ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

А.Уянга: Гэр бүлийн аз жаргал ээжийн аз жаргалаас эхэлдэг

Гэр бүл  | 2018 / 10 / 20

Амралтын өдрийн өглөөний 10 цаг. Зочин маань хэдийнээ товлосон газартаа иржээ. “Бодолд хүрсэн үгс” хэмээх авсаархан хэрнээ агуулга сайтай номоор нь нэг удаа би түүнтэй нэлээн ойроос “уулзаж” байсан. Өөрөөр бол цахим ертөнцөөс л түүнийг, түүний хийж бүтээж байгааг хэдэнтэй харсан билээ. Харин энэ удаад арай ойроос танилцах завшаан олдсон юм. Ээж хүний амьдралынх нь талаар болоод мөрөөдлөө хэрхэн ажил хэрэг болгосон тухай түүний яриаг уншигч авхай та хүлээн авна уу.

А.Уянга: Гэр бүлийн аз жаргал  ээжийн аз жаргалаас эхэлдэг

Түүнийг Амарсайханы Уянга гэдэг. 26 настай. Нөхөр хүүгийн хамт амьдардаг, одоо тэд шинэ хүнээ хүлээж байгаа. Үндсэн мэргэжил нь газрын кадастр, зураглалын инженер. Гэхдээ өөрийнхөө сонирхлоор маркетингийн менежментээр дахин сураад одоо бизнесийн зөвлөх үйлчилгээ чиглэлээр ажиллаж байгаа. Хүүхдээ төрүүлсний дараагаас хуваариа бизнес эрхлэхээр шийдэж “Үр минь” хүүхдийн хувцасны брендээ үүсгэн байгуулжээ.

“Мөрөөдөл бол хүрэх цэг биш амьдралын хэв маяг гэдэгт итгэдэг”

“Үр минь” брендээ байгуулж мөрөөдлөө биелэл болгох эхлэл хүүтэй минь холбоотой. Төрснөөс хойш хүүхдийн хувцас хэрэглэлд нэлээдгүй сонирхолтой болж, хүүхдийн хувцасны худалдан авалт их хийх болсон. Гэтэл хүүдээ зориулан авсан хувцаснуудын загвар нь хөөрхөн хэрнээ материал нь биед нь эвгүй тухгүй байгааг анзаарч эхэлсэн юм. Тэр үеэс л яагаад гоё ч загвартай, хүүхдийн биед ч эвтэйхэн хувцас хийж болохгүй вэ? гэдэг бодол төрж энэ асуултандаа хариулт хайх болсноор брендээ нээх эхлэл минь тавигдсан. Ингээд хүүхдийн биед эвтэйхэн, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, ээж аавынх нь ч сэтгэлд нийцсэн, үнийн хувьд ч боломжийн, гэрээсээ захиалан авах боломжтой “Үр минь” брендээ эхлүүлж, өнгөрсөн оны 11 сараас үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхдийн насны онцлогт тохирсон биед эвтэйхэн, эрүүл мэндэд тустай, импортын бүтээгдэхүүнийг орлож чадахуйц чанартай, дурсамжийг бүтээж чаддаг гэсэн 4 үнэт зүйлийг бид ажилдаа баримталдаг. Энэ дундаа “дурсамж бүтээх” гэдэг үнэт зүйлийг онцломоор байна. Аав, ээжүүдийн хүүхдээ хайрлах сэтгэлийн илэрхийллийг хүүхдийн хувцсан дээр ил гаргахыг хүсэж, өхөөрдөм үгтэй хүүхдийн бодинууд хийх болсон юм. Хүүхдэдээ зориулан авсан эдгээр хувцас нь зураг болон үлдэж хүүхэд нь том болоод харахдаа ч аав, ээж минь намайг багад ингэж хайрладаг байж шүү дээ, ингэж илэрхийлдэг байж гэдэг эргэн санахад дулаахан дурсамжийг хамтдаа бүтээхэд нь туслахыг хичээсэн.

“Хүүгийнхээ төлөө ээж нь хичээсэн шүү гэдгийг хүүдээ баталж харуулахыг хүссэн”

Анх брендээ үүсгэхдээ “эхлээд л үзье, хийгээд л үзье” хэмээн шийдэж ажил болгохоор зориглож билээ. Үйлчилгээгээрээ дамжуулан хэрэглэгчиддээ юу хүргэх вэ? гэдэг асуултанд бүрэн хариулж чадахуйц байж, эхлээд брендийн лого, зураг авалт, өнгө төрх, үнэт зүйлээ мөн тодорхой болгосон. Харин тэр тодорхой байдлууд нь цаашид үйл ажиллагаагаа идэвхитэй үргэлжлүүлэхэд илүү нөлөөлдөг юм билээ. Мөн хүүгээ 7 сартай байхад нь ажилдаа эргэн ороод, хажуугаар нь ”Үр минь”-ээ эхэлж байсан учраас 2,3 зүйлтэй зэрэг нүүр тулж байлаа. Цоо шинэ ажил эхлэхэд шантрамаар санагдах үеүд олон гардгийг тэр үед л илүү олж харсан. Гэхдээ брендээ хүүдээ л зориулж нээж байсан учраас “хүүгийнхээ төлөө ээж нь хичээсэн шүү” гэдгээ баталж харуулах хүсэл минь шантрах үеүдэд намайг зоригжуулж байсан. Тиймээс хүүдээ зориулсан сэтгэл маань тулгарч байгаа бэрхшээлүүдийг давахад илүү нөлөөлсөн гэж боддог юм.

“Ээжүүд хамтдаа бүтээдэг, хамтдаа хөгждөг, хамтдаа урагшилдаг”

“Үр минь” брендийн хүүхдийн хувцсыг “бүтээж” хэрэглэгчийнхээ гарт хүргэдэг хүмүүс бүгдээрээ ээжүүд байдаг. Хүргэгч түгээгч, хуудасны админ, оёдолчин гээд арын ажлыг гүйцэтгэдэг хүмүүс бүгдээрээ ээжүүд. Ганцаараа дизайнаа хийгээд, зургаа аваад, оёдол хийж, хүргэлтээ түгээж амжихгүй шүү дээ. Тэгэхээр ээжүүддээ орлогоо тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх боломжийг багахан ч болов гаргахыг хүсэж ажлын байраа эмэгтэйчүүдээр дүүргэсэн (инээв). Машинтай ээж хүүхдээ хүргэж өгөөд сул цагтаа хүргэлт хийх, нялх хүүхдээ гэртээ хараад суудаг нэг ээж хуудас хөтлөх, захиалга авах зэргээр ажиллаж байгаа юм. Бие биенээ дэмжих энэ байдлыг цаашид ч үргэлжүүлэх зорилготой байгаа.

“Эмэгтэй хүний жинхэнэ амьдрал ээж болсноор эхэлдэг”

Жирэмсний тест дээрх 2 зураасыг хараад баярлах, айх, гайхах гэдэг 3 мэдрэмж зэрэг төрдөг юм билээ. Ээж болно гэдгээ мэдэх үеийн мэдрэмж гайхалтай, юутай ч харьцуулшгүй. Өмнө нь ээж болсоны дараа л жинхэнэ амьдрал эхэлдэг гэж олон удаа сонсож байсан ч өөрөө мэдрээгүй болохоор хүүхэдтэй болохын, бие давхар байхын үнэ цэнийг тийм ч сайн ойлгодоггүй байсан байх. Хүүхэд ирэх цагтаа ирдэг гэдэг учраас цаг нь болсон гэж хүлээж авсан. Мөн түүнтэй зэрэгцээд “яана аа, би чинь ямар ч туршлагагүй хүн шүү дээ, яаж төрүүлсэн хүүхдээ хүний дайтай хүн болгоно доо” гэдэг айдастай бас хариуцлагатай нүүр тулж байлаа. Хүүхэд тээх хугацаандаа жирэмсний холбогдолтой олон ном уншиж, судалгаа хийсэн маань төрөхөд их хэрэг болсон доо. Тиймдээ ч эхний хүүхдээ тээж байхдаа хэрхэн зөв хоолох ёстой вэ, төрсний дараа яаж асрах ёстой вэ, эхний хэдэн саруудад нялх хүүхдээ хэрхэн асрах вэ, одоо энэ саруудад биеэ хэрхэн тойглох вэ зэрэг яг жирэмсний процессууддаа анхаарал хандуулсан учраас “за ингэдэг шүү” гэсэн барагцаа бий болчихсон. Харин одоо эсрэгээсээ л байх шиг байна (инээв). Анхны жирэмслэлтдээ нэлээдгүй ач холбогдол өгч байсан бол энэ удаад ажлууддаа нэлээдгүй анхаарал хандуулж байгаа. Намайг түр байхгүйд ч ажил маань хэвийн үргэлжлээд явах нөхцлийг бүрдүүлэх тал дээр илүү анхаарч байна. Төрөөд эхний хэдэн саруудад өөр зүйлд анхаарах сөхөөгүй л хүүхдээ харж түүндээ цаг заваа зориулах учраас тэр хугацаанд ажлууд маань миний оролцоогүй хэвийн үргэлжлэх байдлыг урьдчилж зохион байгуулах хэрэгтэй юм билээ.

“Ганц бие байх сайхан гэдэг ч ээж хүн болохын гайхамшгийг яагаад ч гүйцэхгүй”

Ганц бие байхын эрх чөлөөг “ганц бие” байхдаа бүрэн мэдэрч чадсан гэж боддог. Энэ үед хийхийг хүсэж байсан зүйлсээ ихэнхийг нь амжуулж чадсан. Нэг жилд магистрийн болон эчнээн сургуулиа зэрэг төгсөж, хажуугаар нь ажил мэргэжилдээ албан тушаал ахих боломж гарч байсан. Шөнө 3 гэж ирээд үүрээр 5 цагт босож эргээд ажилдаа явж, орой нь хичээлүүдээ үзэх зэргээр хэдэн хэдэн зүйл амжуулж завгүй өнгөрсөн юм. Тиймдээ ч хүүхэд төрүүлээд, гэр бүлтэй болсныхоо дараа “ганц бие байхдаа ийм ч зүйл хийдэг байж, энийг ч амжуулдаг байж” гэх харамсал огт төрж байгаагүйд их баярладаг. Ганц бие байхдаа олон зүйл хийж үзээд гарсан үр дүнгээс нь аз жаргал авдаг байсан бол ээж болсныхоо дараа л заавал юм юмыг хийж үзэж байж, эсвэл олон зүйлийн ард гарч байж л аз жаргалтай болдоггүй юм байна. Зүгээр л хүүгийнхээ инээж байгааг, тоглож байгааг хараад л эх хүн байх олон сар хамаг хүчээ зарцуулан байж үр дүнд нь авдаг сэтгэлийн таашаалаас хэд дахин илүү зүйл байдаг юм байна гэдгийг ойлгосон.
Мөн урьдынхаасаа илүү зоригтой болсон. Хүүхдээ төрүүлсэн эхний сарууд нэлээдгүй тэвчээрийг эмэгтэй хүнээс шаардана. Хүүхдээ хуйраалах, шөнө сэрэхэд нь хөхүүлэх гээд унтаж ч чаддагүй байсан тэр үеүдэд маш их тэвчээр суусан гэж боддог. “Бүхэл бүтэн хүн бий болгож, хүүхэд төрүүлсэн юм чинь одоо би юунаас айх билээ” гэсэн бодол төрдөг юм билээ. Өмнө нь ямар нэг зүйл хийхдээ ингэвэл яах бол тэгвэл яах бол гэж хэт их бодож, тэр хэмжээгээрээ зоригтой үйлдэл хийж чаддаггүй байсан. Харин хүүхэдтэй болсны дараагаас л оролдоод үзэх хэрэгтэй, зөв гэж бодож байвал хийгээд л үзэх хэрэгтэй гэдэг зориг дотроос өөрийн эрхгүй гарч ирдэг болсон юм. 2 жилийн өмнөх хийгээд үзэхээс айж байсан зүйлсийг одоо хийгээд үзлээ гэхэд би огтхон ч айхгүй гэж боддог шүү.

“Хүүхдийнхээ зан авир, үйлдлийг нь ажиллаж, түүнийгээ ойлгохыг хичээх нь илүү чухал юм шүү”

Хүүхэд хүмүүжлийн талаарх номуудад авах ч зүйл, хаях ч зүйл байдаг шиг санагдсан. Жишээлбэл 0-2 насны синдром байдаг гэж ээжүүд ярьдаг даа. Хүүхэд “би өөрөө шийдвэр гаргах боломжтой юм байна” гэдгээ ойлгож эхэлсэн цагаасаа зөрүүдэлж, өөрийнхөө байр суурийг илэрхийлэхийг хүсдэг болдог. Жам ёсоороо л тэгж байгаа шүү дээ. Гэтэл ээжүүд маань “одоо тэр насных нь тийм араншин нь эхэлсэн, одоо энэ наснаас нь хүүхэд ингэдэг болно” гээд өөртөө итгүүлсэн зүйлээ харах гээд байдаг талтай юм шиг. Миний бодлоор хүүхдээ мэдрэх хэрэгтэй, ажиглах хэрэгтэй. Хүүхэд уурлаж байвал тэр уур нь шалтгаантай л байгаа. Нойр нь хүрж байна уу, цангаж байна уу, өлсөж байна уу, орчиндоо таагүй байна уу, эсвэл хайр дутагдаж байна уу гэдэг шалтгааныг нь олохыг хичээх хэрэгтэй. Дутагдаад байгаа зүйлийг мэдрээд, түүнийг нь зохицуулаад өгөх юм бол хүүхэд синдромд өртөөд байхаар ч биш шүү. Хүүхдийнхээ зан авир, үйлдлийг нь ажиллаж, түүнийгээ ойлгохыг хичээх нь илүү чухал юм билээ.

“Гэр бүлээ аз жаргалтай байлгахыг хүсэж байвал ээж хүн эхлээд өөрөө аз жаргалтай байж сурах хэрэгтэй”

Хүүхэд хараад гэртээ удаан сууж байна гэх бодол төрж бусдаас хоцрогдож байна мэт, өсөж дэвжихгүй байгаа мэт мэдрэмжиндээ илүү захирагдаад байвал сэтгэл амар байж чадахгүй, хүүхдэд ч сайнаар нөлөөлөхгүй. Энэ үед өөртэйгөө ярилцаж, би юу хийж чадах вэ, юу хүсэж байна вэ гэдэгтээ хариулт хайж өөрт байгаа онцлогоо нээх боломжийг өөртөө гаргаж өгөх хэрэгтэй. Өөрөө ч жаргалтай, гэр бүлээ ч аз жаргалтай байлгахыг хүсвэл ээж хүн эхлээд өөрөө аз жаргалтай байж сурах нь чухал юм билээ. Мэдээж хүүхдээ хараад сууж байгаа хугацаагаа аз жаргалтайгаар хүлээж авдаг ээжүүд зөндөө бий. Том болтол нь бат найдвартайгаар харж гэртээ байж тэдэндээ цагаа зориулдаг, тэр бүхэндээ өөрөө маш их аз жаргалтай байж чаддаг бол тэр өөрөө том амжилт шүү дээ. Ээж өөрөө л аз жаргалтай байвал дагаад гэр бүл аз жаргалтай байна.

Гоо сайхан хүний өөрийн мөн чанарт оршдог гэдэгт бид итгэдэг
Жинхэнэ мөрөөдөл үргэлж сайхан зүйл байдаг гэдэгт бид итгэдэг.
Мөрөөдөл бол хүрэх цэг биш амьдралын хэв маяг гэдэгт бид итгэдэг.
Эмэгтэйчүүд гэр бүлийн аз жаргалыг удирддаг гэдэгт бид итгэдэг
Сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэгт бид итгэдэг.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(511)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com