ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хардаа! Цонхоор нар тусаж байна

Чөлөөт цаг  | 2018 / 10 / 15

Хоёр жилийн өмнө юм уу даа. Мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байсан нэгэн хавар. Ангийнхан маань “бие биедээ багш” сэдвийн дор өөрсдийнхөө мэддэг зүйлсийг бусадтайгаа хуваалцах сонирхолтой хичээл орсон юм. Суралцагч нар 22-45 хүртэлх насны хүмүүс байсан гэдгийг эхлээд дурдах хэрэгтэй болов уу? Тийм ч учраас хүн бүрийн үзэж туулсан туршлага, мэдлэгийн хүрээ, амьдралын харах өнцөг тэс өөр. Бүтээсэн түүх бүр нь онцгой. Хүмүүс түүх бас туршлагаа ярьсаар, миний ээлж ирэв. Бодож бодож бэлдсэн сэдэв минь “Аз жаргалын томъёо” гэдэг хичээл байлаа.

Хардаа! Цонхоор нар тусаж байна

Ангийнхан дундаа балчир, харьцуулах туршлага нь ч дэндүү бага надад хамгийн ойрхон сэдэв нь “өөдрөг үзэл, аз жаргалын тухай” яриа байсан юм. Би аз жаргалыг хэрхэн олж хардаг, юу юунаас түүнийгээ мэдэрдэг, хэрхэн үргэлж өөдрөг байж чаддаг тухайгаа ярилаа. Төгсгөлд нь би “хэрвээ амьдралыг ямар нэг өнгийн нүдний шилээр харж болдог бол би лав яв ягаан өнгийг сонгоно оо. Гэгээлэг өнгө шүү дээ, та нар минь энгийн зүйлээс аз жаргалыг амталж байхаа мартуузай!” гэж хэлсэн юм. Өөрөөсөө өчнөөн олон насаар ах эгч хүмүүст миний энэ үг хүүхдийн тоглоом шиг л инээдтэй санагдсан байж магадгүй ч миний хувьд ертөнцийг үзэх үзэл минь яалт үгүй гэгээлэг байсан юм. Энэ хичээлийн дараа ангидаа би “Аз жаргал“ гэдэг хочтой болж одоо ч тэд минь уулзах болгондоо энэ нэрээр дууддаг хэвээрээ.

Гэвч, цаг хугацаа өнгөрөх тусам аз жаргалтай амьдралын тухай өөдрөг бодлууд минь бага багаар өөрчлөгдөж байлаа. Таагүй зүйлсэд анхаарлаа хандуулж, жижиг зүйлсэд бухимдаж, өөрийгөө маш ихээр голж, өөртөө итгэх итгэл минь дэндүү багасаж, бусдын шүүмжлэлд хэт их сэтгэл эмзэглэж, сайн сайхан гэрэл гэгээтэй гэхээс илүү болж, бүтэхгүй байгаа зүйлсэд л оюун санаагаа илүү төвлөрүүлж эхэлсэн юм. Тэр чинээгээрээ бүхнийг хүндээр тусгадаг болсон. Харин нэг л өдөр, миний эргэн тойрны хүмүүс “чи буруу яваад байна шүү” гэдгийг ойлгуулж амьдралын эерэг хандлагыг минь буцаан авчирсаан.

Хамт сурсан эгч надад “ манай Аз жаргал чинь урвайж, хөмсгөө зангидаж явдаг болоо юу даа, өнөөх ягаан өнгийн шилээ зүүхээ больчихсон уу?” гэж хэлэхэд л би мартаад байсан тэр зүйлээ санасан юм. Хэдэн өдрийн дараа замдаа хэдэн цаг түгжирсээр уур цухлаа баран гэртээ очиход дүү минь “Та зарим зүйлийг хичнээн хичээгээд ч өөрчилж чадахгүй. Тиймээс зүгээр л сэтгэлээ суллачих, хүлээн зөвшөөр. Үнэхээр үр дүнтэй шүү, оролдоод үз!” гэж хэрсүүхэн хэлэхэд яг үнэндээ толгой руугаа хүчтэй цохиулах шиг л мэдрэмж төрж билээ. Тэр үйл явлууд надад л нэг зүйл хэлэх гэсэн шиг ар араасаа хөвөрсөөр... Хэдэн өдрийн дараах нэгэн орой ахтайгаа “амьдралын” талаар ярьж суулаа. Үргэлж сайхан зүйлийг надад ярьж, урам өгдөг ах маань урт удаан ярианыхаа төгсгөлд “...өөдрөг үзэл гэдэг чинь үргэлж л сайхан зүйлийг бодоод л байхдаа биш шүү дээ. Тэр ч боломжгүй. Харин гаднаас орж ирэх сайхан муухай, таатай болон таагүй зүйлсээс алийг нь зүрх сэтгэлдээ, оюун ухаандаа оруулах вэ? гэдэг шийдвэр л юм” гэсэн.

Аз жаргалын тухай бодлуудаа, гэгээлэг өөдрөг зангаа, ямар ч муу зүйл болсон зүрх сэтгэлдээ “хир халдаадаггүй” байсан тэр чанараа би халаасандаа хийгээд орхичихсон байжээ. Хүн бухимдах зүйлийг олох их амархан, харин сайхан зүйлсийг гээх түүнээс ч амархан байдаг юм билээ. Тэр л чанараа гээж мартаагүй өөдрөг нэгэн байхдаа би:

Сөрөг ярианаас татгалзаж чаддаг

Бусдын тухай хов жив, уур бухимдал төрүүлсэн сөрөг бодлуудыг дэгдээх ярианаас би өөрийгөө бас найзуудаа хамгаалж чаддаг байсан. Яриа өрнөсөөр хар бараан зүйлс рүү орж эхлэхэд хурдхан шиг цэглээд л “ойрд та нарын амьдралд ямар сайхан зүйлс өрнөв дөө?” гэж асуугаад л яриаг эргүүлж чаддаг байлаа. Бас хэн нэгнээс ирэх сөрөг үгсийг (шүүмжлэл биш шүү) эерэг бодлоороо хааж, сэтгэл зүрхэндээ огтхон ч сүүдэр тусгадаггүй байсан минь одоо бодоход үнэхээр бахдам чанар байж. Бас сөрөг зүйлсийн талаар хэзээ ч, хэзээ ч удаан бодож шаналдаггүй байсан.
Бүхнийг “хайрлаж” хардаг

"Ямар хөөрхөн юм бэ, яасан сайхан зүйл тохиолдоо вэ, чи өнөөдөр ямар үзэсгэлэнтэй харагдаж байна аа, ёстой хайр хүрмээр юм аа, миний дүү ухаантай шүү, миний ээж мундаг шүү, чи өнөөдөр мундаг байлаа, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг чанарт чинь үнэхээр хүндэлмээр шүү…" Хайрлаж харж, бусдыг хайрлаж урам өгөх үгсийг хэнээс ч харамлалгүй хэлж чаддаг байсан.
Сөрөг мэдрэмжүүдийг эерэгээр сольдог

Хамгийн энгийн зүйлээс жишээ татъя. Автобусанд удаан түгжирвэл буугаад л хэдэн буудал ч хамаагүй алхчихдаг, алхаж явахдаа дэврүүн цоглог дуу сонсож, мөрөөдлөө бодсоор алхаж, ойрд холбоо бариагүй найзтайгаа утсаар ярин сонин сайхнаа хуучилдаг байсан. Бухимдлаа гээд би юуг ч хурдлуулж бас өөрчилж чадахгүй учраас л тэр. Гаднаас орж ирэх сөрөг мэдрэмжийг байж болох хамгийн эерэгээр өөрчилж, засаж сайжруулж чадна гэдэг мөн л авууштай чанар байж шүү.
Үргэлж, үргэлж талархдаг

Өглөө бүр сэрээд би амьд байна гэж, өглөөний нарыг хараад би түүнийг харж байна гэж, хурдан гүйхдээ би амьсгаагаа гаргаж чадаж байна уушиг минь эрүүл байна гэж, би гүйж байна хөл минь эрүүл байна, би баярлаад гараа алдалж байна гар минь бүтэн байна гэж бодож, баярлаж чаддаг байсан. Өдөр бүр надад тохиож байгаа сайхан зүйлийг олж хараад өдөр алдалгүй тэмдэглэн бичдэг байлаа. Эргээд уншихад мөн ч их аз жаргалаар бялхдаг даа.
Зүгээр л, хүлээн зөвшөөрдөг

Ажил бүтэхгүй удаад байвал “за зүгээр дээ, цаг нь л болоогүй” юм байна гэж сэтгэл санаагаа тайвшруулан илүү сайхан зүйлд сатаарч чаддаг байж. Яг үнэндээ хэсэг хугацааны дараа бүгд л бүтэж, биелэчихдэг. Яаж ч хичээгээд өөрчлөх боломжгүй л бол хүлээн зөвшөөрөөд, заримд нь дасан зохицохоос өөр арга байхгүй шүү дээ. Хааяахан таагүй явдал тохиолдоход ч “надад л хичээл болох гэж, сургамж болох гэж тохиолдсон байх аа” гэж бодоод юуг ч хүндрүүлдэггүй байсан.

Алхам тутамдаа гэж хэлбэл дэгсдүүлсэн болох ч би “алхам тутамдаа” баярлаж талархаж, инээмсэглэж, баргийн зүйлд бухимддаггүй, баргийн зүйлийг төвөгшөөдөггүй байжээ. Ахын минь хэлснээр “өөдрөг үзэл гэдэг бол сайн муу хоёр хаалга тогшоод ирвэл алийг нь оруулахаа шийдэх тэр л сонголтыг хэлдэг” юм гэдэг юутай үнэн үг вэ? Сүүлийн олон саруудад би сөрөг мэдрэмж, таагүй бодол, алхам тутамдаа гаргах бухимдлууддаа хаалгаа нээж өгчихөөд л, тэдэнтэйгээ хаяа нийлэн сууж байж. Өнөөдрөөс эхлээд, яг одооноос эхлээд тэднийг сэтгэлийн гэрээсээ хөөн гаргаад эерэг, гэрэл гэгээтэй, таатай, өнгөтэй өөдтэй бүхэнд хаалгаа нээж өгөх болно. Бүр бүх цонхоо томоор онгойлгоод гэрэл тусгана аа. Учир нь аз жаргалыг сонгож болох сонголт надад бас бидэнд л бий шүү дээ. Хардаа! Цонхоор нар тусаж байна.

“Сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэгт бид итгэдэг. ”
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(245)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com