ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Т.Аззаяа: Хүүхдээ төрүүлээд гэртээ суух цагийг дутуу үнэлж болохгүй

Гэр бүл  | 2018 / 09 / 19

Уншигч авхай та анзаарвал “Мөрөөдөл бол хүрэх цэг биш амьдралын хэв маяг гэдэгт бид итгэдэг” гэдэг өгүүлбэр Гоолингоогийн 5 итгэл үнэмшлийн нэгт зүй ёсоор багтдаг. Мөрөөдөл гэдэг бидний орой дээр нь гараад л сэтгэл ханачих зүйл биш, харин өдөр бүр түүгээрээ амьдарч амьсгалах, өдөр бүр мэдэрч сэтгэлийн таашаал авах зүйлийг л хэлдэг мэт. Тэгвэл хичнээн хүн мөрөөдлөөрөө өдөр бүр амьдарч чаддаг бол?

Т.Аззаяа: Хүүхдээ төрүүлээд гэртээ суух цагийг дутуу үнэлж болохгүй

“Боломжоор бороо орж байна”, “Бурхан чамайг бэлэн гэж бодсон учраас л сайхан зүйсийг илгээдэг”, “Ойрын бэрхшээлд зовнивол алсын сайн сайхны талаар бодож, алсын бэрхшээлд зовнивол ойрын сайн сайхны тухай бодоорой”, “Сандаалиа аваад ир гэсэн чинь гайхаж гайхаж байснаа сандлаа чирээд ирлээ, миний охин” зэрэг гэгээлэг үгсийг нь түүний цахим хаяг дээрээс хэдэнтэй уншиж байхдаа түүнийг “наран талын цонх”-оо нээн угтаж, сайнаар сайхнаар хүлээж авч чаддаг нэгэн болов уу хэмээн таамаглаж байлаа. Түүнийг Түмэнбаярын Аззаяа гэдэг. 26 настай, нөхөр 2 настай охины хамт амьдардаг. Саяхнаас “ Tinabel stationery” гэх төлөвлөгөөний дэвтрийн бизнесээ эхлүүлээд буй.

Ярилцлагаа яг одоо таны эрхлэн явуулж байгаа төлөвлөгөөний дэвтрийн бизнесээс эхлэе гэж бодож байна. Tinabel stationery талаар сонирхуулаач?

Би өөрөө дэвтэр хөтлөх их дуртай. Багаасаа л олон дэвтэр цуглуулж, хөтөлсөөр ирсэн. Харин ажил хийж хувийн зохион байгуулалт чухал гэдгийг ойлгосон тэр үеэсээ төлөвлөгөөний дэвтрийг ашиглаж эхэлсэн ч санаанд таарах дэвтэр олдож байгаагүй. Авсан дэвтрээ өөрийнхөө сонирхлоор л хуваагаад, шугам зураад ашигладаг байлаа.
Ихэнхи дэвтэрүүд хоорондоо адилхан, тууш эсвэл дөрвөлжин шугамтай л байдаг. Энэ нь миний ажлын арга барилд тийм ч их тохирдоггүй байсан юм. Тэгээд л яг өөртөө тохирсон төгс дэвтэр хэрэглэхсэн гэж их боддог байлаа. Тэр утгаараа энэ бизнесийн санаагаа олсон гэж хэлж болно. Хүн өөрийнхөө хэрэгцээнд тулгуурласан зүйлээ хийхээр илүү сайн хийдэг шүү дээ. Охиноо төрүүлээд гэртээ суусан 6 сарын хугацаанд энэ санаа минь илүү бодитой болж, өнгөрсөн 3 дугаар сараас бизнесээ эхлүүлээд явж байна.
Tinabel stationery нэрний утгыг тайлбарлахгүй юу?

Tiny Бишрэл (охины нэр) гэсэн утгатай. Охиныхоо англи богино нэрийг нь Bel гэж дууддаг юм. Тэгээд урд нь Tiny буюу бяцхан, ямх гэдэг үг нэмж Tinybel болгосон. Гэхдээ энэ нь тийм ч сонсголонтой биш нэг л болж өгөхгүй байсан учраас Tinabel болгож өөрчилсөн.

Өөрийнхөө хэрэгцээнд тулгуурлаж энэхүү бизнесээ эхлүүлсэн гэлээ. Тантай ижил сонирхолтой, төлөвлөгөө хөтлөх дуртай хүмүүс хэр их байна?

Төлөвөлөх дуртай хүмүүс санасныг бодоход их байдаг юм билээ. Дэвтрийн хэрэгцээ төсөөлснөөс их байгаа нь эрэлтээ бүрэн нийлүүлж чадахгүйд хүрээд байх шиг байна (инээв).

Бие даан бизнес эхлэхэд мэдрэгддэг хамгийн сайхан болоод хэцүү зүйл нь юу вэ?

Хамгийн хэцүү зүйл нь эхлэл л байдаг. Зөв зүйлээ олтлоо маш олон бүтэлгүйтэлтэй тулгарна. Олон туршилтуудыг давсны дараа л яг зөв гэж бодсон тэр зүйлээ олдог. Нэг бол цаас нь болохгүй, нэг бол бол хор нь болохгүй, энд ч нэг очиж хэвлүүлж үзээд тэнд ч нэг хэвлүүлж үздэг. Харин “за яг энэ тохирох юм байна, яг энэ л зөв юм байна” гэдгээ ойлгох хүртэл хүнээс маш их зардал гардаг. Ямар ч орлого байхгүй зардал гараад л, гараад л байдаг. Яг ийм л туршилтын үеүд дээрээ хүн шантрахгүй байх нь чухал байдаг юм билээ.

Урамтай сайхан санагддаг зүйл нь миний хийж байгаа дэвтэрнүүдийг хүмүүс голохгүйгээр худалдаж авч байгаа нь. “Хүмүүсийн хүсэж байгаа зүйлийг хийж чадаж байгаа юм байна шүү” гэж бодох мэдрэмж ч мөн сайхан. Хийж байгаа зүйл минь бүрэн төгс болоогүй ч, худалдан авагчид маань үүнийг мэдэж байсан ч дөнгөж эхлэж байгаа бизнесийг минь ойлгон дэмждэгт үнэхээр баярладаг. Эхэлж байгаа аливаа бизнесийг мөн дэмжиж байх хэрэгтэй юм байна гэдгийг өөрөө бизнес эрхлээд л ойлгосон. Учир нь тухайн зүйлд хөрөнгө оруулалт хийж байгаагаас гадна хийж байгаа хүнд нь маш том урам зоригийг өгч, цаашид хийх хүслийг нь өрддөг юм билээ.Огт хийгээгүй байхад юуг сайжруулахаа, яахаа сайн мэдэхгүй шүү дээ. Тиймээс эхлэхээс бас алдахаас айж болохгүй юм билээ.

“Эхлэх” үеийн шантрах мэдрэмжээ хэрхэн давж байв? Мөрөөдлөө ажил хэрэг болгохоор шийдээд буй бүсгүйчүүдэд маань таны туршлага сонирхолтой санагдаж магадгүй.

Миний хувьд аливаа ажлыг эхлэхдээ “болох л ёстой” гэж боддог. Бас тухайн зүйлийнхээ үр дүнг маш сайн тооцоолсон байх хэрэгтэй. Үр дүн нь ийм байх ёстой гэж бодчихоор хүн түүн лүүгээ тэмүүлээд л байдаг. Өөрөөр хэлбэл ямар байвал хамгийн гоё байх вэ, ямар байх нь хамгийн гоё идиал болох вэ гэдгээ нүдэндээ харагдтал төсөөлж чадвал тухайн зүйлдээ хүрэхийн төлөө маш их тэмүүлж эхэлдэг. Хэрвээ ямар нэг төсөөлөлгүй, хүрэх гэсэн зүйлгүй бол шантрах нь амархан. Төсөөллөө бодит болгохын төлөө үйлдэл хийгээд эхлэхээр хүнд ойртож байгаа мэт мэдрэмж төрдөг. Тэр мэдрэмжээсээ л маш их урамшина. Төсөөлөлдөө бага багаар ойртох бодит мэдрэмж шантрах үеэ давж гарахад тусалдаг шүү.

Хэрэглэгчиддээ өгч байгаа үнэт зүйл юу вэ?

Бяцхан бизнес минь “эрх чөлөөтэй, эмх цэгцтэй” гэдэг уриатай. Хэрэглэгчдэд маань мэдрэгдээсэй гэж хүсдэг зүйл нь тухайн хүндээ ямар нэг дарамт учруулахгүй, хэрэглэхэд төвөгтэй биш байгаасай хэмээн хүсэж хийдэг. Тийм ч учраас хэрэглэхэд эрх чөлөөг мэдрүүлэхүйц, төлөвлөгөөний хуудсуудаа хүссэнээрээ байрлуулж, өөрийнхөө арга барилд тохируулан ашиглаж болохоор шийдэхийг хичээсэн. Мөн манайхаас гарч байгаа хэд хэдэн хуудасны багцууд бий. Тэр нь мөн адил тухайн хүнийхээ ажил мэргэжлийн болоод амьдралын хэв маягт тохируулан хэрэглэж болдог. Жишээ нь шинэхэн бизнесээ эхлүүлж байгаа бүсгүйчүүдэд, ээжүүд, гэрийн эзэгтэй нарт, сар, долоо хоног, өдөр тутмын төлөвлөгөө хөтлөх дуртай хүмүүст, амьдралын хэмнэлээ өөрчлөн сайжруулахыг хүсэгч нарт, зорилгоо тодорхой болгохыг хичээж байгаа хүмүүст гээд олон төрлийн хуудасны багц гаргаж байгаа.

Төлөвлөгөөний дэвтрээ цаашид хэрхэн сайжруулж, хөгжүүлэе гэж бодож байна. Ирэх саруудад хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа шинэхэн санаануудаасаа хуваалцахгүй юу?

Энэ сард намрын цагирагтай дэвтэрний нэмэлт захиалга явагдаж байгаа. Мөн өвөл жижиг дэвтэрний шинэ загварууд гаргахаар төлөвлөж байна. Гадаадын туршлагаас харвал төлөвлөгч хүмүүс маш олон байдаг, тэр хэрээрээ төлөвлөгөөний дэвтэрийн компаниуд энэ тал дээр маш их анхаарч ажилладаг юм билээ. Жишээ нь 2019 гарлаа гэхэд шинэ оны өмнө компаниуд захиалгаа аваад эхэлчихнэ, захиалга нь ч аль хэдийн дүүрчихдэг.“ Tinabel stationery” -ын хувьд ч бүтэн жилээр нь төлөвлөж, том зургаар нь харахыг хүсэж байгаа төлөвлөгч нарт зориулан ирэх ондоо “Essential Planner 2018” дэвтрээ гаргахаар ажиллаж байна. Энэ нь том нуруутай, зорилго төлөвлөгөөгөө бичих зориулалттай, бүтэн жилийн турш төлөвлөх боломжтой дэвтэр юм.

Амьдралынх нь хамгийн гайхалтай мөч, бүхнийг илүү эерэгээр, илүү өнгөлөгөөр бас илүү хөнгөнөөр хүлээн авахад суралцахад, аливааг цоо шинээр, өөр өнцгөөс харах боломжийг охин үр нь хорвоод мэндлээд түүнд олгожээ. Охин минь “яг л аялгуу шиг, хөг эгшиг шиг” хэмээн амьдралыг нь хөгжим болгодог жаахан үрийнхээ тухай ярихдаа түүний нүднээс эрхгүй аз жаргалын оч гялалзана. Амьдралыг ном хэмээн үзвэл охин нь мэндэлсэн тэр өдөр түүний номын цоо шинэ хуудас, цоо шинэ бүлэг эхэлжээ. Тэрхүү хуудсан дээр зөвхөн ээж хүний л мэдэрч чадах аз жаргалтай мэдрэмжүүдийг өнгө будгаараа хэрхэн амилуулж, хэрхэн урлан бүтээж буйг нь ярилцлагынхаа энэ хэсгээс хүлээн авч уншаарай.

Ээж хүн, гэрийн эзэгтэй, шинэхэн гарааны бизнесээ эхлээд байгаа гээд дурдвал олон зүйлийг зэрэг амжуулдаг юм байна. Харин одоо 2 настай бяцхан охинтой ээж хүний амьдралынх нь талаар сонирхъё. Жирэмсний тестэн дээрх 2 зураасыг хараад анх ямар мэдрэмж төрж байв?

Яг үнэндээ маш их айж байсан. Анхны жирэмслэлт минь бүтээгүй учраас ахин давтагдахвий гэхээс л эмээж байлаа. Тиймээс маш олон шинжилгээ өгч, маш их зүйл уншиж судалсан. Хүүхэдтэй болохоор төлөвлөж, бага багаар сэтгэл санаагаа, материаллаг талаа бэлдэж эхэлсэн яг үнэндээ 2 зураас хараад хичнээн бэлтгэлгүй байгаагаа ойлгодог юм билээ. Гэхдээ амьдрал чамайг бэлэн гэж бодож байгаа болохоор л сайхан зүйлсийг илгээдэг шүү дээ. Тухайн үед ажил мэргэжлийн хувьд олон зүйлийг төлөвлөчихсөн байсан ч хүүхэдтэй болохоо мэдээд бүх зүйлийг хойш нь тавьж, зөвхөн хүүхдэдээ л анхаарлаа хандуулж эхэлсэн.

Тулгар биетэй байх хугацаандаа дэлхийд алдартай “Тулгар биетэй байхад юу тулгардаг вэ?” хэмээх жирэмсэн эхчүүдэд зориулсан номыг орчуулсан юм билээ?

Жирэмсэн болсноосоо хойш маш их мэдээлэл авах хэрэгтэй болсон. Тэр ч хэрээрээ их зүйл уншсан. Гэтэл бидэнд байгаа мэдээллийн эх сурвалжууд тун ч хязгаарлагдмал гэдгийг тэр үед л мэдсэн юм. Магадгүй хэлний мэдлэгтэй ээжүүд гадаадын эх сурвалжуудаас өөрт хэрэгтэй мэдээллийг уншчихдаг байж болох ч бусад ээжүүдийн хувьд яах вэ гэсэн асуулт гарч ирсэн. Яг үнэндээ эмч нар ч нарийн ширийн зүйл хэлж чаддаггүй, олон хүн үздэг учраас тийм ч зав байхгүй шүү дээ. Дээрээс нь Монголд жирэмсэн ээжид зориулсан маш тодорхой, дэлгэрэнгүй тайлбарласан ном байдаггүй юм шиг санагдсан. Тиймээс мэдээллийн энэ хязгаарлагдмал байдалд өөрийн хувь нэмрийг багахан ч болов оруулахыг хүсэж жирэмсэн эхчүүдэд зориулса “Тулгар биетэй байхад юу тулгардаг вэ?” номыг орчуулъя гэж шийдсэн юм. Мөн удаан хугацаанд их ажилласан болохоор жирэмсэн болоод гэнэт гэртээ сууна гэж бодохоор огт санаанд багтахгүй байсан.Тиймээс төрсний дараа ч намайг ажилтай байлгах тийм зүйлийг олохыг хүссэн. Тэдгээрийгээ жирэмсэн байхдаа л бэлдэх хэрэгтэй юм байна гэж бодоод зориг шулуудаж өөртөө болоод бусдад хэрэг болохуйц энэ номоо орчуулахаар шамдсан даа.

Уншиж судалсан зүйл, бодит байдал хоёр төлөөснөөс хэр ялгаатай байв. Охиноо энгэртээ тэвэрсэн анхны мөчөө бидэнтэй хуваалцаач?

Яг үнэндээ “за ингээд ард нь гарлаа” гэж бодогддог юм. Олон цаг өвдсөн, бараг л хагас ухаантай хүн л байгаа шүү дээ. Харин гайхамшигтай мэдрэмжийг жаахан тэнхрээд ирсний дараа л илүү мэдэрдэг. Хүүхэд гэдсэнд байхдаа ээжтэйгээ зөн совингоор холбогддог гэдэг. Хэвлийдээ байхад нь хүүхэдтэйгээ ярилцах үед хүүхэд ээжийнхээ дуу хоолойг таньдаг болдог юм байна л даа. Хүүхэд төрсний дараа хүүхдээ хараад “миний охион” гээд дуудахад уйлж байснаа чимээгүй болчихсон. Тэр үед үнэхээр л “миний үр байна, үр минь ээжийгээ таньж байна даа” гэж бодсон шүү. Тэр л охиноо төрүүлснийхээ дараа мэдэрсэн хамгийн хамгийн гайхамшигтай сэтгэлд тод үлдсэн мөч байсан. Хүүхдээ хараад цаанаасаа маш сайхан мэдрэмж төрж байгаа тэр зүйл хорвоогийн юутай ч харьцуулшгүй. Хүүхэд минь хажууд хэвтэж байгаа нь л ерөөсөө хангалттай санагддаг юм билээ. Миний төлөө юу ч хийх шаардлагагүй, ачийг минь хариулах тухай ч бодох шаардлагагүй зүгээр л миний дэргэд байх нь л надад хангалттай гэж бодогдсон.

Ээж болоод амьдралд тань гарсан өөрчлөлтүүдээс юуг, юуг онцлох вэ? Хувь хүний оюун санааны хувьд, ур чадварын хувьд олон өөрчлөлтүүд таныг хүлээж байсан байх.

Манай найзууд намайг үнэхээр ажлын хэнээтэй гэдэг байлаа. Маш их ажилладаг ажлын төлөө төрсөн мэт л. Өглөө 8 цагт ирээд орой 10, 11 хүртэл ажилладаг байсан, үнэнийг хэлэхэд. Харин хүүхэдтэй болоод ирэхээр хүн тийм байх боломжгүй болдог. Өдөрт 10 цаг ажиллах боломж үнэндээ байхгүй шүү дээ. Тэр үеэс л би өөрийгөө маш тайван болсноо мэдэрсэн. Аливаа зүйлийг маш төгс байлгах гэж хичээдэг, өөртөө хэт өндөр шаардлага тавьдаг байснаа илүү ойлгосон. Энэ яг ийм л байх ёстой, ийм л байх хэрэгтэй гэж үргэлж боддог, өөртөө болон хамтран ажиллагсаддаа тулгадаг байсан юм шиг... Гэтэл хүүхэд гаргаад үнэндээ төгс байх тийм боломж огт байхгүй. Хүүхэд гэдэг чинь өөртөө гайхамшигтай өө сэвтэй төрдөг юм билээ. Охин маань төрөөд л надад амьдралыг аажуу тайвнаар харах боломжийг хамгийн түрүүнд олгосон гэж би боддог.

Хөл хүнд байх сүүлийн саруудад тохиолдсон нэг жижигхээн түүхийг ярья. Жирэмсний сүүлийн хэдэн сар манай гэр бүлийн хувьд их сорилын сар байсан. Тэр үед нөхөр бид 2 эдийн засгийн хувьд нэлээд хязгаарлагдмал байдалд орсон үе л дээ. Эргээд бодоход бидний хамгийн сайхан өдрүүд тэр байсан гэж боддог юм. Яагаад гэхээр тухайн үед хоёулаа ажлаа өгчихсөн байлаа. Өдөржингөө гэртээ хамтдаа, бүх цагийг зөвхөн өөрсдөдөө зориулж байлаа. Өглөө ажилдаа гараад орой нь уулздаг тийм л хэв маягт шилжчихсэн байсан. Гэтэл тэр үе бид хамтдаа байх, илүү их зүйлийг ярилцах, бие биенээ илүү их мэдэрч ойлгох, ойртох боломжийг өгсөн.

Дээрээс нь хурдтай амьдралын хэв маягаасаа завсарлага авсан үе байсан.Тэгээд энэ үед маш их хичээх хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон. Өмнө нь маш их хичээж амьдардаг байснаа л тэр үед ойлгосон юм. Хэт их хичээх нь амьдралд эсрэг хүчийг бий болгодог юм билээ. Тэгээд тухайн зүйлдээ хүрч чадахгүй бол сэтгэлээр унадаг, бүтэлгүйтвэл бас л сэтгэлээр унадаг. Эсрэгээрээ хичээхээ болих үед хүсэж байгаа зүйлдээ илүү хурдан хүрдгийг олж харсан. Өмнө нь хөдөлмөр хүнийг бүтээнэ, хичээл зүтгэл л намайг оргилд аваачина гэж боддог байлаа шүү дээ. Ажил алба, гэр бүлийн харилцаа гээд бүх зүйл дээр л заавал нэг шийдвэр байх ёстой л гэж боддог байсан, тэр ч утгаараа амьдралынхаа бүх зүйлд оролцох гэж хичээдэг байсан юм билээ. Гэтэл амьдрал “чи үнэндээ тэгэж чадахгүй шүү дээ, түүний оронд зүгээр л тайван бай” гэдгийг надад ойлгуулсан. Охиноо төрөнгүүт тэр бодлууд минь улам л бат болсон доо.

Мөн хорвоо ертөнцтэй илүү холбогдож эхэлсэн гэж боддог. Яг үнэндээ хүүхэд гэдэг хорвоод ирсэн маш цагаахан бяцхан бурхан юм билээ. Гэтэл том болох тусмаа нийгмийн шаардлага, олон эх сурвалжуудын нөлөөгөөр анх бий болсон оюун санаа нь өөрчлөгдөж эхэлдэг. Хүний дотоод сүнс гэдэг анхнаасаа хичнээн цагаахан байдгийг охиноо хараад л илүү мэдсэн. Тэр сүнс анхнаасаа маш аз жаргалтай байх гэж ирдэг. Бас бэрхшээлүүдтэй тулгарч, тэднийгээ даван туулах гэж ирдэг юм байна. Тиймээс ч охиноо харахаар энэ хорвоо дээр маш их аз жаргалтай байх гэж ирсэн нь мэдрэгддэг. Аз жаргалтай байх ямар ч шалтгаангүй, ямар ч нөхцөл үүсээгүй байсан ч хүүхэд зөвхөн жаргалтай л байдаг. Хаана юу гоё байна гэсэн харцаар бүхнийг хардаг болохоос хаана ямар муухай зүйл байна гэж хүүхэд хэзээ ч хардаггүй. Ирсэн орчин бүрээсээ шинэ зүйл мэдэх, гоё зүйлийг мэдрэх гэдэг. Хүний төрөлхийн мөн чанарыг охиноо хараад л ухаарсан.

Охинтойгоо хамт өнгөрөөдөг гайхамшигт мөчүүдээсээ онцлооч гэвэл та ямар мөчийг онцлох вэ?

Хүүхдээ төрүүлсний дараахан юм байна. Охиноо харсан чинь нэг аялгуу аманд аялагдсан юм. Охин минь тэр чигээрээ аялгуу юм шиг санагдсан. Цаанаасаа л сэтгэлийг минь хөглөөд, Бурхан яаж ингэж бүтээдэг байна аа гэж гайхаж, бахархсан мэдрэмж зэрэг төрж байсан тэр үеийг огт мартагддагүй. Хүүхэд бүр суут ухаантан байдаг гэж үргэлж боддог. Бид нар 21, 22 насны хооронд багахан зүйл сурсан мэт санагдаж магадгүй ч хүүхэд харин 1, 2 насны хооронд асар олон зүйл сурж суралцсан байдаг юм билээ. Юм бүхэн нь түүнд шинэ. Бид нарт энгийн санагдаж байгаа зүйлс хүүхдийн хувьд үргэлж шинэлэг байдаг. Гуравхан сарын дотор л гэхэд 200, 300 шинэ зүйлс сурч, танин мэдсэн байдаг.

Хүүхдийн сурах чадвар маш өндөр, аливаа зүйлийг порлон шиг л уусгаж авч чаддаг оюун ухааны чадамжтай гэж номоос уншиж байсан юм. Үнэхээр тийм гэдэгтэй би санал нийлдэг. Том болоод оюун санаа нь хэвшчихээс нь өмнө хүүхдийн сурах гэж байгаа бүхнийг заагаад өгөх хэрэгтэй. Сурч болох бүх зүйлийг эргэн тойронд нь бүрдүүлээд өгөхөд хүүхэд том хүнээс хамаарахгүйгээр өөрөө бие даагаад суралцдаг. Ээж, аав бид нар тэр орчныг нь л бүрдүүлж өгөх үүрэгтэй юм билээ. Тэр ч утгаараа охиныхоо суралцаж байгааг хараад, шинэ зүйлсийг танин мэдсэнийг нь хараад үргэлж бахархах сэтгэл төрдөг шүү.

Ээж бүр өөр өөрийн онцгой арга барилаар хүүхдээ хүмүүжүүлдэг шүү дээ. Харин таны хүүхдээ хүмүүжүүлэх арга барил ямар вэ?

Хэт их оролцдоггүй нь л миний хүүхдээ хүмүүжүүлэх арга юм уу даа (инээв). Хүүхэд өөрөө аливаа зүйлийг хийж үзээд болох, болохгүйг нь ойлгож авдаг. Харин ээж аав нь яагаад зөв бэ, яагаад буруу вэ гэдэг учир шалтгааныг нь л ойлгуулах хэрэгтэй юм шиг. Хүүхэд бага дээрээ аливааг тайлбарлахад тайлбар маш сайн хүлээж авдаг. Харин шалтгаангүйгээр өөрийг нь хориход их дургүй. Ер нь том хүмүүс ч тэгдэг шүү дээ. Хүүхдээ том хүн гэж л бодох хэрэгтэй. Бид өөрсдөө хэрхэн хүлээж авах байсан тэрүүгээрээ л хүүхдээ төсөөл. Хийж үзэх боломжийг нь л гаргах өгөх хэрэгтэй юм байна гэж боддог. Нэг түүх ярьж өгье.

3 настай нэг хүүхэд байж л дээ. Усан сан дотор тоглох дельфинийг хараад олон хүүхэд шаваад зогсож байж. Өөрөөс нь өндөр, том хүүхдүүд тойроод зогсчихсон болохоор тэр амьтныг харж чадахгүй яах учраа олохгүй зогсож байгааг нь нэг том хүн ажиглаж. Тэр жаахан хүүхэд яахаа мэдэхгүй тээнэгэлзэж зогссоноо нэг сандал байгааг олж харж л дээ. Тэгээд баярлаад нөгөөх сандал руугаа гүйж явтал нэг багш нь таараад “өө, чи харж чадахгүй байна уу, би чамд харуулаад өгье” гээд өндөрт өргөөд харуулсан гэнэ. Мэдээж хүүхэд дельфинийг хараад баярласан ч тэр амьтныг харах гарц олоод, шийдэж чадах арга замыг өөртөө нээх боломжийг нь багш түүнд тусалснаараа хаачихаж байгаа юм.

Тэгэхээр ээж аавүүд бид хүүхдээ өөрөө бие даан сурч, өөрөө танин мэдэх тэр замыг нь илүү нээлттэй байлгахад л тус болдог байгаасай. Мэдээж галын аюул, өндрөөс унах зэргээс нь том хүн хамгаалах хэрэгтэй. Дараа нь яагаад энэ осолтой вэ гэдгийг тайлбарлаад хэлчихнэ. Харин бусад тохиолдолд өөрт нь туслах эсэхийг өөрөөс нь асууж зөвшөөрөл авч байж туслах хэрэгтэй юм шиг санагддаг. Өөрөө л зөвшөөрөхгүй бол туслаад хэрэггүй. Гадаа бороо орж байна гэж хэлээд малгайтай цамцаа авахуулаад, өөрөө өмсөөд, малгайг нь өмсөөд, цахилгааныг нь татаад гарах гэх мэтээр хүүхэд өөрийгөө зохицуулаад сурчихдаг юм билээ.

Хүүхдэдээ өвлүүлэн үлдээхийг хүсдэг чанар юу вэ?

Миний өөрийн юу хийхийг хүсэж байгаагаа хийдэг тэр чанарыг надаас өвлөөсэй гэж хүсдэг. Өөрөө юу хиймээр байна түүнийгээ хийж үзэг гэж боддог юм. Хэрвээ буруу байвал өөрөө алдаж үзээд мэдчихнэ, зөв байвал түүнийгээ үргэлжлүүлж хийгээд л цаашаа явна. Миний хувьд ч тийм зарчмаар амьдарч ирсэн. Тиймээс хүүхдээ мэргэжил сонголт хийх, шинэ ажил эхлүүлэх, шинэ зүйлс сурч мэдэх зэрэг зүйлсэд нь нэг их оролцохгүй байхсан гэж боддог.

Ээж нь яг өөрийнхөө хүссэн тэр л мөрөөдлийн зүйлээ хийгээд явж байгааг хүүхэд минь жаахан хэрнээ харж л байгаа. Дэвтэрнүүдийг маань аваад ирнэ, дээр нь харандаа бариад юм зурж бичих гэж оролдоно, ээж үүнийг хийдэг гэдгийг бяцхан ухаандаа бодчихсон байгаа хэрэг шүү дээ. Миний хувьд одоо дуртай ажаа хийж байгаад хэзээ нэг өдөр дургүй зүйлээ хүчээр хийхэд хүрэхгүй болов уу? Яагаад гэхээр хийж байгаа зүйл нь заавал амжилтанд хүрч чадаагүй байлаа ч, түүний дараа нь өөр зүйл хийсэн ч “миний хийх зүйл миний дуртай л зүйл байна” гэдгийг би одоо илүү сайн ойлгочихсон. Тэр байдал охин минь том болтол ч үргэлжилнэ. Ер нь нүдэн дээр нь харагдаад л цаашид явна. Тэгэхээр тийм зүйл харж өсөж байгаа хүүхэд их дургүй зүйлээ хийгээд явахгүй болов уу. Харин ч надаас илүү өөрийнхөө хүсэж байгаа зүйлээ эрт олох байх гэж боддог. Аав нь бас одооноос өөрийнхөө дуртай зүйлийг хийхээр ханцуй шамлан ороод байгаа шүү (инээв).

Ганц бие амьдралаас эхнэр, ээж, гэрийн эзэгтэйн амьдралын хэв маяг руу шилжихэд амьдралд тань гарсан өөрчлөлтүүдийн талаар дурдвал?

Өөрийгөө уг нь их зохион байгуулалттай гэж боддог байлаа. Тийм ч учраас бүх зүйл л үнэхээр эмх цэгцтэй байна гэж боддог байсан. Тусдаа гараагүй, аав ээжтэйгээ хамт амьдардаг байхдаа бараг л гэрийн ажил хийдэггүй байсан, 11-р ангиасаа ажил хийж эхэлсэн үеэс л ээж маань “миний охин хичээл сурахынхаа хажуугаар ажил хийж байгаа болохоор гэр орны асуудалд санаа зовох хэрэггүй” гэдэг байсан. Орой очиход л хоол бэлэн, бүх зүйл цэвэрхэн, хувцас хунарыг маань ч индүүдчихсэн байдаг. Харин ажил маань гэр оффистой байсан болохоор ажил дээрээ л хоолоо хийж сурсан шүү.

Ерөөсөө л бүх зүйл эмх цэгцтэй байна л гэж боддог байлаа. Гэтэл хүүхэдтэй болоход төлөвлөгөөний дагуу болдог зүйл гэж байхгүй юм байна гэдгийг ойлгосон. Хүүхэд өөрөө төлөвлөгөөний дагуу бус амьдралын хэв маягтай шүү дээ (инээв). Юу гоё байна, яамаар байна түүнийгээ л хийдэг. Төлөвлөнө гэдэг бол үнэхээр хэцүү. Харин тэр тодорхой бус байдалд ч төлөвлөж сурдаг юм билээ. Хэзээ ч юу ч болж магадгүй тийм л нөхцөл байдалд байгаа гэж төсөөл. Хүүхэд чинь унтдаг цагаасаа гэнэт эрт унтаад өгөх юм бол чамд хийх ажил чинь бэлэн байх хэрэгтэй. Юу хийхээ мэддэг байх хэрэгтэй гэсэн үг.

Өөрөөр хэлбэл чамд гарч байгаа сиймхий цагуудад юу хийх вэ гэдгийг аль хэдийн бодчихсон байвал чи цагаа ашиглаад сурчихна. Унтахаас нь өмнө цэвэрлэж цэгцлэх зүйлээ хийгээд, төлөвлөсөн зүйлээ хийх орчныг бас өөртөө бүрдүүлж өгөх хэрэгтэй юм шиг санагддаг. Бичих зүйл байгаа бол унтангуут нь нөүтбүүкээ асаагаад бичиж эхлэх, ном унших, шинэ бизнесийнхээ санааг хөгжүүлэх зэргээр шууд л төлөвлөсөн тэр зүйлээ хийх хэрэгтэй юм билээ. Харин цэвэрлэх цэгцлэх ажлыг унтахаас нь өмнө гүйцэлдүүлэхгүй бол унтсаных нь дараа өнөөх ажилтайгаа зууралдаад л таардаг, гол төлөвлөгөөндөө анхаарал хандуулж чадахгүй. 30 минут унтдаг байлаа гэхэд тэр цагт тохирох зүйлийг хийж амжуулж сурах тэр чадварыг гэрийн эзэгтэй, ээж хүн болсныхоо дараа л жинхнээсээ сурдаг юм юм шиг санагдсан.

Мөн тэр зүйлийг хийж байх хоорондоо тийм зүйлийг хийж амжуулна гэдэг цагийн менежмент бас чухал. Хувцасаа угаалгын машинд угаах хооронд нь тоосоо соруулна, охиноо унтаж байх хооронд нэг нийтлэл бичнэ, хоол болж байх хооронд гялс шалаа арчина зэргээр сул болоод хүлээх цагуудыг үлдээлгүй ашиглаж сурах хэрэгтэй. Ер нь л сул цагуудыг зөв ашиглаж сурахгүй бол бүх зүйл амжихгүй. Үнэндээ ганц бие байхаасаа илүү гэрийн эзэгтэй болоод л цаг ашиглаж, амжуулж сурдаг юм билээ.

Ээж болсон, ээж болох хүмүүст өөрийн туршлагаасаа “топ” ганцхан зөвлөгөөг хэлж өгнө үү?

“Хүүхдээ төрүүлээд гэртээ суух цагийг дутуу үнэлж болохгүй” гэж хэлмээр байна. Нийгмээс хоцрогдож байна, гэртээ суугаад цаг хугацаа алдаж байна, би л завтай байгаад байна гэх зэргээр ээж бүхэн л сэтгэл санаагаар унадаг. Тэр хэрээрээ огт хэрэгцээгүй зүйлд цаг зарцуулчихдаг талтай. Гэхдээ тэр байдлыг өөр өнцгөөс хараад үзээрэй.
Хүүхдээ төрүүлээд гэртээ суух тэр хугацаа өөрийнхөө юу хүсэж байгааг олох, аль нэг байгууллагын биш өөрийнхөө л ирээдүйн өмнө хариуцлага хүлээж байгаа гэдгээ мэдрэх төгс үе байдаг. Харин тэр цаг хугацааг зөвөөр ашиглъя гэж бодож өөртөө зориулж шинэ төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Яг үнэндээ ээжүүдээс гарсан маш гоё санаанууд гэртээ сууж хүүхдээ харах үед нь төрсөн байдаг юм шүү.

Гоо сайхан хүний өөрийн мөн чанарт оршдог гэдэгт бид итгэдэг
Жинхэнэ мөрөөдөл үргэлж сайхан зүйл байдаг гэдэгт бид итгэдэг.
Мөрөөдөл бол хүрэх цэг биш амьдралын хэв маяг гэдэгт бид итгэдэг.
Эмэгтэйчүүд гэр бүлийн аз жаргалыг удирддаг гэдэгт бид итгэдэг
Сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэгт бид итгэдэг.

Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(603)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: номио.   2018-09-27
Сайхан нийтлэл болжээ . Миний бодож байсанаас ч илүү мундаг хөдөлмөрч ээж юм аа.

Зочин: Б.Мөнхболд.   2018-09-21
Миний мэдэхийн goolingoo.miniih.com гэх нилээд хөгжил сайтай загвар дизайн бүхий блог маш идэвхитэй ажиллаж байсан саяхан. Миний бие вэб сайт хөгжүүлэх ажилаар ганц хоёр ярьж байсан Гоолингоо гэх нэр алдартай блог маань өнөөдөр нилээд алдартай вэб сайт болтлоо хөгжсөн байна. Нэрийг нь л сонсоод хуучны нээх танил найзтайгаа уулзсан юм шиг л санагдаж байна шүү...

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com