ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

4 сарын зурхай

Зурхай  | 2019 / 04 / 01

Өөртэйгөө ажиллаж, өөрөөсөө шинийг нээх сар айсуй. Ихэнх ордуудын хувьд өөрчлөлт шинэчлэлт, сорилт хүлээж буй ажээ. Хүслээ биелүүлж, өөрийгөө шинэчлэхдээ бэлдээрэй.

4 сарын зурхай

Хонь

Хонины ордныхны хувьд романтик сэтгэл хөдлөл өндөртэй сар байх төлөвтэй байна. Сарын 20 хүртэл Сугар гарагийн нөлөөгөөр сэтгэл татgм байдал нэмэгдэж дур дулаам, хайр татам байдал чинь бусдын сэтгэлийг соронзон мэт татах болно. Хостой Хониныхон үл хайхрамжгүй, хүйтэн хөндий байдлыг үгүй хийж уучлан энэрч, хайрлан халамжлахад цаг гаргаарай. Урт хугацааны харилцаагаа тогтвортой байлгах, удаан хугацаа өнгөрөх тусам үүсдэг зарим таагүй мэдрэмж, сэтгэл дундуур байдлыг үгүй хийхэд туслана. Мөн хосууд хоорондоо оюун санааны гүнзгий холбоо тогтоохыг хичээгээрэй. Энэ нь ирээдүйн амьдралаа ярилцах, бие биенээ илүү ихээр танин мэдэх, хүүхэд төлөвлөх зэрэг чухал зүйлсэд анхаарлаа хандуулахад эерэг нөлөөтэй. Харин ганц биечүүлийн хувьд шинэ хүнтэй уулзах, шинэ харилцаа эхлүүлэхэд таатай байна. Оюун санаагаа өөдрөг байлгаж харилцааны эерэг долгионуудад анхаарал хандуулж чадвал энэ сар гайхалтай болзоонуудыг хийж, мартагдашгүй дурсамж бүтээхэд зориулагдах болно.

Сарын эхний хагаст ажил нэгэн хэмээр урагшилна. Хэрэв дараагийн түвшинд гарахаар өөрийгөө бэлтгэж, түүндээ зориулсан төлөвлөгөө зохиож байгаа бол сарын 17 хүртэл хүлээгээрэй. Учир нь энэ үед Буд гараг Хонины ордонд байрлаж эерэг нөлөөг үзүүлэх нь. Тэр ч утгаараа чухал гэрээ хэлэлцээр хийх, боловсролын зэргээ ахиулах, тусгай курст суух, нэмэлт орлогын эх үүсвэртэй болох зэрэг таатай зүйлс тохиолдох төлөвтэй байна. Хэрэв маркетинг болон худалдааны ажил эрхлэх сонирхолтой бол энэ төрлийн ажилд өөрийгөө сорьж, ажил хайхад гэмгүй. Товч танилцуулгаа илгээж, ажлын ярицлаганд орох магадлалтай.

Энэ сард дийлэнх Хониныхны орлого ашиг сайн байх бөгөөд өсөн нэмэгдэх боломж гарна. Хоббигоо хөгжүүлэх зүйлсэд мөнгө зориулахад тохиромжтой. Сарын 19-30-ны хооронд ажил дээрээ багахан асуудлуудтай нүүр тулгарч магадгүй. Гэхдээ асуудлаас зайлсхийлгүй бодитоор хандаж, шийдвэрлэх нь үр дүнгээ эерэгээр өгнө. Сарын 24-30-ны хооронд мэргэжлийн байр суурь, хувийн зорилтууд, холын зорилгоо эргэн нэг харахад гэмгүй. Ингэснээр засан сайжруулах, үнэнэлт дүгнэлт өгөх боломж гарна. Хэрэв чиний яг одоо алхаж буй зүг буруу мэт санагдаж байвал дотоод сэтгэлээ сонсож, шийдвэрээ өөрчлөхөд буруудах зүйл үгүй. Учир нь энэ сар өөрчлөлт хийж, хувийн стратегаа тодорхой болгоход тун ч тохиромжтой юм. Сарын турш шинэнээр төрсөн мэт мэдрэмжийг авч магадгүй. Өөрийгөө сэргээ, дотроосоо өөрчлөлтийг хий. Яг одоогийн нөхцөл байдал таалагдахгүй байгаа бол зоригтойгоор шинэчлэл хийхэд цаг гаргаарай. Өөрийгөө сэргээж, урам зоригоор цэнэглэхийг аль болох хичээ. Өнгөрсөн сард чадахгүй байсан зүйлсийг хийх онцгой урам зориг энэ сард ихээр бий болох болно. Энэ хэрээ тусмаа ажлаа урагшлуулах, зорилгоо биелүүлэх дотоод чадал ихсэх болно. Дасгал хөдөлгөөн сайн хийж, цэвэр агаарт цагийг өнгөрөөхийг хичээгээрэй.

Кареер нэр хүндээ өсгөж, хувь хүний хөгжилдөө онцгой анхаарч, адал явдал дүүрэн амьдарч болох ч гэлээ гэр бүлээ, хайртай дотны хүмүүсээ анхаарлаас гадуур орхиж болохгүй гэдгийг од эрхэс онцгойлон сануулж байна.

Үхэр

Үхэрийн ордныхны нийгмийн харилцаа энэ сард онцгой идэвхитэй байх төлөвтэй. Тэр ч утгаараа хайр дурлалынхаа амьдралд цоо шинэ хуудсыг нээж онцгой нэгэнтэй учирах магадлалтай байна. Нэг бол онцгой нэгний анхаарлыг татна, нэг бол хайж байгаа онцгой нэгнээ олох болно. Сэтгэл зүрх чинь хөглөгдөж, аз жаргалтай байх хэдий ч хэн нэгэнтэй хэт дотно харилцаа үүсгэх, сээтэгнэх, ирээдүйн амьдралаа төлөвлөхөд эрт гэдгийг од эрхэс сануулж байна. Гэрлэсэн Үхрийнхэн хуримын, төрсөн өдрийн, тэмдэглэлт баярын урилга хүлээн авах бөгөөд тэдгээрээс татгалзахгүй байхыг зөвлөж байна. Эдгээр баяруудад хостойгоо хамт очиж аз жаргалтай дурсамжийг бүтээгээрэй. Энэ нь харилцаагаа илүү романтик болгох, хосын харилцаандаа анхаарлаа дахин хандуулахад эерэг нөлөө үзүүлнэ.

Сарын 17-ноос галзуу зүйлсийг хамтдаа хийх эрч хүч улам ч нэмэгдэнэ. Учир нь хорвоо ертөнцийн сонин сайхан зүйлсээс нэг хэсэгтээ өөрсдийгөө тасалсан байгааг та хоёр анзаарсан. Тиймээс хостой Үхэрийнхэн шинэ адал явлуудад бэлэн байгаарай. Сарын 24-нөөс зарим Үхэрийнхэнд урт хугацааны харилцаагаа сэргээх, холын зайны харилцааг ахин бодож үзэх, зөв тодорхой зарчмуудыг гаргах хэрэг үүсэж болзошгүй.

Ажил мэргэжлийн хувьд энэ сар хамт олонсог байх, багаараа төсөл хэрэгжүүлэх, нийгмийн бүлгэмүүдэд нэгдэх зэрэг нилээдгүй идэвхитэй байх нөхцөл бүрдэнэ. Энэ нь кареерийн шатаар нэг алхам урагшлахад туслах шинэ боломж байх болно. Харин хараахан ажилгүй байгаа болон ажлаа солихыг хүсэж байгаа Үхэрийнхэн сайн дурын ажилд хамрагдаад үзэхийг санал болгож байна, үр дүн нь чамайг гомдоохгүй.

Мөн энэ сард ирээдүйн тухай төсөөлөл, зорилгоо ахин сэргээхэд тохиромжтой байна. Сарын 9-11, 26-29-ны хооронд хамтын үйл ажиллагаа, найз нөхөдтэйгөө гар нийлэх хийх зүйлс дээрээ ашиг тусыг нь гаргаж, үр дүнг нь мэдрэхийг хүсвэл няхуур хандахыг зөвлөж байна. Мөнгөө зарцуулахдаа ухаалаг ханд. Орлого зарлагаа хянаж, мөнгөн эх үүсвэрийг захиран зарцуулалт дээрээ шинэчлэл хийхийг эрмэлзээрэй. Одоогийн нөхцөл байдлынхаа талаар хэт удаан бодож эргэцүүлснээсээ болоод өөрийгөө сэтгэл санааны хямралд оруулж болзошгүй. Үнэхээр их өлсөөгүй л бол сэтгэл санааны зовиуртай үедээ хөргөгчөө олон дахин онгойлгохгүй байхыг зөвлөж байна. Сарын 20-ноос Нарны нөлөөгөөр их хэмжээний энерги, эрч хүч хуримтлагдана. Энэ үе өөртэйгөө ярилцаж, дотоод хүнээ сонсоход тун ч таатай цаг байх бөгөөд сэтгэл санаагаа сэргээж, урам зоригтой болоход ч тусална. Мөн үр ашиггүй өнгөрөөж буй нөхцөл байдлуудыг эерэгээр өөрчлөх, үр дүнгээ өгөөгүй зорилгуудыг өөрчлөх шинэчлэхэд гэмгүй.

Ихэр

Гэрлэсэн Ихэрийн ордныхонд харилцаагаа сэргээхэд тун гайхалтай тохирсон үе нь энэ сард тохиож байна. Хосын харилцаагаа тордон цэцэглүүлж, дурсамж бүтээх зүйлсийг хийхэд цаг гаргаарай. Мөн зарим Ихэрийнхэн гэрлэх эсвэл харилцаагаа бүрмөсөн дуусгах чухал сонголтуудтай нүүр тулж магадгүй. Хэрэв өнгөрсөнд үлдээсэн дурсамжууд сэтгэлиийг чинь эргүүлж, экстэйгээ шинэ харилцаа тогтоох хүсэл тэмүүлэл мэдрэгдэж байвал мэдрэмжээ дагахад буруудах зүйлгүй нь. Харин нийгмийн харилцаанд идэвхитэй байдаг ганц биечүүл хэн нэгэнтэй шинэ романс үүсгэхдээ болгоомжтой хандахыг зөвлөж байна.

Сарын турш эрч хүч, бие даасан байдал мэдрэгдэх тул ажил дээрээ шинийг турших, “үзүүлээд” өгөх хүч дотроосоо мэдрэгдсээр байх болно. Гэхдээ амжилт гаргахаар хэт адгаж яарах нь хүсээгүй үр дүнг авчирч болзошгүй тул зугуухнаар урагшлахыг зөвлөж байна. Хэрэвзээ тэгэж чадвал хамт олныхоо итгэлийг олохын, ажил бүтэмжтэй байх болно. Ажил хайж байгаа Ихэрийнхэнд боломжийн ажилд тэнцэх магадлал нэлээдгүй өндөр байна. Кареераа өсгөх, бизнэсээ эхлүүлэх шинэ боломжийг хүсэж л байгаа бол зөв цагийг хүлээж, хүлээцтэй хандах хэрэгтэй. Буруу цагт, яаран буруу хөдлөвөл хүсээгүй үр дүнд хүрэхийн зэрэгцээ өөртөө сэтгэл гутарч магадгүй. Тиймээс бүү яар, бүү адга. Сарын сүүлийн өдрүүдэд орлогоо татвар, зээл зэрэгт тушаах магадлал өндөр байна. Тэтгэмж болон хэн нэгнээс авах авлагандаа огтхон ч найдах хэрэггүйг од эрхэс сануулж байна. Маргаан, хэрүүл зэргээс үүдэн энерги, эрч хүчээ алдаж болзошгүй.Тиймээс сэтгэл хөдлөлөө зөв удирдаж, гаднаас орж ирэх таагүй энергийг хүлээн авахгүй байхын тулд оюун санааны дархлаагаа нэмэхийг хичээгээрэй.

Биеийг чинь чилээж буй ямар нэг эмгэг бий бол эмч болон эмнэлэгийн байгууллагад хандан арга хэмжээ авах хэрэгтэйг зөвлөж байна. Мөн эмч болон сэтгэл зүйчийн зөвлөгөөгнүүд сэтгэл санааг дэмжих гайхалтай эх үүсвэр болох болно.

Мэлхий

Сэтгэл хөдлөл, романтик бодлууд давамгайлсан сар байх нь. Хэрэв харилцаанд чинь багахан асуудал үүссэн бол энэ сар тэдгээрийг засан сайжруулахад тун ч тохиромжтой шүү. Гэрлэсэн Мэлхийнхэн өөрийнхөө эрх ашиг, үзэл бодлыг биш хосынхоо байр суурь, үзэл бодлыг эхэнд тавихыг зөвлөж байна. Хосынхоо хувийн орон зайд хэт халдахгүй байхыг эрмэлзэж хувь хүний хил хязгаарыг хүндэтгэхийг мөн зөвлөе. Ганц биечүүл амьдралын зүг чиг, чухал зорилгодоо хайр дурлалын харилцааг заавал багтаах ёстойг сануулж байна. Сарын сүүлийн хагаст ойр дотны хүмүүстэйгээ холбоо тогтоох, дотно ярилцах зэрэгт цаг гаргаж урт хугацааны харилцаануудаа илүү амьд, халуун дулаан байлгахад анхаараарай.

Сарын 5-аас эхлэн сарны нөлөөгөөр эрч хүч нэмэгдэнэ. Ажлын байран дахь идэвхи оролцоо нэлээдгүй өндөр байх бөгөөд кареерийн замналаа түвшин ахиулах, шинэ зүг чигийг тодорхойлох зэрэг эерэг үр дүн өгөхүйц зүйлс тохиолдох хандлагатай байна. Гэхдээ юмс хурдан өөрчлөгдөнө гэж найдах хэрэггүй. Харин төлөвлөгөөний дагуу бага багаар урагшлах нь илүү үр ашигтай байна. Мөн энэ сар тэр чигээрээ урт хугацааны зорилгоо тодорхойлох, хийж буй ажилдаа үнэлэлт дүгнэлт өгөх, дахин зохион байгуулалт хийхэд нэн тохиромтой хугацаа байх нь.

Мөн сайн үйлсийн аян, сайн дурын ажилд гар бие оролцож бусдын сайн сайхан, тэгш эрхийн төлөө дуу хоолойгоо өргөхөд цаг гарга. Бусдыг хайрлан энэрч, нийгмийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэх нь чамд эерэг өөрчлөлт болоод санаанд оромгүй боломжийг авчирна гэдгийг дуулгахад таатай байна. Хооллох хэмнэлдээ өөрчлөлт хийж, дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг зөвлөж байна. Энэ нь энергиэ зөв хувиарлах, сэтгэлийн хямралаа эерэгээр даван гарах нөхцлийг бүрдүүлнэ. Аливааг хэтрүүлэн бодох, хэт их санаа зовохоос зайлсхий. Удаан хугацаанд хөөцөлдсөн ажил хэрэв бүтэмжгүй байсан бол тэр дор нь орхиж урт хугацааны, цоо шинэ зорилгыг дахин тодорхойлоход гэмгүй.

Арслан

Арслангийн ордныхны хувьд хүсэл тэмүүлэл, романтик сэтгэл хөдлөл өндөртэй сар байх нь ээ. Ихэнхи Арслангийнхан анхаарал халамж тавихыг, чин зүрхний нандин харилцаа үүсгэхийг ихээр хүсэх болно. Харин хосуудын хувьд дотно дулаан уур амьсгалыг харилцаанаасаа мэдрэх бөгөөд урт хугацааны цоо шинэ зорилгыг хамтдаа төлөвлөх нь. Зарим Арслангууд нийгмийн сүлжээнд нэлээдгүй идэвхитэй байх бөгөөд шинэ хүмүүстэй найзууд болж, хилийн чанадад байгаа нэгэнтэй шинэ харилцаа үүсгэж магадгүй. Харин дөнгөж эхэлж буй Арслангууд хэт сэтгэл хөдлөлөөр хандан дотно харилцаа эрт үүсгэхгүй байхыг од эрхэс онцгойлон анхааруулж байна шүү.

Буд гарагийн нөлөө чамайг мөнгө, зээлийн асуудлаа амжилттай шийдвэрлэхэд туслах нь. Санхүүгийн шинэ эх үүсвэр бий болох, ивээн тэтгэж мөнгөн тусламж үзүүлэх хэн нэгэн гарч ирж магадгүй. Гэхдээ сарын эхний хагаст мөнгөтэй холбоотой асуудлуудад болгоомжтой, хянамгай харьцахыг анхааруулж байна. Гэнэтийн их мөнгөний хөрөнгө оруулалт хийх, мөрийтэй тоглоом тоглох, их хэмжээний мөнгө эргэлдүүлэхээс зайлсхийгээрэй. Ажил мэргэжлийн хувьд энэ сард тун ч азтай, одтой байх төлөвтэй. Урамшуулал авах, ажлынхаа үр дүнг үзэх, мэргэжлийн зэрэг хамгаалах зэргээр ахиж дэвших магадлалтай байна. Энэ нь орлого нэмэгдэхэд ч тусаа үзүүлэх нь. Харин сарын сүүлийн хагас ажлын байран дээр багахан асуудлууд үүсэх бөгөөд тэдгээрийг хянан шийдвэрлэх, арга замыг нь олох, саад бэрхшээлийг даван гарах шаардлага үүснэ. Энэ үед өөрийнхөө үүрэг хариуцлагыг ухамсартайгаар үүрч, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглахгүй байхыг хичээгээрэй.

Цагийн зохион байгуулалтдаа ахин анхаарч, ажлын цагийг илүү үр дүнтэй байлгах тал дээр анхаарал хандуулахад гэмгүй. Өмнө нь үүсэж байсан эмгэг, хууч зэрэг ахин сэдэрч болзошгүй учир сарын турш эрүүл мэнддээ онцгой анхаарахыг зөвлөж байна. Мөн хооллолтын дэглэмдээ анхаарч, эрүүл мэнд дэмжих хоол хүнс хэрэглэхийг хичээгээрэй. Өнгөрсөнд гаргасан алдаагаа дахин давтахаас зайлсхий. Сарын 24-нөөс хойш эрүүл мэнддээ ахин анхаарч, биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийн тэнцвэрийг хадгалахад анхаарал хандуулбал зохимжтой.

Охин

Хайр дурлалын тал дээр Охиныхныг энэ сар тун ч гайхалтай байх төлөвтэйг од эрхэс дамжуулж байна. Харилцааны олон талт байдлууд чамд амьдралын хичээлүүдийг зааж, сэтгэл зүйн хувьд тэнцвэртэй байхад туслах болно. Харин сарын сүүлийн хагаст харилцаанд багахан асуудлууд үүсч болзошгүй бөгөөд энэ үед хостойгоо илүү сайн ойлголцох, чин сэтгэлээсээ ярилцах, ирээдүйн тухай ухаалаг төлөвлөгөө гаргахад цаг гаргахыг зөвлөж байна. Харин холын зайны харилцаатай хосууд илүү дотно байх, зайгаа илүү ойртуулах тал дээр анхаарахад гэмгүй.

Сэтгэл санаа багахан төөрөгдөлд автаж, харилцаж байгаа нэгэндээ эргэлзэх тохиолдол гарч магадгүй. Гэхдээ энэ эргэлзээ нь та хоёрын харилцааг илүү бат бөх байлгахад тусалж ч мэднэ. Хэрэв маргаан зөрчилдөөн үүсвэл уучлах, нигүүлсэх замаар асуудлаа шийдэхийг хичээгээрэй. Ганц бие Охиныхонд сарын эхний хагаст сонирхолтой нэгэнтэй уулзах боломж тохиох нь. Албан бус харилцаатай Охиныхон урт хугацааны харилцаанд өөрчлөлт хийж, харилцаагаа дараагийн түвшинд аваачихад гэмгүй. Ажил кареерийн хувьд хүсэл эрмэлзлэл дүүрэн сар байх нь. Хийж буй ажил чинь мөрөөдлөө биелүүлэх боломжийг гаргаж өгнө. Өөрийн сонирхлыг бодит зүйл болгон хэрэгжүүлэх, дотоод дуу хоолойгоо сонсох, өөрийгөө зөвөөр удирдан залахад энэ сард чамд ээлээ өгсөөр байх болно гэдэгт итгээрэй. Бусдад үг хэлэхдээ болгоомжтой ханд. Гэхдээ бусдын үгийг чухал шийдвэрт чинь нөлөөлөхүйц хүчтэй хүлээн авч болохгүйг санаарай. Сарын дунд хүртэл ойр дотныхноосоо санхүүгийн туслалцаа авах төлөвтэй байна. Сарын сүүлийн хагасаас түншлэл үүсгэж санхүүгийн шинэ эх үүсвэртэй болох магадлалтай. 14-нөөс мөнгөний асуудлууд шийдэгдэж, өр зээлээ төлөх боломж гарч ирнэ. Шаардлагагүй худалдан авалт хийх, төсвөөс давсан хэрэгцээ бий болгохоос зайлсхий. Харин сарын сүүлийн хагаст орлогоо өөрийгөө хөгжүүлэх зүйлсийг хийхэд зарцуулаарай.

Зарим Охиныхны хувьд сарын 20 хүртэл сэтгэл зүй нэлээд хаалттай, нууцлаг байх төлөвтэй. Таагүй, сөрөг мэдрэмжүүдэд автахгүй байхыг аль болох хичээ. Сэтгэл зүйдээ хяналт тавьж, өөрийгөө сонсоход цаг гаргахыг зөвлөж байна. Сарын сүүлийн хагаст аялах, шинэ зүйл сурах, судалгаа шинжилгээ хийх, оюун санаагаа амраах ямар нэг онцгой зүйл хийхэд нэн тохиромжтой.

Жинлүүр

Хорвоо дэлхий тэр чигтээ өнгөө засаж, шинэ бүхэн цэцэглэн дэлгэрч эхэлдэг үзэсгэлэнтэй 4 сард Жинлүүрүүдийн хайр дурлалын амьдрал ч мөн адил үзэсгэлэнтэй, хайрламаар дурсамжаар дүүрэн өнгөрөх нь. Шинэ сар энэ сарын 5-наас чиний ордыг ивээж эхлэн, хайрттайгаа харилцаагаа илүү гүнзгий түвшинд аваачихад чинь туслалцаа үзүүлэх болно. Хэдхэн болзооноос хэтрээгүй, эргэлзээгээр дүүрэн харилцаатай байгаа нэгэнтэйгээ чи энэ сард албан ёсоор хосууд болох өндөр магадлалтай. Зарим хостой Жинлүүрүүд маань хайрттайгаа хамтран амьдрах, гэрлэлтээ батлуулах гээд хайр дурлалын харилцаандаа илүү их хариуцлага хүлээх, томоохон шийдвэр ч гаргаж магадгүй.

Харин нэгэнт гэрлэсэн Жинлүүрүүдэд маань гэрлэлт нь хувь хүнийхээ хувьд нийгэмд өөрийн байр сууриа эзлэхэд, өсөж дэвшихэд нь саад болж буй мэт сөрөг мэдрэмж төрж болзошгүй. Хайртай хүнтэйгээ хамтдаа амьдралыг туулах нь зөвхөн нэг гэрт хамт амьдраад зогсохгүй нэг нэгнийгээ өсөн дэвшихэд нь байдаг чадлаараа дэмжиж, ижил зорилгын төлөө хамтдаа хичээхийн нэр учраас өөрт төрж байгаа эргэлзээтэй мэдрэмжээ хайрттайгаа илэн далангүй хуваалцан, түүнээс санаа зовох зүйлгүйгээр туслалцаа дэмжлэг хүсээрэй.

Сарын дунд хагасаас Буд болон Сугар гарагийн буцах хөдөлгөөний нөлөөгөөр чи бэлгийн амьдралдаа санаачлагийг гартаа авч, дурлалын амьдралаа илүү халуухан болгож чадах нь. Хайртад чинь чиний санаачлагатай, урин тачаангуй, яахаас ч буцахгүй байдал чинь таалагдах нь гарцаагүй. Сарын 17-нд ганц бие Жинлүүрүүд маань хотоос гадна эсвэл гадаад улсаар ажлын аялал хийж байх үедээ өөрийнхөө шаардлагад төгс нийцэх ирээдүйн хамтрагчтайгаа учрах магадлал тун өндөр байх нь Сарын 20-нд сексийн дур хүсэл чинь оргил цэгтээ тулах тул хайрттайгаа хамт энэ шөнө мартагдашгүй дурсамжийг бүтээгээрэй.

Ажил хэргийн тухайд ч энэ сар тун өөдрөг мэдээгээр дүүрэн байх төлөвтэй. Хэрвээ чи ойрын хугацаанд гадаад улс оронд ажиллаж эсвэл сурахаар шийдсэн байгаа бол чамайг баярлуулах сайхан мэдээг энэ сард хүлээн авах өндөр магадлалтай байна. Хувиараа бизнес эрхэлдэг бол сарын 5-ны өдөр шинэхэн ажил хэргийн хамтрагчтай уулзаж магадгүй. Жинлүүрийн ордныхон ихэвчлэн ганцаарчлан шийдвэр гаргахдаа маруухан байдаг тул шинэхэн хамтрагч чинь эцсийн шийдвэрийг гаргахад хажуунаас чинь дэмжлэг үзүүлэн, ажил хэрэг чинь бодосноос чинь хурдтайгаар урагшлах нь. Олон нийтийн арга хэмжээ, хэлэлцүүлэг, эвентүүдэд боломжийнхоо хэрээр хамрагдсанаар ирээдүйд бизнес болон кареерт чинь хэрэг болохуйц олон танилуудтай болж чадна. Ажил хэрэг чинь хангалттай амжилттай байх тул санхүүгийн тал дээр ч сэтгэлийг чинь түгшээх асуудлууд тун цөөн тохиолдох нь. Гэвч Сарын 24-нээс хойшоо чамд сул орж ирдэг тэтгэмж, хөнгөлөлт урамшуулалууд цуцлагдах, багасаж магадгүй учраас энэ сардаа орон сууцаа сольж шинэчлэх, хэрэглээнээсээ давсан тансаг зүйлс худалдан авахад мөнгөн хуримтлалаа үрэхээ түр азнасан нь дээр шүү.

Өнгөрөгч сард сэтгэл санаа чинь дэгэн догонтой, эргэлзээ айдсаар дүүрэн, тайван бус байсан бол энэ сард эсрэгээрээ чи тун ч амар амгалан байж эерэг бодлоор дотоод сэтгэлээ дүүргэж чадах нь. Хэрвээ шинэ спортоор хичээлллэж эхлэх гэж байгаа бол багш дасгалжуулагчийнхаа үгийг сайтар сонсож, зааварчилгааных нь дагуу дасгалуудаа хийхгүй бол бэртэл гэмтэл авч болзошгүй гэж од эрхэс чамд анхааруулж байна. Хэрвээ аялалд гарах бол тун болгоомжтой, хянуур байх хэрэгтэй. Мөн энэ сард ямар нэгэн чухал шалгалт өгөх гэж бэлдэж байгаа бол өөртөө бардалгүйгээр тултал нь бэлдэх хэрэгтэй шүү. Жолооны шалгалт, улирал дундын шалгалт, хэлний оноо авах шалгалт гээд чухал шалгалтуудад хүссэн дүнгээ авч чадахгүй, дахин өгөх магадлал өндөр байгааг чамд сануулъя.

Хилэнц

Сарын эхний 20 хоногийн турш чиний амьдрал хайр дурлалын романс, хүсэл тачаал, галзуу тааварлашгүй үйл явдлуудаар дүүрэн өнгөрөх төлөвтэй. Удаан хугацааны хайр дурлалын харилцаатай байгаа хосууд ч нэгэн хэвийн уйтгартай болчихсон байгаа харилцаагаа дахин шинэчилж, нэг нэгэндээ шинэхэн танилцсан хосууд шиг татагдан, хүсэл тачаалаар ангаж цангах болно. Бэлгийн харилцаандаа санаачлагатай байж чаддаггүй, бүрэг ичимхий Хилэнцүүд маань энэ сард л жинхэнэ утгаар нь энэ нандин харилцааны охь шимийг хүртэж, өөрийн юу хүсэж буйгаа хамтрагчдаа илэрхийлж чаддаг нэгэн болох нь.

Ангараг гараг энэ сард дурлалын амьдралыг чинь ивээх учраас хайрттайгаа харилцааныхаа сүүдэртэй ярвигтай асуудлуудыг илэн далангүй ярилцаж, хамтдаа шийдлийг нь олохыг хичээх нь тун чухал юм шүү. Тэр бүр ярилцахаас зайлсхийдэг хүндхэн сэдвүүдийг нэг тийш болгож, цэг тавихад хамгийн тохиромжтой цаг үе энэ сар байх учраас хайрттайгаа бүрэн дүүрэн ойлголцохын тулд чи өөрөөсөө цаг хугацаа, энерги эрч хүч харамгүй гаргах хэрэгтэй. Хэн нэгэнд нууцхан татагдаж байгаа ганц бие Хилэнцүүд маань энэ зурхайг уншиж суугаа бол 20-оос өмнө дурласан нэгэндээ сэтгэлээ илчлэх нь хайр дурлалын амьдралыг чинь эргэж сэргээх хамгийн том алхам байх болноо гэж од эрхэс зөвлөж байгааг чамдаа дамжуулъя. Зоригтой байж, хамгийн эхний жижигхэн алхмыг өөрөө түрүүлж хийхэд гэм хор огтхон ч байхгүй шүү дээ, найз минь.

Сарын 20-ныг дуустал Нар чиний санхүү болон ажил хэргийн харилцааг чинь ивээх болно. Хүсэж байгаа кареерийнхаа оргилд гарахын тулд энэ сард чамаас тун ч их хичээл зүтгэл болоод тэвчээрийг шаардах нь. Ажил дээр чинь чамайг зохих ёсоор нь хангалттай үнэлэхгүй байх тохиолдлууд гарч магадгүй ч тэр болгонд тэвчээртэй байж, аажим аажмаар дээшээ өгсөх нь илүү аюулгүй бөгөөд тогтвортой шийдэл байх юм шүү хэмээн од эрхэс сануулж байна. Хэрвээ чи энэ сард шинээр ажилд орж буй бол өөрийнхөө туршлага, боловролын зэрэгтэйгээ эн дүйцэхүйц ажил дээр томилогдон очихгүй байх магадлалтай. Сэтгэлээр унах хэрэггүй шүү, удирдлагадаа ямар ч ажлыг гололгүйгээр чин сэтгэлээсээ хийж чаддаг гэдгээ нотолж чадвал бодсоноосоо ч хурдан хугацаанд тушаал дэвших болно. Хэрвээ чи хувиараа бизнес эрхэлдэг бол энэ сард онцгойлон ажилтнууддаа анхаарал хандуулж, тэднийг урамшуулж, ажилд нь тулгарч байгаа асуудлуудыг нь хамтдаа засаж залруулахыг хичээх хэрэгтэй. Эсрэгээрээ удирдлага чинь чамайг хэтэрхий их ажиглаж, хийж буй ажилд чинь байнга анхаарал хандуулаад байгаа юм шиг тухгүй мэдрэмж төрвөл харин ч энэ цаг үеийг өөрт ашигтайгаар эргүүлж, өөрийн ажлын ур чадварыг түүнд гайхуулан, асуудлыг хурдтай шийдэж чаддаг, чадварлаг ажилтан болохоо нотлон харуулаарай. Бархасбадь гарагийн буцах хөдөлгөөний нөлөөгөөр энэ сард мөнгөтэй холбоотой асуудлууд үл ялиг сэтгэлийг чинь зовоож магадгүй. Орлого чинь тогтвортой байх хэдий ч төлөвлөөгүй олон зарлагууд шил шилээ даран гарч ирж, чамайг барьц алдуулж болзошгүй.

Шинэ сар сарын 5-наас эхлэн Хилэнцийн ордны эрүүл мэндийг ивээж эхлэх тул энэ сард амьдралаа хэв маягаа илүү эрүүл болгохын тулд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй: Жишээ нь: мацаг барьж эхлэх, иога-аар хичээллэх, өглөө эрт босох гэх мэт. Ажлын цаг дууссаны дараа бие болоод сэтгэлийн алжаалаа тайлах цагийг өөртөө заавал гаргаж байх хэрэгтэй. Хэрвээ архаг хууч өвчинтэй бол сарын 5-ны үед өвчин чинь сэдэрч болзошгүй учраас дархлаагаа сайтар дэмжээрэй. Хэт их ачаалал, ядаргаа, сэтгэлийн зовиур шаналгаагаас холуур амар амгалан сар байх болно.

Нум

Сарын 20-ныг дуустал Нар нумын ордынхны хайр дурлалын амьдралыг харамгүй ивээх тул чи ганц бие, хостой аль нь ч байлаа гэсэн энэ сар дурлалын амьдрал чинь аз завшаантай, баяр баясгалантай үйл явдлуудаар дүүрэн өнгөрөх төлөвтэй байна. Дурлалын харилцаа чинь илүү сонирхолтой болж ирэхтэй зэрэгцэн чи илүү сахилгагүй, яахаас ч буцахгүй зоригтой хамтрагч болж хувиран харилцааныхаа гол удирдлагыг гартаа авах болно. Ихэнхи Нумууд маань хайр дурлалын харилцаандаа гүнзгий ач холбогдол өгдөг, хамтрагчийгаа хувь хүнийхээ хувьд илүү өсөж сайжрахад нь үргэлж туслалцаа дэмжлэг үзүүлж байдаг гайхалтай багийн тоглогчид билээ. Энэ эерэг чанар дээр чинь романтик, секси байдал чинь нэмэгдэх үед хамтрагч чинь чамд хамаг анхаарлаа хандуулж, чамтай хамт ирээдүйгээ зурахад бүрэн итгэлтэй болох болно.

Шинэхэн дурлалтай учирсан Нумууд маань эхний хэдхэн болзооны дараа л нөгөө хүнийхээ хүсэл бүрийг биелүүлэгч нэгэн болж хувиран харилцаагаа сүйрүүлж болзошгүй эсвэл зүгээр л өөртөө бага зэрэг таалагддаг нэгэнтэй цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсэж уулзахад нөгөөх хүн нь чамаас хэт их зүйл шаардан харилцаагаа төвөгтэй байдал руу түлхэж магадгүй.

Бархасбадь гарагийн буцах хөдөлгөөний нөлөөгөөр сарын 10-н хүртэл чи ажил дээрээ хамтрагчидтайгаа үл ойлголцож, ажилдаа сэтгэл дундуур байсны улмаас бусдын үгийг сонсолгүй өөрийнхөөрөө, зөрүүд, муухай ааштай нэгэн болж хувирч болзошгүй. Хэдийгээр бүрэн дүүрэн чиний зөв байж болох ч, алдаа гаргасан хамтрагчдаа зааж зөвлөлгүйгээр түүнийг буруутгасан хэвээрээ ганцаараа бүх шийдвэрийг гаргах нь тийм ч ухаалаг шийдэл байж чадахгүй шүү гэж чамд анхааруулъя. Чи өөрөө ч хэзээ нэгэн цагт алдаа гаргаж магадгүй тул ажил хэргийн хамтрагчдаа чадах чинээгээрээ туслалцаа үзүүлээрэй. Сарын 20-ноос хойших өдрүүд олон нийтийн дунд өөрийгөө таниулахад, шинээр гарч буй бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгч дунд нэвтрүүлэхэд тун таатай цаг үе байх болно. Мөн энэ үед Нар Нумын ордноос шилжиж эхлэх учраас чамд мэргэжлийнхээ хувьд өсөн дэвших, ажлын байраа солих гэх мэт урьдаас төлөвлөөгүй гэнэтийн боломжууд гарч ирэх магадлалтай. Ажлаа солихоор эртнээс төлөвлөж байгаа бол, энэ сардаа багтаад шинэ ажлын байр чамд олдох болно. Өнгөрсөн хугацаанд хэтрүүлэн зарцуулсан зарлагаа нөхөж төлсөөр санхүүгийн хувьд энэ сард тийм ч хангалуун байж чадахгүй. Зарим Нумууд маань мөнгөндөө маш ариг гамтай хандаж, зайлшгүй зарлагуудаас өөр зүйлд мөнгөө зарцуулахгүй байснаар энэ сарыг тун дажгүй даван гарч чадна. Гэхдээ мөнгийг хэмнэх үедээ хэмнэж, зарцуулах үедээ зарцуулах ёстой гэдгийг бүү мартаарай.

Бархасбадь гарагийн буцах хөдөлгөөний нөлөөгөөр сарын эхний арван хоногт эрүүл мэндийн байдал чинь бага зэрэг хэлбэлзэх болно. Хийж бүтээх эрч хүчээр дүүрэн нэгнээс урам зоригоор дундуурхан залхуу идэвхигүй нэгэн болж хувирч магадгүй. Энэ бүх сэтгэл зүйн хэлбэлзэл чинь чамд тийм ч таатай санагдахгүй хэдий ч өөрийнхөө дотор орших олон зан араншингаа танин мэдэхэд чинь нэг талаасаа тустай байх болно шүү.

Матар

Матрууд маань энэ 4 сард хайр дурлалын амьдралдаа өөрчлөлтийг авчрахын төлөө илүү хүлээцтэй, яриа, нөхөрсөг нэгэн болох төлөвтэй. Чамаас гарсан гэдэгт итгэмээргүй романтик үйлдлүүд, болзооны саналуудыг чи өөрөө санаачлах болно шүү. Хайртад чинь чиний энэхүү санаачлагатай, сонирхолтой дүр төрх чинь таалагдах нь лавтайяа. Хэрвээ чи минь одоогоор ганц бие байгаа бол энэ сард санамсаргүй байдлаар хөрштэйгээ дурлалын харилцаа үүсгэх өндөр магадлалтай байх нь. Хэрвээ амьдарч байгаа орон сууцанд чинь чамд эртнээс таалагдаж байгаа ганц бие залуу байдаг бол түүнтэй тааралдах үедээ бага зэрэг сээтэгнэн, сайхан инээмсэглэлээр шагнаарай. Хэд хоногийн дараа түүнээс оройн хоолны санал ч авч магадгүй шүү дээ.

Хостой матрууд маань хамтрагчдаа өөрийн мэдрэмжээ хүчтэйгээр илэрхийлж, илэн далангүй байх нь харилцаа цааш гүнзгийрүүлэхэд тун чухал байх болно. Хэрвэээ хайртаасаа тусдаа амьдарч байгаа бол өдөр бүр утсаар ярьж, нэг нэгэндээ тусгайлан цаг гаргахыг хичээгээрэй. Удаан хугацаанд хамтдаа байгаа хосууд маань найз нөхөд, дотны хүмүүстэйгээ амралтын өдрөөр явган аялал хийж, байгальд цагийг өнгөрөөн нэгэн хэвийн уйтгартай амьдралын хэв маягаа хамтдаа өөрчлөөрэй. Бусад хосуудтай хамт цагийг өнгөрүүлснээр өөрсдийн чинь хувьд уйтгартай, нэгэн хэвийн санагддаг харилцаа чинь бусдын хувьд атаархлыг нь төрүүлэхээр нандин гайхалтай харилцаа байж болохыг та хоёр ухаарах болно. Өөрт байгаа үнэ цэнтэй бүхнээ үргэлж өнгөлөн гялалзуулж байх нь юу юунаас илүү чухал гэдгийг бүү мартаарай, найз минь. Энэ сард гэр бүл болон ханьдаа, хамтрагчдаа илүү их цаг зарцуулан, тэднийг хайран дундаа бялхуулах нь чиний хамгийн том зорилго чинь байх юм шүү. Сарын сүүлийн 10 хоногт бэлгийн амьдрал чинь илүү сонирхолтой болж, чиний хүсэл тачаал илүү ихээр асах болно.

Сайн мэдээ гэвэл сарын сүүлийн хагаст гэр бүлдээ тавих анхаарал халамж, цаг хугацаа чинь чиний ажил хэрэгт огтхон ч сөргөөр нөлөөлөхгүй. Чамайг тойрон хүрээлж буй хайртай хүмүүс чинь чиний ажил хэрэгт төсөөлж байгаагаас чинь илүү туслалцаа дэмжлэг үзүүлэх болно шүү. Хэрвээ боломжтой бол энэ сард гэрээсээ ажлаасаа хийх нь чиний бүтээмжийг илүү нэмэгдүүлж чадна. Сарын сүүлийн хагаст төлөвлөөгүй орлого орж ирэх ч сэтгэл хөдлөлдөө захирагдан бодлогогүй худалдан авалт бүү хийгээрэй. Бизнесийн шинэ санааг чинь санхүүжүүлж, хөрөнгө оруулах итгэлтэй түнштэй энэ сард учрах болно. Сарын сүүл өдрүүдэд ажил хэрэг чинь гайхалтай бүтэмжтэй байх хэдий ч ажлын амжилтын төлөө гэр бүлээ хоёрдугаарт тавих нь тийм ч зөв шийдвэр биш байх болно шүү гэж од эрхэс чамд анхааруулж байна.

Сарын турш түргэн уурлах, сэтгэл санааны хувьд тогтворгүй байж мэдэх учраас өөртөө амралт олгож, чамайг амар амгалан болгож чаддаг дасгал хөдөлгөөнийг тогтмол хийхийг зөвлөж байна. Бүжгийн клубт бүртгүүлэх, задгай талбайд гүйх гэх мэтийн огт сонирхож хичээллэж байгаагүй спортоор хичээллээд үзээрэй. Энэ сард хувийн болоод ажил хэргийн харилцаандаа аль алинд нь хэтэрхий хүчлэж, хэтэрхий их хичээх нь эсрэгээрээ нэгэнт босгосон байгаа үнэт зүйлсийг чинь нураах аюултайг чамд сануулж байна.

Хумх

Хумхынхны маань хайр дурлалын амьдрал энэ сард гайхалтай учрал, дурсамжаар дүүрэн бялхан өнгөрөх нь ээ. Хамтрагчтайгаа илүү гүнзгий түвшний яриа үүсгэн түүнд өөрийгөө ухаалаг бөгөөд боловсролтой нэгэн гэдгээ батлан харуулж, чамайг өөр талаас чинь нээн харах боломжийг түүнд олгосон сар байх болно. Гэхдээ хамтрагчдаа илүү их таалагдаж, түүний анхаарлыг татахын тулд өөрийнхөөрөө биш байж, харилцаагаа хүчилж эхэлвэл эсрэгээрээ бүтээсэн бүхэн чинь нурж, тун удалгүй хайрт чинь чамаас залхаж зугтааж болзошгүй гэдгийг анхаараарай. Аливаа зүйлийн тунгийг нь тааруулна гэдэг их чухал юм шүү, найз минь.

Хэрвээ чи ганц бие байгаа бол өөрт тохирох нэгнээ холоос биш тун ойрын хүрээллээсээ хайгаад нэг үзээрэй. Өөрийн хүрээлэл дундах хүмүүс дундаас хангалттай эрэл хайгуул хийж чадвал сарын сүүлийн хагаст чиний уйтгартай, нэгэн хэвийн хайр дурлалын амьдралд чинь цэг тавигдаж, чи огтхон ч төсөөлөөгүй хайр дурлалтайгаа учрах болно гэдгийг санаарай. Гэрлэсэн хумхууд маань энэ сард гэр бүл, хайртай дотны хүмүүсээ чухал зүйлийнхээ нэгдүгээрт тавиарай. Сарын сүүлийн арван хоногт ойр дотны хүмүүст чинь чиний халамж анхаарал, юу юунаас илүүтэй шаардлагатай болно. Ихэнхи гэрлэсэн хумхууд маань хайрттайгаа сэтгэл дотооо өрнөж байгаа олон асуудлаа хуваалцах чадвар тааруу байдаг. Хэрвээ гэр бүлийн хүнтэйгээ тийм ч таатай бус харилцааны үеийг туулж байгаа бол чи энэ сард илүү илэн далангуй нээлттэй байж чадвал та хоёрын дунд хайр дурлалын гал дахин бадамлан асах болно.

Энэ сард олон нийттэй харилцах чухал үйл ажиллагаанууд чи төдийлөн оролцохгүй бөгөөд ихэнхи цагаа эхлүүлсэн ажлаа гүйцээж дуусгах, шинэ төслийн ажлуудаа төлөвлөхөд зарцуулах нь. Тайзан дээр од байхаас илүүтэй, арын албыг нэр төртэй хаах нь энэ сард илүү тохиромжтой байх болно. Ажил хэргийн хамтрагчтайгаа бизнес аяллаар гадагшаа аялан, гэрээ хэлцэл хийх шаардлагатай болж магадгүй. Энэ үед ажлынхаа үр дүнг үзэхийн тулд аль болох хүлээцтэй, тэвчээртэй байж хувь хүнийхээ амбицыг дарахыг од эрхэс чамд зөвлөж байна.

Сарын эхний 20 хоногийн турш мөнгөтэй холбоотой асуудлууд санааг чинь огт зовоохгүй. Гэхдээ сарын сүүлийн өдрүүдэд мөнгөө өсгөхийн тулд хууран мэхлэгч нарт хууртагдан, их хэмжээний мөнгөө алдаж болзошгүй. Биеийн эрүүл мэндийн хувьд энэ сард тун тогтвортой хэвийн байх хэдий ч сэтгэл зүйн эрүүл мэнд тийм ч сайн бус, савалгаагаар дүүрэн байх болно. Гэхдээ азтай нь гэвэл гэр бүл найз нөхөд чинь чамтай энэ сард хангалттай их цагийг өнгөрүүлэн чамд анхаарал халамж тавих учраас чи энэ хүнд үеийг хялбархан даваад гарах болно шүү. Хэрвээ сэтгэл зүйн эрүүл мэнд сарын сүүлийн өдрүүдийг хүртэл сэтгэлийг чинь зовоосоор байвал мэргэжлийн хүнд хандахыг зөвлөж байна. Чамайг тайвшруулж, амар амгалан болгож чадах дасгал хөдөлгөөнийг тогмол хийх нь сэтгэл гутралд орох, сэтгэл санаагаар унахаас чинь хангалттай сайн хамгаалж өгөх болно шүү.

Загас

Энэ сард Загасны ордныхны хайр дурлалын харилцаа анхаарлын төвд байх нь. Харилцаагаа тэнцвэртэй тогтвортой байлгахыг хүсэж буй хосуудад бие биенээ хүндлэх, ойлголцох л хамгийн чухал гэдгийг анхаарах хэрэгтэй. Сарын эхний хагаст гарах чухал шийдвэрүүдэд чиний өөрийн үзэл бодол, хувийн ашиг сонирхол давамгайлах төлөвтэй байна. Энэ нь өөрийгөө сонсох, хосдоо өөрийгөө бүрэн ойлгуулахад тусаа өгөх болно. Тиймээс харилцаагаа тогтвортой байлгахыг хүсэж байгаа Загаснууд чөлөөтэй, нээлттэй байх нь чухал шүү. Хос чинь ч чиний ийм байдлыг илүү их хүсэж байгаа гэдгийг санаарай. Бие биедээ биелүүлж баршгүй хүнд амлалт бүү өг, харин байдлыг бодитоор харж аз жаргалтай байх энгийн зүйлсэд илүү анхаарал хандуулаарай. Ганц бие зарим Загаснуудад харилцааны ямар ч шалгуурыг даваад гарч чадах онцгой хүч бий. Хэн нэгэнтэй цоо шинэ харилцаа үүсгэж эхний алхамаа хийхэд таатай байх бөгөөд өөрийн мэдрэмжийг тун ч гарамгай илэрхийлж чадна. Харин зарим Загаснууд шинэ харилцаандаа анхаарал болгоомжтой хандахыг онцгойлон сануулъя.

Хэрвээ ажилдаа сэтгэл дундуур, хийж буй төслүүдийн үр дүнд таатай бус байгаа бол ажил мэргэжлийн онцлог, байр сууриа ахин нэг нягтлаад үзэхэд гэмгүй. Өөрт хэрэгтэй сургалт семинаруудад хамрагдах, шинээр ямар нэг зүйл сурах нь өөрийгөө нээх, кареерийн шатаар өгсөх боломжийг гаргаж өгч магадгүй. Мөнгө санхүүгийн хувьд гайхалтай ээлтэй байх нь. Материаллаг зүйл дээр тулгуурласан санхүүгийн шинэ эх үүсвэр бийболох төлөвтэй. Ажлын болоод хувийн шугамаар орж ирэх мөнгөний урсгал тасрахгүй. Их хэмжээний мөнгийг зөв захиаран зарцуулах тал дээр ухаалаг хандах нь зүйтэй. Гэнэтийн ирж байгаа боломжуудыг цааш нь бүү түлх. Тэдгээр нь ажил мэргэжлийн байр сууриа ахиулах, дараагийн алхмаа тодорхой төлөвлөхөд чинь тусаа өгөх болно шүү.

Сарын эхний хагаст эрч хүчтэй дүүрэн байх нь. Тэр хэмжээгээрээ дотоод хүчийг мэдэрч, бүх зүйлийг чадчихмаар онцгой мэдрэмж давамгайлна. Гаднаас ирэх таагүй хандлага сэтгэл санаанд чинь хүчтэй нөлөөлөхөөс сэргийлээрэй. Энэ нь сарын сүүлийн хагаст бодол санаанд хүчтэй нөлөө үзүүлж сэтгэл унагаааж болзошгүй. Гэр бүлийнхээ анхаарал халамжаас гадуур байж, бүх зүйл дээр бие даах гэж бүү хичээ. Тэдэнтэй ярилцаж, дотно байхыг хичээгээрэй. Хэрвээ чи амьдралдаа онцгой өөрчлөлтийг хийхийг хүсэж буй бол тэр өөрчлөлтийг хийх хүч, урам зориг гэр бүлээс чинь ирнэ гэдгийг бүү мартаарай.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(963)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: ардах.   2019-06-19
зурхай авах

Зочин: Баярчимэг.   2019-04-09
bayrllaa

Зочин: Таны нэр.   2019-04-04
2019 onii yerunhii zurhai oruulj ugnu uu

Зочин: nara.   2019-04-03
yoo bur yag bhimaa sonin shuu

Зочин: Merci.   2019-04-02
Zurhai mine yag l taardag bolohoor huleen huleen l unshdag

Зочин: tsengelmaa.   2019-04-02
19800319

Зочин: Bilguun.   2019-04-02
bayarlalaa Goolingoo, sar bolgoniihoo zurhaig mash idevhtei huleedeg shuu.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com