан эргэв. Төгөлдөр одоо л өөрийгөө эцсийн сонголтоо хийх болсоныг ойлголоо. Нэг бол босч Уянгааг орхин Соёлоогийн араас явах, эсвэл эндээ үлдэж Уянгад тайлбар тавьж аргадах. Тэрээр Соёлоод чин сэтгэлээсээ хайртай болсон билээ. Төгөлдөрт даанч тухтай бодох зав байсангүй, үйл явдал дэндүү хурдан өрнөлөө. Төгөлдөр эцсийн шийдээ гаргалаа.

8-р бүлэг
Чи намайг уучлаарай...Төгөлдөр Уянгаад хандан ингэж хэлчихээд Соёлоогийн араас хаалга зүглэн гүйлээ. Энэ удаа л Соёлоог явуулчих юм бол дараа нь хичнээн ч уучлалт гуйж тайлбар тавиад Соёлоо хүлээж авахгүй гэдгийг зөн совингоороо мэдэрчээ. Уянга түүнийг хичнээн ч харааж зүхсэн хамаа алга, харин Соёлоогоо л алдаж болохгүй. Сайхан хайр байдаг юм шүү олдвол алдаж болохгүй гэж үг зөндөө сонссон, энд тэнд бичсэнийг ч их уншсан. Гэхдээ ер тоож ойлгоогүй билээ. Жинхэнэ үнэн үг юм байна. Хэнээс ч салсан хамаа алга, хэн ч гомдсон хамаа алга тэр битгий хэл юу ч болсон хамаа алга. Ганцхан Соёлоотойгоо л хамтдаа байхыг Төгөлдөр хүсч байлаа. Түүний энэ ухаангүй ч гэмээр үйлдлийг ганцхан хэн нэгэнд чин сэтгэлээсээ дурлаж байсан хүн л ойлгох байлаа...

Соёлоо зогсооч. Соёлоо чи миний хэлэх үгийг сонсоно гэж энэ газар ирсэн биздээ, одоо яагаад явах гээд байгаа юм бэ? хэмээн гуравхан харайгаад Соёлоог гүйцсэн Төгөлдөр давчдан асуулаа. Эргэн харсан Соёлоогийн нүдэнд дүүрэн нулимс цийлэгнэх ажээ. Төгөлдөр өөрийн эрхгүй нэг л мэдэхэд Соёлоогийн гараас шүүрэн авч, Соёлоо хоёулаа эндээс явья хэмээгээд нөгөө гараараа Соёлоогийн нүдийг зөөлөн арчив. Соёлоо хэдийгээр нулимс дүүрэн нүдтэй боловч Төгөлдөрийн өөдөөс харж инээмсэглээд гараа сунган, хоёулаа гар гараасаа хөтлөлцөн тэндээс холдлоо.

Хэсэг яваад Төгөлдөр ам нээж би чамайг уурлаад яваад өгөх вий гэж их л айлаа гэтэл Соёлоо инээд алдаж би чамайг тэр бүсгүйгээ аргадаад үлдэх бий л гэж зөндөө айлаа хэмээв. Тэр хоёрт түрүүчийн эвгүй байдлын ул мөр ч үлдсэнгүй ээ. Яриа ингэж эхэлсэн болохоор Төгөлдөр яриагаа эхлэх шалтаг олджээ. Соёлоо хоёулаа миний мэдэх нэгэн жижигхэн газар очьё, би чамд саяны явдлыг тайлбарлаж өгье, бас тэр бүсгүйн тухай ч ярьж өгье хэмээлээ.

Хүн болж төрсөнөөсөө хойш ёстой үзээгүй юм аа үзэх нь ээ. Завгүй завгүй гээд байсан Төгөлдөр нь аль хэдийнэ өөр бүсгүйтэй болзоод зогсохгүй түүнийгээ дагаад явчихлаа. Уянгаа хүүе чи яаваа суугаачээ... Ажлынхан нь хэсэг ширээн дунд зогссоор байгаа Уянгааг гайхан харж дуудсан нь энэ ажээ. Уянга хөлөө арай ядан зөөсөөр ширээний захад нь очин суусан хэдий ч царай нь зэвхий даажээ. Гэвч тэрээр мөрөө хавчаад, биеэ эгцлэн нэгийг бодож эхлэв. Түрүүний шоконд орох шахаад байсан тэр царай нь эрс шийдэмгий болж хувирлаа. Тэрээр ажлынхан нь юуг ч ажиглаагүй мэдээд тэдэнтэйгээ инээд алдан ярилцаж, бусадтай л ижил наргиж суух мэт харагдавч, дотроо шал өөр зүйл бодох бөгөөд толгой нь сийрэгхэн ажиллана ...

Төгөлдөрийг ингэнэ гэж хэн санах вэ дээ, ёстой л эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэж энэ юм байхдаа. Ичих ч үгүй завгүй ажилтай гэчихээд энд хүүхэнтэй уулзаад сууж байдаг. Уянгаа өөрийн эрхгүй доод уруулаа өвдтөл шүдээрээ зуулаа. Төгөлдөр түүнийг арай тэнэг хүүхэн ухаан муутай гэж бодоод байгаа юм биш биз. Тийм бол тэр том эндүүрч, Төгөлдөрт хичнээн итгэлээ дээ. Мөн ч олон жилийг хоёулаа хамтдаа өнгөрөөсөн дөө. Тэгтэл нэг муу уучлаарай гэж хэлчихээд өөр хүүхэн дагаад яваад өгөх гэж байгаа юм даа. Уучлаарай гэнэ үү, чиний тэр муу есөн үсгээр би яах юм хэмээн Уянга зэвүүрхэн бодлоо. Байз байз тэр хүүхнийг нэг л таньдаг санагдаад байх чинь.Бодоё бодоё....

Өө тийм саяхан орой эмээг эргээд явж байхад гудамжинд дайралдаад Төгөлдөрийг ширтээд байдаг хүүхэн мөн байсан байна шүү дээ. Яг мөн байна. Нэг л сонин ширтээд байсан, одоо бодоход Төгөлдөр буцаж очоод нэг юм хэлээд ч байсан санагдаж байна. Сая бас намайг хараад таниад, царайгаа хувилгаад байсан даг. Төгөлдөр ер нь тэрэнд аягүй бол өөрийгөө ганц бие гээд хэлчихсэн байсан даа. Өөдгүй залуу юм даа. Ханилж суухдаа тулчихаад гэнэт нэг муу хүүхэн харчихаад, хэдэн жилийн сайхан үерхэлээ ор тас мартаад байхдаа яах вэ дээ. Даанч ийм гэж Төгөлдөрийг бодсонгүй.

Уянга ажлынханаасаа эртлэн саллаа. Гэртээ харьж өрөөндөө ороод гадуур хувцасаа ч тайлсангүй орон дээрээ унаад өглөө. Бодох тусамд Төгөлдөрт гомдох сэтгэл төрнө, бас тэр хоёрыг салгах гээд байгаа хүүхнийг нь үзэн ядах сэтгэл төрнө. Уянгаа салгах гээд байгаа хүүхэн гэж бодлоо, тэрээр Төгөлдөрөөс салчихлаа гэж огт бодсонгүй. Тэр муу хүүхэн салгаж чадахгүй, би Төгөлдөрөөс огт салахгүй. Бид хоёрын хамтдаа байсан тэр олон жил, бие биедээ дассан тэр олон жилүүдийг хэнбугай ч байсан ор мөргүй арчиж Төгөлдөрийг нь аваад явж чадахгүй ээ. Анх удаагаа Уянгын зүрх нь хүчтэй гэгч цохилох нь өөрт нь мэдэгдлээ. Тэрээр анх удаагаа Төгөлдөрийг хардаж, анх удаагаа бас бусдаас дэндүү ихээр харамлажээ. Тэрээр Төгөлдөртөө өөрийнхөө бодож байгаагаас ч илүү их хайртай юм байна. Яасан ч түүнээсээ салж болохгүй, аль багын л Төгөлдөрийг сонирхсон охидуудтай хэрэлдэхийг нь хэрэлдэж, шоолохыг нь шоолж бүгдийг нь дийлдэг байлаа. Тэрийг нь Төгөлдөр огт мэддэггүй өнгөрдөг байсан. Бас ганцхан өөрөө л Төгөлдөрийг тайван байлгаж, арга эвийг нь бүрэн олж сурсан билээ.

Уянгаа гэнэт инээд алдан босч, хувцасаа солин хоолоо идэхээр бослоо. Тэр энэ удаа ч гэсэн ялж гарна гэдэгтээ итгэлтэй болжээ. Харин ч энэ удаагийн явдал Уянгад хэрэгтэй сургамж боллоо, хойшид харин анхаарч байх ёстой юм байна хэмээн бодоод сэтгэл нь бараг амрах шиг болоод хоолоо идлээ. Гэхдээ одоо зүв зүгээр байж байхад Төгөлдөр хүрээд ирэхгүй, сайтар төлөвлөсөн төлөвлөгөөтэй байж Төгөлдөрийгөө буцааж тэр хүүхэнээс нь салгаж авах болно. Хоолоо идчихээд Уянгаа өрөөндөө орж сэтгэл тайван сайтар бодлоо. Юуны тулд хийх ажлаа хүртэл байнга төлөвлөдөг билээ дээ. Төгөлдөрийг тэр сайтар мэднэ тиймээс түүнтэй ямар үед нь ямар байдлаар ярилцаж өөрийгөө ойлгуулахаа Уянгаа аль хэдийн шийдчихсэн байв. Харин тэр хүүхэнтэй бас ярилцаж, өөрөөр нь Төгөлдөрийг орхиулах хэрэгтэй. Тэгж байж л Төгөлдөрт өөрөөс нь өөр үнэнч, бас тууштай хүүхэн байхгүй юм байна гэж итгүүлэх болно. Хамгийн гол нь тэр хүүхнийг сайн судлах хэрэгтэй. Тэгвэл тэр хүүхэнтэй ярилцах зөв зарчимаа сонгож авч амжилтанд хүрэх болно.

Хаанаас харин тэр хүүхний тухай мэдээллийг олж авах вэ. Ядаж нэрийг нь ч мэдэхгүй юм, хар таамагаар хайлтай нь биш. Яаж тэр хүүхний тухай олж мэдэх вэ хэмээн бодож байтал гэнэт нэгэн мэргэн гэмээр санаа төржээ. Уянгаа гадагшаа гарахаар зэхэн хувцасаа өмсөөд нүүрнийхээ будгийг арилган, бас нүдээ улайтал нь үрж орхиод гэрээсээ гарч бараг л инээх шахан жуумалзсаар гар утсаа гарган залгалаа.

1-р хэсэг
2-р хэсэг
3-р хэсэг
---
5-р хэсэг

Эх сурвалж: Sienna
  |  
Өмнөх мэдээлэл
LiveStyle - 2009
Дараах мэдээлэл
Billboard HOT-5

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(463)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: amka.   2009-09-12
urgeljil bhgui yum uu daa

Зочин: eengee.   2009-05-02
http://sienna.blog.banjig.net/index.php?tag end buren tuujaaraa bnalee odoo yag id dundaa yavjiino

Зочин: eengee.   2009-05-02
urgeljlel ni haan bgaan bee hooosh unshmar bna

Зочин: eengee.   2009-05-02
ene odoo urgeljlel gej bhguii muu da/

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com