ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Л.Энхзул: Сахарын хэрэглээгээ танаснаар миний амьдралын хэмнэлд олон эерэг өөрчлөлт гарсан

Эрүүл мэнд  | 2018 / 10 / 29

2018 он эхлэхэд чи минь өөртөө ямар зорилго тавьж, ямар өөрчлөлтийг хийнэ гэж амласан бэ? Тэдгээрийгээ хэдэн хувьтай гүйцэтгэж чадсан бол... Он дуусахад бүтэн хоёр сар л үлджээ. Өөртөө өгсөн амлалтаа нэхэн санаж, жагсаалтаа нэг хараад үзээрэй. Гоолингоо нь энэ удаа шинэ он эхлэхэд өөртөө өгөх амлалт дээр цоо шинэ нэг дадлыг санал болгож байна. Тэр бол САХАРЫН ХЭРЭГЛЭЭГЭЭ ТАНАХ.

Л.Энхзул: Сахарын хэрэглээгээ танаснаар миний амьдралын хэмнэлд олон эерэг өөрчлөлт гарсан

Хэрэгжүүлэхэд илүү ойр байгаасай гэсэн үүднээс сахарын хэрэглээгээ танаж, амьдралдаа бодит өөрчлөлтийг авчирсан нэгэн бүсгүйг зочноор урин ярилцсан юм. Түүнийг Л.Энхзул гэдэг. Лондон хотод нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. МИУС-ын Сэтгүүлзүйн ангийг 2001 онд сэтгүүлч мэргэжлээр төссөн. Lifestyle blogger тэрээр Хувцас Бурхан, Чихрээ танасан тэмдэглэл, Huwtsas Burhan зэрэг амьдралын хэмнэлийн блог, хуудсуудыг хөтөлж бүсгүйчүүдтэй маань туршлагаа хуваалцдаг.


Бүсгүйчүүд маань жингээ хасах, тогтмол дасгал хийх, фитнессээр хичээллэх зэргээр төрөл бүрийн өөрчлөлтүүд хийхийг зорьдог. Таны хувьд эрүүл байх үүднээс чихрийн хэрэглээгээ танах болсон нь их шинэлэг, содон санагдлаа. Яагаад сахараа танаж эхлье гэж шийдсэн бэ, шалтгаан нь юу байв, хэзээнээс эхлэх болсон бэ? Мөн үүнд нөлөөлсөн хүн, үйл явдал байв уу?

Шинэ он гарах бүрт зорилгууд дундаа нэг мөр багтаадаг байсан нь “чихрээ багасгах” гэдэг хоёрхон хялбар үг. Харамсалтай нь хамгийн уртдаа хэдэн долоо хоног энэ санаагаа биелүүлээд буцаад л хуучин хэвшилдээ уначихдаг байлаа. Чихрээ багасгах хүсэл маань арьсан дээр тууралт гардаг байсантай холбоотой. Анх өсвөр насанд хоёр хацраар дараа нь хүзүүгээр усархаг шарх гарч эхлээд оюутан болсон хойно намжсан ч гэсэн гарын ар, хөлийн шагайгаар гардаг нь хэвээрээ байсан. Энэ байдал нэлээд олон жил үргэлжилсэн юм. Чихэрлэг зүйл идэхэд улам сэдэрч ихэсдэг. Даанч амттанд дуртай учраас чихэртэй зүйл идэхээ багасгаж чадахгүй, гаднаас нь маш хүчтэй тос түрхэж намжаагаад л явсаар арван хэдэн жил болчихсон байсан. Ажилдаа явахдаа гар дээр гарсан үлд шиг шархаа нуух гээд урт ханцуйтай цамц өмсөнө. Хүзүүн дээр юм гарчихвал хоолойтой цамц өмсөж хаацайлна. Гоо сайхны талаасаа ч, эрүүл мэндийн талаас ч энэ нь надад нэлээдгүй зовиуртай байсан. Аав ээж маань хүүхэд байхад бүх л сайн гэсэн үздэг хардаг хүн, эмч домчоор явсан.

Лондонд ирж амьдрах болсны дараа ч арьс, харшлын чиглэлээр олон эмчид үзүүллээ. Хамгийн сүүлд нэг эмчид хандахад “ямар үед тууралт ихэсдэг вэ” гэж асуухад нь “шоколад их идэхээр” гэж хариулахад “тэгвэл тэрийгээ идэхээ л больчихооч” гэж билээ. Зөвлөгөөг нь их л дурамжхан хүлээж авч байсан ч 2017 он гарахын өмнө 2016 оны 12 сараас эхлэн чихэртэй хүнсний хэрэглээгээ багасгая гэж шийдлээ. Уг нь шинэ он гаргаад шинэ зорилтуудаа дэвшүүлдэг бол харин энэ удаа дахиад л “унах” байх гэж бодсоноос чихрээ танах зорилгоо арай эрт эхлүүлсэн. Нэг үгээр хэлэхэд шинэ зорилтоо шинэ онд хэрэгжүүлж чадалгүй өөрөө өөртөө урам хугарахаас эмээсэн болохоор хуучин оны сүүлээр эхлүүлсэн хэрэг. Харин энэ удаа хичээл зүтгэл маань талаар болоогүй.

Чихрийн хэрэглээгээ танахад хэцүү байсан зүйл юу вэ? Чихрээ танасан тэмдэглэл хуудсыг хөтөлж эхэлснээр өөртөө болон бусдад амлалт өгч, шинэ дадал бий болгож байгаагаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлэх болсон. Энэ нь таныг шинэ дадлаа тууштай суулгахад хэр нөлөөлсөн бэ? Өөртөө л амлаад, өөрөө л тэр зүйлээ хийх, бусад хүмүүсийн өмнө түүнийгээ гаргаж хуваалцах хоёрын дунд магадгүй ялгаа бий байх?

Би 2016 оны 12 сард чихрээ танаж эхэлсэн цагаасаа Хувцас Бурхан блог дээр чихэртэй хүнсээ хязгаарлаж байгаа талаараа долоо хоног бүр тэмдэглэл маягаар бичиж эхэлсэн. Намайг хамгийн их гайхшруулсан зүйл нь энэ сэдвээр маш их хандалт, зурвас авсан нь. “Сникерс” авч идэхийн оронд гүзээлзгэнэ худалдаж авч байгаа талаар, сахарны оронд агчны сироп ашиглаж үзэж байгаа талаарх энэ сэдэв яагаад ийм олон хүний анхаарал татаад байгаа нь миний гайхшралыг төрүүлсэн. Тэгээд надтай адил чихэртэй зүйлд дуртай мөртлөө түүнийгээ хэрхэн багасгах талаар аргаа олдоггүй хүмүүс олон байдгийг мэдсэн. Ингээд өөр дээрээ 3 сарын турш бяцхан туршилт гэмээр зүйл явуулж үзээд үнэхээр цагаан элсэн чихэр бага хэрэглэж болдог юм байна гэдгийг ойлгосон. Ерөөсөө бидэнд мэдлэг мэдээлэл дутагддаг юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ үеэс хоол хүнсний биеийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар өөрийнхөө тархийг цэнэглэж эхэлсэн дээ. Миний мэргэжил сэтгүүлч. Ер нь сэтгүүлч хүн судалж ухаж төнхөхдөө сайн байдаг шүү дээ.

Сахарын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар хэвлэгдсэн хамгийн сайн гэсэн номнуудыг Лондонгийн номын дэлгүүрүүдээс дэс дараалалтайгаар худалдан авч, бас номын сангуудаас зээлж ар араас нь уншиж гарсан. Бас энэ талаарх мэргэжилтнүүдийн сүүлийн үеийн яриа, ярилцлагуудыг сонирхож судалж сонсох болсон. Одоо ч энэ миний дуртай сэдэв. Хүн шинэ зүйл олж мэдэх тусам өөрийгөө ямар их зүйл мэддэггүй юм бэ гэж их голдог юм билээ. Шинэ мэдлэгтэй болох тусам урамшаад бас дахин шинэ шинэ асуултууд ар араасаа гарч ирээд байдаг. Олж авсан мэдлэгээ би яг надтай адил хүмүүст зориулахыг хүссэн учраас шинээр Чихрээ танасан тэмдэглэл нэртэй хуудас нээсэн. Үүндээ сүүлийн үеийн судалгааны талаарх мэдээ баримт, бас цагаан элсэн чихэр багатай мөртлөө амтлаг, шимтэй орцоор баяжуулсан амттануудыг хэрхэн хийж болох талаар жор, өөрийн авсан зургуудаас оруулдаг.

Чихрээ танаж эхэлснээр амьдралын хэмнэлд тань ямар, ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ? Мөн эрүүл мэндийн хувьд гарч байгаа таатай өөрчлөлтүүдийг дурдвал.

Хүн ихэвчлэн ирээдүйдээ юу хийх, яах вэ гэдэгтээ илүү ач холбогдол өгөөд өнгөрсөн хугацаанд ямар ямар өөрчлөлт, эерэг зүйлс гарч байгааг тэр бүр анзаардаггүй юм шиг санагддаг. Саяхан Facebook надад 4 жилийн өмнөх зураг гаргаж сануулж байна. Тэр зураг дээр би маш их элсэн чихэртэй бялуу хийж байсан дүр төрх.

Миний зуршил 4 жилийн өмнөхөөс ямар их өөрчлөгдсөнийг тэр зургийг хараад ойлгож байгаа юм. Чихрээ танаж багасгасныг дагаад маш сайхан үр дүнгүүд гарсныг дурдахдаа таатай байна.

Хамгийн том өөрчлөлт нь миний арьсан дээр гардаг тууралт 90 хувь багассан. Шарх гарах бүрт түрхдэг байсан тосоо дахиж хэзээ ч худалдаж аваагүй гэдэг бол миний хувьд маш том амжилт. Эрүүл мэнддээ оруулж байгаа том хөрөнгө оруулалт гэх үү дээ. Хүний бие гэдэг маш ухаалаг харилцуур. Ямар нэг зүйл болохгүй байвал бие ямар нэг байдлаар, эсвэл өвчин, өвдөлтөөр өөрийгөө илэрхийлж байдаг. Гэтэл бид гаднаас нь ямар нэг эм, түрхлэг, тосоор дараад л явдаг. Миний жишээн дээр бол надад тус болохгүй байгаа тэр зүйлийг, өөрөөр хэлбэл сахарын орцтой хүнсийг байнга, өдөр болгон хэтрүүлж хэрэглэсээр байсан нь миний арьсан дээгүүрх тууралтыг сэдрээдэг байсан.

Урт хугацаанд хэлэн дээрээ нэг ч чихэрлэг зүйл хүргэхгүй яваад дараа нь урд нь дуртай нь аргагүй иддэг байсан чихэртэй зүйлээ идэхээр хэт нялуун санагддаг юм билээ. Амтлах чадвар шинэчлэгдсэнээр, дэлгүүрээс авдаг байсан чихэрлэг бүтээгдэхүүнүүдээ худалдаж авах сонирхол төрөхөө ч больсон.

Чихэртэй зүйл байнга идэж байхаа багасгаснаар өдрийн тодорхой цагт гэнэт нойр хүрч, лазан болчихоод байдаг нь больж эрч хүчтэй болсон. Чихэртэй юм идэхэд эрч хүч тогтворгүй болдгийн цаад учир нь шим багатай, чихэрлэг, цагаан гурилан зүйл идэхэд цусан дахь сахарын хэмжээ огцом өсөхөд сэргээш шиг үйлчлээд, тодорхой хугацааны дараа эргээд цусан дахь сахарын хэмжээ огцом унадаг. Энэ үед хүн яадаг вэ, энэ байдлаа түргэн засах арга хэмжээг хоолоор авах гэж хичээдэг. Ингээд өмнө нь идсэнтэй яг адил чихэртэй зүйлээ иддэг. Харин өл даадаг шимтэй, сайн зүйл идэхэд цусан дахь сахарын хэлбэлзэл хэвийн болж ирдэг. Ингэснээрээ би нойр булчирхайндаа хэт их ачаалал өгөхгүй байхад нь дэм болж байгаа юм. Мөн элгээ гамнаж байгаа нэг хэлбэр бол чихрээ танах явдал. Фруктоз агуулсан хүнс нь элгээр дамжиж боловсрох учраас байнга чихэрлэг зүйл идэх нь элгэндээ хамаг ачааг үүрүүлж байгаатай адил.

Цаашилбал өлсгөлөн, зүгээр л хорхойсол хоёрыг өөр хооронд нь ялгаж салгаж чаддаг болсон. Гадаад үзэмжийн талаас гарч буй өөрчлөлтүүд гэвэл миний үсний өнгө илүү сэргэж гялалзсан, бат бөх болж ирсэн. Нэмэлт чихрээ багасгахыг дагаад шим тэжээлтэй хоол хүнс сонгох эрмэлзэлтэй болсон зэрэг маш олон өөрчлөлтүүд гарсан.

Танай гэр бүлийн хооллолтын хэв маягт хэр их өөрчлөлт орсон бэ? Чихрээ танах шийдвэр гэрийнхэнд тань цоо шинэ зүйл байсан уу? Хэрэв тийм бол шинэ хэмнэл суулгахад та нарт тохиолдсон бэрхшээл юу байв.

Гэр бүлийн маань хүнсний худалдан авалтад нилээн өөрчлөлт орсон. Чихэртэй тарагны оронд ямар ч жимс чихэргүй элгэн тараг, жүүсний оронд ус, смүүти хийвэл ногоо голлосон байдлаар, цагаан талхны оронд гэртээ барьсан талх эсвэл хөрөнгөний талх гэх мэт. Массаар нь үйлдвэрлэсэн, дэлгүүрүүдээр элбэг зарагддаг жигнэмэг, бялуу, шоколад чихрээ танахаас өмнө ийм зүйлс гоё санагддаг байсан, одоо шохоорхол татахаа больжээ. Миний хань намайг ямар нэг шинэ зүйл сэдэх бүрт дэмжиж, миний ард байдаг. Тийм болохоор тэр тал дээр асуудал байгаагүй. Намайг чихрээ танахаас өмнө хүүхдүүддээ чихэр өгөхгүй гэдэг байсан хүн нь манай нөхөр.

Харин энэ өөрчлөлтийг хамгийн эсэргүүцэж хүлээж авсан нь хоёр хүүхдийн маань нэг нь. Түүнийг буруушаах аргагүй. Яагаад гэвэл урьд нь нэг их ач холбогдол өгдөггүй байсан зүйлээ гэнэт өөрчлөхөд хүүхэд ойлгохгүй. Хүүхдийн хувьд ямар нэг зүйлийг учир шалтгааныг нь тайлбарлаж өгөхгүйгээр гэнэт хорих нь хүсээгүй үр дүн рүү түлхэх магадлалтай. Тийм болохоор аль болох яагаад чихэр эрүүл мэндэд шилдэг хүнс болж чадахгүйг бага багаар тайлбарлаж өгч байгаа. Хамаагүй тулгаж, хорьдоггүй. Чихэртэй зүйл хэрээс нь хэтрүүлж байнга хэрэглэвэл яадаг вэ гэдгийг тайлбарлаж хэлдэг. Одоо хэрэгжүүлэхгүй ч ирээдүйд эдгээр мэдлэг нь тус болох байх гэж найддаг. Мөн чихэргүй орчинг бүрдүүлж өгдөг. Тэр орчин нь манай гэр. Манай гал тогоо. Хүүхэд гал тогоонд юу байна тэр зүйлээр л хооллодог.

Бэрхшээл гэвэл баяр ёслолууд хүүхдийг чихрээр эрхлүүлэх бүх боломжийг хангаж өгсөн байдаг нь гэртээ чихрээ багасгая гэж хичээж байгаа хүмүүст хүндрэл учруулдаг. Европт Easterийн баяраар хүүхдүүд нуусан шоколад олох тоглоом, Halloween-ээр айлын хаалга тогшиж чихэр цуглуулах, шинэ жил дөхмөгц шоколадтай хуанли гэх мэтчилэн анзаараад үзвэл үйлдвэрлэгчид яг хүүхдэд чиглэсэн чихэрлэг зүйлийн худалдааг дэмжсэн маркетинг, тэдэнд зориулсан бүтээгдэхүүний худалдаа асар их явуулдаг. Үүнд хүүхдүүд хамгийн их өртдөг. Уг нь эдгээр уламжлал, тэмдэглэлт өдрүүд гэм зэмгүй хөөрхөн юм шиг мөртлөө цаагуураа эрүүл мэндэд ямар байх вэ? Эхний балаг нь шүд хорхойтохоор эхэлж гарч ирдэг. Амны хөндий дэх бактерийн тэнцвэртэй байдал алдагдахад чихэр болон наалдамхай чихэрлэг гурилан зүйлс, бас жүүс ундаа хамгийн их нөлөөтэй байдаг. Дээрээс нь өнөөдөр хаашаа л харсан чихэртэй хүнс, ундаа. Дэлгүүрт ороод хүнсээ аваад гарах замд гэхэд шүүрээд гарахад зориулсан чихрүүд өрчихсөн байх жишээтэй. Чихрээ багасгая гэж шийдсэн хүнд орчны нөлөө бас чухал шүү.

Одоо хүүхдүүдийнхээ хүнсний сонголт дээр хэрхэн анхаардаг вэ?

Дэлгүүр орлоо гэхэд энийг авахуулъя гээд чихэртэй зүйл бариад гүйгээд ирнэ. Заримдаа муудалцана. Заримдаа оронд нь жимс сонгуулж дөнгөнө. Судалгаагаар Англид reception буюу манайхаар бэлтгэл ангийн 10 хүүхэд тутмын 1 нь муу хооллолт, хөдөлгөөний дутагдлаас хэт таргалалттай байна гэсэн баримт байна. Хүүхдийн юу идэх, уух нь үнэндээ эцэг эх, асрагч бидний гарт байдаг. Мэдээж тэдэндээ юу өгөх вэ, өсч торниж буй биед нь ямар хүнс хэрэгтэй вэ гэдэг дээр бусад ээж аавын адилаар дээд зэргээр хичээдэг. Тэд оюутан болоод “үүрнээсээ” нисэн бие даан одох үед бид хичнээн үглээд тэд юу идэх уухаа өөрсдөө сонгодог болчихсон байх болно.
Харин хоол хүнсээ яг аав ээжийнхээ бэлдэж өгсөн зүйлийг идэж байгаа тэр хэдэн жилд нь шим сайтай хүнсээр тэтгэж, хооллох юмсан гэж мэрийдэг. Жишээ нь өглөөний цайнд нь бэлэн сериел (эрдэнэ шиш) идүүлээд явууллаа гэж бодоход энэ нь “хоосон явуулснаас” арай дээр сонголт болохоос биш харин үдийн хоолондоо ортол нь өл даалгах шимтэй хүнстэй харьцуулахад төдийлөн сайн унд болж чадахгүй. Яагаад гэвэл яг миний өмнө дурьдсантай адил сахарын орц өндөртэй сериел нь цусан дахь глюкозын хэмжээг гэнэт өсгөсөн шигээ хэдэн цагийн дараа эргээд гэнэт бууруулдаг ийм хүнс юм. Энэ утгаараа хүүхдийн хичээлдээ анхаарах чадварт нь нөлөөлж байдаг. Мэдээж хэрэг сандарсан аль нэг өглөө хам хум байгаа бэлэн зүйлээ идээд гарах үе байдаг ч ихэнхдээ өглөө ялангуяа хүйтэрч байгаа улиралд халуун, өл даачих, шим сайтай өглөөний унд бэлдэж өгөхийг хичээдэг.

Хүүхэд уйдамхай учраас болж өгвөл өглөө бүр өөр өөр сонголттой байлгах гэж мэрийдэг. Биднийг бага байхад талх, масло, сахар идчихээд л болчихдог байсан. Гэхдээ тэр үе бол одоо үеийнх шиг дэлгэц их ширтдэг үе биш өдөржин гадаа цэвэр агаарт тоглодог байсан тийм үе. Цэвэр агаартай, ихэнх цагаа наранд өнгөрүүлдэг, органик чанартай сүү мах хэрэглэдэг байсан үе. Харин орчин үед энэ бүхэн өөрчлөгдөж байгаа болохоор ядаж хоол хүнсээр нь дэмжихийг ээж аавууд бид хичээж байна.
Хүүхдүүд маань өдрийн хоолоо сургууль дээрээ иддэг. Хэрэв өдрийн хоол нь таалагдаагүй бол тэд сургуулиасаа өлсчихсөн гарч ирдэг. Яг ийм үед ээж аавуудын гаргадаг түгээмэл алдаа бол тэдэнд чихэрлэг хүнс, бэлэн бүтээгдэхүүн авч өгдөг. Гэтэл яг үнэндээ өлссөн хүүхэд өгсөн зүйлийг голохгүй идэх учраас сургуулиас нь авахдаа ногоо, эсвэл чихэргүй овъёосны жигнэмэг цүнхэндээ хийгээд очдог юм.

Харин орой нь болж өгвөл гэртээ хийсэн халуун хоолоо ширээ тойрч суугаад гэр бүлээрээ хамт иддэг. Манай монголчууд гурилаа өөрөө зуурч, өөрөө таслаад, мах, ногоогоо хэрчээд орой бүр халуун хоол гэртээ хийдэг зөв дадалтай. Харамсалтай нь Европын айл бүрт ийм уламжлал байдаггүй. Бид хэдийгээр Англид амьдардаг ч гэсэн аль болох бэлэн бүтээгдэхүүнээс зайлсхийж өөрсдөө гэртээ шинэхэн хоолоо бэлддэг.
Таны 7 хоногийн хүнсний жагсаалтанд юу, юу түлхүү багтдаг вэ? Хүнсний зүйлс худалдан авахдаа голлон анхаардаг зүйлсээ дурдвал.

Англид хүргэлтээр хүнсээ авах нь өөрөө явж цуглуулахаас илүү хямд бас цаг хөнгөвчилж өгдөг болохоор манайх хүнсээ долоо хоногоор нь авдаг. Тухайн долоо хоногтоо ямар ямар хоол хийх вэ гэдгээ тогтоод тэр дагуу хүнснийхээ материалаа захиалчихдаг юм. Ингэж төлөвлөхөд цаг их ордог ч шинэ жороор өөр өөр хоол хийж үзэхэд надад лав сонирхолтой байдаг. Бас эргээд цаг их хэмнэнэ шүү. Аль өдөр нь ямар хоолоо хийхээ хуваарилна. Оройтож ирцгээх өдөртөө хийхэд хялбар хоол хийхээр тооцно. Отгон хүүхэд маань шөлтэй хоолонд дуртай, ууган нь эсрэгээрээ.
“Тугалыг нь тураахгүй, эхийг нь эцээхгүй” гэдэг шиг нэг өдөр шөл хийнэ, дараагийн өдөр нөгөө хүүхдийнхээ дуртай хоолыг хийнэ. Болж өгвөл тухайн улиралд гарч буй ургацын ногоог тухайн сардаа түлхүү авахыг боддог. Хүүхдүүдийн маань нэг нь брокколи, лууван, цэцэгт байцаанаас өөр ногоо иддэггүй, тэгэхээр энэ ногоонуудаа заавал авна. Хэт туйлшрахгүйгээр аль болох олон төрлийн, сонголттой шинэхэн хоол хүнс хэрэглэхийг хичээдэг.

Өмнө нь дуртай байсан чихэрлэг орцтой бүтээгдэхүүнүүдээ ямар, ямар бүтээгдэхүүнээр орлуулж чадсан бэ?

Би өөрөө шоколаданд их дуртай. Өмнө нь элсэн чихрийн орц ихтэй сүүтэй шоколад иддэг байсан бол одоо какаоны орц ихтэй хар шоколад авдаг болсон. Эсвэл гэртээ нунтаг какао, хасарваань, тээрэмдсэн үр зэргээр “energy ball” хийчихнэ.
Мөн гал тогоондоо элдэв амттан туршиж үзэх их дуртай. Чихэртэй хүнсний хэрэглээгээ багасгах шийдвэр гаргаснаас хойш гэртээ цагаан сахарыг орлуулж болох бүх зүйлсийг нэг нэгээр нь дэс дараатай жил гаруй хугацаанд туршиж үзсэн. Стевиа, бор будааны сироп, агч модны сироп, бурамны сироп, агэйв сироп, зөгийн бал, хатаасан жимс, чавганы сироп гэхчилэн маш олон төрлийн бүтээгдэхүүнийг өөр хоорондоо ямар давуу болон муу талтайг нь мэдэхийн тулд гал тогоондоо туршилт явуулсан. Одоо бол жигнэмэг жигнэж бялуу хийхээр бол аль болох болсон гадил, үзэм, синнамон зэргийг ашигладаг. Яг амтыг нь тохируулж чадвал бүх зүйлд сахар хийх шаардлагагүй юм билээ.

Чихрээ танаснаар дагаад гарсан өөр эерэг өөрчлөлт, шинэ дадлууд танд бий юу?

Хамгийн гол сэтгэл ханамж нь олон жил хэрэгжүүлье гэж бодоод чадахгүй байсан дадлаа хэвшүүлж чадсанаас ирэх тэр урам. Өдөржин эрч хүчтэй байдаг болсон. Үүнийг дагаад өдөртөө хийх гэсэн ажлаа амжуулаад орондоо эртхэн орж сайн унтаж амардаг болсон юм байна. Өмнө нь оройн хоолны дараахан заавал гал тогоогоо эргүүлдэж амттай юм идмээр санагддаг байсан. Хүүхдүүдээ унтсаны дараа “Магнум” зайрмагийг хоёр гурваар нь угсруулан задлах энүүхэнд байдаг байсан. Чихрийн хэрэглээгээ багасгахаар цадсан мэдрэмжээ удаан барьдаг болчихдог. Энэ нь лептин гэдэг дааврын ажиллагаанд чихэр нөлөөлдөгтэй холбоотой.

Бас нэг шинэ зүйл гэвэл “энэ сайн гэнэ” гэсэн зүйл бүхэнд итгэхээ больсон. Өөрийн гэсэн судалгаагаа хийж байж тухайн зүйл үнэхээр эрүүл мэндэд сайн юм уу гэдгийг дүгнэх болсон. Судалж, уншиж мэдэх тусам зарим мэдээлэл нь маркетингийн агуулгатай тархсан байдаг нь анзаарагддаг. Бас ямар нэг судалгаа нь аль нэг хүнсний том үйлдвэрлэгчийн ивээн тэтгэлэгтэйгээр хийгдэж үү гэдгийг харсны үндсэн дээр худалдан авагчид бид сонголтоо хийх хэрэгтэй юм байна гэдгийг ч ойлгох болсон шүү.

Сэдвээсээ арай өөр нэг зүйлийг асууя. Таны “Хувцас Бурхан” блог дээрээ habittracker буюу тэмдэглэл хөтлөлтийн талаар нийтлэлүүдийг уншиж байсан. Тэмдэглэл хөтлөлт яагаад бидний амьдралын хэмнэлд хэрэг болдог, хэрхэн нөлөөлдөг талаар мөн түүнээс үүдэн өдөр тумын хэмнэлд тань гарч буй өөрчлөлтүүдээ уншигчдад маань сонирхуулахгүй юу?

Ямар ч хүнд өөрт нь сайжруулчих юмсан гэсэн орон зай, зан авир, эсвэл тогтсон хэвшил байдаг. Тэр зүйлээ өдөр болгон давтаж хийгээд байвал энэ нь яваандаа тухайн хүний дадал нь болчихдог. Өөртөө зориулаад санамж хийж аваад түүнийгээ өдөр болгон харж, хэрэгжүүлж чадсан эсэхээ тэмдэглэж явах нь их үр дүнтэй санагдсан. Энэ нь бас надад юу чухал вэ, юуг нэгд тавих вэ гэдгийг өөрт сануулж өгдөг. Тэгэхгүй бол заримдаа өдөр урсгалаар өнгөрчих гээд байдаг. Хүн бүхний хувьд суулгах дадал өөр. Миний хувьд өдөрт заавал хэдэн хуудас шинээр унших, бас төрж байгаа бодлоо буулгах зэрэг санааг habit tracker дээрээ тэмдэглээд сар бүр дүгнээд явж байгаа. Хүн өглөө сэрээд заавал шүдээ угаадаг. Энэ нь дадал болчихсон байдаг. Яг үүнтэй адилаар хийж хэвшүүлмээр байгаа зүйлээ өдөр бүр давтан хийгээд байвал нэг мэдэхэд энэ үйл нь хичээл зүтгэл шаардахгүйгээр миний хийдэг зүйлсийн нэг хэсэг нь болчих ёстой. Тэр л тэмдэглэл хөтлөлтийн хамгийн чухал давуу тал нь юм.

Сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэгт бид итгэдэг.
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(885)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com